Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Хилчинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Ч.Эрдэнэбат

                                                                                    Н.Нарантуяа

Шүүгдэгч                                                                   *******

Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга      А.Ховороо нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго, Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2421001870485 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхгүй байх”, мөн хэсгийн 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу  эрх эдлэхийг хориглоно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ  хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам”-ыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн өмчлөлийн УР улсын дугаартай Bomr 904 маркийн тракторыг түрээсийн гэрээ байгуулалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Мэнэн” багийн нутагт 500 га газарт хадлан хадаж, өөртөө 7 700 000 төгрөгийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******гийн *******ыг  нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Дорнод  аймгийн Хэрлэн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж, түүний нийтийн албанд ажиллах эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах шаардлага үүссэн.

Шүүхээс “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ мөрдөгч, прокурор бүрэн биелүүлээгүй ба мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг нотолж” чадаагүй талаар өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж улмаар шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон.

Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан боловч өмгөөлөгч нарын зүгээс Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслэх үлгэрчилсэн журам” нь Хууль зүйн яамаар хянагдаж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус эрхийн акт болох талаарх ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй талаарх цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлуулсаар байтал шүүх дээрх нотлох баримтуудыг хэрхэн няцаасан талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй болно. Энэ агуулгаараа шүүхийн дээрх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөн шүүхээс “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугүй болох талаараа мэдүүлсэн мэдүүлэг” болон мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн “...Мөн ын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ******* дарга баталдаггүй. ...Ойн тухай хууль-д шинэчилсэн найруулгаар өөрчлөлт орж төрийн захиргааны дээд байгууллага болох Ойн газартай зөвшилцөж томилдог.” болсон гэсэн мэдүүлэг буюу шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлэн гэм буруутайд тооцсон болохыг анхаарна уу.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нь тогтоолын үндэслэлээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

Нэг. Шүүх А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн ... гэж хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтад нийцэхгүй байдаг. Мөн А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болгож буй нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, хөрөнгийн эзэмшил хариуцсан албан тушаалтан нь тул түрээслэх журмын талаар гэрээ хийх гэх мэтээр түрээсийн харилцаа үүсгэх бүх талын боломж нь д байсаар байтал бусдын үйлдлээр *******ыг буруутгах, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

Учир нь хууль болон журмаар зохицуулсан нарийвчилсан харилцааг мэдээгүйн төлөө хайнга хандсан үйлдэлдээ ял авах нь ... Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй бөгөөд хөрөнгийг ашиглах тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл заавал авахаар хуульчлаагүй юм.

Шүүх нь шийтгэх тогтоолдоо хуулиас давсан журам байж болохгүй учир уг журмыг хуульд нийцэж байгаа эсэх, ... хэм хэмжээний актын шинжийг бүрэн хангаж байгаа талаар шийтгэх тогтоолдоо няцаасан дүгнэлт хийгээгүй байх ба өмгөөлөгч нар журмыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байх буюу хуулиас давсан журамд хариуцлага хүлээхгүй тухай тайлбарлан мэтгэлцсэн.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1,  3 дахь хэсэгт ... хуульчилсны дагуу хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй болох нь энэ тогтоолоос харагдаж байна.

Өөрөөр хэлбэл шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох талаар Улсын дээд шүүхийн 2020.06.22-ны өдрийн 337 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөн арван тохиолдлын аль нэг нь л тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох буюу өөрчилнө гэж тайлбарласанд нийцүүлээгүй.

Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангаагүй байна, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгүүлэхээр яллах дүгнэлтийг хүчингүй болгуулах ноцтой процессын зөрчил гарсан байхад зөвтгөхгүйгээр шийдвэрлэсэн.

... мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргуулах ажиллагаа биелээгүй, хэрэгт чухал ач холбогдол бүхий үйл баримтуудыг дутуу байхад шийдвэрлэсэн ч энэ баримтыг авах шаардлагагүй, хэргийн процесс ажиллагааг зөрчөөгүй нь ямар баримтаар няцаагдаж байгаа талаар, мөн цагаатгах талын нотлох баримтыг үгүйсгэж буй баримтыг дурьдаагүй.

ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй ба ... өмгөөлөгчийн цагаатгах нотлох баримтуудыг авахуулахаар удаа дараа гаргасан хүсэлт хангаагүйн улмаас хэрэгт яагаад уг нотлох баримтууд шаардлагатайг тайлбарласан.

Тиймээс энэ тохиолдолд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгах үндэслэлтэй байна гэж үзэх түрээсийн төлбөрийг төлөх зэрэг зарцуулалтыг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байдаг.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.*******ыг цагаатгаж өгнө үү.

Гомдлоо дэмжиж байна.” гэжээ.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны зарчимд суурилсан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн ... 64.6 дахь хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актад Засаг даргын хуульд заасан хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ гэж заасан байдаг. Үүний дараа мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэнэ гэж заасан байдаг. Эдгээр зүйлсийг хийсний дараа захиргааны хэм хэмжээний акт болно. ...  Төрийн албаны зөвлөлийн 74 дүгээр тогтоолд заасан зөвшөөрсөн байх буюу баталгаажсан байх тэмдэг дарагдаагүй төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт нь хүчин төгөлдөр бус байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулна. *******ынх дээр зөвшөөрсөн гэх Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрөл байгаад байдаг. Нөгөө нөхрийнх дээр ТАЗ-ийн зөвшөөрөл байхгүй байхад энэ хоёр нотлох баримтын ялгаатай буюу үндэслэл болгож байгаа болоод няцааж байгаа хэсгүүдийг үндэслэл бүхий тайлбарлахгүй байна. Үгүйсгэж байгаа хэсгүүдээ үндэслэл бүхий тайлбарлана. ... Энэ 2 бичиг баримт нь хууль ёсных мөн үү биш үү гэдэгт мөрдөгчид ч эргэлзээгүй нотлон тогтоож чадаагүй. Үүнийг улсын яллагч хянавал зохих ажиллагааг хийгээгүй. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаад шүүхийн шийдвэр гаргаагүй нь өөрөө шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа асуудал байна.

Дээрх хоёр бичиг баримт нь хууль ёсных уу хууль ёсных биш үү гэдгийг шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж өгнө үү. ... Томилсон этгээд нь аймгийн Засаг дарга байгаад шийдвэр гаргасан байхад энэ дээр ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Оролцвол зохих этгээд байхгүй байна. ... Хууль зүйн чадамжтай бичиг биш байхад мөн үзэж үзээд дүгнэж байгаа дүгнэлт нь эргэлзээ бүхий байна. Шаардлагатай гэж үзвэл хэргийг буцааж дахин хууль ёсных юм уу хууль ёсных биш юм уу гэдгийг тогтоож байгаад энэ хүний гэм бурууг шийдэх нь Үндсэн хууль, хүний эрх, олон улсын гэрээ конвенцэд заасан үүрэг байх гэж бодож байна.” гэв. 

8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлттэй холбоотойгоор хуулийн заалтыг тайлбарлаж өгье. Нэг талаа л бариад байна. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймгийн Байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт ойн асуудал хариуцсан нэгж байна гэж заасан. Энэ нь хуульд заасан аймгийн Засаг даргын эрх. Томилох эрх үүрэг нь аймгийн Засаг даргад байна. Гэхдээ аймгийн Засаг дарга томилохдоо Байгаль орчны харьяанд гэж сум дундын ойн ангийг томилоогүй.

... Хэрэг прокурорт шилжсэнээс хойш зарим хэргийн оролцогч нарыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. ... Хоёр адилхан субъект байж байхад нэгнийх нь албан тушаалын тодорхойлолт дээр Байгаль орчны газрын дарга байна гээд байдаг. ... Хэрэгт яг адилхан албан тушаалын тодорхойлолт байгаа.

... Гэтэл Байгаль орчны газрын бүтэц орон тоо дээр ойн алба байна гэж байгаа. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт мөн байгаа. Ойн анги, ойн албыг анхнаасаа андуурсан. ... Нэгэнт сум дундын ойн анги байгаа бол Байгаль орчны газрын даргын албан тушаалын тодорхойлолт мөн адил байх ёстой. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Засаг дарга нь Ойн тухай хуулиа хэрэгжүүлэхэд Байгаль орчны газрын дэргэд байгуулаад бүтцэд нь оруулж өгөөд албан тушаалын тодорхойлолтуудыг нь оруулж өгсөн бол магадгүй надад ажлаа тайлагнадаг байсан бол Байгаль орчны газрын дэргэдэх ойн анги байж болно гэж би ойлгохоор байна. Гэтэл сум дундын ойн анги нь өөрөө тусдаа бие даасан. Хоёулаа адилхан аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнадаг, аймаг орон нутгаас санхүүждэг, тусдаа улсын бүртгэлтэй, тамга тэмдэгтэй, төсвийн шууд захирагчтай. Төсвийн шууд захирагч нь нөгөө төсвийн шууд захирагчдаа нөлөөлөх боломж байхгүй. ... Суманд сум дундын ойн анги ажиллана гээд Ойн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт байгаа. Энийг хуулиар тогтоосон. Нөгөөх нь аймгийн Засаг даргын эрх үүргийн асуудал.

... Аймгийн тэргүүлэгчдийн 50 дугаартай тогтоолыг бид анхнаасаа хүчин төгөлдөр бус гэдгийг ярьдаг байсан. Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллага батлах буюу Хууль зүйн яам баталж мэдээллийн санд оруулснаар нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний акт болдог гэж бид ойлгодог. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд актыг батлах тухай зохицуулалт байдаг. 50 дугаартай тогтоол нь өөрөө хүчин төгөлдөр бус, албан тушаалын тодорхойлолт нь мөн хүчин төгөлдөр бус. Энэ бүгдийг үндэслээд д нөлөөлсөн гэдэг асуудлыг ярьж байгаа. ... Адил түвшний төсвийн шууд захирагчид нөлөөлөх боломж байхгүй учраас надад албан тушаалын байдлаа урвуулах гэдэг зүйл байхгүй. Албаны эрх мэдлээ гэдэг зүйл бас байхгүй.” гэв.  

9. Прокурор Э.Хилчинбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 50 дугаартай тогтоол хүчин төгөлдөр биш гэж байна. ... Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхой заасан байх тул Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам”-ыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

... Ойн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт ... аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги ажиллана гэж заасан. Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шууд харьяанд Баян-Уул сумын Ойн анги харьяалагдаж байгаа. Тус ойн ангийн харьяанд байгаа бүүмэр загварын техник хэрэгслийг хувийн хэрэгцээндээ буюу өөрийн хадлан хадах талбай дээрээ хадгалсан. Энэ нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.

... Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй. Үйл баримтыг хангалттай тогтоосон үйл баримтууд цугларсан байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхгүй байх”, мөн хэсгийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” гэснийг,

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам”-ыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн өмчлөлийн УР улсын дугаартай, “Bomr-904” маркийн тракторыг түрээсийн гэрээ байгуулалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Мэнэн” багийн нутагт 500 га газарт хадлан хадаж, өөртөө 7,700,000 төгрөгийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь:

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх 28, 30-31х, 2-р хх 67х/,

-гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх 33х/,

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх 35-36, 2-р хх 63х/,

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх 12-13х/,

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,

-гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх 102х/,

-гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх 104х/,

-Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай “*******гийн *******ыг ажилд томидох тухай” захирамж /1-р хх 63х/,

-Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын дарга А.*******ын ажил байдлын тодорхойлолт /1-р хх 66х/,

-Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын удирдамж /1-р хх 126-127х/,

-Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 25-05-21 дугаартай акт /1 хх 128-131/,

-Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 25-01-28 дугаартай акт /1-р хх 132-133х/,

-Дорнод аймгийн Баян-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13-р тогтоол, хавсралт /1-р хх 134-138х/,

-“Bomr-904” маркийн УР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 139-*******1х/,

-Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /3-р хх 20-26х/,

-Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай тогтоол, хавсралт /1-р хх 161-166х/,

-Албан тушаалтны 2021-2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /1-р хх 170-181х/,

-2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт” /2-р хх 188-190х/,

-“Өндөр Хаан Итгэлт-Аудит” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/39 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 2*******-220х/,

-Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны 02/*******3 дугаартай “Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу 2023 онд орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлснээс орсон орлогын 40 хувийг төвлөрүүлсэн жагсаалт болон 10070000962 дугаартай дансны хуулга /3-р хх 90-93х/,

-Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/620 дугаартай захирамж /3-р хх 133-136х/,

-Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамж, хавсралт /3-р хх 238-239х/,

-Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай захирамж, Сум дундын ойн ангийн дүрэм /3-р хх 240-247х/,

-Албан тушаалын тодорхойлолт /3-р хх 248-250х/,

-Дорнод аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Алтанцэцэгийн гаргасан шинжээчийн дүгнэлт /2-р хх 188-190х/

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

4. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч ******* нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

6. Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Б.Солонго, Н.Нарантуяа нараас “…А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болгож буй нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, түрээслэх журмын талаар түрээсийн харилцаа үүсгэх боломж нь хөрөнгийн эзэмшил хариуцсан албан тушаалтан д байсаар байтал бусдын үйлдлээр *******ыг буруутгах, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, ...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгах үндэслэл байна, ...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.*******ыг цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

8. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.

Түүнчлэн Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршгийг учруулдаг онцлогтой.

10. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсанаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.*******ыг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах хэрэгсэхгүй болгов.

11. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх хасах ял оногдуулахдаа нийтийн албанд ажиллах эрхийг гэж бичих байтал нийтийн албанд томилогдох эрхийг гэж шийтгэх тогтоолд буруу бичин хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “…нийтийн албанд томилогдох …” гэснийг “…нийтийн албанд ажиллах …” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго, Н.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нийтийн албанд томилогдох ...” гэснийг “...нийтийн албанд ажиллах ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       С.ГАНЧИМЭГ 

  ШҮҮГЧИД                                                                   Г.УРТНАСАН                                                                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ