Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/59

 

                           

                                     Б.А-д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

       Прокурор Б.Баасанхүү, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох, 2535000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ийн А.

       1. Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Х сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын замд согтуугаар “Toyota prius-20” загварын, Х УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

      2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүүгээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

       3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Т ургийн овогт Б-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

    - Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

      - Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

    4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний үйлчлүүлэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэм буруугийн шүүх хуралдааны үе шатанд мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг.

      Б.А нь Увс аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай, эхнэр, гурван настай хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тархины аалзан бүрхэвч доорх цус харвалттай, венийн тромбоз, таталтын хам шинжтэй гэсэн оноштой тул Улаанбаатар хотын Улсын 1 дүгээр төв эмнэлгийн хяналтад байнга эмчилгээ хийлгэдэг.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байх бөгөөд тухайн оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн үйлдэлд тохирсон байх учиртай.

     Гэтэл Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Б.А-д 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

     2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаартай шийтгэврээр 1 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 30 хоногийн баривчлах шийтгэл авч байснаас хамааран шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл хэсэгт заасан дээд хэмжээгээр буюу 3 жилээр хасаж, хорих ялын хэмжээг ч мөн адил дээд хэмжээгээр нь оногдуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч өмгөөлөгчгүй орсон байсан. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж,  7  /долоон мянга/  мянган нэгжээр буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байсан.

  Б.А нь гэм буруудаа маргаагүй, хууль зүйн мэдлэггүйгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгчгүйгээр оролцсон. Гэм буруудаа маргаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй гэж үзэж, хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

      Б.А нь хүнд өвчний улмаас 56 хоног хоригдохдоо 7 хоногт 3-4 удаа түргэн тусламжийн үйлчилгээ авч, эмчийн хяналтад байсан. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанд өөрөө хэлсэн ч харгалзаж үзэхгүйгээр анхан шатны  шүүх урьд нь зөрчил үйлдсэндээ гэмшээгүй байна гэж дүгнэж хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

     Шүүгдэгч нь тархины өвчнөөс болоод чих хатууралтай, ярьж байгаа зүйлийг сайн сонсдоггүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон учраас хууль зүйн нөхцөл байдлыг ойлгоогүй, түүнчлэн өөрийн хувийн байдал, өвчний талаараа сайн ярьж чадаагүй нөхцөл байдал тогтоогддог.

      Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон эрүүл мэндийн байдал, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

       5. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргээр анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Би цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож, ухамсарласан. Энэ цаг мөчөөс хойш дахиж алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна” гэв.

       6. Прокурор Б.Баасанхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-20 загварын, Х УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон.

     Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаагүй.

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хуульд заасан эрүүгийн хариуцлагад тохирсон шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох, 2535000000152 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

      2. Шүүгдэгч Б.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota prius-20” загварын, Х УВХ улсын дугаартай автомашин жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

      - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

      - шүүгдэгчийн жолоодож явсан автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дүгээр хуудас),

     - шүүгдэгчийн согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

      - цагдаагийн ерөнхий газраас 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

      - Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

    - Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ГХ/14 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

     - Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн тооцооны баримт,

     - гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.А-тай хамгийн сүүлд 2025 оны 06 дугаар сарын 13-нд уулзсан. Тэр өдөр би Б.А-ыг гэр бүлийнхээ хамтаар манайд ирж цай ууж, хоол ид гэж дуудсан. Орой 8 цагийн үед манайд эхнэр, 2 хүүхдийн хамт ирээд хоол идэж, цай ууцгаасан. Би хоолны дараа 0.5 литрийн савлагаатай “Агар” нэртэй архи задалж өгсөн. Тэр архийг Б.А бид хоёр эхнэрүүдтэйгээ цуг хувааж ууцгаасан. ...Тухайн үед Б.А өөрийнхөө “Toyota prius 20” загварын автомашиныг жолоодож сумын төвд байх гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

     - гэрч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 13-ны орой 08 цагийн үед манайд цай уухаар ирсэн. Б.А манайд ирэхдээ  өөрийнхөө “Toyota prius 20” загварын, х УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тухайн үед хоол цай идсэний дараа миний нөхөр 0.5 литрийн савлагаатай “Агар” нэртэй архи задалсан. Б.А, Б.Б, Т.Д бид 4 хувааж ууцгаасан. Манайхаас орой 09 цаг өнгөрч байхад өөрийнхөө автомашин бариад гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

     - гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны орой сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад “Toyota prius 20” загварын, Х УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын ИТХ-ын нарийн бичиг ажилтай Б.А гэгч жолоодож явсан. Тухайн жолоочийн бичиг баримтыг шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан байсан. Би Б.А-ыг тээврийн хэрэгслээс нь буулгах үед архи, согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь цагдаагийн хэсгийн байранд авч ирээд согтуурлыг шалгаж үзэхэд 4.84% согтолтой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

     - шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн “...Б.Б ахын гэрт очоод хоол унд идээд сууж байтал Б.Б ах “Агар” нэртэй 0.5 литрийн нэг шил архи задалсан. Тухайн архийг Б.Б, түүний эхнэр Ж.С, миний эхнэр Т.Д бид 4 хувааж уусан. Орой 22 цагийн үед би Б.Б ахын гэрээс эхнэр хүүхдүүдийн хамт өөрийн “Toyota prius 20” загварын, Х УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож сумын төвд байх өөрийн гэр рүү явсан. ...Цагдаагийн хэсэг дээр ирээд согтуурал шалгах багажаар миний согтуурлыг шалгахад 4.84% согтолттой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

     3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

     3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. 

    3.2. Хэрэгт авагдсан, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар шийтгэврээр шүүгдэгч Б.А-ын 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гуч хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь тогтоогдсон байна.

     3.3. Хэргийн баримтаар, шүүгдэгч Б.А Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлээ эдэлж дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

     4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

     5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд: “Анхан шатны шүүх Б.А-д хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн байх тул шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

     5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Мөн зарим тохиолдолд, шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилж, харин Эрүүгийн хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглосон.

     5.2. Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон эсэх нь тухайн этгээдэд ял /үндсэн болон нэмэгдэл ял/-ыг сонгож оногдуулахад харгалзан үзэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл болдог.   

    Хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тухайн хэрэгт тогтоогдож байгаа нь зарим тохиолдолд шүүгдэгчийг ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, эсхүл тухайн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял /сонгох ялтай тохиолдолд/-ын төрлөөс аль хөнгөнийг сонгож хэрэглэх, сонгох ялгүй буюу зөвхөн нэг төрлийн ял оногдуулахаар заасан тохиолдолд уг ялын бага хэмжээг оногдуулах үндэслэл, шалгуур, нөхцөл болохоор хуульчилсан. Харин эсрэгээрээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдвол тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль хүндийг сонгох нөхцөл болдог. 

     Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа түүнд тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс, хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялыг сонгон, ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэв. 

    Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийнхээ хор уршгийг ойлгож ухамсарлахгүйгээр удаа дараа нийгэмд аюултай үйлдлээ давтаж байгаа гэх хувийн байдал, амьсгал дахь спиртийн агууламж их буюу их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодоод зогсохгүй гэр бүлийн гишүүдийн амь насыг эрсдэлд оруулж тэдгээрийг тээвэрлэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзлээ” гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

     Учир нь шүүгдэгч Б.А-ын хувьд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шүүхээс энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн энэ шинжээр нь буюу согтуугаар удаа дараа тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдлыг шүүгдэгчид оногдуулах шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн буюу хорих ял оногдуулах үндэслэл болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй болно.

    5.3. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

       5.4. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн поликлинкийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн комиссын шийдвэр, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.А нь “тархины венийн синусын тромбоз, баруун талын хөндлөн, тахир венийн тромбез, уналт таталтын хам шинж” оношоор мэдрэлийн эмчийн байнгын хяналтад байж, эмчилгээ хийгдэж байдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

       6. Иймд шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдлын улмаас эмчийн хяналтад байдаг хувийн эрүүл мэндийн байдал болон хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу долоон сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэв.

      7. Шүүгдэгч Б.А нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 56 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 840,000 төгрөгийг түүнд оногдуулсан 7,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж тооцон, түүний эдлэх торгох ялыг 6,160,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.  

    8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулсан тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.              

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: “2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял” гэснийг “7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял” гэж,

      - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д  оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчлөн,      

      - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож,

     - шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: шүүгдэгч Б.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон хасаж, 840,000/ найман зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 6,160,000 /зургаан сая нэг зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоосугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

     4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                             ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                               ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                                                                           ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ