Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00799

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00799

 

 

                                           Н.Нн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/0566 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Н, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан  барьцаанд байсан зурагт худалдсан хохиролд 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ихбаяр, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр HISENSE маркийн 42 инчийн телевизорыг 150 000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавьсан. Хүлээлгийн 7 хоног байсан ба 11 дүгээр сарын 16-19-ний өдрийн хооронд очиход цоожтой байсан ба утас руу нь залгахад дуудаад аваагүй, баримтан дээр бүртгэлтэй хоёр дугаар руу нэг ч удаа залгаж яриагүй. Журам дээрээ залгаж ярихаар заасан байхад журмаа зөрчин нэг ч удаа залгаж яриагүй. Баримт дээр хугацаа хэтэрснээс хойш хүү бодно гэдэг. Гэтэл манайх хүү бодоогүй гэж журмаа зөрчиж 800 000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг зарж борлуулсан. Надад мэдэгдэхгүйгээр Арвижих ломбард нь миний зурагтыг зарж журмаа зөрчсөн. Иймд хохирол болох 300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч Н.Н нь манайд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай 42 инч HISENSE телевизорыг 150 000 төгрөгөөр тавьсан болно. Хугацаа дууссанаас хойш манайх 7 хоног эд зүйлийг хадгалдаг. Анхааруулах мессэж явуулсан боловч дэлгэц нь хагархай утас руу явуулсан гэж загнасан. Би тэр хүний утасны дэлгэц хагархайг мэдэхгүй. Санамжид заагдсаны дагуу 7 хоног хүлээх ёстой боловч манайх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл 8 хоног хүлээгээд ломбардыг хохиролгүй болгосон. Н.Н нь тус ломбардны гэрээтэй танилцан хүлээн зөвшөөрсний улмаас гарын үсэг зурсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 00 минутад хаалттай байсан гэх боловч манайх огт амардаггүй ба 11 цаг 00 минутаас 23 цаг 00 минут хүртэл ажилладаг. Нэхэмжлэгчийн ярьж байсан хугацаанд манай ломбард ажиллаж байсан гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Манай ломбардны утас байнга холбоотой байдаг. Нэхэмжлэгчийн ломбардад ирэхэд хаалттай байсан гэх тайлбар нь бичлэгээр Си Ди-нд буулгаж шүүхэд нотлох баримтаар гаргуулж өгсөн.  Хугацаа нь дуусаад 2 хоногийн дараа хариу ирэхгүй, утсаар ч ярихгүй, ирж уулзахгүй байсан болохоор тэр орой нь зах дээр очиж 220 000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэгч ломбардны дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан тул Арвижих ломбард буруугүй гэжээ.

            Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч “М” ХХК-ийн Арвижих ломбард /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ихбаяр/-аас 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ихбаярын давж заалдах гомдолд: “М” ХХК нь нэхэмжлэгч Н.Нн Hisense маркийн 42 инчийн телевизорыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр барьцаалж 150 000 төгрөгийн зээл олгосон. Цахилгаан барааг компанийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь 10 хоногийн хугацаатай авдаг ба хүлээлгийн хугацаа 7 хоног байдаг. Уг хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дуусч байгааг мессэж явуулан сануулдаг. Нэхэмжлэгч Н.Н нь дэлгэц хагарсан утас руу мессэж явуулсан гэж загнасан. Утасных нь дэлгэц хагархай эсэхийг бид мэдэхгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутад манайд ирж, утсаа авдаггүй, дандаа хаалттай байдаг гэх мэтээр нэхэмжлэл дээрээ бичсэн байдаг. Н.Нн утасны ярианы түүхээс үзэхэд ганцхан удаа залгасан ба манайх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр утсаа аваад 39 секунд ярьсан байсан. Өргөдөл дээр бичсэн хоногуудад тус ломбард нээлттэй байсан нь камерийн бичлэг дээрх он сартайгаа байгаа. Нэхэмжлэгч Н.Н ломбардны 1 хувь бичгийг хүлээлгэн өгсөн ба тус бичиг дээр эд зүйлийг хүлээн авсан хугацаа, дуусах хугацаа мөн холбоо барих утасны дугаар байдаг. Н.Н нь манай ломбардны дотоод журмыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, өөрөө өөрийнхөө эд зүйлд хайхрамжгүй хандсан гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэр гарснаас хойш Н.Нтэй уулзан зурагтыг нь аваачиж үзүүлэхэд манай зурагт мөн, хумсны лакаар тэмдэг тавьсан гэсэн. Ингээд зурагтаа ав гэхэд мөнгө байхгүй авахгүй гэсэн. Манай ломбард үйл ажиллагаа явуулахаа больсон. Нэхэмжилсэн 120 000 төгрөгийн 60 000 төгрөг л байна өөр мөнгө надад алга гэхэд аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

           

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч “М” ХХК-ийн Арвижих барьцаалан зээлдүүлэх газраас 10 хоногийн хугацаатай 150 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдэж, уг үүргийн гүйцэтгэлд 42 инчийн зурагт барьцаалсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна. /хх13, 52/

            Хуулийн дээрх зохицуулалт нь зээлдэгч гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдаж үүргийг гүйцэтгэх талаар зээлдүүлэгч нэн даруй бичгээр мэдэгдэх, энэ өдрөөс хойш 10 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг худалдаж үүргийг хангуулахаар байх ба зээлдэгч гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлдүүлэгч зурагтыг 220 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон.

            Хавтаст хэргийн 13 дугаар тал дахь мөнгө хүлээн авсан баримтад гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусах, энэ өдрөөс 7 хоногийн дотор зээлдэгч зээл, хүүг төлөхөөр тохиролцсон ба хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусах талаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж, түүнээс хойш 8 хоногийн дараа зурагтыг бусдад худалдсан нь талуудын тохиролцоо болоод Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох журмыг зөрчсөн байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК маргаан бүхий зурагтыг 350 000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүх нэхэмжлэгчийн шаардлагын дүн 300 000 төгрөгөөс зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг буюу үндсэн зээл 150 000 төгрөг, хүү 30 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг хасч үлдэх 120 000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч нь энэ талаар гомдол гаргаагүй болно. /хх28-33/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/0566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧИД                        Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                           А.МӨНХЗУЛ