Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0443

 

Ц.А , Г.Ц , Ц.М , С.С  нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Ө.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын давж заалдах гомдлоор, Ц.А , Г.Ц , Ц.М , С.С  нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0423 дугаар шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10, 32.1.13, 159 дүгээр зүйлийн 159.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, Сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий Ц.А , Г.Ц , С.С , Ц.М  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, орон нутгийн хурлын дүнгийн холбогдох хэсгийн хүчингүй болгох, дахин сонгууль зарлах, орон нутгийн сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргаж, орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулах эрхийг Сонгуулийн Ерөнхий хороонд олгоогүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын зүгээс Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 тойрогт явуулсан сонгуулийг зохион байгуулсан Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харин Өмнөговь аймгийн сонгуулийн хороог Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай” 21 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтыг үндэслэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтыг үндэслэн татан буулгасан байсан. Иймд захиргааны байгууллагын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг зохицуулж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу татан буугдсан Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг-нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн тухай сонгуулийн хорооны гаргасан сонгуулийн дүнгээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах эрх зүйн үр дагаврыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцахаар байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2-т заасан үр дагавруудыг шаардаж байгаа болно. Харин Сонгуулийн хуулийн эдгээр заалтуудыг хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий этгээд нь тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага юм. Гэтэл Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо татан буугдсан байгаа бөгөөд ийнхүү татан буугдсан тохиолдолд татан буугдсан сонгуулийн хорооны бүртгэсэн нэр дэвшигч нарыг хэн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах вэ? гэдгийг Сонгуулийн хуулиар зохицуулаагүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн суурь зохицуулалт уг харилцаанд үйлчлэх ёстой. Ийнхүү хууль тогтоогчийн зүгээс нэг удаагийн шинжтэй асуудлыг зохицуулахаар байгуулагдаад зорилт чиг үүргээ хэрэгжүүлээд татан буугдчихаад байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар тодорхой хуульчилсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа, эрх, үүргийг зохицуулсан хуулиар Сонгуулийн ерөнхий хуульд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах эрх хуулиар олгогдоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь захиргааны эрх зүйн харилцаанд Захиргааны ерөнхий хуулиар дамжин шинээр орсон зарчмын шинжтэй чухал зохицуулалтын хэрэглээ, агуулга, ач холбогдлыг үгүйсгэсэн шийдвэр боллоо. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Сонгуулийн ерөнхий хороог эрхээ хэрэгжүүлэхийг шаардаагүй, харин ч эсрэгээрээ өөрийн татан буулгасан байгууллагынхаа үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг хариуцах үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.А , Г.Ц , Ц.М , С.С  нар нь Сонгуулийн ерөнхий хороог хариуцагчаар тодорхойлж, “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу татан буугдсан Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн тухайн сонгуулийн хорооны гаргасан сонгуулийн дүнгээс Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах эрх зүйн үр дагаврыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцах ёстой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Сонгуулийн ерөнхий хороо /цаашид “Хороо” гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн”, 3.3-т “Хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана” гэж мөн 7 дугаар зүйлийн 7.5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах Сонгуулийн ерөнхий хорооны хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгайлан заасан байх ба харин Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж, мөн хуульд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан эдлэх аймаг, нийслэлийн Сонгуулийн хорооны болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн талаар заасан.

Дээрх хуулийн зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан авч үзвэл, Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн тухайн сонгуулийн хорооны гаргасан сонгуулийн дүнгээс Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах зэрэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зохион байгуулалтын асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь Сонгуулийн ерөнхий хороог хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй. Сонгуулийн ерөнхий хороо нь зөвхөн Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхтэй байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно” гэж зааснаар 2016 оны Улсын Их Хурлын сонгуультай зэрэг явагдсан орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооноос татан буулгаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болсон бөгөөд Улсын Их Хурлын сонгууль нэгэнт явагдаж дууссан энэ тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль зохион байгуулагдах нөхцөл байдал бий болсон бол  мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар шинээр аймгийн Сонгуулийн хороог байгуулах учиртай.

Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн чиг үүрэг нь тусдаа буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах эрхгүй этгээдийг татан буугдсан аймгийн Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой гэх үндэслэлээр хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийхийг шаардах нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан зохицуулалтад хамаарахааргүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН