Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/1301

 

 

 

 

 

    2025           11              19                                       2025/ДШМ/1301

 

У.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.И,

шүүгдэгч У.Б,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/830 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.И-ийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлээр У.Б-д холбогдох эрүүгийн ....... дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01 цаг үед .... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “.....” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: У.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар У.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч У.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.И бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ял тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс тохиролцсон ялын хүрээнд гэж дурдаад шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмаар зохицуулсан. Англи-Саксоны эрх зүйн бүлээс ял наймаалцах гэсэн зохицуулалтыг манай улс авч хэрэглэсэн. Тус зохицуулалтын анхны үндэс нь прокурортой тохиролцсон ялыг шүүгч батална гэж хэрэглэгддэг. Манай улсад энэ байдлаар хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасан. Энэ хуульд зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх энэ зүйлийн 3.1, 3.2-т заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар прокурорын гаргасан саналыг баталж, шийдвэрээ танилцуулна” гэж зохицуулсан. Шүүх хуульд “энэ хүрээнд” гэж багасгах нөхцөл байдаг гэж үздэг. “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл шүүгдэгчийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Хэрэв прокурортой тохиролцсон тохиролцоо өөр байх ёстой, ялыг өөрөөр оногдуулах ёстой гэвэл “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д зааснаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцээд хэрэгт авагдсан ямар баримтын хүрээнд яагаад прокурортой тохиролцсон ялын хэмжээг өөрчлөх болсон үндэслэлээ заагаад өөрчлөх боломжтой. Тэгэхээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг болон “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д зааснаар прокурортой тохиролцсон ялыг батлах ёстой. Тиймээс анхан шатны шүүхээс прокурортой тохиролцсон ялыг өөрчилсөн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ыг зөрчсөн гэж үзэж прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн гомдол саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч У.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01 цаг үед .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “.....” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч У.Б-д танилцуулахад, тэрээр хүлээн зөвшөөрч, улмаар прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад шүүгдэгч У.Б хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 13 дугаартай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх энэ зүйлийн 3.1, 3.2-т заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар прокурорын гаргасан саналыг баталж, шийдвэрээ танилцуулна.” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаа этгээдэд прокурорын саналын хүрээнд үндсэн болон нэмэгдэл ял оногдуулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ...” гэж заасан нь прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх агуулгыг илэрхийлэх бөгөөд үүгээрээ ердийн журмаар хэрэг шийдвэрлэхээс ялгагдана.

Түүнчлэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилго, үндэслэл, шалтгаантай уялдах бөгөөд нэгэнт яллагдагч санал гаргасныг прокурор хянаад тохиролцсон ялын хүрээнд шүүх шийдвэрлэх нь цаашид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой болно.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/830 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор П.И-ийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

2. Шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                П.ГАНДОЛГОР

                        ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР