Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00896

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00896

 

 

 

 

 

                           “ЧН” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00799 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЧН” ОНӨААТҮГ, “УЦТС” ТӨХК-д холбогдох эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохиролд 1 443 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнбаяр, З.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсуурь, Ч.Энхтуул, Ү.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Налайх дүүрэгт “Тэлмэн констракшн” ХХК-ийн Шинэ Налайх хороолол ашиглалтад орсон. Уг хорооллын ус, дулаан дамжуулах төвийг Нийслэлийн өмчид шилжүүлэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 68 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Өмчийн харилцааны газар шилжиж, тус хөрөнгийг Нийслэлийн болон Орон нутгийн Өмчийн харилцааны газар шилжүүлж өгдөг. Гэтэл Шинэ Налайх хорооллын ус дулаан дамжуулах төв одоо хүртэл манай байгууллагын өмчлөл, ашиглалтад шилжиж ирээгүй. Өмчийн харилцааны газраас манай байгууллагад хөрөнгө эзэмшүүлэх, ашиглуулах хүсэлт, албан бичиг өгснөөр жил бүр Нийслэлийн өмч эзэмшүүлэх гэрээ байгуулдаг. Хариуцагч байгууллага ус дулаан дамжуулах 3 фазын 401407053059 тоолуур эзэмших, өмчлөх хэлбэрээр гэрээ байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулаагүй, оруулах хүсэлт зоригоо илэрхийлээгүй. Өмчлөгч, өмч хүлээн авагч 2 байгууллагын хүсэл зоригийн дагуу албан бичгээр гэрээ шилжих ёстой. Гэтэл хариуцагч тал манайх өмчлөгч болж байгаа, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах албан бичиг өгч, хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй. Манай байгууллагаас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 68 дугаар тогтоолын дагуу зохих журмын дагуу хүлээж авна уу гэсэн албан бичиг өгсөн. “Тэлмэн констракшн” ХХК-ийн ажилчид одоог хүртэл ус дулаан дамжуулах төвийг ажиллуулдаг. Оршин суугчдаас халуун ус, дулааны төлбөрийг дулааны станц авдаг. Маргаан бүхий ус дулаан дамжуулах төвийн эзэмшил, ашиглалт төлбөр тооцоонд ороогүй байхад уг төвийн тооцоог манай байгууллагаас нэхэмжилж хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжих оролдлого хийж байна. Тус тоолуурын заалтыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 9 сар нэхэмжлээгүй, гэрээний нэмэлт өөрчлөлтийг сүүлд хууль бусаар нэмсэн болох нь тогтоогдож байна. “УЦТС” ТӨХК-аас манай байгууллагад ирүүлсэн нэхэмжлэл байдаг. Хариуцагч байгууллага 2015 оны 8 сарын 24-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэсгийг үндэслэж байгууллагаас 3 фаз тоолуурын цахилгааны төлбөр нэхэмжилж, манай байгууллагын цахилгааныг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 12:26 минутаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16:10 минут хүртэл хязгаарлаж, үйл ажиллагаа зогсоосон. 2018 оны 8 сарын 01-ний өдөр цахилгааны эх үүсвэрийг 1 100 000 төгрөгөөр худалдан авч, 1 443 180 төгрөгийн шатахуун худалдан авч үйл ажиллагаа явуулсан. Иймд цахилгаан эрчим хүчээр хангах 2014 оны 5 сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний нэмэлт өөрчлөлт хязгаарласан хэсэгт цахилгаан хязгаарласан хугацааны цахилгааны зардал 1 443 180 төгрөг гаргаж өгнө үү. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах хүсэл зориг бодитоор илэрхийлээгүй. 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 8.2, 8.5-д зааснаар талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол заавал хүсэл зоригоо бичгээр байгуулж, баталгаажуулна гэх заалт хангагдаагүй. Энэ үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талууд тохиролцоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад нөгөө тал хүсэл зоригоо илэрхийлсэн мэтээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар талууд гэрээний нэмэлтийг бичгээр байгуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа эрх бүхий этгээд Г.Чулуунбат тухайн өдрийн гэрээний бичилтэд гарын үсэг зурж, хэрэглэгчийг төлөөлөөгүй. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль бусад хуульд зааснаар компанийг төлөөлж бие даан хэлцэл хийх эрхгүй этгээд компанийн ажилтан гарын үсэг зурсан нь зохих этгээдийн зөвшөөрөл авсан гэх хуульд заасан шаардлага хангахгүй байна. Хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээж авсан эсэхэд эргэлзээ төрж байна. 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 242/15 дугаартай Тэлмэн констракшны албан бичиг авагдсан. Уг албан бичигт нэхэмжлэгчийг төлөөлөх гүйцэтгэх захирал зохих журмын дагуу хүлээж авна гэж бичсэн байдаг. Үүгээр нэхэмжлэгчийг 401407053059 тоолуур хүлээж авсан гэдгийг тогтоохгүй. Нэхэмжлэгч ЦТП 401407053059 тоолуурыг огт ашигладаггүй, Налайхын Дулааны станцаас гарсан халуун усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд дахин цахилгааны бойлуураар халааж, халуун ус шахаж байна. Нэхэмжлэгч цэвэр ус хэрэглэгчдэд хүргэж, бохир ус татан зайлуулна. Энэ үүргийг гүйцэтгэхэд ямар ч халаалт цахилгаан хэрэглэхгүй. Дулаан энэ үйлчилгээг үзүүлж, өнөөдрийг хүртэл төлбөр авч байгаа. Маргаан бүхий тоолуур нь бодитоор нэхэмжлэгчийн өмчлөлд ирээгүй, зохих зөвшөөрлийн дагуу ашиглалтад шилжүүлээгүй. Улсын комиссын актад манай байгууллага ашиглагчаар, хэвийн үйл ажиллагаа явуулах, хүлээн авах боломжтой гэснээр акт үйлдэж, гарын үсэг зурсан. Улсын комисс хүлээж авсны дараа хэрэглэгчдэд хүргэсэн нийтлэг үйлчилгээг хэн хүргэх вэ гэдгийг тухайн барилгыг ашиглалтад оруулсан Тэлмэн констракшн холбогдох журмын дагуу Налайхын дулааны станц, “ЧН” ОНӨААТҮГ-ын хэн алинд нь хүлээлгэж өгснөөр ашиглалтын үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Өнөөдрийн байдлаар ЦТП 401407053059 тоолуурыг дулаан, Тэлмэн констракшн хоёулаа ашиглаж байгаа. Манайх бойлуурын халаалтын төлбөрийг хэрэглэгчээс хураагаагүй. Энэ маргааныг өмнө шийдсэн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг Налайх дүүргийн шүүхэд хэд хэдэн удаа тавьж, эцэстээ Налайх дүүргийн шүүхээс татгалзаж, Баянгол дүүргийн шүүхэд ирсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеэс гэрээний дагуу авах төлбөр төлөөгүйтэй холбоотой маргаан болохыг тодорхойлж ирсэн. Гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлттэй гэрээ манайд эх хувиараа огт байхгүй. 2018 оны 2 сард нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг олж, гэрээ хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэж үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэл гаргах эрх алдсан гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 226 дугаар зүйлийн 226.3, гэрээний 3.2.2-д заасныг зөрчиж эрчим хүч тасалснаас нэхэмжлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй гарсан хохирол гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч ЧНын дарга Г.Чулуунбат манай байгууллагад хүсэлт тавьснаар 3 фазын тоолуур нэмж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Г.Чулуунбат дарга ажилтан н.Гантөмөрөөр гэрээ авчруулж гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байдаг. Нэхэмжлэгч талын хүсэл зоригоо илэрхийлээгүй гэх тайлбарыг ойлгохгүй байна. Манай байгууллага үндсэн гэрээтэй хэрэглэгчээс өөр хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангагдах эрхийнхээ хүрээнд тоолуур нэмүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг заавал бичгээр авахыг шаардахгүй. Гэрээтэй учраас хүсэлтийг амаар хүлээн авч, программд тоолуур бүртгэн гэрээнд нэмж, тэмдэглэн тэмдэглэгээг баталгаажуулж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурамч тамга, тэмдэг дарсныг Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэсэн. Гэтэл Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 сарын 05-ны өдрийн 117 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан. Эрүүгийн хэргийн тогтоолд дурдсан шинжээчийн дүгнэлтээр манай байгууллага, ЧНын хоорондын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөд дарагдсан тамга, тэмдэг, албан тушаалтнуудын гарын үсэг хуурамч биш болох нь тогтоогдож гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж дүгнэсэн байсан. Бидний зүгээс гэрээнд зурсан гарын үсэг, дарагдсан тамга хуурамч биш тус байгууллагын даргын өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэж байна. Манай байгууллага анх удаа хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан иргэн, аж ахуй нэгжийг баримт бүрдүүлж ирэхийг шаардаж, бичиг баримтыг нь авдаг. Нэхэмжлэгч тал ус дулаан дамжуулах төвийг “Тэлмэн констракшн” ХХК-ийн ажилчид ажиллуулж, дулааны станц оршин суугчдаас мөнгө авдаг гэх боловч дээрх тайлбараа нотолсон баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд өгөөгүй. ЧНтай байгуулсан гэрээгээр ус дулаан дамжуулах төвийг цахилгаан, эрчим хүчээр хангасаар байгаа. Нэхэмжлэгч нь ус дулаан дамжуулах төвийг ашигладаггүй, өөр байгууллага мөнгийг нь авдаг гэж тайлбарлаж байгаа бол тэдгээр байгууллагуудтай ярилцаж тохиролцоод тэдгээртэй байгуулсан гэрээнээс уг тоолуурыг хасуулж, тухайн байгууллагад гэрээ шилжүүлж болох байсан ч шилжүүлээгүй. ЧНаас нэг ч удаа ийм зүйл ярьж хандаагүй, зарим нэг тоолуурыг дулааны станцад шилжүүлэх болсон албан бичгийг 2018 оны 12 дугаар сард манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичигт 401407053059 дугаартай тоолуур байсан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 714017 дугаартай хамтран ажиллах гэрээний хугацааг сунгасан. Гэрээнд 17 ширхэг тоолуур бүртгэлтэй байдаг ба 401407053059 дугаартай тоолуур нь юм. ЧН ус дулаан дамжуулах төвийг ашигладаггүй, хэрэглэдэггүй байсан бол 2015 оны 8 сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манайд хандаж асуудлаа шийдүүлээгүй. Шинэ Налайх хороололын ус дулаан дамжуулах төвийг ашиглалтад оруулах комиссын актад нэхэмжлэгч байгууллагын дарга Г.Чулуунбат ашиглагч байгууллагаар гарын үсэг зурсан. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нэмэлтэд 401407053059 дугаартай тоолуур бичигдсэн. 2015 оны 12 сараас 2016 оны 9 сар дуусах хүртэл хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс харахад уг тоолуур нэхэмжлэгч байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа болох нь харагдах бөгөөд гэрээг бодит байдалд хүлээн зөвшөөрсөн. Г.Чулуунбат даргын зурсан гарын үсэг, тамга тэмдэг хуурамч биш болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон тул хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.1-д зааснаар хэрэглэгч өөрийн тухай мэдээлэл болон цахилгаан шугам, схем, горим зориулалт, хүчин чадал үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэлд өөрчлөлт ороход цаг тухай бүрд хангагчид мэдэгдэж байх ёстой. Энэ тухай хангагчид мэдэгдээгүй бол үүсэх хохирлыг хангагч хариуцахгүй гэж заасан. Гэрээний 3.2.2-т хэрэглэгчийн зэрэглэлд нийцсэн Монгол улсын стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангана гэж заасан. ЧН гэрээний үүрэг хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийн хүчин чадалд нийцүүлж, цахилгаан эрчим хүчээр хангагдахын тулд тоолуурыг нэмэх шаардлагатайг манай байгууллагад мэдэгдэж, үүний дагуу манай байгууллага хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 401407053059 дугаартай тоолуурыг нэмж авсан. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 714017 дугаартай үндсэн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж 401407053059 дугаартай тоолуур нэмсэн. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 937 дугаар тогтоолоор цахилгаан эрчим хүчний төлбөр 30 641 248 төгрөгийг ЧНаас бүрэн гаргуулж, манай байгууллагад олгохоор шийдсэн. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн. Энэ төлбөр ЧНтай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ биш, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 401407053059 дугаартай тоолуурын асуудал, хэрэгт хамааралгүй төлбөр. Гэрээний үүрэг үүссэнийг 3 шатны шүүх тогтоож, шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж, шийдвэрийн биелэлт бүрэн биелэгдсэн байхад энэхүү нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Талуудын 30 641 248 төгрөгийн маргаан бүхий иргэний хэргийг шүүх шийдвэрлэх явцад ЧНын зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч тал өнөөдрийн байдлаар 401407053059 тоолуурт бичигдсэн төлбөр 97 700 000 төгрөг төлөөгүй, төлөхөөс зайлсхийж байна. Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т зааснаар цахилгаан эрчим хүчний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Цахилгаан эрчим хүчний гэрээний 3.1.6-д зааснаар түдгэлзүүлнэ. Нэхэмжлэгчийг ус дулаан дамжуулах төвийн төлбөр төлөөгүй гэж таслаагүй, конторын нэг ч цахилгааны төлбөр төлөөгүйгээс таслахаас өөр аргагүйд хүрсэн. 2016 онд нэхэмжлэгч тал бүх цэгийн төлбөр төлөөгүй байснаас ус, дулаан, тог тасалсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “УЦТС” ТӨХК-д холбогдох, эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд 1 443 180 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ЧН” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715 680 төгрөгөөс 108 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 607 439 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнбаярын давж заалдах гомдолд: “Улаанбаатар            цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв манай байгууллагатай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2 жилийн хугацаатай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан.Тус гэрээнд “Тэлмэн констракшн” ХХК-ийн эзэмшлийн ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвийн 3 фазын 401407053059 дугаар бүхий тоолуурын цэг нэмж 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж захирал Г.Чулуунбат гарын үсэг зурж тамга дарсан. Гэтэл тоолуурын цэг нэмсэн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулан дарагдсан тамга нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хураагдсан тамга байдаг.

“УЦТС” ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь манай байгууллагыг хууран мэхэлж 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулахад гарын үсэг зурж тамга дарсан хэсгийг 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад дарагдсан болгож “Тэлмэн констракшн” ХХК-ийн эзэмшлийн ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвийн 3 фазын 401407053059 дугаар бүхий тоолуурын цэгийг өмчлөгч, ашиглагч, эзэмшигч биш атал гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр оруулж одоогийн байдлаар 97 700 000 төгрөгийн цахилгааны төлбөрийг нэхэмжилж байгууллагын үйл ажиллагаа доголдуулж байна.

Мөн 2015 оны 8 сарын 24-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэсгийг үндэслэж манай байгууллагын цахилгааныг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 12:26 минутаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16:10 минут хүртэл хязгаарлаж, үйл ажиллагаа зогсоосон тул 2018 оны 8 сарын 01-ний өдөр цахилгааны эх үүсвэрийг 1 100 000 төгрөгөөр худалдан авч, 1 443 180 төгрөгийн шатахуун худалдан авч үйл ажиллагаа явуулсан.

Цахилгаан эрчим хүчээр хангах 2014 оны 5 сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэж цахилгаан хязгаарласан хугацааны цахилгааны зардал 1 443 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 102/ШШ2019/00799 дугаартай шүүхийн шийдвэрээр бүхэлд хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралдаанд 3 фазын 401407053059 дугаартай “Тэлмэн констракшин” ХХК-ийн эзэмшлийн ус дулаан дамжуулах төв нь манай байгууллагын өмчлөл ашиглалтад ирээгүй байгаа талаар Өмчийн харилцааны газрын 2019 оны албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газар, “ЧН” ОНӨААТҮГ-ын хооронд хийгдсэн “Өмч ашиглуулах эзэмшүүлэх” гэрээ зэргийг шүүгч нотлох баримтаар бодитоор үнэлээгүй.

 

Уг тоолуурын цахилгааныг хэрэглэдэг байгууллага нь маш тодорхой өөрөөр хэлбэл “Налайхын Дулааны станц” ТӨХК анх ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж эзэмшсээр ирсэн талаар хариуцагч маргадаггүй өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрсөөр ирсэн үйл баримтыг үнэлэхгүй хийсвэр байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тус ус дулаан дамжуулах төв нь өмчлөлд ирээгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Манай байгууллага 2015 оны 8 дугаар сарын 24-ний гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй, оруулах хүсэлт зориг илэрхийлж гэрээ байгуулаагүй, ийм үйл баримт маш тодорхой хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал: 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулахдаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэсэгт нь тамга дарж гарын үсэг зурсан байсан ямар нэгэн бичвэргүй хэсгийг ашиглаж гэрээг үйлдсэн байдаг нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой байдаг. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст НӨҮГ-ын тамга тэмдгээ манай үйлдвэр хураалгаж улмаар 2014.08.01 өдөр шинэ тамга хэрэглэж ирсэн ОНӨААТҮГ нэртэй “Тод тамга” ХХК-аар хийлгүүлсэн баримтыг шүүх үнэлэлгүй орхигдуулсан. Гэтэл НӨҮГ-ын тамгыг хураалгаад бүтэн 1 нэг жил 1 сарын дараа уг тамгыг хэрэглэж гэрээ байгуулах үндэслэл нөхцөл байхгүй байхад уг асуудалд шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тэлмэн констракшины Шинэ налайх хорооллын ус, дулаан дамжуулах төвийг Нийслэлийн өмчид шилжүүлэхдээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 68 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Өмчлөлийн харилцааны газар шилжин Өмчийн харилцааны газар тус хөрөнгийг Нийслэлийн болон Орон нутгийн Өмчийн харилцааны газар шилжүүлж өгдөг. Гэтэл “Шинэ Налайх хороолол”-ын ус дулаан дамжуулах төвийг одоо “Налайхын дулааны станц” ТӨХК-д шилжүүлэн өгөхөөр холбогдох байгууллагаас шийдвэрийг хүлээж байгаа.

Тиймээс өөрийн өмчлөлийн бус эд хөрөнгийн зардлыг хариуцан төлөх асуудал нь шударга ёсонд нийцэхгүйгээр барахгүй шүүх хэтэрхий явцуу хүрээнд дүгнэсэн нь илэрхий харагдаж байна. Түүнчлэн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулах үед Г.Чулуунбат

нь нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан байсан болох нь Г.Чулуунбатыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлага бүхий нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үед Г.Чулуунбат захирал ажил хэргээ байнга тасралтгүй явуулж байгаагүйг шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, холбогдох баримтуудаар нотолсоор байхад дээрх үйл баримтыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй талаас нь шүүх үнэлэлгүй хэтэрхий явцуу хүрээнд дүгнэсэн нь шүүхийн зүгээс хууль зүйн үйл явдалд эрх зүйн дүгнэлтийг буруу хийсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.4-т шүүхээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримтыг шүүх дахин нотлохгүй гэдэг нотолгооны онолын зарчмыг үгүйсгэсэн, өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хэрэг маргаанд хийсэн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь илтэд үндэслэлгүй.

2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00578 дугаартай тогтоолд нэхэмжлэгч Г.Чулуунбат 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ажлын 29 хоногийн ээлжийн амралт эдэлж, 2015 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлуулж байсан нь баримтаар нотлогдож байна ... гэсэн. Тухайлбал 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс авсан ээлжийн амралтын хугацаа ажпын 29 хоногоор тооцоход 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа нь шүүхийн тогтоолоор нотлогдож байна. Шүүх энэ мэт тодорхой нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд нэг талыг баримталж байна.

Мөн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан компанийн тамга тэмдэг нь эх хувь болохыг тогтоосон байна. Энэхүү 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлт нь бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангасан гэжээ. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст манай байгууллагаас тамга, тэмдэг, гарын үсэг хуурамч мөн эсэхийг шалгуулсан. Шинжээчийн дүгнэлтээр тамга тэмдгийг сканердсан, хуурамчаар хэвлэсэн эсэхт шинжилгээ хийсэн болохоос биш гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хүсэлт гаргаж шалгуулаагүй. Тиймээс гэрээг анх байгуулсан өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дарсан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 9т3/2351 тоот албан бичгээр хураагдсан тамга 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дарсан нь анх гэрээ байгуулагдах үед дарсан тамга тэмдгийг ашиглаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байж болзошгүй тухай дүгнэлтэд дурдсан даруй манай байгууллагаас шүүхэд хандсан болно.

Шүүх Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9т-3/2351 тоот албан бичиг, “ЧН” НӨҮГ-ын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Тамга тэмдэг солиулах тухай 244 дугаартай албан бичиг, “Зааг сервис” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 78 тоот албан бичгийг тус тус шинжпэн судлаж хэргийг бодитой шийдвэрлээгүй. Өмнө нь гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар маргаж байгаагүйн зэрэгцээ сүүлд гэрээний хугацаа сунгахдаа энэхүү маргаан бүхий 401407053059 ЦТП тоолуурыг оруулж сунгасан, энэ тоолуурыг шилжүүлэх талаар нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан зэргээс гэрээний нэмэлт өөрчлөлтийг нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Шүүх урьд энэхүү гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаан үүсгээгүй гэж хэтэрхий нэг талыг барьж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээг нэхэмжлэгч тал 2018 оны 2 дугаар сард “УЦТС” ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэрээг хуулбарлан авч хураагдаж устгалд орсон тамга тэмдэг дарагдсан тухай анх мэдсэн. Тиймээс нэхэмжлэгч талаас өмнө нь гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар маргаан үүсгэх боломж байгаагүй.

Мөн тус 2018 онд гэрээг шүүхийн эцсийн шийдвэрийг гарах хүртэл сунгахгүй гэж хэд хэдэн удаа буцааж байсан боловч “УЦТС”  ТӨХК-аас гэрээг сунгахгүй бол манай байгууллагын авто гараажийн 280\/-ийн хүчдэлийг 380\/ болгохоос татгалзаж, мөн орон сууцны байруудын паар угаах комперосорын зөөврийн тоолуурын хугацаа дууссан учир цахилгааны тэжээлийг холбох зөвшөөрлийг өгөхгүй. Дүүргийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил тасрах хэмжээнд хүрсэн учир арга буюу тус гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан. Мөн нэхэмжлэгчээс тоолуурыг шилжүүлэх албан бичиг гарсан нь тус тоолуурын цахилгааны гол хэрэглэгч болох Налайхын Дулааны станцад гэрээг шилжүүлэн “УЦТС” ТӨХК-тай үргэлжилж буй маргааныг таслах зорилгоор албан бичиг явуулсан. Үүгээр манай эзэмшил, ашиглалтад байдаг, хэрэглэгч байгууллага нь манай байгууллага гэдэг талаар илэрхийлж байгаагүй.

Гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан тамга тэмдэг нь хураагдсан хүчингүй болсон тэмдэг гэдгээрээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1,42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах хүсэл зориг бодитоор илэрхийлээгүй. 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 8.2, 8.5-д зааснаар талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол заавал хүсэл зоригоо бичгээр байгуулж, баталгаажуулна гэх заалт хангагдаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талууд тохиролцоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад нөгөө тал хүсэл зоригоо илэрхийлсэн мэтээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар талууд гэрээний нэмэлтийг бичгээр байгуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй. Нэг этгээдийн хүсэлт зоригийг нөгөө этгээд хүлээж авсан эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд гэрээний нэг тал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаагүй, харилцан тохиролцоогүй, хүчингүй болсон тамга ашигласан, байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээд ээлжийн амралттай байх үед гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 102/ШШ2019/00799 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч “ЧН” ОНӨААТҮГ хариуцагч “УЦТС” ТӨХК-д холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохиролд 1 443 180 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

               

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд ус дулаан дамжуулах 3 фазын 401407053059 дугаартай тоолуур эзэмших, өмчлөх талаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зоригийг бодитоор илэрхийлээгүй, тухайн үед байгууллагын тамга тэмдэг хураагдсан байсан мөн удирдах эрх бүхий албан тушаалтан өвчтэй чөлөөтэй байхад компанийг төлөөлж бие даан хэлцэл хийх эрхгүй этгээд уг хэлцэлд гарын үсэг зурсан .., ” гэж тайлбарласан байна. /3хх53/

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

            Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гурван фазын 401407053059 дугаартай тоолуурын цэг нэмэх өөрчлөлтийг оруулсан байна. /1хх9-13/

            Хэргийн 1 дүгээр хавтасны 13 дугаар талын арын “гэрээний нэмэлт өөрчлөлт” хэсэгт “3 фазын 401407050359 номертой тоолуур цэг нэмэв. 2015 оны 08 дугаар сарын 24, Гантөмөр” гэсэн бичиглэлээс гадна хариуцагч байгууллагын захирал Г.Чулуунбатын гарын үсэг зурагдаж, байгууллагын тамга дарагдсан байна. Дээрх гарын үсэг, бичиглэл н.Гантөмөр, Г.Чулуунбат нарынх болох нь, мөн тамга хуурамч биш болох нь Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын тогтоолоор нотлогдож байна. /2хх28-29/

Гэрээнд нэмэлт орох үед тамга нь Цагдаагийн байгууллагад хураагдсан байдаг боловч байгууллагын удирдлагаас гарын үсэг зурагдаж, үүнд нь тухайн тамга дарагдсан үйл баримтад гэрээний нөгөө талыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч хуурамч тамга ашигласан, төөрөгдүүлж гэрээ байгуулсан талаар нотлох баримтгүй байна.

            2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Чулуунбат ээлжийн амралттай байсан нь гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч “ЧН” ОНӨААТҮГ-аас 30 641 248 төгрөг гаргуулж хариуцагч “УЦТС” ТӨХК-д олгох тухай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 917 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 937 дугаар тогтоол гарч уг шийдвэр биелэгдсэн байдаг бөгөөд тухайн маргаан нь талуудын хоорондын гэрээний үүргийн биелэлттэй холбоотой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээнд нэмэлт орсноос хойш уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаан үүсгээгүй, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд шүүхийн шийдвэрээр 30 641 248 төгрөгийн төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдсонгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00799 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 240 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

   ШҮҮГЧИД                        Б.НАРМАНДАХ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ