Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1013

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 байр 62 тоотод оршин суух хаягтай, Адуучийн Өгөөмөр /РД:ЧК86050611/

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар. 

Нэхэмжлэлийн шаардлага: “АОӨЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг А.Өгөөмөрт шилжүүлэх бүртгэлийг хийж өгөхийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Өгөөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын бүртгэлийн тухай хуульд доорх хэм хэмжээг хуульчилж өгсөн.

3.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

3.1.4. үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;

3.1.6. иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх,

“АОӨЭ” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Адууч нь компанийн 100 хувийн хувьцааг А.Өгөөмөрт 2011 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн. А.Өгөөмөр нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж компанийг зайлшгүй бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авах ёстой байтал 2011 оны 11 сард өв залгамжлалын гэрчилгээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Г.Адуучийг нас барахад түүний төрсөн эх Б.Хорлоо, Г.Адуучийн эхнэр Д.Оюун, Г.Адуучийн охин А.Энэрэл, хүү А.Өгөөмөр нарын 4 хүний нэр дээр өвлөх эрх нээгдэхэд Б.Хорлоо, Д.Оюун, А.Энэрэл нар нь бүгд өвлөх эрхээсээ татгалзсан бичгийг нотариатчид хийж өгч, өвлөх эрхээсээ татгалзсан тул А.Өгөөмөрийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. 

Гэтэл Б.Хорлоо нь татгалзсан өв залгамжлалаасаа татгалзаж, өв залгамжлах эрхийг сэргээж өгөх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тохиолдол гарсан. Тиймээс өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр компанийг шилжүүлэн авсан буруу болсон байдаг.

   Улсын бүртгэл үнэн зөв, бодитой болоогүй тухайд:

Компанийн эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ нь цаг хугацааны хувьд өвлөх эрхийн гэрчилгээ бичигдэхээс өмнө үйлдэгдсэн байдаг. Тийм учраас зайлшгүй хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ бичих ямар ч шаардлагагүй байсан. А.Өгөөмөр нь компанийн эрхийг шилжүүлж авч л байвал бэлэглэлийн гэрээ байна уу, өвлөх эрхийн гэрчилгээ байна уу ялгаагүй гэдэг өнцгөөс асуудалд хандсан. 

Гэтэл дээрх 2 хэлбэрийн харилцаа нь үр дагаварын хувьд өөр өөр хууль зүйн үр дагаврыг бий болгодог харилцаа төдийгүй А.Өгөөмөрийн эмээ гэх Б.Хорлоо нь өв залгамжлалын эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 

Бэлэглэлийн гэрээг үндэслэж бүртгэл хийгдсэн тохиолдолд ямар ч этгээд бүртгэлтэй холбогдуулан маргаан үүсгэх боломжгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ үндэслэж хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээ үндэслэн хийсэн бүртгэл нь А.Өгөөмөрийн хууль ёсны эрх ашгийг бүрэн гүйцэд, эрсдэлгүй хэмжээнд хангагдах нөхцөл болох бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэнд нийцсэн, үнэн зөв бодитой болж Улсын бүртгэлийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-т заасан зарчмууд хангагдах болно.

Г.Адууч нь өөрийн төрсөн хүү А.Өгөөмөрт компаниа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэх хүсэл зоригтой байсан, А.Өгөөмөр ч мөн адил бэлэглэлийн гэрээ үндэслэсэн бүртгэл хийлгэх хүсэлтэй байгаа гэдгийг хүндэтгэн үзэж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна" гэж зааснаар Г.Адуучийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ одоо ч хүчин төгөлдөр байна.

Улсын бүртгэл үнэн зөв бодитой болоогүй учраас А.Өгөөмөрийн эрх ашиг зөрчигдсөн, мөн тэрээр улсын бүртгэлийг үнэн зөв бодитой анх хийгдсэн бэлэглэлийн гэрээгээ үндэслэж бүртгэл хийлгүүлэхийг төрийн эрх бүхий шат шатны байгууллагаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг зайлшгүй бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

Улсын бүртгэгч хууль зөрчсөн талаар:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:

19.1.1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

19.1.2. үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;

19.1.3. өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон.

Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.3-д заасан үндэслэлээр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс татгалзах эрхтэй. А.Өгөөмөрийн хүсэлтэд дээрх хуулийн 3 нөхцөл хангагдсан тохиолдол байхгүй байхад улсын бүртгэлийн байгууллагаас хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь буруу болсон тул шүүхэд хандахад хүрсэн. Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.8. улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох; гэж зааснаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Улсын бүртгэлийн 18.1.8 дахь хэсгийг нэхэмжлэгч талаас өмнө нь бүртгэгдсэн үндэслэлээр давхардуулан дахин бүртгэл хийхгүй гэсэн хууль зүйн утга гэж ойлгож байгаа бөгөөд өв залгамжлалын бүртгэл, бэлэглэлийн гэрээний бүртгэл нь өөр өөр тул бүртгэлийг өөрчлүүлэх эрхтэй гэж үзэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “АОӨЭ” ХХК анх 1996 онд Аргамаг-2 оноосон нэртэй Г.Адууч үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

• УБ-05 маягт

• Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

• Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас

• Татварын байгууллагын тодорхойлолт

• 012 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ

• Ж.Оюун, А.Энэрэл, Б.Хорлоо нарын өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлт 

• Гэрлэлтийн гэрчилгээ

• Нас баралтын лавлагаа, гэрчилгээ

• Төрөл садангийн болон гэрлэлтийн лавлагаа, гэрчилгээ

• Компанийн шинэчилсэн дүрэм

• А.Өгөөмөрийн анкет

Уг бүртгэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн байна. Иймд уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй болно. “АОӨЭ” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний дагуу А.Өгөөмөрт шилжүүлж бүртгүүлэхийн тухайд А.Өгөөмөр уг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа тул дахин бүртгэх асуудал боломжгүй юм. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох” нь хориглосон байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Өгөөмөрөөс тус шүүхэд “АОӨЭ” ХХК-ийг өв залгамжлалын журмаар А.Өгөөмөрт шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, “АОӨЭ” ХХК-ийг бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг үндэслэн А.Өгөөмөрт шилжүүлсэн бүртгэл  хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ”АОӨЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Өв залгамжлалын гэрчилгээг үндэслэж  А.Өгөөмөрт шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэж, “АОӨЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг А.Өгөөмөрт шилжүүлэх бүртгэлийг хийж өгөхийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэж тодотгосон тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...эмээ Б.Хорлоо өмнө татгалзсан өв залгамжлалаасаа татгалзаж, өв залгамжлах эрхийг сэргээж өгөх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тиймээс өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр компанийг шилжүүлэн авсан нь буруу болсон... Улсын бүртгэл үнэн зөв бодитой болоогүй учраас А.Өгөөмөр миний эрх ашиг зөрчигдсөн, мөн тэрээр улсын бүртгэлийг үнэн зөв бодитой анх хийгдсэн бэлэглэлийн гэрээгээ үндэслэж бүртгэл хийлгүүлэхийг төрийн эрх бүхий шат шатны байгууллагаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг зайлшгүй бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байна...” гэж шүүхэд ханджээ.

Харин хариуцагчаас “...Уг бүртгэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн, бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглосон...“ гэж тайлбарлан үгүйсгэжээ.

Энэ талаар Улсын бүртгэл, статистикийн  ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “...дахин бүртгэж гэрчилгээ олгохгүй...” гэх ижил утга бүхий хариуг өмнө иргэн А.Өгөөмөрт өгч байжээ. 

НЭГ: АОӨЭ ХХК-ийн 100 хувийн хувьцааг Өв залгамжлалын гэрчилгээг үндэслэж А.Өгөөмөрт шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн тойргийн 229 дугаартай нотариатч С.Мандалсүрэнгээс Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасныг үндэслэн А.Өгөөмөрт “АОӨЭ” ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувь буюу 11.240.000 төгрөгний үнэ бүхий өмчлөлийн болон эд хөрөнгийн бус эрх өвлөх 012 дугаар бүхий “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгожээ.

Улмаар нэхэмжлэгч А.Өгөөмөр нь 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох бүртгэх байгууллагад гаргана” гэж заасны дагуу мөн хуулийн 14.2-т заасан маягтыг бөглөн дээрх “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний дагуу “АОӨЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх бүртгэлийг хийлгэхээр бүртгэлийн хэлтэс ханджээ.

Ингэхдээ хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”; гаргахаар заасантай нийцүүлэн иргэн А.Өгөөмөр нь “АОӨЭ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хүрээнд өөрийн биеэр мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл/УБ-05/; 16.1.2-т ”хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 16.1.3-т “хуулийн этгээдийн дүрэм”, 16.1.4-т”хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ” зэрэг шаардагдах баримт бичгүүдийн бүрдүүлэн өгснийг бүртгэлийн улсын байцаагч энэ хуулийн 14.2.1, 14.2.2, 14.2.3, 14.2.4, 14.3-т заасан хуулийн шаардлага хангасан баримт цугларсан гэж үзэж 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “АОӨЭ” ХХК-ийн эрхийг А.Өгөөмөрийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна.

Энэхүү бүртгэл нь хуульд журмын дагуу хийгдсэн үндэслэл бүхий болсон бөгөөд А.Өгөөмөрийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл өнөөг хүртэл хүчинтэй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Гэтэл нэхэмжлэгч А.Өгөөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар “...Өгөөмөрийн эмээ болох Б.Хорлоо нь “Өв хүлээн авах хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлт бүхий баримт бичгийг хүчингүйд тооцуулахаар маргаж буй маргаанаас болж “АОӨЭ” ХХК-ийн бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрчлөлт орж, үүсгэн байгуулагчаар А.Өгөөмөрийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулна ” гэж шүүхэд хандаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

ХОЁР: 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэж, “АОӨЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг А.Өгөөмөрт шилжүүлэх бүртгэлийг хийж өгөхийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Анх 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-р иргэн Г.Адууч  өөрийн өмчлөлийн “АОӨЭ” ХХК-ийн  100 хувийн хувьцааг өөрийн хүү А.Өгөөмөрийн өмчлөлд шилжүүлжээ. 

Уг бэлэглэлийн гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мандалсүрэн /229/ баталгаажуулан бүртгэсэн байна. 

Нэхэмжлэгч А.Өгөөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч энэхүү  бэлэглэлийн гэрээгээр “АОӨЭ” ХХК-ийн эрх шилжүүлэхтэй холбоотой бүртгэлийг хийлгэхээр бүртгэлийн хэлтэс очсон боловч тухайн үед засвартай байсан тул бүртгүүлж чадаагүй, ... бэлэглэлийн гэрээ нь цаг хугацааны хувьд өвлөх эрхийн гэрчилгээнээс өмнө үйлдэгдсэн учир хуулийн этгээдийн бүртгэл заавал бүртгэх ёстой байтал улсын бүртгэлийн байгууллагаас Хуулийн этгээдийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, мөн хуулийн 3.1.6-д заасан ”иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах” зарчмыг баримтлаагүй...” гэж үзэхээр байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэх боловч энэ талаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тодруулахад нотлох баримт олдоогүй болно. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...барилга засварт орсон эсэхээс үл шалтгаалан бүртгэлийн ажил тогтмол явагдаж байсан...” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч дээрх бүртгэлийг бүртгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй гэж үзэхээр байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглохоор  гэж заажээ.

Өөрөөр хэлбэл өмнөх бүртгэл хүчинтэй байхад дахин гэрээслэх эрхийн гэрчилгээг үндэслэн дээрх аж ахуйн нэгжийн хувьцааг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгах хуулийн үндэслэл байхгүй байна.

Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” бүрэн эрхтэй  боловч энэхүү эрхээ бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй эсхүл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хэрэгжүүлэхээр байна. 

Хариуцагчийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл эс үйлдэхүйн хууль бус байх ёстой бөгөөд хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлий 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дэх хэсэгт заасныг баримтлан ”АОӨЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Өв залгамжлалын гэрчилгээг үндэслэж  А.Өгөөмөрт шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэж, “АОӨЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг А.Өгөөмөрт шилжүүлэх бүртгэлийг хийж өгөхийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Л.БАТБААТАР