| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2339004640289 |
| Дугаар | 2025/ДШМ/57 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/57
2025 11 11 2025/ДШМ/57
М.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор: Н.А,
Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Э,
Шүүгдэгч: М.Н, түүний өмгөөлөгч Б.С /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Н-н давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
35.1 дүгээр зүйл “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэх нийтлэг заалтуудыг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх, тоног төхөөрөмж буюу гурил зуурагч машиныг ажиллуулах сургалтад суугаагүй, зориулалтын хувцасгүй, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус хуушуурын газарт тогооч ажилтай Б.Б нь ажлын байрандаа ажиллаж байсан гурил зуурагч төхөөрөмжид гараа хийж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь "баруун шуу ясны хоёрлосон сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун шууны гадна хэсгийн хууларсан гүн шарх, шууны тараагуур судас, булчингийн тасрал, арьсны үхжил, арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, богтос, дунд мэдрэлийн гэмтэл, дарагдал, шуу, бугуй, сарвууны үйл ажиллагааны алдагдал, баруун эрхийг холдуулагч богино, урд булчин, чигчийг холдуулагч булчингийн хатангиршил, зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “П” ХХК-ийн хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие М.Н нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг орчимд Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийх зөвшөөрөл авч ажиллаж байх үед зарын дагуу хуушуурын тогоочоор 3 хоног өдрийн 350,000 төгрөгийн цалин тохиролцон Б.Б гэх хүнтэй ажиллаад тухайн өдрийн ажил дуусаж байх цагт осол гаран баруун гараа гурил зуурагч машинд хийн баруун гараа гэмтээсэн билээ. Үүнд холбогдуулан намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж миний бие “П” ХХК -ийн дугаартай компанийн захирал тул хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн болно. Миний бие нь тухайн осол гарснаас хойш ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан тул хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй байсан ба тухайн хохирогчид тохиолдсон зүйлд маш их харамсаж байгаа. Шүүхээс тогтоосон 40,188,386 төгрөгийг хурдан хугацаанд олж өгөхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байгаа бөгөөд хийх гэж буй ажил минь хөдөө орон нутагт ажиллах шаардлагатай мөн томилолтоор гадагшаа явж ажиллах гэх зэрэг мөн ...ажилдаа буцаж орох гэж байгаа бөгөөд тухайн компанид ажилладаг гэдгийг батлах бичиг баримтыг хавсаргаж байна. Мөн миний эрүүл мэндийн байдал байнга эмчийн хяналтанд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд амь насанд минь аюултай хэмжээний том хагалгаанд орсон. Цаашлаад мөн байнга эмчлүүлэх шаардлагатай гэснийг минь албан ёсны дүгнэлт шинжилгээний хариу эмчийн бичиг, эмнэлгийн хяналтанд байгаа бичиг баримтыг хавсаргав. Миний бие нь 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анхны хүүхэд болох Б.Т/-г Улаанбаатар хотод 2 дугаар амаржих төвд төрүүлэн одоогоор 1 дүгээр ангид суралцаж байгаа. Удаах хүү Б.Е/, Улаанбаатар хотод 1 дүгээр амаржих төвд төрүүлэн одоогоор 4 дүгээр ангид суралцаж байгаа. 3 дахь хүүхэд болох Б.Ч Улаанбаатар хотод 2 дугаар ангид суралцдаг. Отгон хүүхэд болох Б.Ц Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих төвд төрөн одоогоор 3 нас 10 сартай цэцэрлэгт явж байгаа болно. Иймд бага насны олон хүүхэдтэй эх хүн гэдэг байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг минь дахин шүүж, Зорчих эрхийг 3 жил хязгаарласан ялын төрлийг минь торгох ял болгон өөрчилж өгөн хохирогчийн хохирлыг хурдхан төлж барагдуулах боломжийг минь хангаж өгөөч хэмээн хичээнгүйлэн гуйж байна. Би анхан шатны шүүх хурлаас хойш өөрт орж ирсэн мөнгөө хохирогчид шилжүүлэн өгч байгаа боловч хохирогчийн хүссэнээр бүтэн өгөх боломжгүй байгаа. Хэрэв ажил хөдөлмөр эрхлэх боломж минь нээгдвэл тун яаралтай хохирлыг барагдуулах болно. Мөн эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэхүү эс үйлдэхүйгээр бий болсон гэмт хэргийг минь анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг минь харгалзан үзнэ үү гэж гуйж байна...“ гэжээ.
Шүүгдэгч М.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хурал дээр хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй байсан. Шүүх хурал явагдаж байх үед хохирогч талаас 5 хоногийн дотор хохирлоо барагдуулбал хоорондоо тохиролцъё гэдэг санал тавьсан. Тухайн үед би мөнгөний боломж байгаагүй. Гэхдээ ямар ч байсан барагдуулах болно гэж хэлээд шүүхийн шийдвэр гарсан байгаа. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь миний хувийн амьдрал, эрүүл мэндийн шалтгаан, бага насны олон хүүхэдтэй, ажил хийгээгүй байх хугацаа таарсан. Одоо хүүхэд 3 нас хүрээд буцаад ажилдаа орж байгаа учраас хүүхдүүдээ өвөө эмээгийнд нь үлдээх, хөдөө орон нутаг руу хүргэж өгөх шаардлагатай болдог. Хотоос гарч болохгүй гэдэг шийдвэр нь миний амьдралд болохгүй байгаа тул давж заалдах гомдол гаргасан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Одоогоор хохирогч талд 30 сая төгрөг өгсөн байгаа. Үлдсэн 10,198,000 төгрөгөө 2026 оны 2 сар хүртэл хувааж төлөх байдлаар гэрээ хийгдсэн байгаа...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэнтий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний 203 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ажил хийж хохирлоо барагдуулъя. Зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгөөч гэж хандсан байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь 2,700,000-14,000,000 хүртэл торгуулийн ялтай. Энэ хүний хувьд өөрөө хэлж байна. Хохирлоо барагдуулах гээд ажил хийх гээд явж байгаа хүнд торгуулийн ял зохимжтой юу. Мөн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ зөөнө гэж байна. Харин шүүх болон төр шүүгдэгчийг харж үзээд 6 дүүргээр нь боломжтой хугацаагаар нь зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг тогтоосон байна. Гэтэл хохирогчид хэдэн төгрөг өгснийхөө төлөө заавал давж заалдах гомдол гаргаад ялаа солино гээд яваад байгаа нь зохимжгүй байна. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хохирогчид учруулсан хор уршиг, гэмт хэргийн шинж байдалд нийцсэн байх тул ялыг солих үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Шүүгдэгч тал хуульд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдол гаргасан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид маш хүнд хохирол учирсан байдаг. Хохирлын тухайд шүүгдэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны өмнөхөн 25 сая төгрөгийг, өмнө нь өгсөн 5 сая төгрөг гээд нийт 30 сая төгрөгийг хохирогчид төлсөн. Ял солих асуудал дээр тусгайлсан санал алга байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэх байх. Хохирогчийн хувьд хүнд хор уршиг учирсан. Одоогийн байдлаар томоохон мэс засалд ороогүй ч гэсэн мөнгөө хуримтлуулж байгаад 2, 3 жилийн дараа цуврал хүнд хэлбэрийн мэс засалд орох шаардлагатай тулгарсан. Тийм учраас төлбөр мөнгөний асуудал хүнд байгаа. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д зааснаар 2 сая төгрөгийн цалинтай үүнийгээ 7 дахин нэмэгдүүлж 14 сая төгрөгийн хохирлыг хэвээр хангах боломжтой байсан байх гэж хохирогч талын зүгээс үзэж байгаа гэх мэтчилэн асуудлууд байна. Зарим зүйлийг иргэний журмаар нэхэмжлээд явах байх. Шүүгдэгчийн хувьд анхан шатны хурал дээр төлбөр мөнгө төлөөгүй орж ирсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 30 сая төгрөг төлсөн байна. Бидний зүгээс шүүгдэгч хохирол төлбөрөө л хурдан хугацаанд барагдуулах тал дээр илүү анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Түүнээс ялын асуудал дээр тусгайлсан саналгүй байна...” гэв.
Хохирогч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 7 сард осолд орж, гэмтлийн эмнэлэгт 4 удаагийн давтамжтай хагалгаанд орсон. Одоо миний гар булчингийн масс байхгүй. Цаашдаа хуучных шигээ болохгүй. Одоо би дахиад 4-5 удаагийн хагалгааны заалттай байгаа. Ялын талаар хүлээн зөвшөөрмөөргүй байна. Би гомдолтой байна. Шүүгдэгч өчигдөр надад 25 сая төгрөг, өмнө нь өгсөн 5 сая төгрөг гээд нийт 30 сая төгрөг төлсөн байгаа. Гар сарвууны эмнэлэг манай Монгол улсын хэмжээнд байдаггүй. Гэмтлийн эмч нар таны дараагийн хагалгааг бид нар хийж чадахгүй гээд явуулсан. Монголд ганцхан хувийн эмнэлэг байдаг юм байна лээ. Хэрэв Н тухайн үед хохирол мөнгөө өгсөн бол надад Солонгос явах боломж байсан. Одоо энэ хүн надад 30 сая төгрөг өгчихлөө гэж байна. 30 сая төгрөг 4 удаагийн давтамжтай 6, 6 сарын зайтай хагалгааны зардал нь 30 сая төгрөг болно. Үүнийг хагалгааны зардалд л өгчихнө. Цаана нь надад эм тариа, боолт марал авах, хоол цай зөөх мөнгө гарахгүй. Би 20 жил нийгмийн даатгал төлсөн. Тухайн үед би ахуйн осол гэдгээр материалаа бүрдүүлж өгсөн. Үйлдвэрлэлийн осол гэж материалаа бүрдүүлж өгсөн бол арай ахиу мөнгө тогтоогдох байсан байх. Группийн комисс та шүүхээр тогтоолоо гаргуулаад ир гэсэн. Миний хувьд өнөөдрийг хүртэл санхүү мөнгө, сэтгэл санаа зэрэг олон зүйлээрээ хохирч байна. Тийм учраас хохирол төлбөрөө гаргуулж, дараа дараагийн хагалгааны асуудлаа шийдүүлэх л саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Шүүгдэгч Н-н хувьд хохирогчид хохирол төлбөрөөс 30 сая төгрөгийг төлсөн байгаа. Тухайн гэмт хэргийг үйлдэгдсэн болон хохирогчид хохирол учруулсандаа гэмшиж байгаа. Сая хохирогчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгчийн хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, үүн дээр ямар нэгэн байдлаар маргах зүйл байхгүй. Зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольё гэдэг дээр тодорхой хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх дээр өвчтөний талаар тодорхой баримтуудаа өгсөн. Сая давж заалдах шатны шүүх дээр нотлох баримтаар гаргаж өгч байгаа баримтуудын тухайд Н нойр булчирхайн хурц үрэвсэл буюу үүнтэй холбоотойгоор нилээн удаан эмчилгээ хийлгээд явж байсан. 2025 оны 3-4 сарын үед цөсний сувгийн үрэвсэлтэй, цөсний хүүхдийн хурц үрэвсэл гэсэн оношоор 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хагалгаа хийлгээд эмчилгээ хийлгэсэн Сонгдо эмнэлгийн баримтыг нотлох баримтаар өгсөн. Эмч нарын зөвлөгөөн дээрээ Солонгос улсад нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай гэсэн байдаг. Хохирогчийн хохирсныг ойлгож байгаа, үнэхээр гэмшиж байгаа. Гэхдээ энэ бол болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг эрхэм шүүгч нар харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Бидний зүгээс хийж чадах зүйл юу вэ гэхээр хохирогчид учирсан хохирлыг аль болох боломжит хувилбараар хурдан барагдуулах ийм л нөхцөл байдалтай байгаа.
Шүүгдэгчийн хувьд 4, 7, 8,14 насны хүүхдүүдтэй, нөхөр буюу Б-ны гадаад паспортын хуулбарыг хавсаргасан шалтгаан нь нөхрийнх нь ажил байнгын гадагшаа дотогшоо явдаг гэдгийг батлах зорилготойгоор өгсөн. Тийм учраас Н-н хувь хүүхдүүдээ өөрөө хардаг, мөн өөрөө 1 сар гарантай жирэмсэн зэрэг ийм эрүүл мэндийн шалтгаан нөхцөл үүссэн. Анхан шатны шүүхээс түүнд 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулчихсан байгаа.
Холбогдох баримтаар хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг өгсөн. Шүүгдэгчийн хувьд 4 хүүхдээ тэжээн тэтгэж байгаа, мөн хохирогчийн хохирлыг барагдуулах шаардлагатай байгаа учраас ажилдаа эргэн ороод дараагийн декрет хүртэл ажиллах шаардлагатай байгаа. Ажлын шаардлагаас болж орон нутаг руу явах шаардлагатай болдог. Мөн бага насны хүүхдүүдээ зуны болон өвлийн амралтуудаар өөрийн аавындаа буюу Сэлэнгэ аймгийн Мандал суманд аваачиж өгдөг учраас аль боломжит хувилбараар гомдлоо бүрдүүлээд шүүхэд өгч байгаа юм.
Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж шүүгч нараасаа хүсэж байна. Өвчний хувьд хохирогч сая Монголд эмчлэгдэх боломжгүй гэж хэлж байгаатай адил Н-н хувьд бас Монголд эмчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас 3 жилийн хугацаанд эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхгүй гэж хэлэх боломжгүй учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Хэнтий аймгийн наадмын талбай, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийх зөвшөөрөл авч ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28.1 дүгээр зүйлийн 8, 35.1 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх тоног төхөөрөмж буюу гурил зуурагч машиныг ажиллуулах сургалтад суугаагүй, зориулалтын хувцасгүй, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус хуушуурын газарт тогооч ажилтай Б.Б нь гурил зуурагч төхөөрөмжид гараа хийж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: : Шүүгдэгч М.Н-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “П” ХХК-ийн хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шалгаж, хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Н “...зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү....” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан нь зөв боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Харин шүүх эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “...Шүүгдэгч М.Н нь “П” ХХК -ийн захирлаар ажилладаг ...шүүгдэгчийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаанаас “хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ” явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв...” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт “...“П” ХХК-ийн хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж...” гэж бичсэн нь утга найруулгын хувьд алдаатай бичигдсэн байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-н хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй" гэж өөрчлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-н хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй." гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.