| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2102000000063 |
| Дугаар | 2025/ДШМ/61 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/61
Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батзаяа, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Бэлгүүн, Д.Дамдинсүрэн, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Т.Уянга, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд (цахимаар), иргэний хариуцагч Ц.А, А.А нарын өмгөөлөгч Б.Лхагважав, иргэний хариуцагч Б.У-ны өмгөөлөгч С.Соронзонболд (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхболд, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч У.З-ийн өмгөөлөгч Т.Уянга, Б.Батцэнгэл, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Д.Бэлгүүн, Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн, Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох, 2102000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Х-ын Б.
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт У-ын З.
- Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Б-ийн А.
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын Б.
Холбогдсон хэргийн талаар:
1. Яллагдагч Х.Б нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар, У.З нь Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар, Б.А нь Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр, Б.Б нь Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникчээр ажиллаж байхдаа бүлэглэн, Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6 дахь хэсэгт “Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчиж:
- 2018 оны 8 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд “С” ХХК-ийн эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүлийг,
- 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд “У” ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, 100 чиргүүлийг,
- 2019 оны 4 дүгээр сарын 14-өөс 18-ны өдрийн хооронд “Т” ХХК-ийн эзэмшлийн 3 автомашин, 3 чиргүүл, “Б” ХХК-ийн эзэмшлийн 9 автомашин, 9 чиргүүл, “У” ХХК-ийн эзэмшлийн 102 автомашин, 102 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Нийслэлийн Прокурорын газраас: Б.А, Х.Б, Б.Б, У.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц ургийн овогт Х-ын Б, Т ургийн овогт У-ын З, Х ургийн овогт Б-ийн А, Б ургийн овогт Б-ын Б нарыг хамтран давтан /гурван удаагийн/ үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч Х.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч У.З-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч Б.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б, У.З нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан: шүүгдэгч Б.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор,
- шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суугаа газраасаа тус суманд байрлах Увс аймгийн Автотээврийн төв буюу албан ажил хооронд зорчихоор тус тус тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, У.З нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс; шүүгдэгч Б.А, Б.Б нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын хоногоор тооцож дүйцүүлэн солихыг мэдэгдэж,
- шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, У.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 7,500,000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1,875,000 төгрөгийг гаргуулан Авлигатай тэмцэх газарт олгож,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг си ди дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч У.З-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ ...Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар бидний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж ирсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, үр дагаврыг бүрэн ойлгож, ухамсарлаж гэмшиж байгаа болно.
Шүүгдэгч У.З нь хувийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр, хоёр хүүхэд, хадам ээжийн хамт амьдардаг. Том хүү нь нэгдүгээр курсийн оюутан, бага охин нь ЕБС-ийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагч, эхнэр нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл архаг чихрийн шижин оноштойгоор байнгын эмчийн хяналтад эмчилгээтэй байдаг бөгөөд жилд 2 удаа Солонгос улс руу явж, инсулин памп аппаратын тохиргоогоо хийлгэж, хянуулж, эмчилгээ хийлгэдэг. Мөн сахар ихдэлтийн үедээ ухаан алдаж унадаг тул зайлшгүй асран хамгаалах хүн шаардлагатай байдаг.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний ар гэр бүлийн байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
5. Шүүгдэгч У.З-ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, саналдаа: “...Анхан шатны шүүх У.З-ийн гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог зөв тогтоож чадаагүйн улмаас хамтран оролцсон хэлбэрийг болон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөв тодорхойлж чадаагүй.
Прокурорын яллах дүгнэлтээс үзвэл, У.З нь гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож Х.Б-ээс тавьсан хууль бус хүсэлтийг биелүүлэх зорилгоор өөрийн шууд удирдлагад ажилладаг тус төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.А, техникч Б.Б нарт хууль бус үүрэг даалгавар өгч тэдгээртэй бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан ялласан байдаг.
Шүүхийн шийтгэх тогтоолоос үзвэл, Х.Б, У.З нар нь дээрх компаниудын тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт техникийн хяналтын үзлэгийн МУ13 системд бүртгэхээр урьдчилан тохиролцсоны дагуу У.З нь инженер Б.А, техникч Б.Б нарт МУ13 системд бүртгэхийг даалгаж, инженер Б.А нь дээрх системд өөрийн эрхээр нэвтэрч Б.Б-ын хамтаар тэнцсэн гэх мэдээллийг оруулсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх Х.Б, У.З нар энэ гэмт хэргийг үйлдэхээр нэг санаа зорилготой байсан гэж, Б.А, Б.Б нар ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүйгээр МУ13 системд нэвтэрч бүртгэл хийсэн гэж хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нөхцөл байдлыг хийсвэрлэн дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, ялын төрөл, хэмжээг оновчтой сонгон хэрэглэх шударга ёсны зарчим алдагдах эх үүсвэр болжээ.
Мөн анхан шатны шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүй. Прокурор, мөрдөгч нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас гэмт хэргийг илчилсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй миний үйлчлүүлэгчийг “гэмт хэргийн зохион байгуулагч” гэж буруу дүгнэсэн.
Прокуророос У.З-ийн үйлдлийг зүйлчлэхдээ “хатгагч” гэж үзсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс У.З-ийн үйлдлийг зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгчийн аль нь гэж үзсэн нь тодорхойгүй байна.
Шийтгэх тогтоолын 30-р талд Х.Б-г гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж, удирдсан, У.З-г хамтран үйлдэгч нарын үүрэг оролцоог хуваарилсан гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3-р зүйлд заасан гэмт хэргийн зохион байгуулагчийн шинжүүдээр буруутгасан гэж үзэхээр байгаа боловч уг зүйл, хэсгийг журамлаагүй, У.З-ийн үйлдлийг “зохион байгуулагч” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-р зүйлд заасан “Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх” гэсэн үндэслэлүүдэд хамаарч байна.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1- р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч Л.А, М.Э, Д.Б, Г.Б нарын инженерүүдийн “явуулын эрх”-тэй холбоотой мэдүүлгийг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн байдалд тохироогүй дүгнэлт хийх нэг нөхцөл болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх, оюун дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримт бүрийг анхаарч үзэх, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх, үндэслэл бүхий дүгнэлт хийх чадвар дутсан байна.
Иймд тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/167 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, У.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйл, 7.1-р зүйлүүдэд зааснаар оногдуулсан хорих ялын төрлийг өөрчлөх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгөхийг хүсье” гэв.
6. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, саналдаа: “...Шүүх шийдвэр гарахдаа хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүнд оролцсон прокурор Ц.Батзаяа нь 2025 оны 02 сарын 18-ны өдрийн албан бичгийг үндэслэн шүүх хуралдаанд оролцсон. Энэ албан бичгийн дараа нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан нь хэд хэдэн удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өөрөөр хэлбэл Ц.Хулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцсоноор прокурор Ц.Батзаяад олгосон томилолт дуусгавар болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын хувьд хууль бусаар журам зөрчин тээврийн хэрэгслүүдийг Увс аймагт техникийн үзлэгт оруулж бусдад давуу байдал үүсгэсэн гэх үйлдлийг хангалттай нотлоогүй.
Шүүх шийдвэр гаргахдаа анхаарвал зохих зарим зүйлийг анхаарч үзээгүй. Үүнд: техникийн үзлэгийн явуулын эрхийг зөвхөн энэ ажиллагаанд зориулан нээж өгсөн эсэх, хэрэв тийм бол тухайн этгээд нь хамжигч мөн эсэхэд, хавтаст хэрэгт эх материалаараа авагдсан техникийн гэрчилгээнд яагаад Өмнөговь аймгийн тэмдэг дарагдсан талаар, энэ тэмдэг нь тухайн орон нутагт техникийн үзлэгт орсон эсэх эсхүл хуурамчаар дарсан эсэх, хэрэв тийм бол яагаад энэ гэмт хэрэг биш талаар анхаарч үзээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б.А нь Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Тухайн багийн иргэд “Бат-Үржихүй” ӨЭМТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байх ба тэрээр артерийн даралт ихсэлт оноштойгоор өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж, сар бүр даралтаа хянуулж тохирсон эмчилгээ хийлгэдэг байна.
Түүнчлэн Б.А нь хувийн байдлын хувьд ам бүл 1, ганцаараа амьдардаг ганц бие эцэг юм. Өндөр насны тэтгэвэр нь түүний амьдралд хүрэлцэхүйц байдаггүй тул хот хоорондын нийтийн тээврийн компанид мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна.
Миний үйлчлүүлэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжоор хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж нутаг дэвсгэрийн хэмжээг Увс аймгийн Улаангом сумын 4, 11, 12-р багийн хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэжээ.
8. Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Б.А-ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, нутаг дэвсгэрийн хэмжээг Увс аймгийн Улаангом сумаар хэмжээгээр тогтоож өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг танан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байгаа болно. Үүнд:
Нэгдүгээрт “...шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй атлаа хэргийн талаар нотолбол зохих байдлыг ‘‘хангалттай” бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна”
Хоёрдугаарт “...шүүхийн шийдвэрт хийгдсэн ажиллагаа, иргэний хариуцагчаас гаргуулах төлбөрийн талаар үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх эсэхэд эргэлзээ төрөхөд хүргэж байна”
Гуравдугаарт “...шийтгэх тогтоолын үндэслэл болж буй нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа буюу тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлээгүй байна.
Дөрөвдүгээрт “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦ/167 дугаартай “Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай” шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны бичлэгээс зөрүүтэй тусгагдсан, тусгагдаагүй орхигдуулсан ноцтой зөрчил гаргасан.
Шүүх хуралдааны явцад яригдсан асуудлыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй олон минутын ярьсан үйл баримтыг орхигдуулсан, зөрүүтэй тэмдэглэсэн байтал тус тэмдэглэлд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурж баталгаажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн дээрх хууль зөрчсөн үйлдлийг техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна.
Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
10. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Бэлгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, саналдаа: “Прокурорын яллах дүгнэлтэд Х.Б-г нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3 дахь заалтуудыг зөрчиж өөрийн шууд удирдлагад ажилдаг Увс аймгийн автотээврийн төвийн дарга У.З инженер Б.А, техникч Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож тэдгээртэй бүлэглэн нэр бүхий 4 компани тээврийн хэрэгслүүдийг үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж тэдгээрт давж байдал олгосон гэж дүгнэсэн.
Гэтэл өмгөөлөгч Д.Соронзонболдын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн албан бичгээс үзвэл, хавтаст хэрэгт дурдагдсан нэр бүхий тээврийн хэрэгслүүд техникийн хяналтын үзлэгт орсон тухай Өмнөговь аймгийн автотээврийн төвийн баталгаа бүхий дардас дарагдсан байна.
Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдэд хэрхэн яаж авто тээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг дахь салбарын 053,153 дугаар бүхий тэмдэг дарагдсан байгаа талаар бүрэн шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд харшилж байна. Түүнчлэн тухайн үед мөрдөгдөж байсан MNS 5011:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлагын С хавсралтад буй дүгнэлтийн хуудсуудыг бичгээр үйлддэг талаар дурдсан байдаг. Гэтэл хэргийн материалд зөвхөн цахимаар үйлддэг ба цахим мэдээллийн программ устсан гэх Автотээврийн үндэсний төвийн албан тоот дээр үндэслэн Монгол улсын стандартад заасан холбогдох бичгийн нотлох баримтыг тус төвөөс гаргуулж аваагүй, авах ажиллагаа хийгдээгүй байдаг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэр бүхий компани тээврийн хэрэгслүүдийг техникийн үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлсэн шүүгдэгч нарын үйлдэл дөрвөн хуулийн этгээдэд эдийн бус ашигтай байдал бий болгосон гэж дүгнэсэн .
Гэтэл дээрх тээврийн хэрэгслүүд хэрэг болсон цаг хугацаанаас хойш тогтмол ачаа тээврийн ажил гүйцэтгэж цаг тухайд нь үзлэгт орж байсан нь дээр дурдсан өмгөөлөгч Д.Соронзонболдын гарган өгсөн баримтаар тогтоогддог. Дээрх нотлох баримтуудад анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан гэрч М.Э, С.Б, З.Ч, Ж.Д, О.Ч нарын мэдүүлэг нь ажил үүргийнхээ хуваарийг тайлбарласан, өдөр тутмын үйл ажиллагаагаа тайлагнасан шинжтэй байхад уг мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг хууль бус гэж үзсэн.Гэтэл уг гэрчүүд нь тухайн хэргийн талаар ерөөсөө мэдэхгүй дамжмал байдлаар хэргийн талаар олж мэдсэн, нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй байхад нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу дангаараа нотлох баримт болох хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Х.Б-ийн үйлдэлд прокурор, анхан шатны шүүхээс дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь аль хот, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, үйлдэл хаана эхлээд аль аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төгссөн эсэх талаар тогтоогоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн, бодитой, бүх талаас нь тогтоогоогүй гэж үзэж байна.
2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд хийгдсэн дотоод хяналт, шалгалтын материалыг үндэслэн нэгэнт албаны шалгалтаар тогтоогдсон гэдэг байдлаар шүүгдэгч нарт хандаж хэргийг хүлээлгэж мэдүүлэг авсан байдаг.
Миний үйлчлүүлэгч Х.Б нь шинээр томилогдсон даргатайгаа аливаа нэг харилцааны зөрчил үүсгэхгүйн тулд тухайн асуудлыг дотооддоо шийдвэрлүүлж, ажил олгогчийн хүссэн тайлбарыг нь өгч үндсэн цалингийн хэмжээг 3 хүртэлх сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Гэтэл АТГ-ын мөрдөгчид дээрх баримтыг ашиглан өөрийнх нь болон бусад этгээдүүдийн эсрэг мэдүүлэг авсан нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн G заалтад заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй гэж заасныг зөрчсөн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг удаа дараа өгсөн, Х.Б-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ буцаагүй, зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биеэ зүй зохистой авч явж мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирсэн, цаашлаад өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан хүсэлтээрээ хэргийг бүрэн, бодитой бүх талаас нь шалгаж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьж байсан.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж уг хэрэгт оногдуулж байсан торгох ялыг хасаж нэмэлт өөрчлөлт орсон.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл нь 2018 оны 08 дугаар сарын 06-аас 08-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр, 2019 оны 04 сарын 14-ний өдөр гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх буюу торгох ял оногдуулах боломжтой эсэх талаар огтоос дурдаагүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай 05 дугаартай тогтоолоор эрүүгийн 20410001600196 дугаартай хэргээс шүүгдэгч Х.Б-д холбогдох үйлдлийг тусгаарлаж 2102000000063 мөрдөн байцаалтын дугаар авч хэргийг тусгаарласан байдаг. Гэтэл тухайн хэрэгт П.Д-ыг “Автотээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, “олон улсын байнгын ачаа тээвэрлэлтэд ашиглагдах хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг”-ийн даргаар тус тус ажиллахдаа хахууль өгөгч А.А-ийн “улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл” авах гэсэн ашиг сонирхлын үүднээс нэр бүхий тээврийн хэрэгслүүдэд “С” зөвшөөрөл авахаар хэрэгт дурдсан компанийн хувьцаа эзэмшигч А.А-с 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүргэн Б.Г-р дамжуулан 100,000 ам долларын хахууль авсан үйлдлээс Х.Б-ийн үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэхдээ яллагдагч Г.Д, Х.Б нарын үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн шинжтэй байх ба Х.Б-д холбогдох хэргийг тусгаарлах нь 2041000160196 дугаартай хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн атлаа А.А, Б.У нарыг иргэний хариуцагчаар тогтоож мэдүүлэг авсан байна.
“С”, “Б”, “У”, “Т” ХХК-уудын хувьцаа эзэмшигч А.А, Б.У нарыг иргэний хариуцагчаар татаж, компаниудын санхүүгийн тайлан мэдээллийг шалгаж, шинжээч томилон дүгнэлт гаргуулсан нь хэргийг буруу тусгаарласан, буруу тусгаарласан үйлдлийн улмаас А.А, Б.У нарыг ял завших нөхцөл байдлыг зориудаар бий болгосон гэж ойлгогдохоор байна. А.А-ийн яллагдагчаар татсан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт одоог хүртэл тодорхойгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар тухайн гэмт хэрэгт ямар үүрэг, оролцоотой оролцсон талаар нэг мөр хөдөлшгүйгээр шалгаж тогтоогоогүй.
Дээрх үндэслэлүүдэд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалт, мөн 39.7 дугаар зүйлийн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5 дахь заалтад заасан нотлох баримтыг ашиглаж дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл болж байна,
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж Увс аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
11. Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм дээрээ маргаагүй бөгөөд хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн.
Б.Б-д өмнө нь шүүхээс 1 удаа ял оногдуулж байсан ба тэрхүү ялыг эдэлж дуусгасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг удирдлага болгон энэхүү нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.
Анхан шатны шүүх Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн.
Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Б.Б-ын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хэмжээг багасгаж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүс нутгийн хязгаарыг Улаангом сумын нутаг дэвсгэрээр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
12. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэргийн бодит байдлыг тогтооход прокурор маш хариуцлагагүй хандсан.
Авто тээврийн үндэсний төв гэдэг байгууллагын эрх зүйн үндсийг тогтоож, шалгаж үзсэн баримт байхгүй. Авто тээврийн үндэсний төвийн дүрэм, дотоод журам нь байхгүй. Авто тээврийн үндэсний төвийн дүрэм, бүтэц зохион байгуулалтыг баталж, шинэчлэн баталсан 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 17 дугаар тушаалд илэрхий нэг баримт байгаа, хайгаад үзвэл гарч ирнэ. Үндэсний төвийн бүтэц зохион байгуулалтын бүтцэд техникийн асуудал хариуцсан дэд захирал гэж байгаа. Орон нутгийнхан тэргүүн дэд захиралд шууд харьяалагдаж байгаа. Х.Б-ийн албан тушаалын байдлыг тодорхойлохдоо Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал гэж байхгүй албан тушаалд ял халдаах бодлого барьсан.
Шүүхийн шийтгэх тогтоолд Б.У-ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нь няцаасан. Мэдүүлгийн зөрүүг мөрдөн шалгах ажиллагаанд үнэн бодитойг нь тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурорт хэргийг нотлох чиг үүрэг байдаг, өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг шүүгдэгчид байхгүй. Урьдчилан үгсэн тохиролцсон гэж байгаа, яаж үгсэн тохиролцсон гэдгийг мөрдөгч, прокурор, шүүх тогтоогоогүй.
Шийтгэх тогтоолын 21 дүгээр талд “хэргийн үйл баримтыг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж гэм буруугийн талаар маргасан” гэж дүгнэсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд мэтгэлцээд, шударга шүүхээр эрхээ хамгаалуулах зорилгоор ирж байхад нь чи гэм буруугаа хүлээгээгүй, ухамсарлаагүй бол чиний хувийн байдал чинь дордоно гэдэг байдлаар дүгнэсэн нь маш буруу. Үүнээс улбаалаад шийтгэх тогтоолын 27-р талд, “гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй” гэж дүгнэсэн. Мөн шийтгэх тогтоолд “хүнд төрлийн ял болох хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн, хүнд төрлийн ял гэж ямар ял юм бэ?
Мөн шүүх гэм буруугийн асуудалд дүгнэлт хийхдээ, гэмт хэргийг давтан үйлдсэн, 2018, 2019 онд давтан үйлдсэн гэдэг байдлаар дүгнэсэн, хорих ял оногдуулах шийдвэр нь энэ үндэслэлгүй дүгнэлтээс улбаалж гарсан. 2015 оны эрүүгийн хуульд давтан үйлдэх гэх ойлголт, эрх зүйн зарчим байхгүй.
Яллах дүгнэлтээр Б.У, Р нарын асуудлыг шалгаж, яллаж орж ирээгүй байхад шүүхээс Б.У-д давуу байдал бий болгохоор тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн. Прокурор гэм бурууд яллах дүгнэлтийн хүрээнд 40 нотлох баримтаар У, Р нарыг гэмт хэргийн үйлдэл байхгүй байна гэж дүгнэж, яллагдагчаар татаагүй байхад шүүгч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болохоос ер нь бол яллаж орж ирэх байсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Прокурорын яллах дүгнэлтэд 40 баримыг нэрлэн дурдсан, үүнд 14 гэрчийн мэдүүлэг, 3 иргэний хариуцагчийн мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтыг оруулж ирснийг шүүхээс 44 ширхэг нотлох баримт болгоод дүгнэсэн. Шүүх хуралдаанд шинжлэн судлуулаагүй, шүүхээр хэлэлцүүлэгдээгүй нотлох баримтыг шүүх үнэлсэн, 7 дугаар хавтаст хэргийн 193-194 дүгээр талд байгаа дансны тэмдэглэлийг шүүх өөрөө санаачилгаараа оруулж ирж байгаа нь шүүх хөндлөнгийн байх шаардлагыг зөрчсөн.
77-115 дугаар талд байгаа нотлох баримтуудад бүгдэд нь АТГ-ын хуулбар үнэн дарчихсан. Нотлох баримтыг хуулийн дагуу авч, бэхжүүлж байж нотолгооны чанараа алдахгүй шүүхэд үнэлэгдэх ёстой. Шүүх прокурорын 40 нотлох баримтыг бүгдийг нь нотлох баримтын шаардлага хангасан байна гэж ямар үндэслэлээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй.
Миний хувьд нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д заасан үндэслэл хангалттай тогтоогдож байгаа гэж харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Ийм учраас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж харж байна. Саналаа дэмжиж оролцож байн ” гэв.
13. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Р.Булгамаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүх хурал эхлэхийн өмнө би үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлсэн. Шүүх хурлын процессоос болж миний хөнгөрүүлэх байр суурь магадгүй хүний эрх зөрчсөн, хууль дүрэм зөрчсөн олон фактуудад үндэслэсэн, чиг хандлага нь өөрчлөгдөх магадлалтай байна.
167 дугаар шийтгэх тогтоолд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байгааг шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хянаж үзнэ үү.
Шийтгэх тогтоолын 2 дахь талд байгаа /7 дахь хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас /буюу шүүх хуралдаанаар аль ч талын шинжлэн судлаагүй нотлох баримт үндэслэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэнд тогтооно гэж заасан хэм хэмжээнүүдийг зөрчсөн нь харагдаж байна.
Шийтгэх тогтоолын 21 дүгээр хуудаст: шүүгдэгч Х.Б нь хэргийн бодит баримтыг өөртөө ашигтай байдлаар тайлбарлан гэм буруугийн талаар маргажээ, 27 дугаар хуудаст: шүүгдэгч Х.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдлыг үндэслэж гэх мэтчилэн дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг хэн ч шаардах эрхгүй гэх зэрэг хуулийн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Шийтгэх тогтоолын 30 дугаар хуудаст байгаа, Х.Б-ийн үйлдэл, оролцоог харгалзан тус хэсэгт заасан хүнд төрлийн ял болох хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ гэжээ. Монгол Улсын Эрүүгийн хууль болон дэлхий нийтийн эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хүнд төрлийн ял гэх зохицуулалт байхгүй.
Шүүгдэж байгаа 4 хүнээсээ ганцаараа өөр байр суурь илэрхийлснийх нь төлөө түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль бус дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн нь Монгол Улсын хууль тогтоомж төдийгүй нэгдэн орсон хүний эрхийн олон улсын конвенцүүдэд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл баримт болжээ.
Эрүүдэн шүүхийн эсрэг 1984 оны конвенцийн 5 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зэрэг холбогдох зүйл заалтуудаар гэм буруугаа хүлээсэн эсэхээс үл хамаарч, нотолгоогүйгээр гэм бурууг тогтоох ёсгүй гэдэг зарчимтай.
Гэм буруугаа хүлээхгүй байх нь хүний хууль ёсны эрх юм. Ял хөнгөрүүлэхэд нөлөөлж болох ч ял хүндрүүлэх шалтгаан болж хэрхэвч болохгүй. Тийм учраас олон улсын гэрээ, Монгол улсын холбогдох хууль, эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээг зөрчиж байгаа нөхцөл байдалд шүүх бүхэлд нь дүгнэлт хийнэ үү. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан эсэхийг бүхэлд нь хянаж үзээсэй гэж хүсэж байна.
Өмнөговь аймагт 25-30 мянган том машинууд үйл ажиллагаа явуулдаг, нэг дор бүгдийг нь оношилгоонд буюу мэдээллийн санд шивж болохгүй байсан учир авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан миний үйлчлүүлэгч Х.Б төлөвлөгөө норм хамгийн багатай аймаг Увс аймаг байна гээд тухайн аймгийн У.З даргатай ярилцаад “Танайх мэдээллийн санд шивж оруулах ажлыг хийж болох уу” гэхэд “болно” гэсэн байна. Ингээд 14,298,000 төгрөг орох ёстой төсөвтөө орсон. Иймд энэ нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж үзнэ үү.
Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс огт харгалзаж үзээгүй. Хууль зүйн бодит байдлыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр шийтгэх боломжтой нөхцөл байдал буюу ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хорих ял оногдуулсан нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн хувьд зохистой биш байна гэх саналыг хэлмээр байна” гэв.
14. Иргэний хариуцагч Ц.А, А.А нарын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шийтгэх тогтоол гарсны дараа улсын яллагчийн зүгээс иргэний хариуцагч нартай холбогдуулан давж заалдах журмаар эсэргүүцэл бичээгүй.
Увс аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийн хүрээнд гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
15. Иргэний хариуцагч Б.У-ы өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн агуулгын хувьд эргэлзээтэй, хэргийг шийдвэрлэхэд хангалтгүй байсан гэдгийг 7 асуудлын хүрээнд оруулж өгсөн. Гол дүгнэсэн үндэслэл нь бодит аудит шинжээчийн дүгнэлтээр компанийн нийт орлогыг тооцоолж гаргасан, компанийн бусад үйл баримтыг тодорхой тусгаагүй. Шинжээч эцсийн дүгнэлтээрээ гэмт хэргийн улмаас улсад болон компаниудад хохирол, хор уршиг учраагүй гэж гаргасан байгаа.
2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0548 дугаар албан бичгээр нэр бүхий 4 компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, хувьцаа худалдаж авах гэрээ, мөнгө шилжүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл зэргийг бүрэн эхээр, нотлох баримтын шаардлага хангуулан нотариатаар батлуулан гаргаж өгсөн. Тухайн баримтуудаар миний үйлчлүүлэгч Б.У, Ц.А, А.А нар нь Бүгд найрамдах Хятад улсын иргэнээс нүүрс тээврийн 600 машиныг зээлээр аваад тухайн үйл ажиллагааны явцад зээлээ төлж байгаад үйл ажиллагаа нь доголдоод зээлээ төлөх боломжгүй болсон учраас буцаагаад шилжүүлсэн асуудал байгаа. Нэр өөрчлөгдсөн тухай анхан шатны шүүхэд яригддаг, нэр өөрчлөгдөхөөс өмнө миний үйлчлүүлэгч аль хэдийн хувьцаагаа шилжүүлээд өгчихсөн байсан.
Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.12 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого, нэр бүхий 4 компанийн хувьцаа эзэмшигч Б.У-аас 4 компанийн орлогыг гэмт хэргийн улмаас олсон орлогод тооцож, нийт 24,533,693,653 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулахаар санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлан гаргасан шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг буцаан хэрэглэх боломжгүй.
Прокурорын яллах дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын талаар шүүхийн явцад баримт шинжлэн судлуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, иргэний хариуцагчаар татахад ашигласан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Шинжилгээ хийсэн шинжээч Х.Ундарга нь хохирол хор уршиг тогтоогдоогүй гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
16. Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгууллагын онцлог, тэр тусмаа Авто тээврийн салбарын онцлог гэж байдаг. Маш их ачаалалтай байгаа газраа ажлыг нь хөнгөвчлөх зарчмаар менежмент хийж, түргэн шуурхай болгосноороо зөвхөн байгууллагын орлого биш улс орны орлого болж эрх зүйн чадамж, валютын урсгал Монгол Улсад орж ирэх ёстой.
2019 онд Увс аймгийн авто тээврийн дарга У.З руу чат бичсэнийхээ төлөө би өнөөдөр буруутан болоод зогсож байна. Энэ бид нарын менежментийн асуудал байсан. Орлогыг нь аваад үзлэгийг нь хийчихсэн, техникийн хяналтын гэрчилгээнд инженер тамгыг нь дарсан. Та бүхэн 2019 онд хөдөө орон нутагт явахдаа гэрчилгээгээ үзээд явдаг. 14 сая төгрөгийг би Увс аймгийн хөрөнгө орлогод оруулаад сайжруулъя гэсэн аймгийн төлөө чин сэтгэл байсан учраас буруутан болоод явж байна. 4 сар цагдан хоригдсон, эрүүл мэндийн шалтгаантай асуудлууд байна. Эрхэм шүүгч нар энэ асуудлыг олон талаас нь дүгнэн шударгаар шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэв.
17. Шүүгдэгч У.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өмгөөлөгч нартайгаа адилхан байр суурьтай байна” гэв.
18. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эхнэр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан. Би өндөр настай ээжийн хамт амьдарч байсан бөгөөд ээж маань 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Одоо ганцаараа амьдарч байна.
Миний бие хот хоорондын зорчигч тээврийн “Боршоо хүдэн” компанийн хүсэлтээр 2023 оны 9 дүгээр сараас тус компанид механик инженерээр ажиллаж байгаа. Компани маань 12 дугаар багт байрлалтай ба үйл ажиллагаа явуулдаг газар нь 5 дугаар багт байрладаг. Улмаар Авто тээврийн үндэсний төв дээр очиж шалгадаг, зам зохицуулж өгч автобусаа гаргадаг ажилтай.
Эрүүл мэндийн хувьд артерийн даралт ихсэх оноштой, эмчийн хяналтад байдаг. Миний амьдардаг 4 дүгээр багт өрхийн эмнэлэг байхгүй. Нэгдсэн эмнэлэг маань 3 дугаар багт байрладаг. Үйлчилгээ авдаг өрхийн эмнэлэг маань 11 дүгээр багт байрладаг. 11 дүгээр багт зарим үед ачаалал их, оочер дугаар нь байхгүй гэдэг байдлаар өөр өрхийн эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Иймд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.
19. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд хэргийн талаар маргахгүй байгаа. Өмгөөлөгчийнхөө гаргасан байр суурьтай санал нэг байна.
Би техникийн хяналтын үзлэгийн техникч гэх ажлыг 2018, 2019 онд хийж байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод заагдсан өдөр тутмын ажил маань техникийн хяналтын үзлэг хийх явцад туслах л үүрэгтэй байсан. Тээврийн хэрэгсэл тэнцэх, тэнцэхгүйг урьдчилж мэдэж зохицуулах боломжгүй. Тухайн ажлын байранд техникийн хяналтын үзлэгийн инженерийн үйл ажиллагаанд туслах үүрэгтэй оролцоно л гэсэн заалттай байсан бөгөөд өдөр тутмын ажлын хүрээнд инженер тухайн тээврийн хэрэгслүүдийг шивэх үйл ажиллагаа явагдаж байсан. Миний хувьд энэ ажилд оролцож, шивэлцэж туслах гээд өөрөө мэдэхгүйгээр хэрэгт холбогдсон.
Авлигатай тэмцэх газраас намайг нийтийн албан тушаалтан биш гэсэн тодорхойлолт гаргасан. Нэг буруутгаж байгаа зүйл нь Олон улсын авлигын эсрэг конвенцэд нэгдэж орсон тодорхойлолтод багтаж байгаа учраас шийтгэх юм байна. Төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг хүнийг хамааруулж болно гэх тодорхойлолт юм байна. Би төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг хүн биш, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг хүнийх ажилд нь тусалдаг байсан. Тухайн тодорхойлолтод би хамаарах эсэхийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
Миний хувьд 3 хүүхэдтэй, 2 нь сургуульд, нэг нь цэцэрлэгт хүмүүждэг, байнгын хүүхдүүдээ хүргэж өгч, авч гараас гарт гэж явдаг. Эхнэр маань жирэмсэн учраас үр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх нь миний үүрэг. Миний гэм буруутай эсэхийг нь тогтоож өгнө үү. Гэм буруутай гэж үзвэл торгох ялын доод хэмжээг оноож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Т.Уянга, Б.Батцэнгэл, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх, Д.Бэлгүүн, Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхболд нарын гомдлуудыг тус тус үндэслэн, Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох, 2102000000063 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
2.1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайханы хүсэлтээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу дүрсний бичлэгийн зарим хэсгээс шинжлэн судалсан ба уг бичлэгийг шинжлэн судлах явцад шүүх хуралдааны явцад хөтөлсөн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй болох нь тогтоогдож байна.
2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-т: “энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна” гэж, мөн зүйлийн 2-т “шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж тус тус заасан байна.
Гэтэл шүүгдэгч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл нь дээрх хууль ёсны шаардлагад нийцээгүй, зарим шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгийг орхигдуулах, дутуу тусгах зэргээр хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Тухайлбал,
- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ийн 12 минутын хугацаанд өгсөн мэдүүлгээс 10 минутын хугацааны мэдүүлэг тэмдэглэлд тусгагдаагүй буюу орхигдуулсан байна, түүний өгсөн мэдүүлгээс:
- Яагаад Өмнөговь аймагт оношилгоонд орсон тээврийн хэрэгслийг бүртгэсэн бэ гэдэг асуудал байгаа. Бүртгэл оношилгоо бол өөр. Өмнөговь аймагт одоогийн байдлаар 25,000-30,000 тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Бүгдээрээ том оврын тээврийн хэрэгсэл байгаа. Өмнөговь аймагт нэг оношилгооны төв байгаа, Цогтцэций суманд явуулын оношилгооны төв байдаг, бид ид ачааллын үед Дундговь аймгаас, Дорноговь аймгаас, Говьсүмбэр аймгийн ажилтан албан хаагчдыг албадан дайчлаад Өмнөговь аймаг руу үзлэг оношилгоонд явуулдаг. Тэдгээр хүмүүс бүртгэлээ хийхдээ тухайн аймаг бүр дээрээ бүртгэлээ хийн, орлогоо авч явдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Та бүгд Дундговь аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн санхүүд шалгалт хийвэл Өмнөговь аймагт хийсэн оношилгооныхоо орлогыг авсан нөхцөл байдал байгаа” гэж,
- ... Увс аймгийн Автотээврийн үйл ажиллагаа орлогыг нь нэмэгдүүлээд, хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлье гэдэг зарчимтай байсан. Орлогын хэмжээ нь өндөр байвал хөрөнгө оруулалтыг нь нэмж өгөөд сайжруулъя гэдэг зорилготой байсан... ” гэж,
- “... хуучин нисэх буудлын тэнд байдаг байсан. Тэнд байсныг бид өөд нь татаад зорчигч тээврийн үйл ажиллагааг нь сайжруулсан. Орлого хяналтын төлөвлөгөө сайжраад ирэхээр техник хяналтын цоо шинэ төв барьж өгсөн.
Боломжоороо даргад нь шинэ машин, компьютер техник хэрэгслээр хангаж өгсөн. Мөн Увс аймгийн 100 жилийн бүтээн байгууллагын үйл ажиллагааг харж байхад Увс аймгийн Авто тээврийн төвийг тохижуулах санал орж ирж байсан, үүнийг бид Авто тээврийн үндэсний төвийн хөрөнгө оруулалтаар хийе, зорчигчдод тав тухтай байдал үүсгэе” гэж,
- “...Дараа нь ч гэсэн энэ хүмүүс нийлээд миний эсрэг дайрцгаая гэсэн асуудал яригдсан байсан, шударга байцгаая л даа. Бүгдээрээ шударга байя. Анх 2020 оны 08 дугаар сарын 01-нд яллагдагчаар татагдаад энэ асуудал яригдах үед би Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид нөхцөл байдлыг бүгдийг нь ойлгуулж хэлэхэд за тийм байна аа гээд таны хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гээд хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт явуулж байна гээд гарын үсэг зуруулаад явсан” гэж,
- “...тухайн үеийн прокурор нь хэн гэдэг прокурор байлаа даа, тухайн хяналт тавьж байсан прокурор өөрөө байгаагүй, өөр прокурор хөөж гаргасан. Харин сүүлд хяналт тавьж байсан Хулан прокурор бол “та бүгдийн эрх зүйн байдлыг дордуулсан зарим нэг хуулийн заалтууд байна. Үүнийг бид дээрдүүлээд яллах дүгнэлтэд чинь өөрчлөлт оруулж байна ” гэхэд би хоёр ч удаа очсон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон прокурор шүүхийн үйл ажиллагаанд дуудсан цаг тухай бүрд ирж мэдүүлэг өгөн хамтран ажиллаж ирсэн...” гэж,
- ...Сүүлд Соронзонболд өмгөөлөгчийн өгсөн гэрчилгээтэй би танилцсан. ОТ053, ОТ153 гэсэн хоёр тамга байсан. Энэ тамганы эзэмшигч бол Өмнөговь аймгийн техникч, Цогтцэций сум дахь техникчийн хоёр тамга байгаа. Увс аймгийн тамга ОТ045-тай байдаг...” гэж,
- ...Гол асуудал юу байна вэ гэхээр Х.Б гэдэг хүнийг ажлаа өгөхгүй бол энэ хүнийг ямар нэгэн аргаар, хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг, компанит ажлаар ийм нөхцөл байдалд хүргэсэн. Манай гэр бүлийн хүмүүжил, аав ээжийн хүмүүжил хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлө, хамтран зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэнэ гэдэг зарчимтай. Өнөөдрийг хүртэл би хамтран ажилласан нөхдөө ямар нэгэн байдлаар муу үгээр хэлж үзээгүй...” гэж,
- “...Эцэст нь хэлэхэд Өмнөговь аймагт техникийн хяналтын үзлэгт орсон, Увс аймагт бүртгэл хийж орлогыг нь авсан ийм л асуудал байгаа. Тэдгээр нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж бодож байна. Харин Өмнөговь аймгийн болон Цогтцэций сумын Авто тээврийн төв дээр ямар нэгэн шалгалт хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, өөр аймгууд дээр хийсэн. Гол хэрэг гарсан гэж үзэж байгаа газар бол Өмнөговь аймаг. Гэтэл техникч нар нь тэдгээр тээврийн хэрэгслийг үзээд тамга тэмдгээ дарсан байдаг. Бүр цаашилбал, тэдгээр олон тооны тээврийн хэрэгслийн жолооч нартай бүгдтэй нь уулзах шаардлагатай. Яагаад гэвэл энэ бол Б.Б, У.З, Б.А, Х.Б нарын үйлдэл биш. Үйлдэл нь тийм байж болох ч, бидний асуудал биш, бидний цаана гэр бүл байгаа. Бүгдээрээ гэр бүлтэй, эцэг эх, үр хүүхэдтэй, 5, 6 жил зовж байна, Бүгд бүтэн нойртой хонохгүй байна. Тийм учраас та бүхэн энэ асуудалд үнэн шударгаар хандаасай” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгийн хэсгүүдийг шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй, орхигдуулсан болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан анхан шатны шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
3. Дээрх нөхцөл байдлууд нь шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан шүүх хуралдааны тэмдэглэл, дуу- дүрсний бичлэг зөрүүтэй гэж үзэх үндэслэл болж байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт: баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, ... мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл ...болон энэ хуульд бусад баримтаар тогтоогдоно гэж тус тус зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад тооцогдоно.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрхэн хөтөлж, баталгаажуулах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан энэхүү журмыг зөрчиж бэхжүүлсэн нь давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-т: Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй үйлдсэн тус шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй нөхцөл үүссэн байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчдод танилцуулахаар, оролцогчид тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтээ гаргах эрхтэй байна.
Хэрэгт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг өмгөөлөгч Д.Бэлгүүнд танилцуулсан баримт авагдсанаас өөрөөр прокурор, оролцогчдод танилцуулсан талаарх баримт авагдаагүй байх тул шүүхээс танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Харин шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Бэлгүүн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тэмдэглэлд засвар оруулсан шийдвэр гаргасан байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл бүрэн гүйцэт хянагдаж, зөвтгөгдөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас дээрх зөрчлийг арилгах, зөвтгөх хууль зүйн боломжгүй болно.
6. Шүүгдэгч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Т.Уянга, Б.Батцэнгэл, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх, Д.Бэлгүүн, Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхболд нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, зарим шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад энэ удаад хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй болно.
8. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт тус тус өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ