Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

            улсын яллагч С.Оюунжаргал,

            шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

            хохирогчийн өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ванчин овогт Тогоочийн Гэрэлцолмонд холбогдох эрүүгийн 1803000010037 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Люкс хаусын урд замд С.Төмөрийн эзэмшлийн Toyota prius маркийн 96-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оюуныг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Би улирлын чанартай

 

барилгын ажил хийдэг. Одоогоор өвлийн нөхцөл гээд ажил зогсчихсон байна. Тухайн машиныг жолоодож байхдаа ойр зуурын хэрэгцээндээ мөнгө олдог байсан. Машин битүүмжлэгдсэнээс хойш ажил хийгээгүй. Хохирол барагдуулах гэж хүмүүсээс хэдэн төгрөг цуглуулсан. Энэ мөнгөө хохирогчид өгч амжаагүй явна. Даатгалын компаниас материалаа бүрдүүлээд ирвэл шүүхийн эцсийн шийдвэрээр мөнгө гаргаж өгнө гэсэн. Манай ажил 4 сар гараад эхэлнэ. Би сардаа 800.000-900.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Түүгээр хохирогчийн хохирол төлбөрийг төлнө. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв.

2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-10/, явган зорчигч, жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл. /хх-12-13/, өвчний түүхээр гаргасан шүүх эмнэлгийн 360 дугаартай дүгнэлт /хх-58/, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны 126 дугаартай нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт. /хх-78-79/, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-94-95/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны №17/64123 дугаартай Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн тевийн шинжээчийн дүгнэлт. /хх-86-89/, хохирогч Б.Оюуны мэдүүлэг /хх-31-32/, иргэний хариуцагч С.Төмөрийн мэдүүлэг /хх-50/, гэрч О.Нямгаравын  мэдүүлэг /хх-52-53/, гэрч Г.Номин-Эрдэнийн мэдүүлэг /хх-54-55/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-34-47, 56,, автомашины үнэлгээ /хх-27/, Т.Ггийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-110/, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-112/, “ЖИТО” ХХК-ийн тодорхойлолт, зээлийн гэрээ /хх-114/, машин зээлээр авсан тухай баримт /хх-115/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-177/ зэрэг болно.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Люкс хаусын урд замд С.Төмөрийн эзэмшлийн Toyota prius маркийн 96-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оюуныг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Люкс хаусын урд замд асфальтан, шулуун тэгш, цастай, хальтиргаатай, зохицуулагддаггүй, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4-н эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай хайсгүй” гэх, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч. /хх-5-10/,

Явган зорчигч, жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл. /хх-12-13/,

Өвчний түүхээр гаргасан шүүх эмнэлгийн 360 дугаартай дүгнэлт:

 

1. Б.Оюуны биед суурь ясны зүүн их далавч дайрсан шугаман, 2 талын нүдний ухархайн дотор хана, духны цох хэсэг дайран зүүн духны хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарал зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, гайморовын хөндийн гадна хана, хацар ясны нумын нийлмэл хугарал, баруун, зүүн гайморовын хөндийн урд хана, ар хана, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын суурийн хөндий, 2 талын гайморов, зүүн талын этмойд духны хөндийд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” /хх-58/,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны 126 дугаартай нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт. /хх-78-79/,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:

1. Тоёота Приус маркийн 96-13 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. 

2. Явган зорчигч Б.Оюун нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Тоёота приус маркийн 96-13 УБП улсын дугаартай автомашины техникийн байдал осол хэрэгт нөлөөлөхгүй.

4. 3ам тээврийн осол нь замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх /хх-94-95/,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны №17/64123 дугаартай Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн тевийн шинжээчийн дүгнэлт. /хх-86-89/,

Хохирогч Б.Оюун мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “Би тухайн үед орой 20 цагийн үед Сэлбэ хотхонд байх охин Баасандуламын гэрээс ганцаараа гараад гэр рүүгээ буюу Алтай хотхон руу алхаад явсан, тухайн осол болох үед замын урдаасаа хойшоо чиглэлд явган хүний гарцаар гарч байтал машин ирээд мөргөсөн, тэгээд л юу болсныг мэдэхгүй байгаа, эмээгийнх нь толгой өвдөөд хэцүү байна, эдгэрэхгүй байна. Би ганцаараа явсан, маш их гомдолтой байна, зүгээр байсан хүнийг ийм байдалд оруулсанд маш их гомдолтой байна” /хх-31-32/,

Иргэний хариуцагч С.Төмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тоуоtа Рrius-10 маркийн 96-10 УБП улсын дугаартай автомашин одоогоор миний эзэмшилд байгаа, 2014 оноос хойш Г.Гтой хамтарч барилгын засал чимэглэл хийж ажиллаж байна. Г.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд

 

хувьдаа машин авья, тэгээд Toyota prius-10 маркийн 96-10 УБП улсын дугаартай автомашиныг авья гэсэн, тэгээд бид хоёр хоорондоо гэрээ байгуулаад 5.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод, одоогоор 2.920.000 төгрөгийг авчихсан байгаа, үлдэгдлийг өгөөгүй байна, өгч дуусахаар нь машинаа нэр шилжүүлнэ. Миний автомашин хэвийн ажиллагаатай автомашин байсан” /хх-50/,

Гэрч О.Нямгарав мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “…Манай

ээж бага зэрэг ойр зуурын юм ярина, ухаан санаа саруул байна. Манай ээж надтай, манай эхнэр хүүхэдтэй хамт Алтай хотхонд амьдардаг, тухайн үед Баянзүрх дүүргийн нутаг Натур Сэлбэ хотхонд охин Баасандуламын гэрээс ганцаараа оройн 21 цагийн үед гараад, гэрлүүгээ явган явж байгаад осолд орсон. Ослын дараа гэмтлийн эмнэлэг дээр очоод жолооч эрэгтэйтэй уулзахад “зүгээр л толь хэсгээрээ шүргэсэн бие гайгүй байгаа” гэсэн, гэтэл ээжтэйгээ уулзаад нүүр ам нилдээ цус болсон, дөнгөж л амьсгаатай байсан. Ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ гэхэд түүнтэй хамт явсан эхнэр хүүхэд нь “юун суртэй юм бэ” гэж хэлж байсан. Тэр жолоочид гомдолтой байна” гэх /хх-52-53/,

Гэрч Г.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 12 дугаар сарын 17-нд гэрээсээ ганцаараа гараад 10-н жилийн найз нартайгаа уулзах гэж байсан, тухайн үед оройн 20:00 цаг болж байсан, манай гэр Натурын ойролцоо байдаг юм. Би төв зам дагуу машинтай гараад иртэл замын голд хүн сөхрөөд сууж байсан, хажууд нь нэг эрэгтэй байсан. Тэр нь өргөөд босгох гэж байсан, бас ногоон өнгийн Т.Приус машин аваараа асаачихсан зогсож байхыг хараад “жолооч тэр хүнийг орхиод явчихаж магадгүй” гэж сэрэмжлэх үүднээс өөрийн утаснаас 102-т ослын талаар дуудлага өгчихөөд л яваад өгсөн, өөр мэдэж байгаа зүйл байхгүй, яг осол болохыг хараагүй. Замын хөдөлгөөн дунд зэрэг байсан, гадаа харанхуй болсон, цаг агаар тогтуун байсан” гэх /хх-54-55/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж Т.Ггийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Оюуны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Оюунаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 11.225.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Т.Ггоос 300.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэн аль нь маргаагүй байна.

Дээрх хохирлоос 10.925.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байх ба шүүхийн

 

хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн 500.000 төгрөгийн хохирол нэмэгдэж, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 11.425.000 төгрөгийг гаргуулахаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр дүгнэсэн байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас “хохирол төлөх тухай 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргаж, шүүх хуралдаан завсарласан үед дээрх хохирлоос 800.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ггоос нийт 10.625.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Оюунд олгохоор шийдвэрлэж, хохирогч Б.Оюун нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардлаа хууль зүйн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “....Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Шүүгдэгчийн эрүүл мэндийн хувьд сайн биш. Ходоодны үрэвсэлтэй гэж гарч ирсэн. Хохирогчийн эрх ашгийн үүднээс ялыг хөнгөлж оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэж хүсч байна. Ялыг тодорхой хугацаагаар хөнгөлсний дараа уг ялыг дээрх зүйлүүдийг үндэслээд биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Жолооны эрхийг 3 жилийн хугацаагаар хасч байгаа нь ядуу амьдралтай хүмүүс заримдаа амьжиргаагаа залгуулах болон хохирогчийн хохирол төлбөр төлөхөд нөлөөлөх байх. Жолоо барих эрхийг хуульд зааснаар доод хэмжээгээр тогтоож өгөхийг хүсч байна. Хохирол төлнө гэдгээ илэрхийлж батлан даалт гаргаж байна...” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн шүүх хурлаас хохирол нөхөн төлөх талаар өмгөөлөгчийн хамт саналаа гаргаж 5 хоногийн хугацаатай завсарлага авсан хэдий ч хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

 

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь “…тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдав.

3. Бусад асуудлаар

Улсын яллагчаас иргэний хариуцагч С.Төмөрөөс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорын хохирлыг гаргуулах санал гаргасан хэдий ч шүүгдэгч Т.Г, иргэний хариуцагч С.Төмөр нарын хооронд гэрээ байгуулж 2015 оноос хойш уг тээврийн хэрэгслийг Т.Г эзэмшиж байсан байх тул гэм хорын хохирлыг С.Төмөрөөс биш Т.Ггоос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1803000010037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Гд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг дурдаж,

энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1038301 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

иргэний нэхэмжлэлийг хангуулахаар уг хэрэгт битүүмжлэгдсэн Toyota prius маркийн 96-13 УПС улсын дугаартай автомашины гэрчилгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ванчин овогт Тогоочийн Г-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Т.Гг тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

  1. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Гоос 10.625.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Оюунд олгож, хохирогч нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. 1038301 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн Toyota prius маркийн 96-13 УПС улсын дугаартай автомашины гэрчилгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. 1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР