| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/00090/И |
| Дугаар | 321/ШШ2026/00164 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 321/ШШ2026/00164
2026 02 27 321/ШШ2026/00164
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ************тоотод оршин суух, Тугчин овогт ******************
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: **********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М**************нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. 1980 оны 02 дугаар сараас 1984 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн засварчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Хамтын хүч нэгдэлдээ худаг усны слесариар ажилласан. 1988 оны 10 дугаар сараас худгийн бригадын засварчнаар ажилласан. 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдөр барилгын бригадын ажилтнаар томилогдсон. 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс худаг усны бригадын засварчнаар томилогдон ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ шатаасны улмаас шүүхэд хандаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодруулж, 1980 оны 02 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн засварчнаар, 1987 оны 6 дугаарс арын 22-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт (хх-ийн 02 хуудас),
2. Нэхэмжлэгч ************ иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 03 хуудас),
3. Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай ...************ оршин суух тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 8/303 дугаартай албан бичгээр олгосон... Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн 1982, 1991 оны санхүүгийн баримтууд шилжиж ирээгүй бөгөөд 1980-1984 оны удирдлагын баримтад **********д холбогдох баримт гараагүй болно гэх лавлагаа (хх-ийн 05 хуудас),
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 8/174 дугаартай ************ нэр дээрх Хамтын хүч нэгдэлд 1980-1984, 1987-1990 онуудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 06 хуудас),
6. Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 149 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас),
7. Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай сургууль төгсөгчдийг ажилд томилох ба тэтгэмж олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас),
8. Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09 хуудас),
9. Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай ажлаас өөрчлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 10 хуудас),
10. Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 08/1111 дугаартай ...********** нь 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хэнтий аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 278 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дугаар тушаалаар 1987.06.22-ны өдөр 659536 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 хуудас),
11. Онцгой байдлын Ерөнхий газрын 2008 оны 02 дугаар сарын 19-ний 02 дугаартай гал түймэр гарсан тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12-14 хуудас),
12. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон зөвлөмжийн хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 хуудас),
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч ************ын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1962 оноос 1994 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэр үед 14, 15 настайгаасаа нэгдэлд ажилладаг байсан. ************ яаг хэдэн онд ажилд орсон талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 1980 оноос л Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн селсарь, засварчнаар ажиллаж байсан гэв. ********** нь 1984-1987 онд цэргийн алба хаасан. Цэгийн албанаас ирээд 1990 оныг хүртэл худгийн моторчноор ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдсанаас хойш хувийн аж ахуйтан болсон. ...гэх мэдүүлэг (хх-н 24 хуудас)
Гэрч *********ийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1967-1970 оныг хүртэл цэргийн алба хаасан цэргээс ирээд 1973 оныг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн 1 дүгээр багт аж ахуй эрхлэгчээр, 1974 оноос 1992 оныг хүртэл Хамтын хүч нэгдэлд жолоочоор ажилласан. ********** нь 1980 оноос 1984 оныг Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн засварчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдаж 1984-1987 онд цэргийн алба хаасан цэргээс ирээд Хамтын хүч нэгдэлдээ үргэлжлүүлэн худгийн засварчнаар 1990 оныг дуустал ажилласан. Нэгдэл тараад хувийн аж ахуйтан болсон. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-н 28 хуудас)
14. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон ...Норовлин сумын хамтын хүч нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хамтын хүч компани болж зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байсныг 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн гэх лавлагаа (хх-н 44 хуудас)
15. Хүсэлт гаргагч ************ нэр дээрх Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХАТР маягтын лавлагаа (хх-н 45 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Шүүхээс нэхэмжлэгч ************ нэр дээрх ХААТР-1 маягт 1988 он гэсэн бичилттэй, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 8/174 дугаартай албан бичгээр олгосон цалингийн түүвэр, Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн даргын тушаалууд, гэрч *********нарын мэдүүлэг, тайлбар хоорондоо зөрүүгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйл баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч *********** 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн засварчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн слесариар, барилгын ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 27, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тугчин овогт **********ыг 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн засварчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд худгийн слесариар, барилгын ажилтнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 27, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөг нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХБААТАР