| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07856/И |
| Дугаар | 192/ШШ2026/00099 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00099
2025 12 24 192/ШШ2026/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч*******т холбогдуулан хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмжийн зөрүү 12,561,488 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “С.******* би Монгол-Оросын ХНН*******-д тасралтгүй 38 жил 11 сар үүнээс*******-ын Замын 6-р ангид жолоочоор 31 жил 7 сар ажиллаад 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өдөр насны тэтгэвэртээ гарсан.******* миний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Тэргүүний төмөр замчин, Төмөр замчны алдараар, ЗТЯ-ны Онц тээвэрчин, Тээврийн цагдаагийн байгууллагаас Осолгүй манай жолооч тэмдэгээр шагнаж,*******-ын Замын 6-р ангийн хөдөлмөрийн аваргаар 3 удаа шалгарч байсан. Би өөрийн ухамсарт амьдралаа тус нийгэмлэг, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, зам засвар хийх ажилд зориулан тасралтгүй 38 жил ажиллаж 60 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгон гавьяаны амралтандаа суухаар болж*******-ын Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгодог тэтгэмжийг Хувь нийлүүлсэн******* нийгэмлэг болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний 6.4.1 дэх заалтаар хууль заасан нөхцөлийг дээрдүүлсэн хөдөлмөрийн хэм хэмжээг ҮЭ--гэй хамтран тогтоож уг заалтын дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгодог. Энэхүү тэтгэмжийг*******-ын Замын 6-р ангийн захиргаа олгохдоо*******-ын Зам засварын машинт станцын Үе угсрах баазад жолоочоор ажилласан 7 жил 4 сарыг төмөр замд ажилласан жилд оруулан тооцоогүйгээс надад олгогдох 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээр тооцон олгосон тушаалыг*******-ын Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалыг гаргасан. Тушаалыг хүлээн авч танилцаад тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцээгүй, ажилтны хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн үзээгүй байх тул хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага*******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 06 сарын 25-ны өдөр гомдлоо гаргаж, комисс 2025 оны 07 сарын 03-нд хуралдаж, 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 2025/28 дугаар тэмдэглэлийг гаргаж, 2025 оны 08 сарын 08-ны өдөр гардуулсныг хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна.*******-ын Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаал хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар: С.******* би*******-ын Зам засварын машинт станцын үе угсрах баазын жолоочоор ажиллаж байгаад Замын 6-р ангид шилжин ажиллах болсон. Би Улаанбаатар төмөр замд тасралтгүй 38 жил 11 ажилласан бөгөөд миний ажилласан хугацаа 1 сараар ч тасраагүй байдаг. Ажил олгогч*******-ын Зам засварын машинт станцын даргын 1998 оны 218 дугаар тушаалаар С.******* намайг байгууллагын эд хөрөнгөнөөс хулгайлсан гэсэн үндэслэлээр ажпаас халсан тушаал байгаа тул өмнө ажилласан 7 жилийг оруулж тооцохгүй гэсэн тайлбарыг өгдөг. Би энэ амьдралдаа хулгай хийх гэмт үйлдлийг үйлдэж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүхээр тогтоодог байтал надад 38 жил тасралтгүй ажилласан ажил олгогч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр миний хөдөлмөр бүтээмжийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний 6.4.1 заалтын дагуу дутуу олгогдсон 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн зөрүү 12,561,488 төгрөгийг гаргуулна” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн С.******* нь 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 307/А тушаалаар*******-ын Зам засварын машинт станцын Салхитын үе угсрах баазад жолоочоор ажилд ороод 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн захиргааны санаачилгаар ...байгууллагын эд хөрөнгөнөөс хулгайлсан үндэслэлээр ажпаас нь халжээ. Улмаар 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/206 дугаар тушаалаар*******-ын Замын 6 дугаар ангийн засварын газарт жолоочоор ажилд орсон бөгөөд Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1,79.3, 83.1, 83.3 дахь заалтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалыг гаргахад ажилтны ажилд орсон гарсан тушаалыг бүрэн судлаагүй, алдаа гарсан тул Замын 6-р ангийн даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар уг тушаалыг хүчингүй болгосон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа тогтвортой ажилласны нэмэгдэл 3 сая төгрөг, нийгэмлэгт 31 жил 6 сар 18 хоног ажилласан гэж тооцон Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний 6.4.1 дэх заалтын дагуу 14 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 43,965,209.29 төгрөгийг тус тус олгосон. Замын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/633 дугаар тушаалаар батлагдсан “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын 4.1.3 дахь заалтад Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол ...тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор, мөн Замын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/579 дугаар тушаалаар батлагдсан “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам”-ын 3.1.3-т Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ... бол нийгэмлэгт ажилласан хугацаанд тооцохгүй нөхцөлд хамаарах тул дээрх журмуудын заалтын дагуу Зам засварын машинт станцад ажилласан 7 жил 4 сарыг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82.3-т заасны дагуу Хамтын гэрээний заалтын дагуу тэтгэмжийг олгосон бөгөөд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй. Тухайн үед*******-ын Зам засварын машинт станцын даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаалд ажилтан өөрөө гомдол гаргаагүй тушаал нэгэнт хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 0776 дугаартай итгэмжлэл, С.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/133 дугаартай тушаал хуулбар, С.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/167 дугаартай тушаал хуулбар, Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 орны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/28 дугаартай тэмдэглэл, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 1996, 1198 оны цалингийн карт хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолтыг ирүүлсэн.
Хариуцагчаас 10/3164 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1986 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 307/А тоот тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 218 тоот тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/206 тоот тушаалын хуулбар, С.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/133 дугаартай тушаал хуулбар, С.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/167 дугаартай тушаал хуулбар, Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/633 дугаар тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замд тасралтгүй ажиллласан хугацааг тооцох журмын хуулбар, Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/579 дугаар тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журмын хуулбар, Улаанбаатар төмөр зам болон МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний хуулбар, Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/863 дугаар тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замд тогтвор сууршилтай ажилласны төлөө” шагналыг олгох журмын хуулбар, Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/560 дугаар тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2024, 2025 оны цалингийн картын баримтыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч байгууллагад 38 жил 11 сар тасралтгүй ажилласан, 2024-2025 оны хамтын гэрээний дагуу 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой учир дутуу олгосон 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 12,561,488 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч******* нь нэхэмжлэгчийг 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн захиргааны санаачилгаар “... байгууллагын эд хөрөнгөнөөс хулгайлсан үндэслэлээр ажпаас халагдаж байсан тул өмнөх хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулахгүй, ажилласан хугацаа тасалдсан учраас 31 жил 6 сар 18 хоног ажилласан гэж үзэх тул 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь зөв гэж татгалзжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 307/А дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг Салхитын үе угсрах баазад жолоочоор 1986 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 27 дахь тал)
3.2. Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг байгууллагын эд хөрөнгө хулгайлсан үндэслэлээр 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлсөн.(хавтаст хэргийн 28, … дахь тал) /хэргийг дугаарлаад хөдөлмөрийн дэвтэр дэхь дугаарыг бичнэ/
3.3. Улаанбаатар төмөр замын Замын зургаа дугаар ангийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/206 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг засварын газарт УБХ-07-19 номерийн ЗИЛ-130 маркийн автомашины жолоочоор 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон.(хавтаст хэргийн 29 дахь тал)
3.4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/579 дугаартай тушаалаар “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох, ажилласан хугацааг тооцох журам”-ыг баталсан.(хавтаст хэргийн 39 - 42 дахь тал)
3.5. Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” болон Монгол төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2024 – 2025 оны хамтын гэрээг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталсан.(хавтаст хэргийн 43 – 46 дахь тал)
3.6. Улаанбаатар төмөр замын Замын зургадугаар ангийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/133 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул өөрийнх нь хүсэлтээр 2025 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж, төмөр замд тасралтгүй 38 жил 11 сар ажилласан гэж үзэж 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 6, 30 дахь тал)
3.7. Улаанбаатар төмөр замын Замын зургадугаар ангийн орлогч даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/167 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул өөрийнх нь хүсэлтээр 2025 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж, төмөр замд тасралтгүй 31 жил 07 сар ажилласан гэж үзэж 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор, Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 7, 31 - 32 дахь тал)
3.8.*******ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/28 дугаартай тэмдэглэл гарсан.(хавтаст хэргийн 8 – 10 дахь тал)
3.9. Нэхэмжлэгч С.*******ыг хариуцагч байгууллагад ажиллаж байсан эсэх, хамтын гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний хэмжээний тухайд, 2024-2025 оны хамтын гэрээний дагуу 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 43,965,209.29 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон тухайд зохигчид маргаангүй.
Харин 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 12,561,488 төгрөг дутуу олгосон эсэхэд маргаантай
4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Замын зургадугаар ангийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/133 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг төмөр замд тасралтгүй 38 жил 11 сар ажилласан гэж үзэж 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч 1 сарын дараа дээрх тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар төмөр замын Замын зургадугаар ангийн орлогч даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/167 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг төмөр замд тасралтгүй 31 жил 07 сар ажилласан гэж үзэж 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Улаанбаатар төмөр замын Замын зургадугаар ангийн орлогч дарга нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/167 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/579 дугаартай тушаалаар батлагдсан “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох, ажилласан хугацааг тооцох журам”-ын 4.1 дүгээр заалт, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” болон Монгол төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2024 – 2025 оны хамтын гэрээний 6.4.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.
5. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.5. “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно” гэж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол 10-аас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” 47.2. “Энэ хуулийн 47.1-д заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах зардлыг ажил олгогч хариуцах бөгөөд буцалтгүй тусламж олгох асуудлыг тухайн төмөр замын тээврийн байгууллага хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна” гэж тус тус заасан.
Хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны санаачлагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд хамтын гэрээнд заасны дагуу нийгэмлэгт ажилласан хугацаанаас хамааран ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгох зорилгоор “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох, ажилласан хугацааг тооцох журам”-ыг баталж, уг журмын 4.1-т “Нийгэмлэгт ажилласан хугацааг харгалзан олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг Хамтын гэрээгээр тогтооно” гэж заажээ.
6. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7."хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог ойлгох бөгөөд хариуцагч байгууллага болон Монгол төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2024 – 2025 оны хамтын гэрээг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталсан байна.
2024 – 2025 оны хамтын гэрээний 6.4-д “УБТЗ”-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан бол “УБТЗ”-д ажилласан дор дурдсан хугацааг харгалзан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно”, 6.4.1- д “эрэгтэйчүүд 5 хүртэл жилд хоёр сар, 5-9 жилд гурван сар, 10-14 жилд дөрвөн сар, 15-19 жилд таван сар, 19-24 жилд найман сар, 25-29 сард арван сар, 30-32 жилд арван дөрвөн сар, 33-34 жилд арван зургаан сар, 35 ба түүнээс дээш жилд 18 сар” гэж тус тус заасан байх бөгөөд Хөдөлмөрийн хууль, Төмөр замын тээврийн тухай хуульд нийцсэн байх тул талууд дагаж мөрдөх үүрэгтэй.
Хариуцагч тал нь тайлбартаа: “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын 4.1.3 дахь заалтад Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол ... тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор, “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам”-ын 3.1.3-т Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон... бол нийгэмлэгт ажилласан хугацаанд тооцохгүй нөхцөлд хамаарах тул дээрх журмуудын заалтын дагуу Зам засварын машинт станцад ажилласан 7 жил 4 сарыг хасаж тооцсон” гэж тайлбарлаж, тэтгэмжийг 14 сараар тооцож олгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын 1.1-д зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулж, төмөр замын тээврийн аюулгүй, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоо тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох хугацааг тооцохтой холбоотой харилцааг зохицуулахаар заасан байх тул энэхүү журам нь 2024 – 2025 оны хамтын гэрээний дагуу тэтгэмж олгох ажилтны ажилласан хугацааг тоолоход хамаарахгүй.
Мөн “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам”-ын 1.4-т “Нийгэмлэгт ажиллаж байгаад энэ журмын 3.1-д зааснаас бусад үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа (хөдөлмөрийн гэрээ) нь дуусгавар болсон, цуцлагдсан ажилтан Нийгэмлэгт дахин ажилд орсон тохиолдолд ажиллаагүй, завсардсан хугацааг хасаж, урьд ажилласан хугацааг үргэлжлүүлэн Нийгэмлэгт ажилласан хугацаанд тооцно” 3.1-т “Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа (хөдөлмөрийн гэрээ) нь дор дурдсан шалтгаан, үндэслэлээр дуусгавар болсон, цуцлагдсан бол урьд ажилласан хугацааг Нийгэмлэгт ажилласан хугацаанд оруулж тооцохгүй” гэх заалт нь нэхэмжлэгч С.*******ы 1986 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Салхитын үе угсрах баазад жолоочоор 7 жил 3 сар ажилласан хугацааг үгүйсгэх үндэслэл болохгүй.
7. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.3. “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ”, 2.3.1. “энэ хууль”, 2.3.2. “Монгол Улсын бусад хууль”, 2.3.3. “захиргааны хэм хэмжээний акт”, 2.3.4. “салбар, салбар дундын хамтын хэлэлцээр”, 2.3.5. “хамтын гэрээ”, 2.3.6. “хөдөлмөрийн гэрээ”, 2.3.7. “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ” гэж, 122 дугаар зүйлийн 122.1. “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд байгууллагын дотоод журам нь хууль тогтоомж, хамтын гэрээнд нийцсэн байх ёстой.
Хариуцагч байгууллага нь “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам”-аараа ажилтны ажилласан хугацааг тасралтгүй ажилласан тохиолдолд тоолох нөхцөлийг тодорхойлж, уг тодорхойлсон жилээр 2024 – 2025 оны хамтын гэрээний 6.4-д заасан тэтгэмж олгож байгаа нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан гэж үзэх тул журмын зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Иймд хариуцагч нь 2024 – 2025 оны хамтын гэрээний 6.4.1-заасны дагуу нэхэмжлэгч С.*******д 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй байх ба хариуцагч нь 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг дутуу олгосон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэмжийн зөрүү 12,561,488 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 12,561,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 215,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР