| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0726/Э |
| Дугаар | 752 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 752
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт С-ын М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808015840543 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М-г зодож эрүүл мэндэд нь дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруул дотор салстад шарх, өвдөгт зулгаралт хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.М 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М-Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Г.М-ы мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед би гэртээ харих гээд явсан... явж байтал Э түүнтэй хамаатны залуу М болон 7-8 залуу цуг байсан. Э нэг залуутай маргалдаад байхаар нь би дүүгээ аваад харих гээд 2-лаа алхаж явж байтал нөгөө залуусын нэг нь гүйж ирээд гараа атгаж байгаад миний баруун дээд уруул руу цохисон, мөн дахин цохисон...гэх мэдүүлэг /хх-7-8/,
- гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед М гэж залуу ганцаараа гүйж ирээд ямар ч шалтгаангүйгээр ахын уруул руу гараа атгаж байгаад цохисон. Дахиад цохих гэтэл ах М бултаад тонгойход толгой руу нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-12-13/,
- гэрч Ү.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр найз Х-ийн хамт “РС” тоглоомын газарт тоглох гээд явж байтал манай байрны М нь танихгүй залууг цохиж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,
- гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 23-ны орой найз Билгүүний хамт “РС” тоглоомын газарт тоглох гээд байрнуудын дундуур ороод зам дагаад явж байтал яг урд талд манай байрны ах М юунаас болж маргалдаж муудсаныг мэдэхгүй нэг танихгүй залууг зодож байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-18-19/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4049 дугаартай:...Г.М-ы биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын дотор салстад шарх, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-20/,
- шүүгдэгч С.М мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед эмээ Намбайтай уулзах гэж ирэх замдаа найз Мтэй тааралдсан тэгэхэд М бас нэг бандитай цуг сааданд пиво уугаад сууж байсан. Тэгтэл М ганц юм хувааж уухуу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2 шил архи хувааж уучихаад “ЖИ” нэртэй баарны хажууд явж байтал цуг байсан банди алга болчихсон...тэгтэл нөгөө банди маань 4-5 залуутай маргалдаад зогсож байхаар нь болиулсан...би араас нь гүйж очоод М-ы толгой нүүр лүү гараа цохисон...гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.М-Г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.М нь хохирогч Г.М-ы эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 200.000 төгрөг төлсөн /шүүхийн хэлэлцүүлэгт/, хохирогч “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч С.М өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэсэн заалтыг хүчингүй болгож, тухайн хэрэгт нь ял оногдуулан, нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хэрэг тус бүрт ял оногдуулан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, харин өмгөөлөгчийн “хэрэг тус бүрт өөр төрлийн ял оногдуулан тус бүрд нь эдлүүлэх” тухай саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.М-н эдлэх 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.