| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0410/Э |
| Дугаар | 430 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Одсүрэн, өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарынхан овогт Рэнцэндоржийн Эд холбогдох эрүүгийн 1803002080162 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Рэнцэндорж овогтой Э нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 03 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутан “17” авто угаалгын газрын зүүн замд Hyundai sonata-5 маркийн 04-00 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Гантулгыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Одсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогчийн биеийн байдал муу байгаа. Эмч нар ямар хугацаанд эдгэрэх нь тодорхойгүй гэж хэлсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр болон эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг, бэлнээр 5.000.000 төгрөг, даатгалаас 5.000.000 төгрөг нийт 11.900.000 төгрөгийг өгсөн. Надад одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогчийн биеийн байдлаас шалтгаалж нэхэмжилнэ гэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Рэнцэндорж овогтой Э нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 03 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутан “17” авто угаалгын газрын зүүн замд Hyundai sonata-5 маркийн 04-00 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Гантулгыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
Хэргийн газрыг үзлэгийн тэмдэглэл /хх-7/,
Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд. /хх-5-6, 8-10/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Одсүрэнгийн “...Манай нөхөр ослоос хойш бие нь маш муу байгаа, ухаан санаа нь орж гарч байна, юу болж байгааг ухамсарлаж чадахгүй, зам тээврийн осолд орсноо ч мэдэхгүй, өвдөж байгааг ч мэдэхгүй, хүүхэн хараа өргөсөж, хөөрлийн байдалд л байгаа, мөн байнгийн асаргаанд байгаа...” гэсэн мэдүүлэг./хх-21-22/,
Иргэний хариуцагч Г.Ганбаярын "...Этэй 2 жилийн өмнө танилцеан, би 2 жилийн өмнөөс Эөөр хааяа бараагаа заруулдаг байсан, тийм ч учраас түүнд итгэж машиныг нь худалдаж авч өгсөн, тэрээр цалингаасаа надад тодорхой хэмжээгээр мөнгө өгч өрөө дардаг байсан, анх уг автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.800.000 төгрөгөөр бусдаас худалдаж авч өгсөн, үлдэгдэл 1.100.000 төгрөг үлдсэн байсан. /хх-54/,
Гэрч С.Наранбаатарын “...замын хажууд тамхи татаад зогсож байтал миний өөдөөс буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд нэг эрэгтэй хүн явган хүний гарцаар алхаад зам хөндлөн гарч байтал хойноосоо урагшаа чиглэлд, маш хурдтай ирж яваад зам хөндлөн гарч амжаагүй байсан язган хүнийг шууд ирээд мөргөсөн, надад ямар нэгэн чимээ осол болохоос өмнө сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-57-59/,
Гэрч Л.Дагвадоржийн “...Өвчтөн М.Гантулгын биеийн байдал хүнд гэмтлээс болж эдийн түвшинд гэмтсэн, тархины мэдэрлийн ширхэгийн тархмал гэмтэлтэй, удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай, удаан хугацааны эмчилгээний үр дүн яаж гарахыг урьдчилан хэлэх боломжгүй. Ухамсарт ухаан бүрэн сэргээгүй, хэзээ бүрэн сэргэхийг одоогоор хэлэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-62/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн гаргасан 3579 дугаартай дүгнэлт:
“1. М.Гантулгын биед тархины хүнд зэргийн няцрал, дух зулай хэсгийн олон тооны гархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, зулайд шарх, гуя. шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” /хх-67-68/,
Мөрдөгчийн 82 дугаартай магадлагаанд Hyundai sonata 5 маркийн 04-00 УНЗ дугаартай автомашиныг жолоодож явсан Р.Э нь Монгол. Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. 3Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон. чиргүүлийн холбоос эвдэрсэн. харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон. цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлуүлэхийг хориглоно.Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх /хх-84/,
Яллагдагч Р.Эий “...Би урьд гэрчийн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн, надад одоо нэмж ярих зүйл байхгүй, өөрийн эрхийн дагуу шүүхийн шатанд мэдүүлэг өгнө. Би гэм буруугаа хүлээж хохирогчид учруулсан хохирлоо төлж байгаа, одоогоор 2.000.000 төгрөг хохирол төлсөн байгаа, цаашид хохирол төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-92/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Р.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч М.Гантулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Р.Эийг Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцуулах” санал гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгч Р.Эийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Р.Э болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Р.Э нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч М.Гантулга, хууль ёсны төлөөлөгч Х.Одсүрэн нар нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж харгалзах ял оногдуулж өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч хүнээ эмчлүүлж, эрүүл болгож авах зорилготой байгаа. Иймд шүүгдэгч хорих ял эдэлчих юм бол хохирогчид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломжгүй болж байна. Энэ нь бид нар ямар нэгэн ашиггүй учраас тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч хохирогчийн эмчилгээний зардалд 11.900.000 төгрөг нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлдэг. Мөн миний үйлчлүүлэгч анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” 1.2-д “...учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь “…тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж ял шийтгэхээр хуульчлагдсан байна.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Р.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдав.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн 1803002080162 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Э нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг тус тус дурдаж,
хэрэгт хавсарган ирүүлсэн Р.Эий В ангилалын 1074259 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баатарынхан овогт Рэнцэндоржийн Эийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Р.Эий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.
4. Хохирогч М.Гантулга, хууль ёсны төлөөлөгч Х.Одсүрэн нар нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР