Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00146

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00146

 

 

 

 

 

Б.Эрдэнэпүрэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэвийн хариуцагч Ж.Буянд холбогдох 16 000 000 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд хариуцагч Ж.Буян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие нь Ж.Буянгийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 000 000 төгрөг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Эхнэр Г.Алтантуяа, найз н.Баярмагнай нараар гэрчлүүлж 5 000 000 төгрөгийг Ж.Буянгийн Хаан банкны 5225171678 тоот дансанд шилжүүлж, 11 000 000 төгрөгийг бэлнээр өөрийн хадгаламжаас авч өгсөн. Сарын дараа хүүнд 50 000 төгрөг, 950 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Надаас зээлсэн мөнгөө цаашаа хүнд өгсөн гэж яриад байгааг мэдэхгүй. Бензиний мөнгөгүй болчихоод мөнгө асуухад 50 000 төгрөг өгч, дараа нь 950 000 төгрөг шилжүүлсэн байсныг хүү гэж бодсон. Одоо хүү авахгүй, зээлдүүлсэн 16 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний төрсөн эгч Ж.Болортуяагийн охин н.Саруулын найз Э.Энхчимэг онгоцны хямд тийз эрт захиалж аваад эргээд үнэтэй зардаг гэж эгч хэлсэн. н.Баярмагнай бид 2 мөнгө оруулаад 1 удаа өсгөж авсан гэж Б.Эрдэнэпүрэвт Ж.Болортуяа эгч дамжуулж хэлсэн. Б.Эрдэнэпүрэв мөнгөө өсгөхийн тулд надаар дамжуулж дансаар 5 000 000 төгрөг, бэлнээр 11 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авчирч өгсөн. Би уг мөнгөн дээр өөрийн дансанд байсан 13 000 000 төгрөгийг нэмээд нийт 29 000 000 төгрөгийг Э.Энхчимэгийн Хаан банкны 5225421756 тоот дансанд эгч Ж.Болортуяагийн нэрээр шилжүүлсэн. Би ч бас мөнгөө өгч хохирсон. Миний хувьд Б.Эрдэнэпүрэвийн мөнгөнөөс ямар нэг байдлаар өөртөө болон гэр бүлдээ ашиглаж зарцуулаагүй. Энэ мөнгийг Б.Эрдэнэпүрэвээс зээлээгүй, аман болон бичгийн гэрээ хийгээгүй. Харин Б.Эрдэнэпүрэв 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бензины мөнгө байна уу гэхэд өөрт байсан 50 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Ж.Болортуяа эгчээс орж ирсэн мөнгөнөөс 950 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг Б.Эрдэнэпүрэвийн 5111246331 тоот дансанд шилжүүлсэн. Ж.Болортуяа нь одоо Э.Энхчимэгийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулж байгаа.  

    Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шаргалжуут овогт Жамцын Буянгаас 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цагаан лам овогт Бямбаагийн Эрдэнэпүрэвт олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Буянгаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэвд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч болон миний бие хамтран ашиг олох зорилгоор Э.Энхчимэгт нийт 29 000 000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон байтал шүүх бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн болон миний мөнгө миний данснаас гараад өөр хүний дансанд шилжсэн байхад шүүх хариуцагч бусдад өгсөн мөнгөө буцаан авч чадаагүй байдлаа нотлоогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хуулинд хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болохоор зохицуулсан ба нэхэмжлэгч бид 2 хамтран ажиллаж ашиг олох зорилготой хэлэлцэн тохирч мөнгөө шилжүүлсэн нь нотлогдож байхад шүүх хуулийн буруу заалтыг баримтлан хариуцагч ашиг олсон мэтээр тайлбарласан тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэв нь хариуцагч Ж.Буянгаас 16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж шаардлагын үндэслэлээ .., 16 000 000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлж, хүүнд 1 000 000 төгрөг авсан гэж тайлбарлажээ.

Шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөн хөрөнгө зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дансаар 5 000 000 төгрөг, бэлнээр 11 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх боловч уг мөнгөн хөрөнгө зээлийн гэрээний үндсэн дээр шилжигдсэн гэх баримтгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. /хх22/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хамтран ажиллаж ашиг олохоор нэхэмжлэгчтэй тохиролцон түүний шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг өөрийн 13 000 000 төгрөгийн хамт онгоцны тийз хямд авч, өндөр үнээр зарж ашиг олдог Э.Энхчимэгт дамжуулан өгсөн гэж тайлбарладаг. /хх11/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй, уг үүргийг тайлбарлах талаар шүүх хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Хэрэгт хариуцагч Ж.Буянгийн эгч Ж.Болортуяагийн мэдүүлгээс гадна 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Болортуяагаас гэх утгаар 29 000 000 төгрөг 5225421756 тоот дансанд шилжүүлсэн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх боловч уг баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, хариуцагчийн татгалзлыг хангалттай нотлох баримт гэж дүгнэх боломжгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг хасч тооцож 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч тухайн маргаантай асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, тухайн мөнгийг шилжүүлсэн этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 102/ШШ2019/03206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

А.МӨНХЗУЛ