| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0725/Э |
| Дугаар | 749 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 749
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Ч-н Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808028890855 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн Ц.Д-ийг нүүр болон цээжин тус газарт нь гараараа цохих, өшиглөх үйлдлүүдээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн Ц.Д-ийг нүүр болон цээжин тус газарт нь гараараа цохих, өшиглөх үйлдлүүдээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- насанд хүрээгүй хохирогч Ц.Д-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдолд: “... “Хөтөл”-ийн сагсны шийдэн дээр дээд ангийнхаа хүүхдэд зодуулсан. Миний бие нь гомдолтой байна. ... гэх /хх-3/
- насанд хүрээгүй хохирогч Ц.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 06-ны орой “Хөтөл”-ийн сагсны шийдэн дээр найзууд болох А, Б, Б, А нарын хамт очсон. Тэгтэл 2 анги хоорондоо зодолдох гээд байхаар нь бид нар очоод садгасан бөгөөд би У-д хандаж “чи одоо болиоч, хүмүүсийг хооронд нь зодолдуулах гээд байх юм” гээд хальт маргалдсан. Тэгээд салаад явж байтал Т гэх хүүхэд намайг дуудаад эргээд хартал шууд миний нүүр лүү гараараа цохисон, намайг бултахад миний нүд рүү өшиглөсөн. Би өшиглүүлээд нүүрээ дараад газар унахад Т миний дээрээс 4-6 удаа дэвссэн...гэх мэдүүлэг /хх-8/
- насанд хүрээгүй гэрч Г.А-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байрлах “Хөтөл талдаа байрлах сагсны шийдэн дээр тоглож байхад ...манай сургуульд сурч байсан Т гэх ах хүрч ирээд Д-ийн нүүр лүү гараараа цохиход Д тонгойтол нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд газар унахад нь дахиад өшиглөсөн. Мөн гэдэс, нуруу, цээж, хавирга хэсэг рүү нь 4-6 удаа дэвссэн... гэх мэдүүлэг /хх-22/
- насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хичээлээ тараад Д, С, А, А нартай “Хөтөл”-ийн сагсны шийдэн дээр очоод байж байтал нөгөө ангийн У гэдэг хүүхэдтэй Д маргалдаад байсан. Тэгтэл манай сургуульд сурч байгаад гарчихсан Т гэдэг хүүхэд ирээд шууд Д толгой руу цохисон. Гэтэл Д доошоо тонгойход нүүр рүү нь өшиглөсөн. Д газар унасан бөгөөд Т дээрээс нь дэвсээд байсан... гэх мэдүүлэг /хх-23/
- насанд хүрээгүй гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хичээлээ тараад ангийнхаа хүүхдүүдтэй хамт явж байхад... нөгөө ангийн У гэдэг хүүхэдтэй Д маргалдаад байсан. Тэгтэл манай сургуульд сурч байгаад гарчихсан Т гэдэг хүүхэд ирээд шууд Дамидийн толгой руу цохиж унагаад дээрээс нь дэвсээд байсан... гэх мэдүүлэг /хх-24/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7269 дугаартай:...Ц.Д-ийн биед зүүн нүдний зовхи болон зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-12/,
- шүүгдэгч Ч.Т-ий мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шийдэн дээр очоод шууд Д-ийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон бас 2 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-49-50/ болон шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Т-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч Ц.Д эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж 320.000 төгрөг /хх-13-17/ нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж төлөх хугацааг 2 сараар тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон бусад байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохирлын 320.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Ч.Т-д үүрэг болгосугай.
5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй