| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0658/Э |
| Дугаар | 680 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 680
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бод холбогдох 1808026900717 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ..._.:. дугаар гудамжны 9 тоот хашаан дотор иргэн Х.Бтай ‘...намайг доромжлоо ...’ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, цээжин тус газар нь хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч П.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ..._.:. дугаар гудамжны 9 тоот хашаан дотор иргэн Х.Бтай ‘...намайг доромжлоо ...’ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, цээжин тус газар нь хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан болох нь:
- хохирогч Х.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр П.Бын гэрт архи хувааж уусан. Архиа ууж байтал П.Б “чи энэ хашааг яасан үнэтэй авч байгаа юм” гэснээс болоод П.Б бид хоёр маргалдсан. Би тэр архийг нь дуусгалгүй гэр лүүгээ яваад орчихсон. Гэртээ ороод би эхнэртээ П.Б хүний дургүй хүргээд байхаар маргалдчихлаа гэхэд манай эхнэр П.Б руу утсаар залгаад хэрэлдсэн ба удалгүй П.Б манай гэрт орж ирээд гөлөг нь ороод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би “П.Бийг хүүхдүүд байна хөгшин хүн байна, чи одоо гар гэхэд” гарахгүй байхаар нь би гар, гар гэж хэлээд түлхтэл П.Б ус зөөдөг саван дээр унасан. Босч ирээд “чи муу яаж байна аа” гээд гэрээс гараад явчихсан. Тэгээд би гэрийнхээ гадаа үүдний амбаарын хажууд зогсож байтал П.Б гэрээсээ хутга, заазуур хоёр бариад гараад ирсэн. Би “чи муу наадахаараа яах гэж байгаан гээд” өөдөөс нь очоод заамдсан. Тэгээд ноцолдож байхдаа П.Б хутгаараа миний зүүн гарын шууг нэг удаа зүссэн бас заазуураараа цээжин хэсэгт зүссэн. Манай эхнэр араас хутгалчихлаа гэж орилоход П.Б гэрлүүгээ буцаад явчихсан. Бид хоёрын голоор ямар нэгэн хүн ороогүй...гэх мэдүүлэг /хх-8-10/,
- гэрч А.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн:.... манай нөхөр П.Быг түлхчихсэн чинь ус авдаг саван дээр уначихсан. П.Б “чи муу яаж байна аа” гэж хэлээд гэрээс гарсан. Манай нөхөр араас нь гарахаар би нөхрийнхөө араас гараад гэрийнхээ хаалганы хажууд зогсож байтал П.Б нэг гартаа хутга нөгөө гартаа заазуур барьчихсан гараад ирсэн. Би Х.Бд чи наашаа хүрээд ирээч гэж хэлтэл дуугарахгүй байсан ба П.Б манай нөхрийн урд тулаад зогссон ба би тэр хоёр дээр яваад очиход манай нөхөр Х.Бгийн цамц цус болсон харагдахаар нь хутгалчихлаа шүү дээ гэж ориход П.Б гэрлүүгээ гүйгээд орчихсон ...гэх мэдүүлэг /хх-15-17/,
- гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:.... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нөхөр П.Б, охин Анужин нар гэртээ байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “манай нөхрийг Х.Бгийн эхнэр нь хэл амаар доромжилсон мөн Х.Б нь цохиж зодсон” гэж байсан. Тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан бөгөөд Х.Бгийн зүүн гарын тохойны доод хэсэгт зүсэгдсэн мөн цээжин дээрээ өнгөц зураас гарсан байсан ба цус гарч байгаа зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-18-19/,
- гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:.... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр аавын утас руу Х.Б ахын эхнэр А залгаад “аавыг гөлөг архичин” зэргээр нь дуудаад байсан. Би аавын хажууд зогсож байгаад сонссон. Аав утсаа салгачихаад Х.Б ахын гэр рүү орсон ба би аавыг дагаад хамт орсон. Гэрт нь ороод аав А эгчтэй юм яриад байж байтал Х.Б ах гэнэт босож ирээд аавыг түлхээд шалан дээр унагаасан. Аав уурлаад тэднийхээс гарсан ба би араас нь дагаад гартал аав гэртээ ороод хутга заазуур хоёр аваад гараад ирсэн. Х.Б ах бас гэрээсээ гараад ирчихсэн байсан ба Х.Б ах аав руу дайраад аавыг зуураад авсан. Аав ноцолдож байхдаа Х.Б ахын гар болон цээжийг нь зүсчихсэн. А эгч хутгалчихлаа гээд орилоход аав Х.Б ахаас холдоод гэрлүүгээ орсон. Би хараад зогсож байсан. Х.Б ахын эхнэр А байсан. Аав Х.Б ах хоёр бие биетэйгээ зууралдаж байхдаа аав заазуураар зүсчихсэн ба А эгч цаанаас орилсон чинь манай аав буцаад гэрлүүгээ орчихсон, голоор нь хэн нэгэн салгаагүй...гэх мэдүүлэг /хх-21-23/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6933 дугаартай:... Х.Бгийн биед баруун хөх, зүүн шууны хуучин шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх мэт хугацаанд үүсэх боломжтой ...гэх дүгнэлт /хх-31/,
- шинжээч эмч НЭгийн мөрдөн байцаалтад өгсөн:.... Х.Б 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бусдад хутгалуулсан боловч манай эмнэлэгт ирж үзүүлэхдээ 25 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 30-нд ирж үзүүлсэн. Тэгээд би шархыг нь хуучин гэмтэл гэж гаргасан. Дээрх 2 хуучин гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-35-37/,
- шүүгдэгч П.П.Бын мөрдөн байцаалтад өгсөн:.... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манайд Х.Б бид2 архи уусан. Х.Бгийн эхнэр А намайг хараагаад “гөлөг минь чи яагаад манай нөхөртэй хамт архи уугаад байгаа юм” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бол гэж бодоод” гэрт ороход Х.Б эхнэртэйгээ маргалдаад байгаа юм шиг байсан. Би Х.Бгийн гэрт нь ороод “гөлөг нь ороод ирлээ яасан” гэхэд А та хоёр юу яриад байгаан гэж байтал Х.Б намайг түлхсэн. Би шалан дээр унасан ба миний уур хүрээд Х.Бтай хэрэлдэж байгаад гэрээс нь би гарахдаа Х.Бг чи муу яаж байгаан гэж хэлээд гарсан. Гэртээ ороод хутга, заазуур хоёр аваад гэрээсээ гарч ирээд Х.Бг айлгах санаатай байтал Х.Б над руу дайрахаар нь би Х.Бтай ноцолдож байгаад Х.Бгийн гарыг хутгаар, цээжийг нь заазуураар зүсчихсэн байсан. Х.Бгийн эхнэр орилохоор нь би Х.Бг орхиод гэртээ орчихсон ба удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-74-77/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэх буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч П.Бнь хохирогч Х..Х.Бгийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч П.Бнь хохирогч Х..Х.Бгийн эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 150.000 төгрөг төлсөн /хх-12/-аар бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Шүүгдэгч П.П.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Быг 1.300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Бод оногдуулсан 1.300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, П.Бнь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР