| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2303000770103 |
| Дугаар | 2025/ДШМ/1300 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/1300
2025 11 19 2025/ДШМ/1300
Х.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.И,
хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Д,
цагаатгагдсан этгээд Х.Г-ын өмгөөлөгч Б.Д,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2008 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.И-ийн бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дүгээр эсэргүүцэл болон хохирогч Ч.А-ийн өмгөөлөгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор Х.Г-д холбогдох эрүүгийн ............................ дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Г нь .... дүүргийн .... дугаар хорооны нутаг, ..... талбайн урд замд 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цагийн орчим .......... загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Г-ыг цагаатгаж, эрүүгийн ...... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор П.И бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2008 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ч.А-ийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2008 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Цагаатгагдсан этгээд Х.Гын өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.И-ийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ч.А-ийн өмгөөлөгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Г-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Цагаатгагдсан этгээд Х.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокурор П.И “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар “...бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 202408/01 дугаартай дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоосон баримт гэж үзэн шүүх нотлох баримтаар үнэлсэн болно...” гэснээр хязгаарлаж хуульд заасан шаардлага хангаагүй дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам, орчны нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүргээс чөлөөлж Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалт үйлчлэхгүй гэж байгаатай нэгэн адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2008 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар магадлагаагаар жолооч Х.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг, харин явган зорчигч Ч.А-г Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-ын а/ “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэжээ. /1хх 72-73/
Харин 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 202408/01 дугаар “Жолооч Х.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Явган зорчигч Ч.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн ... байна. Зам тээврийн ослын энэ тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг хэрэглэх нь тохиромжгүй гэж үзэж байна. Үүнд: Жолооч Х.Г нь хөдөлгөөн эхлээгүй, хөдөлгөөнд оролцож байсан. Шинжээчийн зүгээс “жолооч Х.Г нь автомашины чиг өөрчлөх үйлдэл хийсэн ба давуу эрх бүхий замын хөдөлгөөнд оролцогчид аюул, осол үүсгэхгүй байх үүрэг хүлээнэ” гэж энэ заалтыг ойлгоно. Жолооч Х.Г байр эзлэх, зогсох үйлдэл хийгээгүй...” /1хх 212-213/ гэсэн,
мөн 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 08/04 дугаар ““Жолооч Х.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч ... чиг өөрчлөх ... дөө ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн, явган зорчигч Ч.А нь Замын хөдөлгөөний дүрмийн “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн”” гэсэн тус тус дүгнэлт гарчээ.
Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гарсан байдал нь эргэлзээ үүсгэж болох бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрийг хэлэлцэн алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заах бөгөөд анхан шатны шүүхээс мөрдөгчийн магадлагаа болон 08/04 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 202408/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр няцаан үгүйсгэгдсэн талаар дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.
Анхан шатны шүүхээс “2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 202408/01 дугаар дүгнэлтээр явган зорчигч Ч.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Жолооч Х.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Зам тээврийн ослын энэ тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг хэрэглэх нь тохиромжгүй гэж үзэж байна. Үүнд: Жолооч Х.Г нь хөдөлгөөн эхлээгүй, хөдөлгөөнд оролцож байсан. Шинжээчийн зүгээс “жолооч Х.Г нь автомашины чиг өөрчлөх үйлдэл хийсэн ба давуу эрх бүхий замын хөдөлгөөнд оролцогчид аюул, осол үүсгэхгүй байх үүрэг хүлээнэ” гэж энэ заалтыг ойлгоно. Жолооч Х.Г байр эзлэх, зогсох үйлдэл хийгээгүй...” /1хх 212-213/ гэсэн нь Х.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна” гэсэн дүгнэлт хийжээ.
Хохирогч Ч.А-гийн “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ..... дүүрэгт байх гэрээсээ 07 цаг 43 минутад ажилдаа явахаар гарсан. ... Би ганцаараа явж байсан, осол болсон газрын ойр орчим явган хүний гарц байгааг анзаараагүй, тийм болохоор гарцгүй газраар зам хөндлөн гарсан. ...” /1хх 15/ мэдүүлэг,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101063 дугаартай “...4. Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх гэмтэлгүй байна. 5. .... загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл тоормосны шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллагаатай байна” дүгнэлт,
Хэргийн газрын үзлэгээр тогтоосон явган зорчигчийн мөргүүлсэн болон газар унасан цэгийн хэмжээ зэргээс үзэхэд, хохирогч Ч.А явган хүний гарцгүй газраар гарсан байх бөгөөд жолооч Х.Г нь тухайн нөхцөл байдалд тохируулан зогсоох арга хэмжээ авсан байна.
Анхан шатны шүүх мөрдөгчийн магадлагаа, дээрх шинжээч нарын дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаад 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 202408/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.
Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасанд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..." гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүсэн тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилдэг.
Анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлд тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Д “...Шинжээчид 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр буюу шүүгчийн захирамжид тогтоосон хугацаанд дүгнэлтээ ирүүлээгүй, ямар шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн талаар албан бичиг ирүүлээгүй, шинжилгээний хугацааг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэж, сунгуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна. 2024 оны 202408/01 дүгнэлтийг гаргасан шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийгээгүй, харин өөрсдийн бодлоор дүгнэлт гаргасан. Учир нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “...давуу эрх бүхий замын хөдөлгөөнд оролцогчид аюул осол үүсгэхгүй байх үүрэг хүлээнэ гэж энэ заалтыг ойлгодог...” гэсэн заалт байхгүй байгаа. Мөн 2024 оны 202408/01 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчид шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, гаргасан дүгнэлтийг байгууллагын тэмдгээр баталгаажуулаагүй. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2008 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заажээ.
Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1815 дугаар захирамжаар Зам тээврийн хөгжлийн яамны мэргэшсэн шинжээч нарыг томилсон байх бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07/136 тоот албан бичгээр тус газрын мэргэжилтэн А.Э, Замын хөдөлгөөнд оролцогчдын НҮТББ-ын тэргүүн Б.М, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Е нарыг томилж байгааг шүүхэд мэдэгджээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6-д “шүүх шинжилгээний байгууллагын шинжээч” гэж шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүх шинжилгээний байгууллага /цаашид “шинжилгээний байгууллага” гэх/-ын алба хаагчийг гэж заасан байх бөгөөд энэ хуульд заасан “шүүх шинжилгээний байгууллагын шинжээч”-д тухайн шинжээчийн ажиллаж байгаа байгууллага нь тодорхой асуудлуудаар шинжээчийн дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг, тухайн байгууллагад ажиллаж байгаа шинжээч нь шинжлэх ухааны тусгай мэдлэг, эзэмшсэн мэргэжлээрээ орон тооны ажил эрхлэж, тухайн байгууллагаас цалинждаг байхаар байна.
Иймд Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн А.Э, Замын хөдөлгөөнд оролцогчдын НҮТББ-ын тэргүүн Б.М, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Е нарыг “шүүх шинжилгээний байгууллагын шинжээч”-д гэж үзэхгүй бөгөөд тухайн шинжээч нар нь гаргасан дүгнэлтдээ байгууллагын буюу Зам тээврийн хөгжлийн яамны тамга тэмдгийг хэрэглэх үндэслэлгүй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэхээр заасан бөгөөд шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллага тус тус хамаарч байна.
Шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 202408/01 дугаар дүгнэлтийг гаргасан Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн А.Э нь төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, Замын хөдөлгөөнд оролцогчдын НҮТББ-ын тэргүүн Б.М нь тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Е нь мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа хүн тус тус байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан этгээдүүдэд хамаарна гэж үзэв.
Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн А.Э нь техникийн ухааны магистр, эрх зүйч, автоинженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 33 дахь жилдээ ажиллаж байгаа, Замын хөдөлгөөнд оролцогчдын НҮТББ-ын тэргүүн Б.М нь техникийн ухааны магистр, автоинженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, мэргэжлээрээ 35 дахь жилдээ ажиллаж байгаа, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Е нь автоинженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 12 дахь жилдээ ажиллаж байгаа нь тус тус Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг гэж,
мөн зүйлийн 4.1.4-т “шинжээч” гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг гэж тус тус заасанд нийцжээ.
Түүнчлэн, тэдний гаргасан дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “шинжээчийн дүгнэлт” гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг заасанд нийцэж байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж заасан бөгөөд дүгнэлт гаргахдаа хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүчингүй болгох үндэслэлийг хуульд заагаагүй, гагцхүү шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан эсэхэд ач холбогдол өгөх учиртай.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж зааснаар шинжээч тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нотлогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор хуульчилжээ.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.И-ийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ч.А-ийн өмгөөлөгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2008 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.И-ийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ч.А-ийн өмгөөлөгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР