| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000150160 |
| Дугаар | 2025/ДШМ/60 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/60
Ж.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батзаяа, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Я.Батханд, Д.Батбаяр /цахимаар/, О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, Я.Батханд, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ж.О-д холбогдох, 2435000150160 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Ж-ын О.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд “С” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын урд талын зогсоол дээр иргэн Э.М, Ч.О нар авч ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн Э.М-р дамжуулан С ХХК-аас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
- мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт өөрийн х дугаараас залгаж, “С” ХХК-аас тендерт шалгарсны дагуу нийлүүлж байгаа автомашиныг хүлээн авахтай холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З ургийн овогт Ж-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-д оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;
- шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж;.
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг сиди дискийг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, Д.Батбаяр, О.Баярбаясгалан нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар зохицуулсан байх бөгөөд Ж.О нь усны автомашин хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа иргэн Б.М-р дамжуулан “С” ХХК-аас 5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, мөн “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэж зүйлчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
4.1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн талаар:
Хэргийг хянан хэлэлцэхдээ бидний үйлчлүүлэгч Ж.О-ыг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргахдаа улсын яллагчийн яллаж буй гэмт хэргийн шинж хангагдаж байгаа эсэхэд, мөн энэ гэмт хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байсан эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхээс Ж.О-ын гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хахууль авах гэмт хэргийн аль аль шинжийг хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоол нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай тогтоолыг зөрчсөн бөгөөд тус тогтоолд ... яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх байдлын талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн, бодитойгоор харьцуулан шинжлэн судалсны эцэст шүүх тэдгээрийг хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийснээ, энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээнд тулгуурлаж байгаа талаар тогтоолын тодорхойлох хэсгийн хоёр дахь хэсэгт дэлгэрэнгүй, тодорхой заасан байвал зохино гэснийг ноцтойгоор зөрчин хуулийг буруу тайлбарласан байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон камерын бичлэг, бусад нотлох баримтаар нотлогдож байгаа болно.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаар магадлалын 12 дах талд “Ж.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдтэй хэрхэн тохирч байгаа эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар болон түүний үйлдэлд өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна” гэж үзсэн байхад анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелгүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний 2025/ШЗ/461 дугаартай захирамжаар Ж.О-д Увс аймгийн Улаангом сумаас гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь шүүгч урьдаас гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг дордуулан, цахим бугуйвч зүүж үндэслэлгүйгээр эрх зүйн байдлыг нь дордуулсан байна. Мөн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд цахим бугуйвч зүүсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
4.3. Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгч нарын зүгээс 2025 оны 7 сарын 31-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлын үндэслэлийг дараах үндэслэлүүдээр дэлгэрүүлж тайлбарлая. Үүнд.
5.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 7 сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийснийг өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар няцааж байна.
Ж.О нь Увс аймгийн Өлгий сумын засаг даргаар ажиллаж байсан үйл баримт болон түүнийг нийтийн албан тушаалтан мөн гэдэгтэй Ж.О болон өмгөөлөгч бидний зүгээс маргаагүй. Мөн Ж.О-г С ХХК-аас 5.000.000 төгрөг нэхсэн гэх үйл баримттай маргахгүй байгаа. Харин 5.000.000 төгрөг нэхсэн үйлдлийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэдэг талаас нь анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Шүүхийн шийтгэх тогтоолд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т зааснаар сумын засаг дарга нь сумын засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй. Тухайлбал: шүүгдэгч нь хуулиар тус ажлын хэсэгт орсон засаг даргын орлогч З.М, гэрч Э.Т, С.Б нарын шууд удирдлага болох тус сумын тамгын газрын дарга Ш.Д нарыг томилох, огцруулах бүрэн эрхтэй тул автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт орсон гэрч З.М, Э.Т, С.Б нарт албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар нөлөөлөх боломжтой этгээд юм гэж шүүхээс дүгнэсэн /шийтгэх тогтоолын 14, 15 дахь тал/.
Шүүхээс, Ж.О нь Засаг дарга байсан учраас нөлөөлөх боломжтой гэж таамаглал дэвшүүлэн гэм буруутай гэж шийдвэрлэх боломжгүй. Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, эргэлзээгүй, хөтөлбөргүйгээр тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгчийг яллах ёстой.
Мөн шийтгэх тогтоолд, ”С” ХХК-ийн төлөөлөгч О.Г нь Увс аймгийн Өлгий суманд нийлүүлэх цэвэр усны автомашиныг Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө авч ирсэн байх бөгөөд нийлүүлэгч талын төлөөлөгч Улаанбаатар хотоос ирсэн, мөн гэрээнд заасан хугацаанд уг автомашиныг даруй хүлээлгэн өгөх хүсэл зоригтой байсан. Гэтэл шүүгдэгч нь энэхүү нөхцөл байдлыг ашиглан тухайн компаниас 5.000.000 төгрөгийг нэхжээ гэж дүгнэсэн /шийтгэх тогтоолын 15 дахь тал/.
Шүүгдэгч нийлүүлэгч талын автомашиныг даруй хүлээлгэн өгөх хүсэл зоригийг ашиглаж байгаа нь ажлын хэсэгт нөлөөлөх боломжтой мэтээр харагдаж байгаад нийлүүлэгч тал итгэсэн боловч Ж.О-ын зүгээс ажлын хэсгийн хэн нэгэнд нөлөөлсөн нөхцөл байдал байхгүй ба засаг дарга гэсэн албан тушаалын байдлаа ашиглан ажлын хэсэгт нөлөөлсөн мэтээр 5.000.000 төгрөг нэхсэн үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг бус харин залилах гэмт хэргийн шинжтэй.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 6 шинжээс, яг аль шинжээр нь яллаж байгаа нь тодорхой бус байгаа талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэж, буцаасан. Гэтэл анхан шатны шүүхээс “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэргийн үндсэн шинж байна гэж үзсэн /шийтгэх тогтоолын 15 дахь тал/.
Ж.О-ын үйлдэлд ажлын хэсэгт ороогүй атлаа хэн нэгэнд нөлөөлөх гэсэн санаа зорилго огт байгаагүй, нөлөөлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон тул нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байгаа юм.
5.3. Шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх” гэмт хэрэг болон тус хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргүүд нь бүрэлдэхүүний шинж болох субъектээрээ төстэй боловч гэмт этгээдээс гаргасан санал, эсхүл тохиролцоогоороо ялгаатай. Тухайлбал: залилах гэмт хэргийг үйлдэж буй этгээдийн хууль бус санал, тохиролцоо нь анхнаасаа биелэгдэх боломжгүй, биелүүлэх хүсэл зориггүй байдаг бол хахууль өгөх гэмт хэргийн субъектийн санал, хууль бус тохиролцоо албан чиг үүрэг, эрх мэдэлд нь хамаарахгүй боловч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан гүйцэтгэх боломжтой байдаг гэж тайлбарласан /шийтгэх тогтоолын 15,16 дахь тал/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж, сэдэл санаа зорилго нь субъектив болон объектив талын шинж нь тэс өөр байдаг. Ийм үндэслэлээр няцаалт хийж болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.
Ж.О нь албан тушаалын байдлаа ашиглаж буюу албан тушаалын эрх мэдлээ бусдын эд хөрөнгийг залилан авахад ашигласан байдаг.
Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно. Тухайлбал, гэмт үйлдлийг хялбарчлах, хууль, захиргааны хэм хэмжээний акт болон бусад байдлаар эрх олгогдсон этгээд үйлдсэн байхыг шаарддаг. Үүнд тухайн 2 төрлийн гэмт хэргийн хамгийн гол ялгагдах шинж нь гарч ирж байгаа.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 болон хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг харьцуулбал:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хуульчилсан байдал.
А. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн.
Б. Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан
2. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
А. Бодит хохирол шаардах хөнгөн, хүндрүүлэх шинж нэмэгдсэн тохиолдолд хүнд гэмт хэрэг.
Б. Бодит хохирол үл шаардах хүнд гэмт хэрэг
3.Объектив шинж:
А. Бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдэл байх бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байна.
Б. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, хийхийг амлаж хахууль авдаг.
4. Субъектив шинж: А.Санаатай байна. Б. Санаатай байна.
Хамгийн гол нь объектив талын шинжид 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхлын идэвхтэй үйлдэл заавал байхыг шаардсан.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үйлдэл хийсэн буюу 22.1.4-д заасан гэмт хэргийн шинж байна уу гэдгээр дүгнэх ёстой гэсэн боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийгээгүй.
22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн объектив талын шинж нь хахууль өгөгч талын буюу Б захирал, “С” ХХК-ийн зүгээс идэвхтэй үйлдэл байх ёстой. Тухайн нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй. Гэтэл 17.3 дугаар зүйлийн объектив талын шинж нь бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдэл байх бөгөөд үйлдэл, хохирол 2-ын хооронд заавал шалтгаант холбоо байхыг шаардана. Ж.О 5 сая төгрөг нэхээд байгаа шалтгаант холбоо нь “С” ХХК машинаа хурдан хүлээлгэж өгмөөр байна гэж харилцаа үүсгэснээс бий болсон нөхцөл байдал гэж харагдаж байна. Ж.О үүнийг ашиглан өөртөө ашиг олох буюу 5 сая төгрөг олох зорилготой байгаа болохоос тэд нарын хүсэл зоригийг нь дагаад бусдад нөлөөлсөн үйлдэл тогтоогдоогүй. Тийм учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж нь объектив талаараа хангагдсан.
5.4. Шүүхээс, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.О нь албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө ашиглан гэрч З.М, Э.Т, С.Б нарт нөлөөлөх замаар тухайн цэвэр усны автомашиныг хүлээж авах эсэх талаар шийдвэр гаргуулах боломжтой /шийтгэх тогтоолын 16 дахь тал/ дүгнэсэн. Гэтэл гэрч З.М, Э.Т, С.Б нарт нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байхад ...нөлөөлж шийдвэр гаргуулах боломжтой...гэж таамаглал дэвшүүлэн гэм бурууг шийдвэрлэх боломжгүй. Хэрэв нөлөөлсөн бол хөдөлбөргүйгээр нотлон тогтоосон байх шаардлагатай.
5.5. Шүүхээс, шүүгдэгч Ж.О нь гэрч Э.М-р дамжуулан болон “С ХХК”-ийн захирал Э.Б нараас мөнгө нэхсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэх гэмт хэргийн зэрэгцээ хоёр шинжийг агуулсан тус тусдаа үйлдэл боловч гэмт хэргээ туйлд нь хүргэж төгсгөх зорилготой үйлдэл үргэлжилсэн үйлдлээр тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ /шийтгэх тогтоолын 16 дахь тал/ гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн зэрэгцээ шинж гэсэн ойлголт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байхгүй. ...үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэсэн ойлголт байгаа болохоос зэрэгцээ шинж гэж хуульд огт байхгүй. Хуульд байхгүй нэр томьёогоор үргэлжилсэн үйлдлийг зэрэгцээ гэж тайлбарлаад сүүлдээ давтан гэх агуулга руу оруулах гэж байна гэж харж байгаа. “С ХХК”-ийн захирал Э.Б-с Э.М-р дамжуулан 5,000,000 төгрөг нэхсэн үйл баримтдаа маргахгүй байгаа, гэхдээ үйлдлээ төгсгөж чадаагүй учир залилах гэмт хэргийн завдалтын шинж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг шүүх хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй.
5.6. Шийтгэх тогтоолд, нийтийн албанд томилогдох эрх 5 жил /18 дахь тал/, 8 жил /19 дэх тал/, 8 жил хугацаагаар хасаж /20 дахь тал/ гэж дурьдсан байна.
Хүний амьдралыг шүүж байгаа шүүхийн албан ёсны эрх зүйн акт болох шүүхийн шийтгэх тогтоолд санаатай эсхүл санаандгүй байдлаар алдаа гаргаж байгаад өмгөөлөгчийн зүгээс харамсаж байна.
5.7. Мөн тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэг... /19 дэх тал/ гэж дурдсан гэвч миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж яллаж ирсэн. Сүүлдээ шийтгэх тогтоолд хахууль өгсөн болоод явчихсан.
Анхан шатны шүүхийн хийсэн 11 дүгнэлтээр, давж заалдах шатны шүүхийн 19 дугаартай магадлалд тусгасан 7 үндэслэлийн алинд ч дүгнэлт хийгээгүй. Өрсөлдөх хэм хэмжээнд ямар дүгнэлт хийсэн юм бэ, “С” компанийн буюу тендерт оролцоод байгаа компанийн талаас ямар идэвхтэй үйлдэл байгаа эсэхэд огт ажиллагаа хийгдээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхгүй байна гэдэг нь шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна гэж харж байгаа.
Ж.О-ын үйлдэлд нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна.
Харин ажлын хэсэгт нөлөөлөн автомашиныг түргэн шуурхай хүлээн авах гэж байгаа мэтээр засаг даргын албан тушаалаа ашиглан залилж байгаа үйлдэл нь “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд шүүгдэгч Ж.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн үйлдэлд нь тохирсон ялыг оногдуулж өгнө үү.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн дүгнэлтээ бичгээр гаргаж өгч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг заасан, 40.5.2-т хяналтын шатны шүүх нь шүүхийн эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана гэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд Улсын дээд шүүхийн 2020 оны 7 сарын 20-ны өдрийн 437 дугаартай тогтоолыг шүүх үндэслэл болгож хараасай гэж хүсэж байна.
Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг нотлогдохгүй болохоор ажлын хэсэгт байсан М, Б, Т 3-т нөлөөлөөд байгаа мэтээр тайлбарлаж, автомашиныг хүлээж авч болохгүй шүү гэж хэлсэн мэтээр хэрэгт байхгүй асуудлаар үг хэлж тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч засаг дарга гэх албан тушаалаа ашиглаж, ашиг олох санаа зорилго байсан болохоос гэрч нарын мэдүүлгээр ч тэр хэн нэгэнд нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй гэдгийг прокурор, өмгөөлөгч нар бүгд уншиж танилцууллаа. Ж.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа нөхцөл байдал огт байхгүй гэдгийг дахин хэлье гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна, өмгөөлөгч нарын байр суурь нэг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт буюу тухайн зүйл хэсэгт, Улсын Их Хурлаас 2022 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулахдаа хахууль авахыг шаардсан, хахууль өгөхийг шаардсан гэдэг үгийг нэмж оруулж өгсөн. Тус ойлголтын хувьд, прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 596 дугаартай захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий сумд С-н ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа гэж яллаж байгаа юм.
Улмаар 2023 оны 11 сарын 03-ны өдөр тус компаниас тээврийн хэрэгслийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын урд талын зогсоолд иргэн Э.М, Ч.О нар ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Э.Маар дамжуулж компаниас 5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, үргэлжилсэн үйлдлээр мөн тухайн өдөр буюу 2023 оны 11 сарын 03-ны өдөр Э.Б-с мөнгө шаардсан гээд үйл явдлыг л прокурор дахин дахин яриад байна. 2023 оны 11 сарын 23-нд дээрх машиныг ажлын хэсэг хүлээгээд авчихсан.
Ажлын хэсэгт миний үйлчлүүлэгч ороогүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Үүнийг прокурор, анхан шатны шүүх тайлбарлахдаа Өлгий сумын Засаг дарга юм чинь ажлын хэсэгт орсон сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөл болох 3 хүнд нөлөөлчихсөн юм байна гэдэг агуулгаар таамаг дэвшүүлдэг. Нөлөөлсөн учраас л хүлээж авахыг нь удаашруулж, ажлыг хэсгийн 2 удаа хүлээж авах ажиллагааг хойшлуулсан гэж үзсэн. Хавтаст хэрэгт тухайн албан хаагч нарт нөлөөлсөн гэх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг байдаггүй. Аймгийн засаг даргын тамгын газраас төлөөлсөн 4 хүнээс авсан гэрчийн мэдүүлгээр ч мөн миний үйлчлүүлэгчийг тэдгээрт нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Шүүх хуралдаанд энэ тухай прокуророос асуухад прокурор нөлөөлсөн гэж хариулсан нь тэмдэглэлд тусгагдсан байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг заасан. Гэмт хэрэг хэзээ, хаана, хэдийд яаж үйлдэгдсэнийг нотолбол зохих үүрэг нь мөрдөгч, прокурорт байгаа. Хавтаст хэргийн хүрээнд нөлөөлсөн гэдгийг тогтоож чадаагүй байж шүүх хуралдаанд оролцохдоо, нөлөөлсөн гэж прокурор тайлбарлаад байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг шаардсан гэдэг нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоох ёстой. Тогтоохдоо ажлын хэсэгт байсан эсэхийг бид харгалзан үзэх ёстой. Я.Батханд өмгөөлөгч хэлсэн, ажлын хэсэгт ороогүй байж яагаад хахууль авах гэмт хэргийн субъект болоод байгаа юм бэ гэж, нийтийн албан тушаалтан гэдэгт бид маргаагүй.
Зөвхөн 2023 оны 10 сарын 12-ны өдөр Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт нөлөөлсөн эсэх, нөлөөлөөд хахууль авах тухай шаардсан эсэхийг л тогтоох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд миний үйлчлүүлэгчийг хахууль өгөхийг шаардсан үйлдэлд яллах нь тохирохгүй байна гэж үзэж байгаа.
Шүүх хууль хэрэглээг Улсын Дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугийн зарчим байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, миний үйлчлүүлэгчийн хувьд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг нь хахууль өгөх, авах талын ашиг сонирхол, нэгдмэл ашиг сонирхол байх ёстой. Хахууль өгөгчийн ашиг сонирхлыг тогтоож чадаагүй, улсын дээд шүүх үүнийг тайлбарлачихсан. Хахууль өгөгч, авагчийн харилцан ашиг сонирхол байж хахууль авах гэмт хэрэг бүрэн төгс үйлдэгдэнэ гэж. Хахууль өгч байгаа этгээд “С” ХХК-д ямар ашиг сонирхол байсныг өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй оруулж ирж байна. Тогтоогдохгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байгаа.
С ХХК нь тендерт шалгараад машин нийлүүлэх эрхийг авчихсан. Үүнд ашиг сонирхол байхгүй. Нийлүүлэгч тодорхой хугацаанд нийлүүлэх л ёстой. Үүнийг нь ажлын хэсэг хүлээж авах ёстой. Тухайн хүлээн авах ажлын хэсэгт Ж.О байхгүй. Хахууль өгөгчид ямар ашиг сонирхол байгаа талаар прокурор тайлбарлаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хахууль өгөгчийн ашиг сонирхол байна гэдгийг харахгүй байгаа, тогтоож чадаагүй учраас энэ нь хахууль өгөхийг шаардах гэмт хэрэг биш гэж үзэж байна.
Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 сарын 8-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэдэгт юу гэж ойлгох вэ гэдгийг тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтыг эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгаад судлаад үзэхээр хахууль өгөхийг шаардсан гэдгийг нотолж чадаагүй.
Улсын дээд шүүхийн тайлбараар бол, хэргийн талаар нотолбол зохих байдал, хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоод Ж.О-ын үйлдэл нь хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг гэдгийг тогтоож чадахгүй бол түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ л гэсэн агуулга байна. Ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг нь 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн өрсөлдөх хэм хэмжээг шалгах ёстой. Үнэхээр энэ гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа эсэх, үүнийг тогтоосны дараа бид дээрх гэмт хэргийг мухарлах ёстой.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд ч тусгагдсан, өрсөлдөх хэм хэмжээ, өөр төрлийн гэмт хэрэг байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоож, тогтоолдоо дүгнэлт хий гэсэн ч анхан шатны шүүх тогтоолд дүгнэлт хийгээгүй, зөвхөн хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэдэг ганц үг нэмээд л оруулсан.
Шийтгэх тогтоолын аргачлал, тайлбарын талаар Я.Батханд өмгөөлөгч хангалттай тайлбарлалаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаад байгаа өрсөлдөхүйц хэм хэмжээг яаж үгүйсгээд байгаа юм. Үүнийгээ тогтоолдоо тайлбарлах ёстой. Энэ чинь 2-оос 8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг. Тэгэхээр бид ял халдааж байгаа, эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа асуудалдаа хууль хэрэглээний хувьд маш зөв оновчтой хэрэглэхгүй бол эцэст нь хүний эрх ашиг сонирхол, эрх чөлөө зөрчсөн ноцтой асуудал яригдана.
Ж.О-ын хувьд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 437 дугаар тогтоолыг хараасай гэж хүсэж байна. Улсын Дээд шүүх тогтоол гаргах замаар хууль тайлбарлах эрх бүхий ганцхан субъект учир хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийг тайлбарладаг. Ж.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Ажлын хэсэгт ороогүй байж ажлын хэсэгт орсон мэтээр тухайн үйлдлийг үзүүлж, Өлгий сумын Засаг дарга гэх албан тушаалын байдлаа ашигласан.
Тухайн машин хүлээлцэх ажлын хэсэгт орчхоод тухайн машиныг хүлээж аваагүй бол нэг өөр хэрэг, ажлын хэсгийн 7 гишүүнд нөлөөлсөн гэдэг нэг ч мэдүүлэг байхгүй. Яагаад хүлээж аваагүй юм гэхээр тухайн үед бүрэлдэхүүн бүрдээгүй, 7 гишүүний ирц бүрддэггүйтэй холбоотой хойшилж байсан нь тогтоогдсон байна. Ж.О-ын зүгээс тэдгээр гишүүдэд нөлөөлсөн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, шүүх зөвхөн таамаглалд үндэслэж шийдсэн. Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Ийм учраас миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримталж, зүйлчлэлийг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж өөрчлөх боломжтой байна, залилах гэмт хэрэг төгсөөгүй хэрэг учир завдалтаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.
Прокурор Ж.О-ыг байн байн утасдаад мөнгө шаардаад байсан мэтээр тайлбарласан. Гэтэл 11 сарын 03-ны өдрийн үйлдэл л байгаа, үүнээс хойш тэдэнтэй уулзаагүй, яриагүй. Тухайн ажлын хэсгийн гишүүд өөрсдөө ирц нь бүрдэхгүй байсаар байж 11 сарын 23-нд автомашиныг хүлээж авсан.
Мөн прокуророос тайлбар дүгнэлт гаргахдаа, Ж.О-ыг бусдадаа үүрэг чиглэл өгсөн, машин хүлээн авах ажиллагааг үндэслэлгүйгээр хойшлуулсан гэх мэт хавтаст хэрэг байхгүй зүйлүүдийг дурдаж байна.
Прокурорт тайлбарлахдаа, хахууль өгөхийг шаардсан гэдэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байхгүй гэж ярьж байна. Үүнийг өөрийн ойлголтоор тайлбарлаж болохгүй. Улсын дээд шүүхээс тайлбарлачихсан. Тухайн үндэслэлүүдээр хахууль өгөгчийн ашиг сонирхол байх ёстой. Яагаад энэ хүнтэй уулзаад, утсаар яриад байгаа юм, ашиг сонирхол байгаа, үүнийг тогтоож чадаагүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэгтэй прокурортой санал нэг байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль өгөхийг шаардсан гэх шинжийг бусад төсөөтэй гэмт хэргээс ялгаж зүйлчлэх ёстой. Төсөөтэй шинжүүдийг ялгах нь чухал. Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 –т заасан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэх саналыг нэмж гаргаж байна” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хамтарч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд гэрч Б, А, О, Э.М нарын мэдүүлэгт үндэслэж хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. А О 2 нь төрсөн ах дүүс байсан. Эдгээрийн мэдүүлгийг үндэслэн таамаглал дэвшүүлж, шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Шийтгэх тогтоолын 14-р талд Ж.О албан тушаалын байдлаа ашиглаж гэрч Б.М, С.Б, Э.Т нарт нөлөөлөх замаар гэж дүгнэсэн. Ажлын хэсэгт байсан хүмүүст нөлөөлсөн гэх баримт хэрэгт нэг ч байхгүй. 2 дугаарт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд эргэлзээтэй. Анхан шатны шүүх хуралдаанд Увс аймгийн прокурорын газрын 2025 оны 3 сарын 31-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргаж өгсөн. Тухайн тогтоолд тусгасан гэрч Маргад гэх хүний мэдүүлгээр Э.М, Б-ийн танил хүмүүс уулзаж гуйсан, ахдаа буюу Ж.О-д хэлээд өгөөч гэж нөлөөлөх гэсэн талаар дурдагддаг. Мөн эдгээр хүмүүс Ж.О-тай ямар ч харилцаагүй байсан гэх мэдүүлэг нь үндэслэлгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар талд Мобиком ХХК-ийн явуулсан ярианы билл-д Э.М-тай 10 сард удаа ярьсан нөхцөл тогтоогддог. Эдгээр үгүйсгэсэн нотлох баримтад анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 сарын 24-ний өдрийн магадлалын 11 дүгээр талд, анхан шатны шүүхээс Ж.О-ын ямар үйлдэл эс үйлдэхүй нь хахууль авах гэмт хэргийн ямар шинжийг хангаж байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн, гэтэл одоо ч мөн адил хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тухайн машин хүлээж авах ажлын хэсэгт ороогүй нь 22.4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна гэж үзэж байгаа.
Анхан шатны шүүхээс залилах гэмт хэргээр шийдэх бүрэн боломжтой байсан. Ж.О-ын мөнгө нэхсэн үйлдэлд нь хэргийн бодит дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж өгнө үү. Мөн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.О-с гаргах хохирол хор уршиг байхгүй гэж дүгнэсэн атлаа хариуцлагын талаар эрүүгийн эрх зүйн онол практикт хохирлыг нөхөн төлөгдсөн, нөхөн төлөгдөх боломжгүй гэж ангилдаг хэмээн үзчихээд шийтгэх тогтоолын 19-р талд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд гээд өөр гэмт хэргийн шинжтэй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Ийм учраас Ж.О-ын үйлдэлд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү гэх саналтай байна.
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанаас өмнө яллачихсан. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон. Шүүх хуралдаан болохоос өмнө Улаангом сумаас гарахыг хязгаарлаад, цахим гав бугуйвч зүүлгээд ялыг нь эдлүүлээд эхэлчихсэн. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд ирэхдээ цахим бугуйвч зүүсэн байсан. Тухайн асуудлыг шийтгэх тогтоолд огт дурдаагүй гэдгийг хэлмээр байна” гэв.
8. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Миний бие Ж.О-д холбогдох хэрэгт анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн томилолтоор оролцож байгаа, анхан шатны шүүх хуралдаанд 2 удаа улсын яллагчаар оролцсон.
Ж.О-ыг Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 596 дугаартай захирамжаар байгуулагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий сум С ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй байж 2023 оны 11 сарын 03-ны өдөр бусдаар буюу Э.Маар дамжуулан С ХХК-ийн захирал Баас нийт 5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулагдсан Өлгий сумд цэвэр усны машин авах тендер сонгон шалгаруулалт зохих журмын дагуу явагдсан. Тендер сонгон шалгаруулалтаар 3,5 тонны цэвэр усны 10 км-ийн гүйлттэй машиныг нийлүүлэх тендер сонгон шалгаруулалт явагдаад үүний хүрээнд ирсэн үнийн санал болон материалуудаас С ХХК шалгарсан. С ХХК-ийн зүгээс тендерт анх сонгон шалгаруулсан зарын нөхцөл байдлаас дээгүүр нийт 10 тонны багтаамжтай, 0км-ийн гүйлттэй шинэ автомашиныг нийлүүлсэн. Автомашиныг хүлээлгэж өгөхөд захиалагч тал буюу Засаг даргын Тамгын газраас хүлээлгэж өгөхтэй холбогдуулаад Өлгий сумын удирдлагыг ажлын хэсэгт оруулах нөхцөл байдлаар хангах, М, Б, Т гэдэг 3 хүнийг ажлын хэсэгт оруулсан.
Өлгий сумаас орсон ажлын хэсэг маань тухайн тээврийн хэрэгслийг хүлээн авах нөхцөл байдалтай маш идэвхгүй байр сууриас хандсан нь хавтаст хэрэгт авагдсан М, Т, М, О нарын мэдүүлгээс харагддаг. Тухайн тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх ажлын хэсэгт орсон хүмүүс маргааш хүлээж авах боллоо гэхэд Өлгий сумын Засаг даргын зүгээс яаралтай ир, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой ажил гарлаа гээд шууд дууддаг. Яагаад дуудаад байна гэхээр эдгээр хүмүүс нь шууд удирдлагад нь байдаг албан тушаалтнууд, үүрэг өгөх эрх бүхий албан тушаалтан нь Өлгий сумын Засаг дарга Ж.О байсан. Ж.О-ын дуудсанаар тухайн үед маргааш хүлээж авах ёстой байсан тээврийн хэрэгслийг хүлээж авалгүйгээр удаж, хүлээн авах ажиллагаа хойшилдог. Машиныг хүлээж авах ажлын хэсэгт Өлгий сумын Засаг дарга Ж.О ороогүй ч ажлын хэсгийг хүлээж авах нөхцөл байдалд байнга оролцоотой байдаг, ирж үздэг, хардаг, гол дээр очиж ус цацаж үзмээр байна гэх шаардлагуудыг тавьдаг. Шинэ машиныг ямар гэмтэлтэй гэж үзээд байсан нь ойлгомжгүй байдаг.
2-р асуудал, Э.М нь тухайн тээврийн хэрэгслийг мэддэг, ажиллуулж чаддаг гэх үүднээс О-ийн хамт явсан. О, М нар нь тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөхөөр очиход ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байсан Ба тухайн үед Засаг даргын Тамгын газраас гарч ирээгүй, М өөрийнхөө тээврийн хэрэгсэлд байхад Засаг дарга Ж.О-ын зүгээс тээврийн хэрэгсэлд нь орж суугаад, 5 сая төгрөгийг С ХХК-аас чи аваад өгвөл автомашиныг чинь яаралтай хүлээгээд авна гэх шаардлагыг тавьсан. Ингээд М цааш нь ярьж, машиныг чинь хүлээн авахад ийм шаардлага тавьж байна гэдэг асуудлыг ярьж хэлэхэд захирал Б тийм юм байхгүй, би үнийн дүнгээс илүү үзүүлэлттэй, шинэ машин хүргүүлж байхад яагаад надаас мөнгө авдаг юм, үнэхээр тийм асуудал хэлж ярьсан бол наадхаа баримтжуулаад аваадах гэж хэлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 2022 оны шинэчилсэн найруулгаар гэмт хэрэг хахууль өгөхийг шаардсан, авсан бол гэдэг 2 шинж орж ирсэн. Өнөөдөр зэрэгцээ шинж гэдэг асуудал яриад байгаа нь энэ 2 шинжийг яриад байгаа. Шаардсан байх ёстой, шаардсанаар гэмт хэрэг эцэстээ төгссөн, хахууль авсан бол төгсөхөөр 2 үндсэн шинжийг 22.4 дүгээр зүйлд нийцүүлж гэмт хэрэгт оруулж ирсэн. Шаардсан нөхцөл байдалд хахууль өгөгчийн ашиг сонирхол яригдахгүй. Яагаад гэвэл хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, тухайн этгээдээс хахууль өгөхийг шаардаад төгсдөг учраас заавал хахууль өгөгч байхыг шаардахгүй. Шаарддаг нөхцөл байдал байж болно. Гэхдээ тухайн С компанийн зүгээс надад ашигтай, үүнийг чи авчих, би танд ийм төгрөг өгье гэдэг болзол ерөөсөө тавигдаагүй, хэлцэл хийгдээгүй. Харин мөнгөн дүнгийн буюу шаардлагыг эсэргүүцэж гомдол мэдээлэл гаргасан.
Нийтийн албан тушаалтны зүгээс гэмт хэрэг үйлдэгдэж байна, надаас хахууль өгөхийг шаардаж байна гэдгийг илэрхийлээд гомдол мэдээлэл гаргаад явж байгаа нь өвснөөс зүү хайсантай адилхан цөөхөн тохиолддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шаардсан үйл баримт нь хангалттай тогтоогдсон. Өөр бусад төрлийн төсөөтэй гэмт хэрэг байгаа эсэхэд дүгнэлт хийх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн.
Энэ талаар анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд дүгнэчихсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд гэмт хэргийн шинжүүд байхгүй. С ХХК-г ямар нөхцөл байдлаар төөрөгдөлд оруулж, хуурч, юу амласан, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг яаж зориудаар бий болгосон, сүсэг бишрэлийг далимдуулсан асуудал байгаа эсэхэд, гол үндсэн шинж нь хуурч гэдэг нөхцөл байдал бий. 5 сая төгрөг өгвөл би машиныг чинь авчихна, албан тушаалтнуудаар шаардлагыг нь хангахгүйгээр ус цацаж үзэхгүйгээр, бусад нөхцөл байдлыг харахгүйгээр авчихъя, би хүмүүстээ хэлээд өгчихье гэж шаардлага тавьсан. Шаардлага нь яагаад Ж.О ийм эрхтэй гэж үзээд байгаа юм гэхээр ажлын хэсгийн 3 хүн нь шууд удирдлагад нь байдаг хүмүүс учраас үүнийг биелэгдэх боломжтой гэж үзсэн. Нөгөөтээгүүр тухайн асуудлыг тавихаар Засаг даргын Тамгын газраас орсон төлөөлөгч бүрэлдэхүүний зүгээс танай сумд өгчихсөн юм чинь үзэж хараад авчих гэж Өлгий сумын Засаг дарга болон бусад хүмүүст тээврийн хэрэгслийг хүлээж авах асуудлыг нээлттэй байлгасан гэрчийн мэдүүлгүүд байдаг. Тийм учраас нөлөөлдөг. Хуурч буюу бусдыг залилах гэмт хэргийн шинж байхгүй. 5 сая төгрөг өгчих ажлын хэсэгт байгаа хүмүүстээ хэлээд зүгээр авчихъя гэдэг байдлаар биелэгдэх боломжтой байсан.
Залилах гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг авч байгаа, авахыг оролдож байгаа нөхцөл байдал нь биелэгдэх боломжгүй байдаг онцлогтой. Тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлж авах, бусдыг хуурч залилж. Энэ тохиолдолд залилах гэмт хэргийн шинж яригдахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гэмт хэргийн шинж байна гэж үзвэл Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн болно. Нийтийн албан тушаалтан гэж тодорхойлоод байгаа асуудал нь эрх мэдэл, албан тушаалтантай холбогдож байгаа гэмт хэргүүд эхний ээлжид субъектийн асуудлыг ярих нь зүйтэй. Энэ талаар шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийсэн. Өнөөдрийн хуралдаанд нийтийн албан тушаалтан гэдэгт маргаагүй гэж тайлбарлаж байна.
Шийтгэх тогтоолын 18 дугаар хавтасны 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд томилох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нээлттэй хорих ял эдлүүлэх агуулгатай санал гаргасан гэж байна. Шийтгэх тогтоолын 19 дүгээр талын 3.2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа ойлгож ухамсарлахгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго оршино гэж шүүхээс дүгнэлт хийсэн, энэ агуулгаараа шийтгэх тогтоолд 8 жилийн хугацаагаар нийтэд томилох эрхийг хассан. Иймд өмгөөлөгчийн маргаж байгаа асуудал нь үндэслэлгүй байна.
Энэ гэмт хэргийн шинжид хахууль өгөгдсөн асуудал яригдахгүй. Яагаад гэвэл энэ гэмт хэрэгт С ХХК-ийн зүгээс хахууль өгсөн асуудал байхгүй. Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхэд 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжээр маргасан. Анхан шатны шүүхэд энэ гэмт хэргийг үйлдэгдээгүй, бичлэгт байгаа дуу хоолой минийх биш гээд О маргаж байсан нь анхны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Дараагийн анхан шатны шүүх хуралдаанд би өгсөн авсан, мөнгө шаардсан нөхцөл байдалд маргахгүй байна гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилах гээд байгаа үндсэн шинжийг нь хангахгүй байна. Ямар нөхцөл байдлыг залилах гэмт хэрэгт холбоод байгаа юм. Ямар этгээд хууртагдаад, эрх мэдлээ, эд хөрөнгөө шилжүүлээд өгчихсөн нөхцөл байдал байгаа эсэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар авагдаагүй. Албан тушаалын байдлаа ашиглаж бусдаас хахууль авах гэж шаардаж байгаа нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан хийх ёстой үйлдээ хийхгүй, хийх ёсгүй үйлдэл хийсэн шинжээр илэрдэг. Шүүгдэгч нь ажлын хэсэгт ороогүй байж орсон мэтээр үзэж хараад шаардаад яваад байгаа нь Т, Б нарын мэдүүлгээр тогтоогддог.
Э.М аймгийн Тамгын газрын Засаг даргын захирамжаар ажлын хэсэгт орсон. Гэтэл Д-ийг чи ажлын хэсэгт орсон байна, хүрээд ир гээд дуудахад нь ажлын хэсэгт ороогүйгээ мэдэхгүй ирээд, би ажлын хэсэгт ороогүй байна гээд явсан нь Д-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт маш тодорхой байгаа. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...тэр үед Ж.О уг автомашиныг тойрч үзээд яваад байсан. Тэгэхээр нь би ажлын хэсэгт нэр орсон эсэхээ хараагүй юм чинь энд зогсоод яах юм гэж бодоод, би явлаа гээд сумын Засаг дарга Ж.О-д хэлээд явсан. Тэр үед ажлын хэсгийн хүмүүстэй хамт Ж.О үлдсэн. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Анх дуудсан нөхцөл байдал нь Ж.О даргатай утсаар ярихад манай сумд ирэх усны машиныг хүлээж аваад гарах юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлсэн. Хүлээж байтал сумын Засаг дарга үдээс хойшоо над руу яриад одоо ажлын хэсэг ажиллах гэж байна, хүрээд ир гэхээр нь би аймгийн Засаг даргын Тамгын газрын урд талын автомашины зогсоолд яваад очсон. Тэгэхэд Засаг дарга Ж.О одоо манай сумын Тамгын газарт байх усны автомашины хажууд байсан. Тээврийн хэрэгсэл цоожтой байсан, Ж.О нь намайг энэ автомашиныг сайн үзээд хараад аваарай, та ажлын хэсэгт байгаа шүү гэж хэлэхээр нь би уг ажлын хэсэгт байхгүй гэж хэлсэн мэдүүлэг авагдсан.
Идэвхтэй үйлдэл хийгээд байгаа нөхцөл байдал нь харагдаад байдаг. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг өнөөдөр хүлээж авах боломжгүй гэж яагаад сум орон нутаг руугаа дуудаад байгаа юм. Тухайн автомашин Өлгий сумын ард иргэдэд хэрэгтэй, усан зөөвөртэй, цэвэр усны автомашин нийлүүлэхтэй холбоотой байсан. Нийт ард иргэдэд ашигтай шийдвэр байсан. Үүнийг үндэслэлгүйгээр хойшлуулаад байгаа нөхцөл байдал харагддаг.
Тийм учраас Ж.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдаас хахууль авсан, авахыг шаардсан гэдэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Өмгөөлөгч нарын хэлээд байгаа залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа. Залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс хахууль өгөгч С ХХК-ийн зүгээс ашиг сонирхол байгаа, яагаад шалгахгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Энэ гэмт хэрэгт хахууль өгөгчийн талын асуудал яригдахгүй.
Өнөөдрийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ж.О-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдаас хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон. Гэмт хэргийг өөр гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт тогтоогдоогүй. Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, нийт 6 шинжийг тусгаж өгсөн байдаг.
Хахууль өгсөн, авсан гэмт хэргийн тухайд өгөгчийн ашиг сонирхлын асуудал яригддаг. Энэ гэмт хэргийн тухайд хахууль өгөгчийн ашиг сонирхол яригдахгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан. С компанийн албан тушаалтнууд, захирал буюу Б-аас, М-аар дамжуулан 5 сая төгрөгийг шаардсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар хөтөлбөргүй тогтоогдсон.
Тийм учраас энэ гэмт хэргийн тухайд зүйлчлэл тохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан асуудлыг хууль зүйн дүгнэлтийн хүрээнд бүрэн тусгаж орж ирсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал яригдаагүй. Энэ гэмт хэргийн тухайд төсөөтэй гэмт хэргээс ялгах асуудлыг мөн хуульчилж, хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгасан. Ж.О-ын хувьд өнөөдөр гэм буруудаа маргаагүй боловч зүйлчлэлийн хувьд маргаж байгаа асуудал нь хуульд нийцэхгүй. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа саналууд нь хуулийг төсөөтэй хэрэглэх маягаар санал дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлагыг хангасан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2025 оны 7 сарын 31-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
Ж.О-ын хувьд давж заалдах шатны шүүх хуралд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ял багасгах талаар санал дүгнэлтээ гаргах байх гэж бодож байсан ч тийм санал дүгнэлтийг гаргаагүй. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргаж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
9. Шүүгдэгч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд өмгөөлөгч нарынхаа гаргаж байгаа байр суурийг дэмжиж оролцож байна. Хэргийн үйл баримтын талаар 2 удаагийн анхан шатны хурал болон давж заалдах шатны хуралд тодорхой яригдсан. Прокурор хэтэрхий жүжиг үзэж байгаа байдлаар тулгаж ярьж байгаа явдалд харамсаж байна. Миний хувьд, тухайн компанийн төлөөлөл над руу удаа дараа холбогдож машин тэргээ үзэж хараач гэдэг байдлаар ярьж байсан. 11 сарын 03-ны өдөр Тамгын газрын дарга, сумын хурлын дарга, засаг дарга сургалттай байх үеэр үзэж хараач гэдэг байдлаар ярьсан. Бид нар очиж тойрч харсан байдлыг хэтэрхий дөвийлгөж ярьж байна гэдгийг хэлмээр байна. Миний хувьд компанийн төлөөлөлд хэтэрхий итгэл төрүүлж ярьсан байна. Танай зүгээс тодорхой зүйлийг ингэж шийдэх юм бол бид нар авна гэдэг байдлаар өөртөө ашиг хонжоо олох байдлаар яриа үүсгэсэн нь алдаатай байсан. Тийм учраас би гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдлыг дэмжиж, зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэн шийдэж өгөхийг хүсэж байна.
Миний хувьд аав, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, аав маань энд сууж байна, 66 настай, энэ хэрэг явдлаас болоод зүрхний хэм алдагдалтай, зүрхний хагалгаанд саяхан орсон. Эхнэр маань бас хөхний хагалгаатай, эмнэлэгт үзүүлж харуулж чадахгүй явж байна. 2 бага насны хүүхэдтэй. Эдгээр хувийн нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
Анхан шатны хуралд орохын өмнө буюу 7 сарын 24-ний өдөр гарын бугуйвч зүүсэн. Аймаг орон даяар баяр наадам болсон, хол ойроос ах дүү нар ирсэн үед хязгаарлалт тогтоосон арга хэмжээ шүүхээс авч, Улаангомоос гарч болохгүй гээд бугуйн цаг зүүгээд 7 сарын 31-ний өглөө анхан шатны шүүх хурал хүртэл зүүсэн. . Анхан шатны хуралд тодорхой үйл баримтууд гаргаж, нотариатаар батлуулж өгөх байсан боловч нотариатууд ажиллаагүй. Хууль зүйн хангалттай туслалцаа авч чадаагүй, сэтгэл зүйн дарамттай, бугуйн цагны залгуур нь салчихдаг, байнга тогонд залгаастай суудаг байдлуудтай шүүх хуралд орсныг харгалзаж үзэхийг хүсэж байна. Мөнгө нэхсэн гэм буруугийн үйлдлээ, хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж, хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүсэж байна.
Миний бие тухайн хэрэгт холбогдоод 01 сарын 07-ны өдрөөс 4 сарын 24-ний өдөр хүртэл 107 хоног цагдан хоригдсон, мөн 7 сарын 31-ний өдрөөс 11 сарын 14-ний өдрийг хүртэл мөн 107 хоног цагдан хоригдсон байна, энэ хугацаанд эрүүл мэндийн байдал хүндрэлтэй байна. Урьд нь олгой авхуулж, цөсний хагалгаанд орж байсан. Тодорхой хэмжээгээр жин хаяж, нойргүйдэх, сүүлийн 3 долоо хоногийн турш тайвшруулах эм ууж байгаа. Гэр бүлийн байдал, эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, Д.Батбаяр, О.Баярбаясгалан нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Ж.О-д холбогдох, 2435000150160 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. “С” ХХК нь Увс аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд ундны усны автомашин нийлүүлэх тендэрт шалгарч, тус компанийн зүгээс иргэн Э.М, Ч.О нарт уг автомашиныг ажлын хэсэгт хүлээлгэн өгөх ажлыг хариуцуулсан байх ба тэд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны урд талын зогсоол дээр ундны усны автомашиныг авчирж, ажлын хэсгийн хүмүүст танилцуулах үеэр Увс аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.О нь мөн тус газарт ирж, тус автомашиныг хүлээлгэн өгөхөөр ирсэн иргэн Э.М-тай уулзаж, “С ХХК-иас 5,000,000 төгрөг аваад өгвөл автомашиныг өнөөдөр хүлээж авна” гэж,
- мөн тухайн өдөр “С” ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт, өөрийн х дугаараас залгаж, түүнд хандан “5,0 сая төгрөг өгвөл автомашиныг хүлээж авна” гэж тус тус ярьж, тус суманд нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбоотой өөрт нь мөнгө өгөхийг санал болгож шаардсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
- гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны намар 10 дугаар сарын сүүлээр /өдрийн санахгүй байна/ уг тээврийн хэрэгслийг анх Улаангомд авчирсан байсан. Автомашин ирсний дараа би жолоодоод Ч.А ахын хамтаар аймгийн Засаг даргын тамгын газрын гадна зогсоол дээр очиж зогсоод, Ч.А ах дотогшоо ороод гарч ирэхдээ “энэ тамгын газарт хүн алга” гэж хэлээд бид хоёр автомашиныг аваад буцаж явсан. Түүний дараа хэд хоноод Ч.А ах Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаангомд байхад надтай Э.Б гэх хүн утсаар яриад “чи Ч.А-ийн дүү юу, би А-аас чиний дугаарыг авлаа, наадах машинаа угаалгаад өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед А ахын байрны гадна байсан автомашиныг очиж авсан. Тэр үед мөн Ч.А ах надтай утсаар яриад “чи наадах автомашинаа сайн угаалгаад Ч.О-ийн хамтаар машин хүлээн авах хүмүүст нь хүлээлгээд өгөөрэй” гэж хэлсэн. Тус компанийн хүн миний 5830149031 тоот данс руу 60,000 төгрөгийг угаалганы мөнгө гэж шилжүүлэхээр нь би уг усны автомашиныг угаалгасан. Одоо санахад, тухайн өдрийн 14-15 цагийн үед аймгийн Засаг даргын тамгын газрын урд талд байрлах автомашины зогсоол дээр А ахын дүү Ч.О-ийн хамтаар машиныг авч очсон.
... Тэр үед уг автомашиныг хүлээн авах ажлын хэсгийн хүмүүс гээд миний танихгүй хэд хэдэн хүмүүс гарч ирсэн. Уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх гэхэд Өлгий сумын Засаг даргын тамгын газраас ирэх хүмүүс нь оройтож ирсэн. Тэд ирээд автомашиныг үзээд тойроод яваад байсан ба Өлгий сумын Засаг дарга гэх Ж.О нь автомашины доогуур ороод юм үзээд энэ нь болж байна, тэр нь болохгүй байна, запас дугуй 6 ширхэг ирэх ёстой гээд яриад байсан. Бусад хүмүүс нь уг тээврийн хэрэгслийн км заалтыг хараад гаднаас нь тойрч үзээд байсан. Би уг тээврийн хэрэгслийн үзүүлэлтийнх нь талаар тэр хүмүүст танилцуулсан. Би өөрийнхөө унаж явсан автомашинд ороод Ч.О, Б нарын хамтаар сууж байхад Өлгий сумын Засаг дарга Ж.О нь ирээд надтай уулзмаар байна гэж хэлээд миний машинд суусан. Тэр үед Ч.О ах аймгийн Засаг даргын тамгын газар руу орсон, миний найз Б машинаас буугаад өөрийнхөө машинд суусан. Тэгээд Өлгий сумын Засаг дарга Ж.О бид хоёр үлдсэн ба тэр надад хандан “Чи энэ усны машинтай ямар хамаатай юм бэ?” гэхээр нь “би зүгээр л хамт явж байна, би ачааны машин сайн мэддэг тул энэ хүмүүст нь машиныг тайлбарлаж, танилцуулж өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл тэр “чи энэ усны автомашин нийлүүлж байгаа компаниас 5 сая төгрөг аваад надад өгчих, тэгвэл би энэ автомашиныг хурдан хүлээж авна, чамд 500,000 төгрөгийг нь өгнө” гэх зүйл хэлсэн. Тэгэхээр нь “би мэдэхгүй байна, ямартай ч тэр хүнд нь хэлээд үзье” гэж хэлсэн. Тэгээд Ж.О миний гар утасны дугаарыг асуугаад өөрийнхөө утсан дээр хадгалаад авсан.
Ж.О тэгж хэлчхээд сууж байтал Ч.О ах аймгийн Тамгын газрын байрнаас гараад ирсэн ба тэр үед Ж.О миний суудлын автомашинаас буусан . зөрөөд О ах машинд орж ирэхээр нь би түүнд “энэ Ж.О гэх хүн 5.0 сая төгрөгийг компаниас аваад өгвөл энэ машиныг хүлээж авна гэж хэлж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ч.О ах “тийм юм гэж юу байдаг юм бэ, ямар даварсан гар вэ?” гэж хэлсэн. Тэгээд Э.Б, А ах нарт хэл гэхээр нь би тэр хоёртой утсаар яриад энэ талаар хэлсэн. Э.Б ахад хэлэхэд “юу яриад байгаа хүн бэ, би 2023 оны шинэ автомашин өгч байгаа шүү дээ, техникийн тодорхойлолтод зааснаар илүү үзүүлэлттэй машин өгч байхад юу яриад байгаа гар вэ, тэгээд ч тендерт нь олон компанитай өрсөлдөөд шалгарсан. Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн.
Харин А ах наадах чинь яасан даварсан гөлөг вэ, наад автоамшин чинь тендэрт шалгараад ирж байгааг мэдэж байгаа болов уу гээд утсаа тасалсан. Тэгээд О ах бид 2 ярилцаад, Ж.О-ын 5 сая өг гээд шаардаад байгаа үйлдлийг баримтжуулъя гээд А ахаас Ж.О-ын утасны дугаарыг авч, өөрийнхөө х дугаараас залгаж, “би ах нартайгаа утсаар ярьсан чинь 5.0 сая их байна гэсэн утгатай зүйлийг хэлж байна, яах уу” гэхэд тэр “тэгвэл 3.0 сая болно” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Тухайн үед түүний утсаар ярьж байгааг Ч.О ах өөрийнхөө гар утсан дээрээ бичиж авсан юм. Гар утсаар бичлэг хийсэн зорилго нь түүнийг хахууль нэхэж шаардаад байгаа зүйлийг бэхжүүлж авч байсан юм. Тэр утсаар ярьсан бичлэгийг Ч.О ах миний фейсбүүк хаягт явуулсан байгаа. Тэр чат мессенжер нь одоо надад байгаа.
Мөн би дээр хэлсэн Ж.О гэх хүн миний машинд орж ирээд энэ компаниас 5.0 сая төгрөг аваад өг, тэгвэл би машиныг хүлээж авна гэж хэлснийхээ дараа намайг өөрийнхөө унаж явсан суудлын автомашинд ороод ир гээд дуудахаар нь би гар утасныхаа дуу хураагуурыг асаагаад орсон, тэгэхэд Ж.О “чи нөгөө хүмүүстэйгээ ярьсан уу, 5.0 сая төгрөг авчих юм бол би чамд 500.000 төгрөгийг өгнө, эсхүл энэ компанийн захирал Э.Б гэх хүнтэй би утсаар яриад үзэх үү?” гэж хэлээд “миний гар утсыг авахгүй байна, чи залгаад өг гэхээр нь би Э.Б ахын 9911-тэй дугаар руу нь залгаад Ж.О-д өгөхөд тэр “байна уу” гэж хэлэхэд Э.Б ах түүний хоолойг таньчхаад “хуралтай байна” гэж хэлээд тасалсан. Тэр үйлдлийг бичсэн бичлэг бас байж магадгүй. Би ярихдаа бичлэг хийж байсан хар өнгийн Самсунг А14 маркийн гар утасныхаа дэлгэцийг хагалаад хаясан. Тэр гар утсан дээр уг яриа нь хураагдсан байж магадгүй. Гэхдээ намайг дуу хурааж байхыг Ж.О мэдэх шиг болсон. Тэр миний гар утсыг үзнэ гээд авснаа Э.Б-тай ярихаар болсон. Тэр үедээ утас хараад байсан.
Тэгээд тэр өдөр Өлгий сумынхан өөрсдөө авах машинаа сайн шалгаж үзнэ гээд хүлээж аваагүй ба маргааш шалгаж үзээд машинаа хүлээж авна гэж хэлж байсан боловч хүмүүс ирээгүй. Маргааш нь Өлгий сумын Засаг дарга Ж.О гэх хүнтэй утсаар яриад машин үзүүлж, шалгуулна гэж хэлэхэд бид нар сумандаа ирсэн байна, өвөлжилтийн бэлтгэлийг шалгах ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бараг 10 гаруй хоносон санагдаж байна, тэр хугацаанд автомашин хүлээн авах талаар огт яриагүй.
Тэгээд байж байтал Ч.А ах Улаанбаатар хотоос ирээд ажлын хэсгийн хүмүүстэй уулзаад машинаа хүлээлгэж өгөхөөр боллоо гэж хэлсэн. Машиныг А ах хүлээлгэн өгсөн байх. Тэр үед би байгаагүй. Өлгий сумын Засаг дарга Ж.О бид хоёр дахиж утсаар яриагүй. Тухайн үед Ж. О нь 5.0 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан талаар “С” ХХК-ийн захирал Э.Б гэх ах, мөн А, О ах нар болон миний найз Б нар мэдэж байгаа. Бичлэг хийж утсаар ярих үед Ч.О, Б бид гурав хамт байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,
- гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...уг усны автомашин манай байрны гадна байсан ба 2023 оны 11 дүгээр сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ уг машиныг хүлээлгэж өгөхөөр болсон талаар Х ах утсаар хэлсэн гэж А ах над уруу ярихаар нь би Б.М-ын хамтаар тухайн машиныг хүлээлгэж өгөхөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын гадна очсон. Тэгэхэд би уг усны авто машиныг бариад, миний араас Б.М өөрийнхөө жижиг автомашинтай очсон. Би бичиг баримтуудыг аваад явж байсан ба уг автомашиныг хүлээн авах ажлын хэсгийн хүмүүс гээд Өлгий сумын Засаг дарга Ж.О, мөн миний зүс таних, уг автомашиныг хүлээн авах ажлын хэсгийн дарга нь юм шиг байсан, шар царайтай, аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг ах болон хэд хэдэн хүмүүс байсан.
Тухайн автомашиныг надтай хамт очсон Б.М тэр хүмүүст танилцуулаад хэрхэн яаж усаа соруулдаг, цацдаг гээд үзүүлж байсан. Би уг авто машиныг хүлээн авах ажлын хэсгийн дарга байх, шар царайтай ахад уг усны автомашины өөрийнх нь үйлдвэрийн бичиг баримтуудыг үзүүлэхэд тэр хүн “энэ машиныг тэр өдөр хүлээн авна” гээд надтай хамт тамгын газраас гараад зогсоол дээрх автомашин дээр ирэхэд Б.М машиндаа сууж байсан ба түүний хажууд урд суудал дээр Өлгий сумын Засаг дарга Ж.О сууж байсан. Би Б.М-ын машин руу очих үед Ж.О буугаад явсан ба Б.М надад хандан “Энэ Өлгий сумын Засаг дарга гэх хүн энэ машиныг хүлээн авах юм бол 5.0 сая төгрөг өг гэж хэлж байна.Намайг энэ машин нийлүүлж байгаа компанийн хүн гээд бодоод байх шиг байна, ямар аймаар юм бэ?” гээд гайхсан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би түүний машинаас буугаад аймгийн Засаг даргын тамгын газарт дарга хийдэг, миний дээр хэлсэн машин хүлээн авах ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа ахад “Танай Өлгий сумын Засаг дарга О манай энэ залуугаас мөнгө нэхээд машин хүлээн авахгүй, мөнгө өгвөл авна гээд байна” гэсэн утгатай зүйлийг хэлсэн байна гэхэд тэр хүн “Арай үгүй байлгүй, ах нь энэ залууд хэлнэ” гээд явсан.
Тэгээд байж байтал Өлгий сумын Засаг дарга нь энэ машинаар ус соруулж, цацаж үзнэ, маргааш ажиллуулж байгаад авна гэх утгатай зүйл хэлээд явсан. Уг нь аймгийн тамгын газрын ажлын хэсгийн хүмүүс авна гээд байсан ба Өлгий сумын засаг дарга нь ажиллуулж байгаад авна гээд тэр өдөр хүлээж аваагүй. Тэд маргааш нь ажиллуулж байгаад авна гэсэн болохоор маргааш нь Өлгий сумын Засаг даргад машин ажиллуулж үзүүлнэ гэхэд “Бид нар сумандаа байна, зудтай байна, хөдөө явж байна” гэсэн утгатай зүйл хэлээд алга болсон. Өлгий сумын засаг дарга О надтай хамт явсан Б.М-ыг уг компанийн төлөөлөл гэж бодоод мөнгө нэхсэн талаар би А ахад хэлэхэд тэр “юу нь даварсан гар бэ, би Х ахад хэлнэ, хуулийн байгууллагаар нь болохгүй бол шалгуулна” гэсэн утгатай зүйл хэлээд тасалсан. Б.М Х ахад мөнгө нэхэж байгаа талаар нь хэлсэн гэж байсан ба А ахад бас хэлсэн байсан. Түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа А ах бид хоёр автомашиныг ажлын хэсэгт нь хүлээлгэж өгсөн ба тэр үед Өлгий сумын Засаг дарга нь байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Харин тус сумын гээд нэг настай ах, жолоочийн хамтаар байсан. Би жолооч гэх залууд нь хэрхэн яаж ажиллуулдаг талаар нь зааж өгсөн.
Б.М бид хоёр машинд сууж байгаад би “Өлгий сумын Засаг дарга чамаас яг мөнгө нэхсэн юм уу?” гэж намайг асуухад Б.М “надаас мөнгө асуусан” гэж хэлээд “Та итгэхгүй бол хар” гээд түүний гар утас руу өөрийн гар утаснаас залгасан. Тэгэхэд би өөрийнхөө гар утсаар яриаг нь бичлэг хийж авсан ба Өлгий сумын засаг дарга түүнээс мөнгө нэхсэн нь үнэн байлаа. Тэр бичлэгийг би Б.М, А ах нарт явуулж байсан. Бичлэг дээрээс харахад мөнгө нэхсэн, дараа нь мөнгөнийхөө тоог багасгасан яриа байдаг юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
- гэрч Э.Б /С ХХК-ийн захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ундны усны автомашин нийлүүлэх, худалдан авах тендер нээлттэйгээр цахимд зарлагдсан байсан тул “С” ХХК тендерийн баримт бичиг боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцсон. Тухайн тендерийн шалгуур үзүүлэлт нь “3.5-5 тонны, бага зэргийн гүйлттэй буюу урьд өмнө хэрэглэж байсан” автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулж байсан. Манай С ХХК нь 2023 оны 06 дугаар сарын үед БНХАУ-аас орж ирсэн 10 тонны даацтай, шинэ автомашин бэлэн байсан болохоор тус тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Тендер сонгон шалгаруулалтын хугацаа дуусаж, тендерт ирүүлсэн оролцогч нарын материалын үнэлээд машины хүчин чадал болон үнээрээ тус тендер сонгон шалгаруулалтад шалгарч, ундны усны автомашин нийлүүлэх гэрээ байгуулах эрх авч байсан.
Гэрээг манай компани өөрийн албан ёсны цахим хаягаар хүлээн авч тамга, тэмдэг дарж гарын үсэг зуран баталгаажуулан байгуулсан. Тус гэрээг байгуулсны дараа 7 хоногийн дотор нийлүүлэх ёстой ундны усны автомашиныг Увс аймгийн төвд манай компанийн ажилтан болох Г унаж хүргээд буцсан.
Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Ж.О-тай манай компанийн нийлүүлж байгаа автомашин Увс аймагт очсоны дараа өөрийн гар утсаараа холбогдож, хүлээлгэн өгөх талаар ярилцахад Ж.О нь надад “танай компанийн нийлүүлж байгаа автомашиныг хүлээж авах боломжгүй байна, хүлээн авахгүй байж ч болно, хэрвээ тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгсөн тохиолдолд хүлээн авч болно” гэх утгатай зүйл ярихад нь би “танд өгөх мөнгө байхгүй, тээврийн зардал болон хүргэлтийн зардалтай холбоотой зардлыг өгч болно, өөрөөр бол мөнгө өгөх боломжгүй, тухайн автомашиныг бага үнээр нийлүүлж байгаа тул нэмэлт мөнгө өгөх боломжгүй” гэх утгатай хариуг хэлж байсан.
Түүний дараа Ж.О-тай Э.М нь тухайн автомашиныг хүлээн авах талаар уулзсан байсан. Уулзаж дууссаныхаа дараа Э.М нь над руу холбогдоод “энэ хүн машин хүлээн авахгүй гэх утгатай зүйл яриад байна яах вэ?” гэж надаас асуухад нь би “ямар зардал орох уу, хэдэн төгрөг шаардаад байгааг нь асуучих, боломжтой бол хүргэлтийн зардал байвал өгье, түүнээс биш өөр илүү мөнгө өгөх боломжгүй, тэрийг нь асуугаад тодруулчих” гэх утгатай зүйлийг хэлж байсан. Түүний дараа Э.М Ж.О-тай дахин уулзаад асуухад 5,000,000 төгрөг өгөхийг шаардсан бөгөөд тухайн мөнгө нь хамгийн багадаа 3,000,000 төгрөг байж болно гэх хариу өгсөн гэж Э.М надад хэлж байсан. Тус өдрөө ямар нэгэн шийдэлд хүрч чадалгүй нийлүүлж байгаа автомашиныг хүлээлгэн өгч чадаагүй. Ж.О-ын мөнгө өгөх талаарх яриаг Э.М өөрийнхөө утсан дээрээ бичлэг болгож хадгалж авсан байсан.
2023 оны 11 сарын 03-ны өдөр миний х дугаарт Өлгий сумын засаг дарга Ж.О өөрийн Х дугаараас залгаж ярьсан. Эхэлж надтай ярихдаа, хүлээж авах машин хаана байгаа вэ гэж асуусан, харин 18 цаг 49 минутад ярихдаа намайг өөрт нь мөнгө өгөх талаар ярьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,
- гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...“С” ХХК нь манай аймгийн Өлгий суманд тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр болсон байсан. 2023 оны 10 дугаар сарын эхээр нэг усны зориулалтай тээврийн хэрэгсэл авч ирсэн. Би уг тээврийн хэрэгслийг манай байрны гадна тавьж хадгалж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг хүлээн авах ажлын хэсэг бүрдэхгүйгээр хойшлогдоод байна гээд үлдээж байсан. Уг тээврийн хэрэгслийг надад хадгалуулаад явсны дараа би Улаанбаатар хотод ажилтай явж байхад миний төрсөн дүү Ч.О болон Э.М нар уг тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөхөөр аймгийн Засаг даргын тамгын газрын урд талын зогсоол дээр хүргэж үзүүлсэн. Тэгээд над руу миний дүү Ч.О яриад “бид машиныг үзүүлж байна. Гэтэл Өлгий сумын Засаг дарга Ж.О гэх залуу машин үзүүлж байсан Э.М-т энэ тээврийн хэрэгслийг хүлээн авахын тулд надад 5.0 сая төгрөг өгчих гэж хэлсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн.
Э.Б ахтай утсаар ярихад “тэр хүн надаас бас хахууль нэхээд байна, ямар сонин хүн бэ?” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Ч.О, Э.М нарт “наадах Ж.О чинь дахин нэхэж байна уу?” гэхэд тэр Э.М залгаад байна гэсэн тэгэхээр “тэр мөнгө нэхээд байгаа үйлдлийн талаар баримтжуулаад бичлэг хийгээд авчих” гэж хэлсэн ба Э.М нь Ж.О-тай утсаар ярьсан асуудлыг миний дүү Ч.О-р утсаараа бичиж авсан байсан. Тэр өдөр уг тээврийн хэрэгслийг хүлээн аваагүй ба тухайн өдөр бичлэг хийсэн огноо байгаа. Би яг огноог мартсан байна. Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байдаг.
Би нэг зүйл хэлэхэд Өлгий сумын засаг дарга Ж.О нь “С” ХХК-ийн захирал Э.Б болон Э.М нараас хахуульд мөнгө нэхсэн гэх өдрийн дараа би түүнтэй утсаар ярих гээд залгахад тэр утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Э.М, Ч.О нарын түүнтэй утсаар ярьж байхыг баримтжуулсан бичлэгийг түүн рүү явуулаад “яагаад хахууль нэхээд байгаа юм бэ?” гэж бичихэд тэр над руу залгаад “хаана байна” гэхээр нь би түүнд “Улаанбаатар хотод байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр “би яваад очъё, чи бичлэгээ устгачих” гээд гуйгаад байсан, сүүлд эхнэр Б-тойгоо хамт надтай Өгөөмөрийн хаан банкны үүдэнд гудамжинд таараад “тэр үйл явдлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна, янзалж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаад “чи тэр тээврийн хэрэгслийг авахдаа хахууль нэхэж асуудал гаргасан, энэ бол чиний гаргасан асуудал, чи өөрөө хүмүүсээс хахууль нэхээд байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би түүнд хандаад “Би авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байгаа” гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 244-245 дугаар тал/,
- гэрч Б.Ба /Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд “С” ХХК-аас нийлүүлэх “Ундны усны автомашин хүлээн авах ажлын хэсэг”-ийн даргаар миний бие ажилласан. Манай ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар О.Г /С ХХК-ийн төлөөлөл/, гишүүдэд Б.Н, Р.С, З.М, С.Б, Э.Т гэсэн хүмүүс байсан.
Эдгээр гишүүдээс З.М, С.Б, Э.Т нар нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөл юм. С, Н нар нь манай аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл юм. Миний санахаар 2023 оны 10, 11 дүгээр сард байх, би өдрийн санахгүй байна “С” ХХК-ийн нийлүүлэх ус тээвэрлэх тээврийн хэрэгслийг хүлээн авахаар ажлын хэсэг 2-3 удаа ажилласан. Эхний удаа тээврийн хэрэгслийг хүлээн авахаар ажлын хэсэг ажиллах гэхэд Өлгий сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөл болох ажлын хэсгийн гишүүд товлосон цагтаа ирээгүй тул ажлын хэсгийн гишүүд болох С, Н нарын хамтаар тээврийн хэрэгслийг гарч үзэхэд техникийн тодорхойлолтыг 100 хувь, бүр илүү хангасан тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийн дотор машины суудал нь гялгар ууттай байсан. Тэгээд ажлын хэсгийн гишүүд бүрэн ирээгүй тул тээврийн хэрэгслийг хүлээн авахаа хойшлуулж явуулсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар ажлын хэсгээс тэмдэглэл үйлдээгүй. Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын эхээр нийлүүлэх тээврийн хэрэгслийг хүлээн авахаар Өлгий сумаас томилогдсон гишүүдийг дуудсан ба тэр үед тус сумын Засаг даргын орлогч З.М ирсэн эсэхийг санахгүй байна, харин тус сумын тамгын газрын жолооч нь ирсэн байсан.
Тэдэнтэй хамт Өлгий сумын Засаг дарга Ж.О ирсэн байсан. Ж.О тухайн үед би сумаас хүлээн авах ажлын хэсгийн гишүүдтэй хамт орж ирлээ гэж хэлж байсан. Бид ажлын хэсгийн хамтаар уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар тээврийн хэрэгслийг тамгын газрын гадна талын зогсоол дээр зогсоож үзэхээр болсон ба би Өлгий сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэгт орсон жолооч гэх залууд нь хандан энэ автомашин усаа хэрхэн сордог, хэрхэн цацдаг, усыг ямар байдлаар асгадаг талаар нь сайн заалгаж, шалгаж аваарай гэж хэлсэн. Тэгээд автомашин авчирж үзүүлж байсан зүс таних залууд хандан “запас дугуй, улсын дугаар зэрэг нь яасан бэ?” гэж асуухад “удахгүй ирнэ” гэж хэлж байсан. Би тэр үед Өлгий сумын ажлын хэсгийн гишүүдийг машин дээр үлдээгээд тамгын газар луу С нарын хамтаар орсон.
Хэсэг байж байгаад гараад ирэхэд миний урдаас уг тээврийн хэрэгслийг үзүүлэхээр авчирсан байсан, камер тавиад байдаг А гэх залуугийн дүү, зүс таних намхан шар залуу над дээр ирээд, “Өлгий сумын Засаг дарга О компаниас мөнгө нэхээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр би түүнд хандан “Энэ машин манай аймгийн Тамгын газраас тендер зарлаад ирж байгаа, ажлын хэсэг машинаа үзэж хараад хүлээн авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд би машины хажууд очиход Өлгий сумын Засаг дарга О байхгүй байсан. Тээврийн хэрэгслийг нийлүүлэгчээс маргааш машинаа гол дээр хэрхэн яаж ажилладаг талаар Өлгий сумынханд үзүүлэхээр болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш нь Өлгий сумынхан өөрсдөө ажиллагааг нь шалгаж үзэх гэж байгаа юм байна гээд тэр өдөр тэмдэглэл хөтлөөгүй. Маргааш нь тээврийн хэрэгсэл аввчирж үзүүлж байсан миний зүс таних залуу “Өлгий сумынхан машинаа шалгаж авсангүй” гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь би Өлгий сумын Засаг дарга О-тай утсаар яриад “Танай сумаас ажлын хэсэгт орсон хүмүүс ирж энэ тээврийн хэрэгслийг хүлээн авмаар байна. Энэ хүмүүс машинаа хадгалахад хэцүү байна” гэж хэлсэн. Мөн манай хэлтсийн мэргэжилтнээр Өлгий сумынхантай яриулаад “Ажлын хэсгийн гишүүд ирмээр байна гэж хэлүүлсэн. Тэд өөрсдөө ирэхгүй 20 гаруй хоноод 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр, өдрийн санахгүй байна, усны машиныг хүлээн авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
- гэрч Ш.Д /Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга/-ийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын эхээр аймагт эмнэлгийн ажилтай явж байгаад сум руугаа явах гээд сумын Засаг дарга Ж.О-аас унаа асууж утсаар ярихад тэр аймагт ирсэн байсан. Тэр надад “манай суманд ирэх усны машиныг хүлээж аваад гарах юм уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал сумын Засаг дарга үдээс хойш над руу яриад “одоо ажлын хэсэг ажиллах гэж байна, хүрээд ир” гэхээр нь би аймгийн Засаг даргын тамгын газрын урд талын автомашины зогсоол дээр яваад очсон. Тэгэхэд сумын Засаг дарга Ж.О нь усны автомашины хажууд зогсож байсан. Тэр тээврийн хэрэгсэл цоожтой байсан ба Ж.О нь намайг “энэ машиныг сайн үзээд аваарай, та ажлын хэсэгт байгаа шүү” гэсэн үгийг хэлэхээр нь “Би юу гэж ажлын хэсэгт байдаг юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд “ажлын хэсэгт та байгаа, захирамжийг солиулсан” гэх утгатай зүйл хэлсэн. Би Ж.О-тай хамт тэр усны автомашины хажууд байж байтал аймгийн Засаг даргын тамгын газрын Р.С, Б.Ба болон хажуудаа хэдэн хүмүүстэй гарч ирээд машин үзсэн. Тэгэхээр нь би уг тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /ажлын даалгавар/-ыг харахад улсын дугаар авсан байхыг, запас дугуй олон байх ёстой байсан. Тэгэхээр нь би “Улсын үзлэгт оруулж дугаар авч, гэрчилгээ авч өгөх юм байна” гээд дутуу зүйлүүдийн талаар хэлсэн. Тэр үед Ж.О уг автомашиныг тойрч үзээд яваад байсан. Тэгэхээр нь би ажлын хэсэгт нэр орсон эсэхээ хараагүй юм чинь энд зогсоод яах юм гэж бодоод би явлаа гэж сумын Засаг дарга Ж.О-д хэлээд явсан. Тэр үед ажлын хэсгийн хүмүүстэй хамт Ж.О нь үлдсэн ба түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Сүүлд тээврийн хэрэгслийг хүлээн авсны дараа нийлүүлэгчээс улсын дугаар болон запас дугуйнуудыг манай тамгын газарт ирүүлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45 дугаар тал/,
- гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд С ХХК-аас нийлүүлэх ундны усны автомашин хүлээн авах ажлын хэсэг”-ийн гишүүнээр миний бие ажилласан. Машин хүлээж авахаар 2023 оны 10, 11 дүгээр сард 2 удаа ирж байсан. Эхний удаа 2023 оны 10 дугаар сарын сүүлээр байх, өдрийг нь сайн санахгүй байна, Засаг даргын орлогч З.М, нярав С.Б бид 3 ирсэн. Тухайн өдрийн өглөө 9 цагийн үед Улаангомд орж ирсэн ба сумын засаг даргын орлогч М тэр өдөр архи уугаад алга болсон ба нярав Б бид аймгийн ЗДТГ дээр ирээд хэнтэй уулзахаа мэдэхгүй болохоор сумын засаг даргатай ярьж хэлсэн. Тэгтэл сумын засаг дарга “хүлээлгэж өгөх хүмүүс нь байхгүй юм шиг байна, та 2 буцаад хүрээд ир” гэж хэлсэн тул буцаад явсан.
Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Засаг даргын орлогч З.М, нярав С.Б бид 3 ирж аймгийн Тамгын газрын хажуу талын зогсоол дээр автомашиныг хүлээн авсан. Би тэр өдрөө хүлээн авсан машинаа унаад сум руу явсан. Манай Өлгий сумын засаг дарга Ж.О нь уг тээврийн хэрэгслийг хүлээн авах ажлын хэсэгт байгаагүй. Ажлын хэсгийн гишүүдэд тээврийн хэрэгслийг хүлээж авах талаар болон авахгүй байх талаар хэн нэгэн албан тушаалтнаас үүрэг чиглэл өгсөн, шаардсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,
- гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд “С” ХХК-аас нийлүүлэх “Ундны усны автомашиныг хүлээн авах ажлын хэсэг”-ийн гишүүнээр миний бие ажилласан. Манай ажлын хэсэгт миний танихаар манай сумын Засаг даргын орлогч З.М, тамгын газрын жолооч Э.Т бид гурав байсан. Бусад хүмүүс нь аймгийн Засаг даргын тамгын газрын хүмүүс шиг байсан. Би тэр хүмүүсийг танихгүй байна. Би энэ ажлын хэсэгт орж уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар Өлгий сумаас аймгийн төвд 2 удаа ирж байсан. Сүүлийн ирэлтээр тээврийн хэрэгслийг хүлээн авсан.
Тээврийн хэрэгслийг хүлээж авахаар 2023 оны 10 дугаар сарын сүүлчээр байх, өдрийг санахгүй байна, сумын Засаг даргын орлогч З.М, тамгын газрын жолооч Э.Т бид гурав аймагт ирсэн. Тухайн өдөр аймагт анхны цас орсон байсан. Тэр өдөр бид гурав сумын эмнэлгийн машинд дайгдаж өглөө 09 цагийн үед аймагт ирсэн ба сумын Засаг даргын орлогч дарга З.М тэр өдөр архи уугаад алга болсон ба жолооч Э.Т бид хоёр аймгийн Тамгын газар дээр ирээд хэнтэй уулзахаа мэдэхгүй болохоор сумын Засаг дарга Ж.О-д энэ талаараа хэлсэн. Тэгэхэд сумын Засаг дарга “хүлээлгэж өгөх хүмүүс нь байхгүй байх шиг байна. Та хоёр сумандаа хүрээд ир” гэхээр нь бид хоёр замын машинд суугаад сум руугаа явсан. Орлогч дарга З.М аймагт үлдсэн. Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр байх, өдрийн санахгүй байна, сумын Засаг даргын орлогч З.М, жолооч Э.Т хоёр сумаас ирсэн. Би тэр үед аймагт төрийн алба хаагчийг ерөнхий шалгалт өгч байсан. Сумын Засаг дарга Ж.О надад “маргааш машин хүлээж авна, чи энд байж байгаарай, нөгөө хоёрыг дуудсан” гэж хэлэхээр нь би аймагт хүлээж байгаад Ж.О даргатай бид дөрөв аймгийн Тамгын газар дээр уулзаж, манай суманд ирж байгаа машиныг хүлээн авсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 онд үйлдвэрлэгдсэн шинэ машин ба 10 тонны багтаамжтай тээврийн хэрэгсэл юм. Машин хүлээн авахад сумын Засаг дарга Ж.О, Засаг даргын орлогч З.М, жолооч Э.Т болон ажлын хэсгийн гэх аймгийн тамгын газрын ажилчид байсан. Тэр өдрөө машиныг хүлээн авсан ба жолооч Э.Т машиныг жолоодоод би хажууд нь суугаад Өлгий сум руу явсан.
2023 оны 11 дүгээр сарын 03-нд Ажлын хэсэг уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар цугласан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тэр өдөр сумаас аймагт ирсэн удаа байхгүй. Гэхдээ тэр өдөр сумын Засаг дарга Ж.О-тай хамт тамгын газрын дарга Ш.Д машиныг хүлээн авахаар үзэж байгаад хүлээн аваагүй гэж тамгын газрын дарга Ш.Д хэлж байсан. Манай Өлгий сумын Засаг дарга Ж.О нь уг тээврийн хэрэгслийг хүлээн авах ажлын хэсэгт байгаагүй. Гэхдээ уг тээврийн хэрэгслийг хүлээн авах үед Ж.О дарга хамт байсан. Тэр тээврийн хэрэгсэл манай суманд ирж байгаа тул сумын Засаг дарга өөрийн биеэр хүлээн авахаар хамт байсан байх гэж бодож байгаа. Манай ажлын хэсэг уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар хуралдсан эсэх талаар мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгслийг аймгийн Тамгын газрын үүдэнд зогсоол дээр байхад нь үзээд санал бодлоо хэлээд хүлээн авсан. Тэгээд тэр өдрөө тамгын газрын ажилтан нэг хүний өрөөнд орж хэд хэдэн гарын үсэг зурсан. Манай ажлын хэсэгт “С” ХХК-ийн нийлүүлэх тээврийн хэрэгслийг хүлээн авах талаар болон авахгүй байх талаар хэн нэгэн албан тушаалтнаас үүрэг чиглэл өгсөн, шаардсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
- гэрч З.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд “С” ХХК-ийн нийлүүлэх “Ундны усны автомашиныг хүлээн авах ажлын хэсэг”-ийн гишүүнээр миний бие ажилласан. Би энэ ажлын хэсэгт орсноор уг тээврийн хүлээн авахаар Өлгий сумаас аймгийн төвд 2 удаа ирж байсан. Сүүлийн ирэлтээр тээврийн хэрэгслийг хүлээн авсан. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр байх өдрийн санахгүй байна, сумаас ажлын хэсэгт нэр орсон С.Б, Э.Т бид гурав аймагт ирсэн. Тэр үед би жоохон архи уусан явж байгаад ажлын хэсэгтэй ажиллаж чадаагүй юм. Тэр өдөр ажлын хэсгийн аймгийн төвийн хүмүүс бас байхгүй байсан юм шиг байна лээ.
Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийн санахгүй байна, сумаас Э.Т-тай хамт аймагт ирсэн. Аймагт С.Б болон сумын Засаг дарга Ж.О нар байсан. Бид тэр өдрөө ажлын хэсэгтэй хуралдаад машиныг хүлээж авсан. Ажлын хэсгийн хүлээн авсан машин бол маш сайн машин ирсэн. Тэр машин 2023 онд үйлдвэрлэгдсэн, шинэ усны машин байсан. Нийлүүлэгч нь запас дугуй болон улсын дугаар нь араас ирж байгаа гээд бид нарт хүлээлгэж өгсөн ба түүний дараа запас 3 дугуй, улсын дугаар нь ирсэн. Одоо уг тээврийн хэрэгсэл сумын тамгын газрын аж ахуйн хашаанд байгаа. Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сумаас аймагт ирсэн удаа байхгүй. Мөн сумаас ажлын хэсэгт нэр орсон С.Б, Э.Т хоёр бас яваагүй. Тухайн үед бид нарыг дуудсан удаа байхгүй. Харин тэр өдөр сумын Засаг дарга Ж.О-тай хамт тамгын газрын дарга Ш.Д машиныг хүлээн авахаар үзэж байгаад хүлээн аваагүй гэж тамгын газрын дарга Ш.Д хэлж байхад сонссон.
Манай Өлгий сумын Засаг дарга Ж.О нь уг тээврийн хэрэгслийг хүлээн авах ажлын хэсэгт байгаагүй. Манай ажлын хэсэг уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар эхний удаа дуудах үед би архи уусан болоод ажиллаж чадаагүй байх. Харин сүүлийн ирэлтээр хуралдаад хүлээн авч байсан. Тээврийн хэрэгслийг авсны дараа хэд хэдэн баримт дээр гарын үсэг зурсан. Ж.О-ыг ямар шалтгааны улмаас уг компанийн нийлүүлсэн тээврийн хэрэгслийг үзээд байсныг мэдэхгүй. Тэгэхдээ суманд ирж байгаа хөрөнгө оруулалт тул тэр сумын Засаг даргын үүднээс ирж үзсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,
- гэрч Э.М-ын эзэмшлийн Galаху buddy2 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 67-70 дугаар тал/,
- гэрч Ч.О-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 72-78 дугаар тал/,
- ундны ус тээвэрлэх зориулалт бүхий Dong Feng EO1070T35DJ3AC загварын 34-76 УВА улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 80-84 дүгээр тал/,
- Мобиком Корпораци ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/818 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрч Э.М-ын х дугаартай гар утасны болон шүүгдэгч Ж.О-ын Х дугаартай гар утасны ярианы түүх /1 дэх хавтаст хэргийн 85-93 дугаар тал/,
- Өлгий суманд “С” ХХК-ийн нийлүүлэх “Ундны усны автомашин”-ыг хүлээн авах ажлын хэсгийн даргаар Б.Ба, нарийн бичгийн даргаар О.Г, гишүүдэд Б.Н, Р.С, З.М, С.Б, Э.Т нарыг томилсон Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаартай,захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 114 дүгээр тал/,
- “Ундны усны автомашиныг хүлээлцэх ажлын хэсэг”-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 116-117 дугаар тал/,
- Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс гаргасан мэдээлэлд хавсаргасан дуу-дүрсний бичлэг бүхий CD диск /1 дэх хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- иргэн Ч.О, Б.М нарын гар утсанд үзлэг хийж, гар утаснаас хуулбарлан авсан үзлэгийн явцыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD дискэд агуулагдсан мэдээлэл,
- гэрч О.Г-ын “...Увс аймагт “С” ХХК-ийн нийлүүлж байгаа “Dong Feng” загварын 10 тонны цэвэр усны, өөрөө шахдаг тээврийн хэрэгслийг унаж Увс аймгийн төв дээр 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Улаанбаатарын цагаар 21 цагт очиж, захирал Э.Б-ийн таньдаг хүний гэрийн гадна зогсоолд байрлуулаад 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр УБ хот руу буцсан. Буцахаасаа өмнө машин үлдээсэн зогсоолын харуул гэх залууд түлхүүрийг нь үлдээсэн. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
3. Прокуророос шүүгдэгч Ж.О-ыг Увс аймгийн Өлгий сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд “С” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны урд зогсоол дээр иргэн Э.М, Ч.О нар авч ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, иргэн Э.М-р дамжуулан ундны усны автомашиныг нийлүүлж буй “С” ХХК-аас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
- мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн захирал Э.Б-ийн х дугаарт өөрийн х дугаараас залгаж, “С” ХХК-аас тендерт шалгарсны дагуу нийлүүлж байгаа автомашиныг хүлээн авахтай холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “С” ХХК-ийн захирал Э.Б-с 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,
- анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т Хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
3.1. Хэргийн баримтуудаар, шүүгдэгч Ж.О нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “С ХХК”-аас Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх автомашиныг хүлээлгэн өгөхөөр ирсэн иргэн Э.М-т хандаж, тус компаниас 5,0 сая төгрөг авч өгөхийг, мөн компанийн захирал Э.Б-тай утсаар ярьж, 5.0 сая төгрөг өгөхийг тус тус шаардсан үйл баримт тогтоогдож байх боловч шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй байна.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг:
- хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж хэд хэдэн шинжээр тодорхойлж хуульчилсан.
3.2. Прокурор шүүгдэгч Ж.О-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжүүдээс, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэх шинжийг хангасан гэж яллахдаа, сумын Засаг дарга Ж.О нь автомашин хүлээлгэн өгөхөөр ирсэн иргэн Э.Маар дамжуулан автомашин хүлээж авахтай холбоотойгоор хахууль өгөхийг шаардсан, мөн С ХХК-ийн захирал Э.Б-с хахууль өгөхийг шаардсан нь сумын засаг даргын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл байна гэж дүгнэсэн,
- анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар шийтгэх тогтоолд дүгнэхдээ, Ж.О нь сумын Засаг даргын албан тушаалын байдлаа ашиглаж, “С ХХК”-аас нийлүүлэх автомашиныг хүлээн авах болзол тавьж, Э.М-р дамжуулж болон тус компанийн захирал Э.Б-тай утсаар ярьж, 5 сая төгрөг өгөхийг шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн шинжийг хангасан.
Шүүгдэгч нь ажлын хэсэгт ороогүй атлаа тэдний чиг үүргийг хэрэгжүүлэхээр амлаж, мөнгө нэхэж буй үйлдэл нь гүйцэтгэх ёсгүй үйлдэлд хамаарна. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэг нь бүрэн эрх, албан тушаалын чиг үүрэгт нь хамааралгүй хууль бус үйлдлийг ойлгоно гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрхийн хүрээнд тодорхой үйлдэл хийсэн /шийдвэр гаргасан/, эсхүл хийхийг амлаж хахууль авсан, эсхүл хахууль өгөхийг шаардсан байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэгт, хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт нь сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэхийг, эсхүл нийтийн албан тушаалтныг хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхыг хүсэж буй хүсэл, эрмэлзлийг ойлгоно.
Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх гэдэгт, хууль тогтоомж, дүрэм, журмаар болон тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан гүйцэтгэх ёстой үүргээ хууль ёсоор биелүүлэхийг ойлгоно.
Мөн энэ зүйл, хэсэгт заасан, “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд” гэх шинжүүд нь албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон албан үүргээ зөрчилгүйгээр буюу хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр, хууль ёсоор хэрэгжүүлэхээр амлаж буй нөхцөлийг ойлгоно.
Харин мөн зүйл, хэсэгт заасан, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэдэг нь тухайн этгээдийн зүгээс хийлгэхийг хүсэж буй асуудал нь тухайн нийтийн албан тушаалтны бүрэн эрхэд хамаарч, түүний хувьд гүйцэтгэх боломжтой боловч тухайн тохиолдолд хуулиар тавьсан болзол, шаардлага хангаагүй байхад албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж, хууль бус давуу байдал олгохыг ойлгох бөгөөд хэргийн баримтаар Ж.О нь сумын Засаг даргын хувьд, тус суманд нийлүүлэх ундны усны автомашиныг хүлээн авах ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой хэрэгжүүлэх албаны бүрэн эрх, чиг үүрэггүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Ж.О нь тухайн цаг хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан боловч тус суманд тендэр сонгон шалгаруулалтаар нийлүүлж буй ундны усны автомашиныг хүлээн авахтай холбоотой ямар нэг албаны бүрэн эрх, чиг үүргийг хуулиар болон гэрээ, хэлцлийн үндсэн дээр, эсхүл дээд шатны албан тушаалтны шийдвэрээр хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын хувьд тухайн автомашиныг хүлээн авах асуудал албаны чиг үүрэгт нь хамааралгүй байна.
Мөн тэрээр автомашин хүлээж авахтай холбоотойгоор албан үүргээ, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу ямар нэг шийдвэр гаргасан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй.
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх автомашиныг хүлээн авахтай холбоотойгоор Э.Маар дамжуулан болон “С ХХК”-ийн захирал Э.Б-тай утсаар ярьж, тус компаниас 5,0 сая төгрөг нэхсэн шүүгдэгч Ж.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль өгөхийг шаардсан” гэх шинжийг хангахгүй байна. Учир нь, энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангах урьдач нөхцөл нь нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, тодорхой үйлдэл хийсэн байхыг шаардах бөгөөд Ж.О-ын хувьд хахууль авахын тулд ямар нэг үйлдэл хийсэн нь нотлогдоогүй.
3.3. Түүнчлэн Ж.О нь Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд “С” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй, мөн тэрээр уг автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт томилогдсон нэр бүхий 7 алба хаагч болон эдгээрээс өөрийнх нь удирдлагад ажилладаг сумын засаг даргын орлогч З.М болон тус сумын тамгын газрын нярав С.Б, жолооч Э.Т нарт автомашиныг хүлээж авахыг яаравчлуулах, эсхүл хойшлуулах, удаашруулах талаар албан тушаалын байдлаараа тус тус нөлөөлсөн, эсхүл нөлөөлөхийг оролдсон гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүхээс: ...Засаг дарга нь сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй. Тухайлбал, шүүгдэгч нь хуулиар тус ажлын хэсэгт орсон Засаг даргын орлогч З.М, Э.Т, С.Б нарын шууд удирдлага болох тус сумын Тамгын газрын дарга Ш.Д нарыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй тул автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт орсон дээрх 3 албан хаагчид албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар нөлөөлөх боломжтой этгээд тул ундны усны автомашиныг хүлээж авах эсэх талаар шийдвэр гаргуулах боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн энэхүү дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй.
Иймд шүүгдэгч Ж.О-ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны бүрэн эрх, чиг үүргийг хууль бусаар хэрэгжүүлсэн буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
3.4. Харин шүүгдэгч Ж.О-ын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.Маар дамжуулж болон “С ХХК”-ийн захирал Э.Б-тай утсаар ярьж, тус компаниас 5,0 сая төгрөг нэхсэн үйлдэл нь өөрийн суманд нийлүүлж буй автомашиныг хүлээн авах нөхцөл байдалтай холбоотойгоор сумын Засаг даргын албан үүргийг хашиж буй албаны нэр, эрх нөлөөгөө ашиглан, ашиг хонжоо олох санаа сэдлээр бусдыг хуурч, эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авахыг завдсан гэмт хэргийн шинжийг хангасан үзэх үндэслэлтэй байна.
Албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр ялган зүйлчлэхийн тулд, албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан байдал, тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэм буруутай этгээдийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн арга зэргийг харгалзан үздэг.
Хууль тогтоогч нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс, албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар, эсхүл бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Албан тушаалтан өөрийн хашиж буй албан тушаалын байдал, нэр нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгон ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буй үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй.
Ж.О сумын Засаг даргын хувьд, өөрт нь олгогдсон албаны чиг үүргийн хүрээнд С ХХК-аас автомашиныг хүлээн авах ажлыг шууд гүйцэтгэх, хэрэгжүүлэх болон энэ талаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй атлаа автомашиныг түргэн шуурхай хүлээлгэн өгөхийг хүсэж буй автомашин нийлүүлэгчийн хүсэл, сонирхлыг ашиглан, “5,000,000 төгрөг өгвөл автомашиныг өнөөдөр хүлээж авна” гэж тус компаниас 5 сая төгрөг авахыг нэхэж, шаардаж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэхийг завдсан шинжийг хангасан байна.
Тодруулбал, Ж.О өөрт нь эрх олгогдоогүй ч өөрийнх нь суманд буюу Засаг даргын тамгын газарт нийлүүлж буй тус автомашиныг Засаг даргын хувьд өөрөө мэдэж, хүлээн авч чадна гэх итгэлийг төрүүлэн, бусдыг хуурч эд хөрөнгө /мөнгө/-ийг хууль бусаар шилжүүлж авах зорилгоор 5,000,000 төгрөг шаардсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О-ын албан тушаалын нэр, эрх нөлөөгөө ашиглан бусдаас мөнгө нэхэж буй үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан шинжтэй байх бөгөөд тэрээр бусдыг хуурч эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авах санаатай үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул түүнийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэхийг завдсан гэж үзнэ.
4. Дээрх үндэслэлүүдээр, прокуророос шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Ж.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
6. Шүүгдэгч Ж.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу арван таван сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар хуульчлаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл оногдуулж шийдвэрлэлээ.
7. Шүүгдэгч Ж.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон 107 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 107 хоног, нийт 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, түүнд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан торгох ялаас 3,210,000/ гурван сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 11,790,000 /арван нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.
8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүгдэгч Ж.Оыг шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй гэсэн нэмэлт заалт оруулж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Шүүгдэгч З овогт Ж-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.О-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй гэж тус тус өөрчилж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: шүүгдэгч Ж.О нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэсэн,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон 107 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 107 хоног, нийт 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 3,210,000 /гурван сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 11,790,000 /арван нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН