Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/62

 

              Ц.А-д холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, мөн шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    Прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Ц.А, түүний  өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ц.А-д холбогдох, 2535000000075 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-ын А,

                            1. Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн Х сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Х.Б-ийн хотноос олон тооны бог мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

     2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолоор:

     - шүүгдэгч Б ургийн овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж;

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж;

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 10 настай, шарга зүсмийн, 1 тооны морь, 1 ширхэг хазаар, 1 ширхэг цулбуур, 1 ширхэг эмээлийг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлж;

      - шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;

    - шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж;

      - шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шарга зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг битүүмжилснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж;

       - шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг хазаар, 1 ширхэг цулбуур, 1 ширхэг эмээлийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

      3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

   Хэрэгт, гэрч нараас мэдүүлэг авахдаа тэдгээрийн эрхийг зөрчсөн байх тул тухайн мэдүүлгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд эдгээр гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д, Х.Б, Ц.У нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 25.1 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авсан байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-д заагдсан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

      Учир нь, гэрч Б.Д нь /хх-ийн 28, 29 дүгээр хуудас/ хохирогч Х.Б-ийн төрсөн хүүхэд, гэрч Ц.У нь /хх-ийн 26, 27 дугаар хуудас/ хохирогч Х.Б-ийн эхнэр, гэрч Х.Б нь /хх-ийн 32, 33 дугаар хуудас/ хохирогч Х.Б-ийн төрсөн ах, шүүгдэгч Ц.А-ийн төрсөн эгчийнх нь нөхөр байх ба эдгээр нэр бүхий гэрч нарыг хохирогч болон шүүгдэгчийн хэн алиных нь гэр бүлийн гишүүн гэж үзэхээр байна.

     Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхийг зөрчиж авсан гэрч нарын мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

   - Хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба түүний өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримттай тохирохгүй байхад анхан шатны шүүх агуулгын хувьд зөрүүгүй гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     Хохирогч 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ: “Манайх 2024 оны жил эцсийн мал тооллогоор 284 толгой хонь тоолуулсан. Үүнээс 12 толгой хонь нядлаад 272 толгой хонь үлдсэн байсан юм. 2025 оны 01 сарын 06-ны өдөр гадна хүйтэн байсан тул хонио 12 цаг гэж хашаанаас гаргахад 12 толгой хонь дутаж 260 толгой мал байсан. Манай хонины хашаа гэрээс З0 метр орчим зайтай байдаг, би хонины хашааны хаалгыг цоожилдоггүй, уядаггүй, банзаар амыг нь хаагаад орхидог юм. Би алга болсон 5 тооны хонио тэр орой шууд авсан, надтай хамт мөр хөөсөн хүмүүс бүгд энэ талаар мэдсэн” гэжээ.

      Дээрх мэдүүлгээс үзвэл, хамгийн сүүлд малаа хэзээ тоолж бүртгэсэн, хүнсэнд ямар насны хонь хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

      Мөн хохирогчийн малын хашаа нь хаалгагүй, дээрээс доош эсгий унжуулаад орхидог байсан талаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 6-8 дугаар хуудас/ бэхжүүлжээ. Гэтэл хохирогч банзаар хаадаг байсан талаар болон хохирогч Х.Б “... тухайн мөрийг мөшгөж яваад Ц.А-ийн хот руу оруулсан бөгөөд тэдний хотноос гарсан малын мөр байхгүй байсан” гэж мэдүүлсэн.

     Гэтэл гэрч Ц.Ц, Э.ЦЭ нар нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын төвийн зүүн талд 5 тооны хонь байгааг олж мэдсэн, энэ тухайгаа хохирогчийн эхнэрт хэлсэн талаар мэдүүлсэн.

     Ц.А-ийн хувьд хохирогчийн 5 тооны хонийг хулгайлсан ба тухайн хонийг буцаагаад алдчихсан, тасраад явсан гэж мэдүүлдэг. Түүний энэ мэдүүлэг нь гэрч Ц.Ц, Э.ЦЭ нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх ба “Ц.А-ийн хотноос гарсан малын мөр байхгүй байсан” гэх хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

    Мөрдөгч, прокурор нар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  үүргээ хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

     Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзвэл Ц.А-ийн үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

      Иймд Ц.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

    4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн 5 тооны хонь хулгайлж авсан үйлдлээ  тогтвортой хүлээн мэдүүлсэн. Энэ талаар ямар нэгэн маргаан байдаггүй. Хохирогчид хохирогчийн хэлсэн үнийн дүнгээр хохирлыг төлж барагдуулсан. Яагаад илүү хохирол төлсөн талаараа Ц.А хэлэхдээ, намайг цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээч, би таны 5 хонийг чинь авчихсан. Аваад буцаагаад тасраад явчихсан гэдэг талаар мэдүүлж байсан. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан Ц.А-ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хохирогч Х.Б-ийн удаа дараагийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдаг.

     Гэрч Ц.У, хохирогч Х.Б нар нь анх 5 тооны хонийг тухайн үед мөрийн хөөгөөд Ц.А-ийн гэр лүү очиж хүлээж аваад ирсэн. Үлдэгдэл 7 тооны хонь нь байгаагүй. Бид нарт 12 тооны хонины хохирлыг төлсөн гэж мэдүүлсэн. Ц.А нь  5 хонийг надаас хүлээж аваагүй, сумын төвийн тэнд явж байхад нь өөрсдийнх нь хамаатны хүмүүс олоод танай хонь тасарч явсан байна гэж олж өгсөн байна. Э.ЦЭ, Ц.Ц гэх хүмүүсийн оролцоотойгоор малаа хүлээж авсан. Энэ талаар мэдүүлээгүй байна, тодруулаад өгөөч гэдэг байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

    Гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй,  хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэж байна. Магадгүй энэ хүмүүст төрсөн эгчийнх нь нөхөр, төрсөн хүүхэд, эхнэр гэх хоорондоо холбоо хамаарал бүхий хүмүүсээс мэдүүлэг авахдаа тухайн хуулийг сануулсан бол эрхээ эдлэх ёстой байсан.

     Тэдгээр гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэхээргүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын чадвараа  алдаж байна гэж харж байгаа. Хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэл байхгүй, үнэлэх боломжгүй.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Б удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шүүх уг  мэдүүлгийг агуулгын хувьд зөрөөгүй байна гэж  үнэлж, хэргийг шийдвэрлэж байгааг өмгөөлөгчийн хувьд санал нэгдэхгүй байгаа.

       Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Ц.А-ийг бусдын олон тооны буюу 12 тооны малыг хулгайлсан гэж буруутгах нотлох баримт байхгүй байгаа, Ц.А 5 тооны малыг хулгайлсан гэдгээ хүлээсэн учир энэ хэмжээнд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 сарын 25-ны 181 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.

     5. Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би  5 хонийг авсан гэсэн  12 тооны хонь байсан гэж  гүтгээд байхаар нь цагдаад битгий хэлээрэй гээд төлбөр мөнгийг нь өгсөн юм. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдолтой санал нэг байна” гэв.

      6. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна.

    Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.А нь хохирогч Х.Б-ийн 12 тооны хонийг  хотноос тууж явсан үйл баримт хэргийн нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

      Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар малын мөрийг мөрдөж  уг мөрөөр 12 тооны хонийг Ц.А-ийн хотонд тууж очсон нь тогтоогдсон. Харин  Ц.А-ийн хотноос малын мөр гараагүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж тодорхойлсон. Үүнээс дүгнэхэд гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал хөтөлбөргүй тогтоогдсон.

      Анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй, зүйлчлэл өөрчлөх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн, Ц.А-д холбогдох, 2535000000075 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

     2. Шүүгдэгч Ц.А-ийг хохирогч Х.Б-ийн 12 тооны бог мал  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон буюу шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

     3. Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн Х сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Х.Б-ийн хотноос  12 тооны хонь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     - хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...би Увс аймгийн Х сумын 5 дугаар багийн нутаг “Хотгор өлөн” гэх газар мал маллаж амьдардаг. Манай 2024 оны жил эцсийн мал тооллогоор 284 толгой хонь тоолуулсан. Түүнээс хүнсэнд 12 тооны хонь нядлаад 272 толгой хонь  үлдсэн. Би өдөр бүр хонио хашаанаас гаргаад араас нь шууд явж өөрөө хариулдаг. Хүний малд ойртуулж нийлүүлдэггүй, хониноос салдаггүй хүн байгаа юм. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гадна хүйтэн байсан тул хонио 12 цаг гэж хашаанаас гаргаад бүртгэж байтал улаан цоохор зүсмийн эр хонь, шар халзан зүсмийн эр хонь, хар амтай цагаан эр хонь дутсан тул  хонио тоолсон чинь 272 толгой хониноос 12 толгой мал дутаж, 260 толгой мал байсан. Тэгээд би хонь хулгай авсан байна гэж сэжиглээд гэрийн ойр орчимд цасан дээр мөр хайж нэлээн явж байтал ертөнцийн зүгээр урд зүгээс нэг морьтой хүн ирээд буцахдаа манай хотноос 10 гаран тооны хонь тууж явсан мөр байсан. Тэгээд араас нь хайх гэтэл цаг орой болсон их хүйтэн байсан тул тэр өдрөө орхиод маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн үед хүү Б.Д болон манай ойр хавьд Р.Ж, Б.С, Т.Г, Х.Б гэх хүмүүсийн хамт морьтой явж хонь тууж явсан морьтой хүний мөрийг мөрдөж ертөнцийн зүгээр урд зүгт явсан. Мөр манай гэрээс 17 орчим км яваад Х сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр “Ү” гэх газарт өвөлжиж байсан Ц.А гэх айлын хотонд бидний мөрдөж явсан мөр орсон юм. Ингээд би Ц.А-тэй уулзсан чинь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Ц.А-ийг дагуулж яваад мөрийг нь үзүүлээд хонь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.Би  өөрийн алдсан 12 тооны хониноос 5 тооны хонио зүсээр нь авч, үлдэгдэл 7 тооны хонины өртөг, эрэл хийж явсан зардал гэж бэлэн 5,000,000 төгрөг авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дүгээр хуудас/,

      - хохирогч Х.Б-ийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: “...би 12 тооны бог мал хулгайд алдсан болохоо 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед мэдэж хонио тоолж бүртгээд малын хотонд мөр хайж орой болгосон. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөрш зэргэлдээ айлын хүмүүстэй нийлж мөрийг мөрдсөн. Манай хотонд нэг морьтой хүн ирээд явахдаа 10 гаруй бог мал тууж явсан мөрийг мөрдөж явсаар манай гэрээс 17 км орчим зайтай өвөлжиж байсан Ц.А-ийн малын хотонд оруулсан. Би Ц.А-ийг дуудаж уулзаж “морьтой хүн 10 гаруй тооны бог мал тууж явсан мөр хөөсөөр байгаад танай хотонд орууллаа” гэж хэлэхэд Ц.А нь хөөж ирсэн мөрийг тань би өөрийн малын хотноос гаргаж өгнө гэж хэлээд намайг дагуулж малын хотон дотроо явсан боловч миний хөөж ирсэн мөрийг малын хотноосоо гаргаж чадаагүй. Ц.А хэсэг малын хотон дотроо эргэж байгаад надад хандаж “би авчихсан, төлж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.А-д уурлаж чамтай юу ярьдаг юм гэж хэлээд явсан. Тухайн үед миний гар утас руу эхнэр залгаж “сумын төвийн ойролцоо манай 5 тооны хонь байна” гэж хүн хэлсэн гэхээр нь би эхнэрийг  сумын төв рүү машин аваад хүрээд ир гэж хэлээд Ц.Ц-ийн гаднаас өөрийн хулгайд алдсан 5 тооны хонийг ачиж, гэртээ авч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас/,

      - гэрч Ц.У-ын 2025 оны 3 дугаар сарын 10-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манайх хашаанаас хонио гаргасан. Тэгтэл манай нөхөр Х.Б зүсээр 3 хонь байхгүй байна  гээд бид нар хонио тоолсон чинь 12 тооны эр хонь дутсан юм. Ингээд манай нөхөр, хүү хоёр гэрийн  ойр орчимд мөр хайж яваад “ урд зүгээс 1 морьтой хүн ирээд 10 гаран тооны хонь туугаад явсан мөр байна” гэж хэлсэн. Тэгээд орой болж байсан тул маргааш нь хамт мөр мөрдөхөөр хүмүүстэй утсаар яриад хоносон.  2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө манай хүү Б.Д,манай гэрийн ойролцоо байдаг  Р.Ж, Б.С, Г, Х.Б нартай хамт  уг мөрийг мөрдөж яваад орой 20 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуусан чинь мөр мөрдөөд Ц.А-ийн хотонд оруулаад  өөрт нь үзүүлээд ирлээ гэсэн юм. Маргааш нь байх Ц.А ганцаараа ирээд уучлалт гуйгаад цагдаад битгий хэлээрэй би хохирол мөнгийг тань төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд дахин хэд хэдэн удаа ирээд уулзаад 2025 оны 02 дугаар сарын дундуур үлдсэн 7 тооны хонины хохирол гэж 5,000,000 төгрөг авч ирж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

      - гэрч Ц.У-ын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: “...би мал тууж явсан мөр мөшгөж яваагүй. Харин мөр мөшгөсөн нөхөр Х.Б-аас мал туусан мөр нь Ц.А-ийн малын хот руу ороод уг хотноос гараагүй талаар сонссон. Бид нар Ц.А-с хулгайд алдсан 5 тооны хонь буцааж авсан удаа байхгүй. Харин төрсөн дүү  Ц.Ц-ээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед сумын төвийн ойролцоо хулгайд алдсан 5 тооны хонь байгаа талаар сонсож түүний эхнэр Ж.Буянхишигийн фэйсбүүк хаягаар дамжуулж зургийн харж мөн болохын таньж өөрийн “Toyota probox” загварын х УВА улсын дугаартай автомашинаар сумын төвөөс ачиж гэртээ ирсэн. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/,

      - гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манайх хонио хашаанаас гаргаж бэлчээрлүүлэх гэж байтал манай аав Х.Б манай улаан цоохор, шар халзан, хар амтай эр хонинууд алга байна өчигдөр хонь хариулж явахад байсан гэж хэлээд хонь тоолсон 272 хониноос 12 тооны хонь дутаж, 260 хонь байсан. Тэгээд бид нар шөнө хүн ирж авсан байна гэж ярилцаад гэрийнхээ ойр орчимд мөр үзсэн чинь ертөнцийн зүгээр зүүн урд зүгээс нэг морьтой хүн ирээд буцахдаа хонь туугаад явсан мөр байсан. Ингээд манай гэрийн ойр орчимд байдаг Р.Ж, Б.С, Б.Г, Х.Б гэх хүмүүстэй утсаар яриад маргааш нь мөр мөрдөхөөр болсон ба өглөө нь  бид нар уг мөрийг мөрдөж манай гэрээс 10 орчим км-т байдаг Ц.А гэж хүний хотонд оруулсан юм. Тэгээд Ц.А-тэй уулзаад мөрийг нь үзүүлсэн чинь танай хонийг авсан хохирол мөнгийг чинь төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд 12 хониноос 5 тооны хонийг буцааж авч, үлдэгдэл 7 тооны хонины хохирол гэж манай аав, ээжид 5,000,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29дүгээр хуудас/,

      - гэрч Р.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Х.Б, Б.Д, Г, Б.С, Х.Б бид зургаа морьтой явж уг мөрийг мөрдсөн. Нэг морьтой хүн 12 тооны хонь Х.Б-ийн хотноос тууж явсан нь цасан дээр тодорхой гарсан байсан уг мөрийг мөрдөж яваад Х сумын 08 дугаар багийн нутагт Ц.А гэж айлын хотонд оруулаад Ц.А-тэй Х.Б уулзаад уг малын мөрийг түүнд  үзүүлэхэд хонь хулгайлж авснаа Ц.А хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид нар орой болж байсан тул буцаж явсан. Сүүлд Х.Б Ц.А-ээс 5 тооны хонь буцааж авсан гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

     - гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны орой надтай Х.Б утсаар яриад “хашаанд байсан хониноос 12 тооны хонь хулгай авсан байна та маргааш мөр мөрдөөд хамт яваад өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд юу болсон талаар асуусан чинь зүүн урд зүгээс 1 морьтой хүн ирээд хашаанд байсан хониноос 12 тооны хонь аваад явсан  мөр нь  байна гэж хэлсэн. Тэр газар нь 1 морины мөр,12 тооны бог малын мөр байсан. Тэгээд бид зургаа уг мөрийг мөрдөж ертөнцийн зүгээр зүүн урд зүгт явсан ба  14-15 орчим  км яваад уг мөр Х сумын 08 дугаар багийн иргэн Ц.А гэж айлын хотонд орсон. Х.Б, Ц.А хоёр уулзаад уг мөрийг үзүүлээд Ц.А Х.Б-ийн хонь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд үлдсэн. Тэгээд бид нар буцаж явсан. Сүүлд сонссон 12 тооны хониноос 5 хонины зүсээр буцааж авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

      - гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Б ахын 12 тооны бог мал буюу хонь хулгайд алдагдсан талаар Х.Б ахаас  утсаар сонссон. Түүний маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цагийн санахгүй байна Э.ЦЭ манай гэрт ирж сумын төвийн зүүн талд 5 тооны хонь байна Х.Б ахын хонь биш биз гэж хэлэхээр нь би Э.ЦЭ-тай хамт явж тухайн 5 тооны хонийг харахад Х.Б ахын хонь мөн байсан. Би урьд өмнө Х.Б ахын хонийг хариулж байсан учир хонийг нь хараад шууд таньсан. Би Ц.У эгч рүү гар утсаар холбогдож “танай 5 тооны хонь энд байна” гэж хэлэхэд зургийн явуул, мөн бишийн харна гэж хэлэхээр нь уг хонийг тууж өөрийн хашаанд авч очоод эхнэр Буянхишигийн гар утсаар хонины зургийн дарж, фейсбүүк хаягаар нь эгч Ц.У руу зургийн явуулсан. Эгч Ц.У уг зургийг хараад өөрийн хонь мөн байна гэж таньж өөрийн “Toyota probox” загварын автомашинтай ирж манай хашаанаас авч явсан” гэх мэдүүлэг;

     - гэрч Э.ЦЭ-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Х сумын 08 дугаар багийн нутаг хүний автомашин засаж өгчхөөд 16 цагийн үед өөрийн “Toyota mark-2” загварын, х УВА улсын дугаартай автомашинтай ганцаараа сумын төв рүү буцаж явтал сумын төвийн зүүн талд 5 тооны хонь байсан. Энэ талаар Ц.Ц-д очиж хэлэхэд Ц.Ц нь очиж үзнэ гэж хэлээд бид хоёр хамт очиж тухайн хонинуудыг үзэхэд Ц.Ц нь ах Х.Б-ийн хонь мөн байна гэж таньж өөрийн эгч Ц.У-д хэлсэн ба  уг 5 тооны хонийг тууж Ц.Ц-ийн хашаанд хүргэсэн” гэх мэдүүлэг;

       - гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 155-158 дугаар хуудас/,

      - шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай “...Увс аймгийн Х суманд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 4, 5, 6 настай 3 тооны эр хонины зах зээлийн үнэлгээг 930,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,  

      - шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 66 дугаартай “...Увс аймгийн Х суманд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 10 настай морины зах зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөгөөр тогтоов. Увс аймгийн Х суманд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар морины дагалдах хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 192,500 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

    4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.А-ийг  бусдын 12 тооны хонь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

      Шүүгдэгч нь хохирогч Х.Б-ийн 12 тооны хонь буюу олон тооны мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

     5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.

     6. Шүүхээс шүүгдэгч Ц.А-ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 10 настай морины үнийг албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.

    7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон. Гэрч Б.Д, Х.Б, Ц.У нараас мэдүүлэг авахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй байх тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. Мөн хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

       Шүүгдэгч Ц.А 5 тооны хонь хулгайлж, уг хонио буцаагаад алдсан гэж мэдүүлж байх ба түүний мэдүүлэг Ц.Ц, Э.ЦЭ нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

      7.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, тухайлбал, хохирогч Х.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө  хотноосоо 12 тооны хонио алдсан, тэрээр хонио алдсан болохоо 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед мэдэж  малаа тоолж бүртгээд, өөрийн малын хотондоо мөр хайж, урд зүгээс нэг морьтой хүн ирж, 10 гаруй хонь тууж явсан мөр олж тогтоон  орой болгосон, маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө гэрийнхээ ойр орчимд амьдардаг Р.Ж, Б.С, Б.Г, Х.Б болон өөрийн хүү Б.Д нарын хамт алдагдсан малынхаа мөр мөрдөж явсаар уг мөрийг шүүгдэгч Ц.А-ийн малын хотонд оруулсан, Ц.А нь тухайн үед  хонь хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Б нь алдсан 12 тооны хониныхоо 5 тооны хонийг зүсээр нь олж авч, үлдэх  7 тооны хонины хохиролд Ц.А нь хохирогчид 5 сая төгрөг өгсөн зэрэг үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

      Хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ, 12 тооны хонио хэдийд, хаанаас алдсан, хэрхэн эрж хайсан, 5 тооны хонио зүсээр нь хэрхэн олж авсан, үлдэх 7 тооны хонины хохиролд 7,000,000 төгрөг авсан талаараа тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан мэдээлэл нь хоорондоо агуулгын зөрүүгүй, түүнчлэн хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлгүүдтэй тохирсон байна.

      Мөн энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Д, Р.Ж, Х.Б нар нь хохирогч Х.Б-ийн 12 тооны хонийг эрж хайхад оролцсон хүмүүс байх бөгөөд тэд 12 тооны хонийг  эрж хайх явцдаа үзэж харсан зүйлийнхээ талаар тус тус мэдүүлсэн, тухайлбал, гэрч нар нь 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өглөө зургуулаа морьтой явж малын  мөр мөрдсөн, нэг морьтой хүн 12 тооны шийр малыг Х.Б-ийн хотноос  тууж зүүн урд зүгт явсан нь цасан дээр тодорхой гарсан байсан, уг мөрийг мөрдөж 14-15 км яваад Х сумын 8 дугаар багийн иргэн Ц.А гэж айлын хотонд оруулсан, Х.Б, Ц.А хоёр уулзаад уг мөрийг үзүүлэхэд Ц.А нь хонь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч үлдсэн талаар тус тус мэдүүлсэн байх ба эдгээр гэрчүүд  хэргийн үйл баримтын талаар агуулгын ноцтой зөрүүгүй  мэдүүлсэн  байх тул дээрх хохирогч, гэрч нарын  өгсөн мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

      Харин шүүгдэгч Ц.А “би хохирогчийн 5 тооны хонь авсан” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

      Гэрч Ц.Ц, Э.ЦЭ нар нь  хохирогчийн 5 тооны хонь сумын төвийн ойролцоо байсныг олж, хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар мэдүүлсэн тул эдгээр гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.А-ийн мэдүүлэг нотлогдсон гэж үзэхгүй.

      Иймд шүүгдэгч Ц.А-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

     7.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

     Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

      Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, … Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …” гэж,

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-т “ мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба  санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж  тус тус заажээ.

      Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.У нь хохирогч Х.Б-ийн эхнэр, Б.Д нь түүний хүү, гэрч Х.Б нь хохирогчийн 12 тооны хонийг  эрж хайхад оролцсон хүн байх бөгөөд эдгээр гэрч нараас мэдүүлэг авахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нөгөөтэйгүүр эдгээр гэрч нарт дээрх хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан талаарх баримт хэргийн 26, 28, 32 дугаар талд авагдсан байна.

      Мөн эдгээр гэрч нар нь шүүгдэгчтэй хуульд заасан төрөл, садны холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

      8. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     9. Шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.     

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР                         

                     ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

             ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ