Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00873

 

 

 

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00873

 

 

 

 

 

                                 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00854 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч Ц.Эхолбогдох хохиролд 2 960 443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, хариуцагч Ц.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Энх-Эрдэнэ нь “Э” ХХК-д 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс агуулахын няраваар томилогдон албаны зориулалтаар хүлээлгэн өгсөн эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тоолон бүртгэж, эд хөрөнгийн бүртгэл, эд хариуцагчийн карт, ажилтны санхүүгийн бүртгэлд тусгах үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Тэрээр 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс хойш урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш олон хоногоор ажлын байрыг орхиж явсан тул 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/44 тоот дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан. Хариуцагчийн ажлын байранд 2018 оны 12 сарын 31-ний өдөр агуулахын бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд нийт 18 төрлийн баар кодтой 1 365 ширхэг бараа буюу 3 134 347.59 төгрөгийн, ажлын байраа орхин явахдаа 77 350.41 төгрөгийн өвлийн ажлын хувцсыг хүлээлгэн өгөөгүй. Нийт компанид 3 220 878 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2018 оны 12 сарын цалингийн үлдэгдэл 100 000 төгрөг, 2019 оны 01 сарын цалингийн үлдэгдэл 151 435 төгрөгийг суутгаж 2 960 443 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Ц.Энх-Эрдэнэ нь Хөдөлмөрийн гэрээний 3.7 дахь хэсэг, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1 дэх хэсэгт ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 132, 135 дугаар зүйлд заасан журмын дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган эвлэрэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлнэ, нотлох баримтын талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй, манай санхүүгийн гаргаж өгсөн баримт нэхэмжлэлийн шаардлагыг нотолно гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нд “Арвайн үндэс” ХХК-д агуулахын няраваар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй. Учир нь  хүний нөөцийн менежер Уянга гэх эмэгтэй хамт ажиллаж байсан ачигч нар болох Бат-Эрдэнэ, Бүүвэйбаатар нараас миний хувийн асуудал болон амьдралын тухай хүний санаанд оромгүй асуулт асууж, борлуулалтын ажилчдыг уруу татан шоудаж удаа дараа ажил таслуулсан, ажлын байр буюу төв агуулахдаа ажилчидтайгаа ээлжлэн үнсэлцэж, садар самуун байдалтай камерт бичигдэж үлдсэн гэх яриа гаргаснаас болж гэр бүлээ гэх үү, ажлаа гэх үү гэх сонголтод ирж гэр бүлээ сонгосон юм. Гэр бүлийн харьцаа муудаж салах дээрээ тулсан учраас гэр бүлээ сонгох сонголт үлдсэн. Ажлын хамт олонтойгоо наргиж цэнгэх үе байсан хэдий ч хэн ч ажил тасалж байгаагүй. Тооллого хийхэд надаас зөвхөн Арвай 0,1 граммын архи 484 ширхэг дутаж байсан. Өглөө бүр борлуулагч, жолооч нар бараагаа шалгуулж гардаг байсан боловч нэг өдөр жолооч Энхбаатар, борлуулагч Мягмарсүрэн нар яарч байна, ална шүү гэх зэргээр доромжилж шалгуулахгүй гарч байсан. Тухайн үед хурал дээр н.Ариунтөгс даргад бараа бүтээгдэхүүн дутвал хариуцлага хүлээхгүй гэж хэлж байсан. Хүүхэд өвдсөнөөс шалтгаалан 2 өдөр ажлаа тасалсан. Чөлөө авах гэтэл чиний ажлыг хийх хүнгүй гэж хэлдэг байсан. Ажилдаа очоогүй өдрүүдэд н.Энхцэцэг, н.Отгон-Эрдэнэ нар миний ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн өглөө бүр үйлдвэрээс агуулах руу бараа бүтээгдэхүүнээ оруулдаг. Түгээлттэй зэрэгцэж ирдэг учир үйлдвэрээс ирж буй барааг тоолж авч амждаггүй. Миний байхгүйд ажилласан ажилчид алдаа гаргасан уу, үйлдвэрээс дутуу орж ирсэн үгүйг сайн мэдэхгүй байгаа учир энэ архины үнэ өртгийг л төлнө.

Шүүхэд өгсөн өргөдөлдөө миний гарын үсэггүй тооллогын материал бүрдүүлсэн байсан. Мөн соёолж пивонуудыг поны жолооч Амартүвшин тээвэрлэж байхдаа тоног төхөөрөмжийн буруугаас хагалж байсан. Брат болон Медведь гэх 0 пивонууд нь 1 литрын багтаамжтай шилийг 1,5 литр болгон үлээлгэснээс болж маш нимгэн учир хүчтэй тавих төдийд хагардаг байсан. Өдөрт дунджаар 3 сагс буюу 18 ширхэг орчим хагардаг байсан. Нэхэмжлэгч талтай нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож эвлэрэх боломжтой. Учир нь байгууллагын ч, миний ч зохих буруу байгаа. Гэхдээ нэхэмжлэгч тал эвлэрэх хүсэлгүй тул нэхэмжлэлд дурдсан 515 ширхэг Арвай архины үнэ 875,500 төгрөг, 3 хоног өмсөөд орхисон, надад таарахгүй том хэмжээтэй ажлын хувцасны үнийн 50 хувь буюу 38,765 төгрөг, Үндэс 0,33 граммын 1 ширхэг архины үнэ 6,900 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Энх-Эрдэнээс 921,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 039 278 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26 658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдолд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 039 278 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээний 3.7 дахь хэсэг, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр учирсан хохирлын хэмжээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг хүлээнэ гэж үзэж байна.  Гэтэл шүүх компанид 2 960 443 төгрөгийн хохирол учирсан болох нь, уг хохирлыг бүрэн хэмжээгээр Ц.Энх-Эрдэнэ учруулсан болох нь баримтаар нотлогдоогүй гэж иргэний хэрэгг цугларсан нотлох баримтуудыг буруу дүгнэсэн байна. Хариуцагч нь манай компанид 2018 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан агуулахын няравын ажилд орсон. Түүний хариуцаж байсан ажлын байранд 2018 оны 12 дугар сарын 31-ний өдөр хариуцуулан өгсөн бараа, бүтээгдэхүүний тооллого хийхэд 18 төрлийн баар кодтой 1 365 ширхэг бараа дутаж компанид 3 134 347,59 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч ажлын байрыг орхин явахдаа 77 350,41 төгрөгийн өвлийн хувцсыг хүлээлгэн өгөлгүй, нийт 3 220 878 төгрөгийн хохирлыг компанид учруулсан. 2018 оны 12 дугаар сарын цалингийн үлдэгдэл 100 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 151 435 төгрөгийг суутган авч үлдэгдэл 2 960 443 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлага 2 960 443 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Ц.Эхолбогдуулан компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж 2 960 443 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

               

                Хариуцагч Ц.Энх-Эрдэнэ нэхэмжлэгч “Э” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, агуулахын няравын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/44 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагджээ. /хх10-12, 14/

            Талууд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үндэслэл, цалин хөлсний талаар маргаагүй, ажилтан хөдөлмөрлөх явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар маргасан байна.

            Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “... хариуцагч нь нийт 18 нэр төрлийн баар кодтой 1365 ширхэг бараа дутааж компанид хохирол учруулсан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ ...” гэж тайлбарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг үндэслэсэн байна. /хх29/

            Хөдөлмөрийн гэрээний 3.7-д “ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулах эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтанг шинээр ажилд орох, ажлаа хүлээлгэн өгөхөд хариуцсан эд хөрөнгийг тоолж, баримт үйлдэн хүлээлцэх, түүнийг хэвийн байдлаар ашиглах, хамгаалах нөхцөлөөр хангана” гэж, мөн гэрээний 2.3 дахь хэсэгт “ажилтанд албаны зориулалтаар хүлээлгэн өгсөн эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг тогтмол хугацаанд тоолон бүртгэж, эд хөрөнгийн бүртгэл, эд хариуцагчийн карт, ажилтны санхүүгийн бүртгэлд тусгана” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2 ширхэг зарлагын падаан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт ирүүлсэн боловч зарлагын падаан нь бараа материал хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй байна. Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний тайланд тусгагдсан 2 960 443 төгрөгийн бараа материалыг хэзээ, хэрхэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, эд хөрөнгийн тооллого хэзээ хийгдсэн, ямар бараа материал хэдий хэмжээтэй дутагдсан зэрэг нь тодорхойгүй, уг тайлан дахь дүнг өөрөөр нотолсон баримтгүй байна. Иймд хариуцагчид эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй. /хх6-8/

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болоод хариуцагчийн тайлбарыг үндэслэн түүний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нь төлбөрийг гаргуулж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нь уг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

             Хариуцагч нь 0,1 грамм, нэг бүрийн үнэ 1 700 төгрөг, 515 ширхэг Арвай архи, 6 900 төгрөгийн үнэтэй 0,33 грамм 1 ширхэг Үндэс архи, 77 530.41 төгрөгийн үнэ бүхий ажлын хувцасны төлбөрийн 50 хувь нийт 921 165 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул  хариуцагчийн уг тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх6-7/

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу дүгнэсэн гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00854 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 580 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

       А.МӨНХЗУЛ