| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0722/Э |
| Дугаар | 753 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 753
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ны Н-д холбогдуулан яллах дүгнэлт шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708 0225 80591 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тгэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч М.М-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдолд: “... шинэ эцэст байх нийтийн байранд хамт 13 хоног амьдрах хугацаандаа сүүлийн 2 хоног нь архи ууж намайг зодсон.Б.Н гэх найз залуудаа зодуулсан даа гомдолтой байна. ... гэх /хх-11/
- хохирогч М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 29-ний орой хамтран амьдрагч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зүгээр байхад “ална шүү” гээд миний толгой, нүүр лүү гараараа цохиж, үснээс зулгааж хэл амаар доромжлоод байсан. Одоо надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг. /хх-13-14/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13603 дугаартай:...М.М-гийн биед нь зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, дотор булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-22/
- шүүгдэгч Б.Н-ын хувийн байдалтай холбоотой АСАП сангийн шүүлт /хх-32-35/, ял шалгах хуудас /хх-36/, эд хөрөнгийн лавлагаа /хх-45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/
- шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би найз охин М-тай хамтран амьдарч байр хөлсөлж амьдарч байсан бөгөөд 10 дугаар сарын 28-ны өдөр найз охин М гэртээ ирж хоноогүй. Маргааш нь ирэхэд би жоохон архи уучихсан байсан ба уур хүрээд “би гадагшаа гарах гэхэд” М “гаргахгүй гэхээр” нь “би гарна” гээд маргалдаад М-г хажуу тийшээ түлхчихсэн. М өнхөрөөд унасан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-28-30/ болон шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-52/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ы Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.