Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00162

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00162

 

 

 

Ж.Дэлгэрцэцэг, Ж.Дэлгэрмөрөн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 184/ШШ2019/02953 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Дэлгэрцэцэг, Ж.Дэлгэрмөрөн нарын хариуцагч Э.Долгорбаярт холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7 208 500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 732 500 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Ж.Дэлгэрцэцэг нь хариуцагч Э.Долгорбаяртай зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 000 ам.долларыг 20 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй барьцаагүй зээлж, төлбөрийг хугацааны эцэст бөөнд нь авахаар тохирсон. Зээлдэгч Э.Долгорбаяр нь зээлийн төлбөрөөс огт төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 2 000 ам.долларыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож 5 339 920 төгрөг, 8 хувийн хүүгийн төлбөрт 427 193 төгрөг, 182 хоног хугацаа хэтрүүлсэн ба энэ нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу 50 хувийн алданги 2 883 556 төгрөгийг анх нэхэмжилсэн боловч алдангийг 50 хувиар багасгаж байна. Иймд нийт 7 208 500 төгрөгийг хариуцагч Э.Долгорбаяраас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөн нь хариуцагч Э.Долгорбаяртай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 155 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, хүүгүй зээлдэн авч, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Э.Долгорбаяр ямар ч төлөлт хийгээгүй. Иймд 154 хоногийн алданги 889 350 төгрөг өгөх байснаас алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж тооцвол 577 500 төгрөг болсон. Э.Долгорбаяраас үндсэн зээл 1 155 000 төгрөг, алданги 577 500 төгрөг, нийт 1 732 500 төгрөг гаргуулж Ж.Дэлгэрмөрөнд гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Долгорбаяр нь Ж.Дэлгэрцэцэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатай 2 000 ам.долларыг зээлийн гэрээний үндсэн дээр барьцаагүйгээр зээлсэн. Гэрээнд заасны дагуу 2 000 ам.долларыг 20 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч Ж.Дэлгэрцэцэг нь 2 000 ам.долларыг тухайн үеийн ханшаар бус өндөр ханшаар бодож гэрээнд зааснаас нэмэгдүүлж авах сонирхолтой байгаагаа хэлсэн. Бид маргалдсан ч найз нөхдийн холбоотой байсан учир тухайн үедээ учраа олохоор шийдсэн. Мөнгийг хэрэглэчихээд буцааж өгөх гэтэл бизнес маань бүтээгүй учир хугацаагаа хэтрүүлсэн. Энэ тухайгаа хэлэхэд хүлээж авахгүй их хэмжээний мөнгө нэмж авна гэсэн. Үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг хуульд заасны дагуу багасгуулах хүсэлтэй байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан Э.Долгорбаяраас 7 208 500 төгрөгийг гаргуулан Ж.Дэлгэрцэцэгт, Э.Долгорбаяраас 1 732 500 төгрөгийг гаргуулан Ж.Дэлгэрмөрөнд тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Дэлгэрцэцэгээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 370 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөнгөөс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Долгорбаяраас 130 292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дэлгэрцэцэгт, 42 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөнд тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнайгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Э.Долгорбаяр нь Ж.Дэлгэрцэцэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатай 2 000 ам.долларыг барьцаагүйгээр зээлсэн. Гэрээнд заасны дагуу 2 000 ам.долларыг 20 хоногийн 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Э.Долгорбаяр нь тус мөнгийг бизнес хийх зорилгоор найз Ж.Дэлгэрцэцэгээс зээлсэн бөгөөд тодорхой шалтгааны улмаас бизнес нь бүтээгүй учир зээл өгөх хугацааг хэтрүүлсэн. Энэ тухайгаа хэлж хугацаа өгөхийг хүссэн боловч Ж.Дэлгэрцэцэг нь 2 000 ам.долларыг тухайн үеийн ханшаар бус өндөр ханшаар бодон гэрээнд зааснаас илүүгээр нэмэгдүүлж авах сонирхолтой байгаагаа хэлсэн.

Э.Долгорбаяр нь нэгэнт зээлсэн мөнгөө төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн үндсэн зээл төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүү 8 хувь байгаа нь хувь хүн өндөр үнийн дүнгээр хүү бодсон, зээлийн үндсэн төлбөр 5 339 920 төгрөг болж байхад шүүхээс хуульд заасны дагуу алдангийн хэмжээг багасгаагүйд гомдолтой байна. Хариуцагч хэдийгээр зээл авсан боловч нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Бусдын дунд нэр хүндийг нь унагаснаас болж хийж буй бизнес нь ашиг олохгүйд хүрсэн энэ байдлаа тайлбарласан байхад анзын хэмжээ их байвал багасгана гэж хуульд заасны дагуу багасгаагүй тул 1 441 778 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснээс 720 889 төгрөг буюу алдангийн 50 хувийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Ж.Дэлгэрмөрөнтэй байгуулсан зээлийн гэрээний хувьд 577 500 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснээс алдангийн 50 хувь буюу 288 750 төгрөгийг шүүхээс багасгах боломжтой байсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.Долгорбаяраас Ж.Дэлгэрцэцэгт олгохоор шийдвэрлэсэн алдангийн хэмжээний 50 хувь болох 720 889 төгрөг, Ж.Дэлгэрмөрөнд олгохоор шийдвэрлэсэн алдангийн 50 хувь 288 750 төгрөг, нийт 1 009 639 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ж.Дэлгэрцэцэгийн үндсэн зээлд 5 339 920 төгрөг, хүү 427 193 төгрөг, алданги 1 441 778 төгрөг, нийт 7 208 500 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөнгийн үндсэн зээлд 1 155 000 төгрөг, алданги 577 500 төгрөг, нийт 1 732 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Долгорбаяр зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрч, алдангийн хэмжээнд маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байх ба шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл үүргийг талуудын гэрээгээр тогтоосон хэмжээгээр тодорхойлсон нь зөв байна.

Хариуцагч Э.Долгорбаяр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ж.Дэлгэрцэцэгтэй 2 000 ам.долларыг 20 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй, нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөнтэй 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1 155 000 төгрөгийг 1 сар 10 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдэн авах гэрээг тус тус байгуулж, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Зохигчид хоорондоо зээлийн гэрээний харилцаа үүсгэж, үүрэг зөрчигдсөнөөс үүсэх хариуцлагын хэмжээг тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн, энэ талаар шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Дэлгэрцэцэгтэй байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлд 5 339 920 төгрөг, хүүнд 427 193 төгрөг, алдангид 1 441 778 төгрөг, нийт 7 208 891 төгрөг, нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөнтэй байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлд 1 155 000 төгрөг, алдангид 577 500 төгрөг, нийт 1 732 500 төгрөг тус тус төлөхөөр байна.

Гэрээний зүйл болох ам.долларыг шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоолсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигчид зээлийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх хуулийн үндэслэлгүй болно. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анзын хэмжээг илт өндөр тогтоосон үндэслэл нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар хэмжээг нь багасгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 184/ШШ2019/02953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ