Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0432

 

З.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч З.Г, түүний өмгөөлөгч Ц.Энарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч З.Г-ийн давж заалдах гомдлоор, З.Г-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан З.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хассан нэг өдрийн цалин болох 23431 төгрөг, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зэрэг дэв олгох тухай А/65 дугаар захирамжийн дагуу зэрэг дэвийн нэмэгдэл болох 135826 төгрөг, нийт 159257 төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Г  давж заалдах гомдолдоо: “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон тооны бүтцэд сүлжээний ажил-бичиг хэрэг мэргэжилтний ажлын байр байгаа бөгөөд нэхэмжлэгч З.Г  миний эрхэлж байсан бичиг хэргийн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна. ...нэхэмжлэгчийн эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэргийн ажлын байрны чиг үүргээс дотоод ажил хасагдаж, байгууллагын сүлжээ хариуцсан ажил нэмэгдэж буй нь үндсэн ажил нь бичиг хэргийн ажил болох нь харагдаж байна. Хэргийн материалд шинээр томилогдсон сүлжээний ажил, бичиг хэргийн ажлыг хашиж байгаа ажилтны тайлан ирээгүй, анхан шатны хурал дээр ажлын тайланг асуухад тоймтой яриагүй байхад ...энэ асуудалд шүүх дүгнэлт хийхгүйгээр үл барам, хэргийн материалд ирсэн баримтад дүгнэлт хийгээгүй. Эндээс дүгнэвэл З.Г-ийн эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэргийн мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ байхгүй болсон гэж дүгнэж, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ыг ажиллуулахаар тогтоосны дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулан бүтэц, орон тоог нь шинэчлэн баталж, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан хууль тогтоомжийн хүрээнд батлагдсан төсөвтөө багтаан ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар /О.Б-/-т үүрэг болгожээ.

Дээрх Засаг даргын захирамжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч З.Г-ийн эрхэлж байсан албан тушаал болох “Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоог хасаж, “Сүлжээний ажилтан-бичиг хэрэг” гэсэн орон тоог шинээр бий болгожээ. Харин нэхэмжлэгч З.Г  нь уг албан тушаалд томилуулахаар “...миний эрхэлж байсан бичиг хэргийн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна. Дотоод ажил бичиг хэргийн ажлын байрны чиг үүргээс дотоод ажил хасагдаж, байгууллагын сүлжээ хариуцсан ажил нэмэгдэж буй нь үндсэн ажил нь бичиг хэргийн ажил болох нь харагдаж байна” гэх үндэслэлээр маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго нь “хүүхэд гэр бүлийн талаар төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, бодлогын баримт бичиг болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, байгууллагын дотоод бичиг баримтыг стандартын дагуу мөрдөж, архив албан хэрэг хөтлөлтийг заавар журмын дагуу мөрдөн” ажилладаг байжээ. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр тушаалаар байгуулагдсан Дотоод хяналт шалгалтын нэгж нь нэхэмжлэгч З.Г-ийн эрхэлж байсан “хүүхэд гэр бүлийн төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, бодлогын баримт бичиг болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх” чиг үүргийг гүйцэтгэх болсон байх бөгөөд тухайн чиг үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэгчээс маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан албан тушаалд “байгууллагын дотоод бичиг баримтыг стандартын дагуу мөрдөж, архив албан хэрэг хөтлөлтийг заавар журмын дагуу мөрдөн ажиллах” чиг үүрэг нь шилжсэн гэж маргаж байх ба сүлжээний ажилтан-бичиг хэргийн ажлын байрны зорилго нь “байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, сүлжээний хамгаалалт, зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлт-мэдээллийн санг хянаж, бичиг хэрэг архивын ажлыг хавсран гүйцэтгэх” гэж тодорхойлсон, тавигдах шаардлагын тухайд програмист, сүлжээний инженер мэргэжилтэй, с, с++, javascrift програм, өгөгдлийн сангийн програм дээр ажиллах, програм зохион, програмын код бичих мэргэшилтэй, мэргэжлээрээ ажилласан байх туршлагатай байхыг шаарджээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч З.Г-ийн эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны үндсэн зорилтын 70 хувийг эзэлж байсан чиг үүргийг “Дотоод хяналт шалгалтын нэгж” хариуцан ажиллах болсон, харин 30 хувь болох бичиг хэргийн ажил нь сүлжээний ажилтан-бичгийн орон тоонд шилжсэн байх боловч тухайн ажлын байрны үндсэн зорилтын 10 хувийг бичиг хэргийн ажил эзэлж байгаа болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон, мөн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч З.Г  хангахгүй байгаа нь тодорхой байна.

Нэгэнт дээрх байдлаар байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр “Дотоод ажил, бичиг хэрэг” хариуцсан ажилтны ажлын байрны орон тоо хасагдсан, мөн уг  ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй тохиолдолд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох ...” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч З.Г-ийн өмнө эрхэлж байсан “Дотоод ажил, бичиг хэрэг” гэсэн орон тоо нь хасагдсан, уг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдээгүй тул нэхэмжлэгч З.Г-ийг  ажлаас чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                              

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН