Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 61

 

 

    2025       11        18                                               2025/ДШМ/0061

*******д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг/цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 15ы өдрийн 2025/ШЦТ/194 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000000181 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1977 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, ******* ******* *******гийн Дандий-Өлзий.

2. Шүүгдэгч  ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Жаргалант ******* нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,19 хувийн согтолттойгоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* ******* *******гийн Дандий-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 1,000,000/нэг сая/ төгрөгөөр 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

4.6 Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол, хор уршгийн нөхөн төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдоогүйг тус тус дурдаж,

4.7 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант ******* нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 3,19 хувийн согтолттойгоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон.

Шүүгдэгч *******д Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатар 2,700,000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүгч прокурорын саналыг харгалзан үзэхгүйгээр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч ******* нь 2 оюутантай, Ховд аймгийн ******* ******* ******* ******* мал маллаж амьдардаг, сарын тогтмол орлогогүй учир шүүхээс оногдуулсан 10,000,000 төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Шүүгдэгч нь гэм буруутайгаа маргахгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул прокурорын санал болгосон 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

3. Шүүгдэгч  ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Жаргалант ******* нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3.19 хувийн согтолттойгоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

4. Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Шүүгдэгч  ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Жаргалант ******* нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3.19 хувийн согтолттойгоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/642 дугаартай шийтгэвэр, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, “27-03 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******гийн согтуурлыг алкотест багажаар шалгахад 3.19 хувийн согтолттой байна” гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжигч багажийн гэрчилгээ, гэрч Х.Дэмид, яллагдагч ******* нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

6. Шүүх шүүгдэгч ******* ******* *******гийн Дандий-Өлзийг "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жил хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь “шүүгдэгч ******* нь 2 оюутан хүүхэдтэй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* мал маллаж амьдардаг, сарын тогтмол орлогогүй учир шүүхээс оногдуулсан 10,000,000 төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Шүүгдэгч нь гэм буруутайгаа маргахгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул прокурорын санал болгосон 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

7.1 Шүүгдэгч  ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Жаргалант ******* нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3.19 хувийн согтолттойгоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Иймд “шүүгдэгч Д. Дандий-Өлзийг "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7.2 Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д. Дандий-Өлзий нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд согтуу ирж, энэ шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх агуулгатай дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жил хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Тухайлбал шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргасан, мөн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.7 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байхад шүүх зөвхөн энэ шалтгаанаар торгох ялын хэмжээг 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх “шүүгдэгч ******* нь урд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзахгүйгээр торгох ялын хэмжээг 10,000,000 төгрөгөөр тогтоож, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, тогтоох хэсэгт сар тутам 1,000,000 төгрөгөөр 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зөрүүтэй бичиж шийдвэрлэсэн нь тогтмол орлогогүй, мал маллаж амьдардаг шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, торгох ялын зорилгод нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хэмжээг багасаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15ы өдрийн 2025/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь  заалтын  “...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр” гэснийг ”...дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000/дөрвөн сая/ төгрөгөөр” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...сар тутам 1,000,000/нэг сая/ төгрөгөөр  /арав/ сарын” гэснийг “...2/хоёр/ жилийн хугацаанд” гэж тус тус өөрчлөн тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ

 

          ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                                 ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР