Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/56

 

 

 

 

 

 

 

2025          11           11                                           2025/ДШМ/56

 

 

 

 

Н.Ү-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд  

Ахлах прокурор Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/152 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлээр яллагдагч Н.Ү-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Яллагдагч Н.Ү  нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоот хаягт байрлах А.Б-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтрэн орж 60 метр гэрлийн утсыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагч Н.Ү-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүх: Яллагдагч Н.Ү-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Г  давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Тус захирамжид "Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээгээр яллагдагчийн хулгайлсан гэх 60 метр 2*6 зэс голтой цахилгааны утасны зах зээлийн үнэлгээг 480,000 төгрөг гэж тогтоосон бол мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолд 60 метр 3х1 хэмжээтэй зэс утасны зах зээлийн үнэлгээг гаргуулах гэж дурджээ. Шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан эд зүйлийн чанар байдлын тодорхойлолтууд харилцан зөрүүтэй байхад прокуророос дээрх нөхцөл байдлыг нэг мөр болголгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитойгоор тогтоож чадаагүй гэж үзнэ. Дээрх нөхцөл байдал нь эд зүйлийг түр хураан авах, үзлэг хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүйтэй холбоотой байна. Хохирогч А.Б  нь мөрдөн шалгах ажиллагаанд дүүгээсээ “...чи авчихсан юм уу гээд асуусан чинь би аваагүй гээд байсан тэгэхээр нь цагдаа дуудаад өгсөн..." гэж, яллагдагч Н.Ү  мөрдөн шалгах ажиллагаанд “...тэгээд ахын гэрт очоод амбаарт байсан хүйтэн ус уучихаад тэгсэн ах ирээд чи цахилгааны утас авсан уу гэж загнаад дайраад байхаар нь би аваагүй гээд хэлчихсэн юм..." гэж, гэрч У.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Н.Ү-н ах Б гэж залуу надад 20,000 төгрөгийг маань буцааж өгсөн” гэж тус тус мэдүүлжээ. Дээрхээс үзэхэд хохирогч болон яллагдагч нь нэг гэрт амьдардаг ах дүүсийн харилцаа хамаарал бүхий хүмүүс болох нь тогтоогдож байна. Дээрх шалтгаан нөхцөл буюу хохирогч, яллагдагч нь ямар хамаарал бүхий хүмүүс болох, яллагдагч нь тухайн утсыг захиран зарцуулах эрхтэй байсан эсэхийг мөрдөгч, прокурор нягтлан шалгаагүй. Энэхүү нөхцөл байдлыг нягтлан шалгаснаар яллагдагчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байна. Дээр дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцнэ" гэж үзэж тус сум дундын прокурорын газарт уг хэргийг буцаасан.

Яллагдагч Н.Ү  нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоот хаягт байрлах А.Б-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтрэн орж 60 метр гэрлийн утсыг хулгайлсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагaa явуулж түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд шилжүүлсэн.

...яллагдагч нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар 60 метр утсыг хулгайлан бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангалттай хангаж байна. Учир нь уг заалтад заасан гэмт хэрэг хохирлын хэмжээг шаарддаггүй, агуулахад нэвтэрч объектыг авсан эсэхээс үл хамаарч төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтэд дурдсан зэс утасны голын хэмжээ нь хоорондоо зөрүүтэй байгаа нь шинжээчийн техникийн буюу тоо үсгийн алдаа гэж үзэж байна. Шинжээчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль сануулж дүгнэлт гаргуулсан. Хохирогч А.Б нь шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар санал хүсэлт гаргаагүй. Цагдаагийн албан хаагч уг утсыг хурааж авалгүй хохирогч А.Б-т хүлээлгэн өгсөн байдаг. Хохирогч А.Б нь энэ талаар мэдүүлэгтээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч хулгай хийх гэмт хэрэг хохирлын хэмжээ хамаардаггүй учир дээрх ажиллагааг хийлгэх нь яллагдагчийн гэм бурууг тогтоох, хэргийг шүүхээр шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээс харахад тэдний хамаарлыг тогтоох, яллагдагч уг объектыг захиран зарцуулах эрхтэй эсэхийг тогтоох нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч хулгай хийх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг учир яллагдагчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангалттай тогтоож байна гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхээс хохирогч, яллагдагч нарыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулаагүй ба хохирол, хор уршиг, яллагдагчийн гэмт хэргийн объектыг захиран зарцуулах эрхтэй эсэх талаар бүрэн асууж тодруулах боломжтой байсан.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан алдааг засуулж, хохирол, хор уршгийг тогтоох хохирогч яллагдагч нарын харилцан хамаарлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх, шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, хэргийг прокурорт буцаасан байх тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 2025/Ш3/152 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Б.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс Н.Ү-д холбогдох хэргийг 2 үндэслэлээр буцаасан.

 Нэгт: Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээгээр яллагдагчийн хулгайлсан гэх 60м 2*6 зэс голтой цахилгааны утсыг мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоол дээр 60 метр 3х1 гээд зөрүүтэй байдлаар бичигдсэн байна гэж буцаасан.

Хоёрт: Хохирогч болон яллагдагч нар нь нэг гэрт амьдардаг ах дүүсийн харилцаа хамаарал бүхий хүмүүс болох нь тогтоогдож байна. Дээрх шалтгаан нөхцөл буюу хохирогч, яллагдагч нар нь ямар хамаарал бүхий хүмүүс болохыг яллагдагч нь тухайн утсыг захиран зарцуулах эрхтэй байсан эсэхийг мөрдөгч, прокурор нягтлан шалгаагүй гэдэг үндэслэлээр буцаасан байдаг.

Үүн дээр прокурор дараах байдлаар санал дүгнэлтийг гаргаж байгаа. Мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтэд дурдсан зэс утасны голын хэмжээ нь хоорондоо зөрүүтэй байгаа нь шинжээчийн техникийн буюу тоо  үсгийн алдаа гэж үзэж байгаа бөгөөд үүн дээр хэргийн оролцогчид маргаагүй. Хоёрт тухайн хурааж авсан 60 метр урттай цахилгааны утсыг хохирогчид буцааж өгсөн. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан байдаг.

Шүүгдэгч Ү-н хувийн байдлыг судлаад үзэхэд архины хамааралтай, хулгайн зүйл зарж борлуулдаг хүн байдаг. Тухайн өдөр хохирогч Б-н амбаарын хаалганы түгжээг эвдэж хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар хууль бусаар орж 60 метр цахилгааны утсыг хулгай хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хамгийн гол нь тусгайлан хамгаалсан агуулах байранд нэвтэрч цоожийг нь эвдээд ороод байгаа үйлдлийг “нэвтэрсэн байна” гэж үзэх үндэслэлтэй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр яллагдагч Н.Ү-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Н.Ү-г 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоот хаягт байрлах А.Б-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтрэн орж 60 метр гэрлийн утсыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүх: “...Шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан эд зүйлийн чанар байдлын тодорхойлолтууд харилцан зөрүүтэй байхад прокуророос дээрх нөхцөл байдлыг нэг мөр болголгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн ...яллагдагч нь тухайн цахилгааны утсыг захиран зарцуулах эрхтэй байсан эсэхийг мөрдөгч, прокурор нягтлан шалгаагүй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ...” гэж заасан бөгөөд шүүх дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх талаар гүйцэд дүгнээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Тухайлбал: дээрх нөхцөл байдлуудыг гэрч, хохирогч, шинжээч нараас тодруулах боломжтой эсэх, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломж байсан эсэх гэх зэргээр захирамжид дурдагдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болох эсэх талаар зайлшгүй дүгнэхийг хуулийн дээрх заалтад тусгасан гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлийг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/152 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/152 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

 

2. Яллагдагч Н.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.