Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2020/02177

 

 

 

Г.Ганчимэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02029 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ганчимэгийн хариуцагч Ш.Чулуунбаатарт холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганчимэг, хариуцагч Ш.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ганчимэг миний бие 2015 онд Ш.Чулуунбаатартай танилцаж 2018 оны 4 сараас эхлэн хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ч.Есү төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Иймд охин Ч.Есүд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Чулуунбаатар миний бие зан харилцааны байдлаас биш Г.Ганчимэгийн эгч дүү нарын нөлөөллөөс болж салсан. Миний бие салах тухай бодолгүй байсан. Би гэрээсээ өмссөн хувцастайгаа эхийндээ очсон болохоор тэтгэмж төлж чадахгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ч.Есүд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Чулуунбаатараар сар бүр тэжээн тэтгүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Г.Ганчимэг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ш.Чулуунбаатараас хүүхдийн тэтгэлэгийн жилд ногдох тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй. Миний бие өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Тогтвор суурьлтай ажилгүй. Энэ нөхцөл байдлыг шүүх тодруулах шаардлагатай байхад тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд 5 минут хоцорсоноос шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Хэрэв шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон бол хүүхдийн асрамжийн талаар маргаантай талаар тайлбарлах байсан. Миний бие Ч.Есүгээс гадна 2 хүүхэдтэй. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч нь өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой бол шүүх тэтгэлэгийн хэмжээг багасгаж болно гэж заасныг шүүх хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх энэ байдлаар талаар тодруулалгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ганчимэг нь хариуцагч Ш.Чулуунбаатарт холбогдуулан тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

Г.Ганчимэг, Ш.Чулуунбаатар нар нь 2015 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ч.Есү төрсөн, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Ч.Есү эх Г.Ганчимэгийн асрамжид байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Ш.Чулуунбаатар охин Ч.Есүг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ч.Есүд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Чулуунбаатараар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т хуульд заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ гэж заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Ш.Чулуунбаатарт 2020 оны 9 дүгээр сарын 08, 9 дүгээр сарын 10, 14-ний өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-16-18/

 

Иймээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийн хэмжээг шүүх багасгаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэ талаарх татгалзал, тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 37 030 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА