| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 28.4.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Ч.Эрдэнэбат
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2521000390050 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид харуулчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алслагдсан харуулын цэгийн ойролцоо иргэн *******ыг үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дотор булан орчим болон зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зургаан сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******ад 10 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт *******гийн “...Жагсаалын талбай дээр хүнийг цохиж, хүч хэрэглэсэн гэх асуудалд тайлбар гаргахад би өглөө анги нэгдэж, жагсаалын талбай дээр төрийн дуулал явж байхад “чи бохио аваад хөдөлгөөнгүй зогс, төрийн дууллаа дуулаач ээ” гэдэг шаардлага тавьсан. Тухайн үед бидний дунд ямар нэгэн зүйл болоогүй. Анги тарсны дараа өрөөнд орж ирэхэд дөнгөж орж ирсэн байсан. Надад “чи мэддэг юм уу” гэхэд нь би “яасан гэнээ” гэж хэлээд өөдөөс дайраад байсан учраас түүнийг хоёр алгадсан. Түүнээс жагсаалын талбай дээр ямар нэгэн зүйл болоогүй” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын “... 327-р анги дээр ******* нь намайг төрийн дуулал дуулсангүй гэх шалтгаанаар шанаа хэсэгт 3 удаа гараараа цохьсон гэх мэдүүлгүүдийг шүүх анхаарч үзэлгүйгээр жагсаалын талбайд *******ын нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
******* нь хохирогч *******ыг “жагсаалын талбайд” цохьсон талаарх ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлд зааснаар нотолбол зохих байдлын хүрээнд цуглуулж бэхжүүлсэн нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд *******, ******* нарын хооронд болсон үйл баримт нь цэргийн ангийн жагсаалын талбайд үйлдэгдээгүй. ... *******гийн зүй ёсны шаардлагад бухимдсан ******* нь жагсаал бүрэн тарж цэргийн алба хаагчид өрөөнд орсон хойно бухимдлаа гаргаж хувийн шинжтэй үйлдэл гаргаснаас ******* довтолгоог зогсоох үйлдэл хийхдээ нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлж цохьсон байгаа үйл баримтыг анхан шатны шүүх буруу үнэлсэн.
... шүүхээс *******г ЭХТА-ийн 28.4-p зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “... эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэж үзсэн нь хангалттай тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй.
Хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн хувийн шинжтэй харилцаа, цэргийн дүрмийн дагуу цэргийн алба хаагч хооронд тавихыг хориглоогүй шаардлага тавьсантай холбоотой бухимдснаас шүүгдэгч рүү дайрсан үйлдэлтэй харилцан хамааралтай байгаа бөгөөд үүний улмаас харилцан тэмцэлдсэн үйл баримтыг шүүх буруу үнэлсэн, дээрх алгадсан нөхцөл байдлыг улмаас *******ад эрүүл мэндэд хохирол учраагүй, хүч хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй харилцан хүч хэрэглэхээр довтолсон байж болзошгүй байдал байгаа зэргийг ЭХХШТХ-ийн 1.7-р зүйлд заасанчлан эргэлзээгүй, бодитой тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй зэргээс *******г хүч хэрэглэсэн гэж үзэхэд эргэлээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т “Ахлагчийн албан тушаал нь даргалах, гүйцэтгэх гэсэн ангилалтай байна” гэж ангилсан байх бөгөөд ******* нь энэ хуулийн аль ангилалд хамаарах ахлагч албан хаагч талаар хуулийн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс шүүгдэгч, хохирогч ижил цолтой гэсэн үндэслэлээр бие, биедээ захирагдахгүй албан тушаалтан гэж үзсэн нь эргэлзээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн ар гэрээс шүүгдэгч *******д шахалт үзүүлэх байдлаар нотлох баримтаар нотлогдоогүй дүнгээр хохирол шаардаж, улмаар 10.000.000 төгрөг төлбөл хууль хяналтын байгууллагад хандахгүй гэх хэлбэрээр шахалтад оруулж үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр гаргуулан авсан байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр дурьдагдсан боловч анхан шатны шүүх энэ асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад бодит хохирлыг тогтоогоогүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохтой холбоотой ажиллагааг хийгээгүйгээс хохирогч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан гэсэн айдсыг зохиомолоор бий болгож бодит хохирлоос хэт давсан төлбөрийг гаргуулсан байх тул бодит хохирлыг нотолбол зохих ажиллагааны хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд *******д холбогдох ЭХТА-ийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхээс давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн нөхцөлд бодит хохирлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй буюу ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих ажиллагааг хийгээгүй зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж *******ад учирсан бодит хохирлыг тогтоох арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.
7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ жагсаалын талбайд бохь зажлаад, хөдлөөд, төрийн дууллыг дуулахгүй байхаар нь адилхан цэргийн албан хаагч нь бие биеийнхээ тавьсан шаардлагыг биелүүлэх, жагсаалд командгүйгээр номхон зогсох үүрэгтэй болохоор тэр шаардлагыг ад тавьсан. Бид хоёрын хооронд тухайн шаардлагын хүрээнд хэрүүл маргаан, ын биед нь халдсан үйлдлийг би гаргаагүй. Тухайн нэгдэлт анги тарсан. Тухайн өдөр бид хоёр хоёулаа албан үүрэг гүйцэтгэж байгаагүй. Бид хоёрын албан үүргээ гүйцэтгэдэг харуулын объект нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алслагдсан харуулын цэг дээр байдаг. Өрөөндөө ороод хувийн шинжтэй хоорондоо маргаад хоёр алгадсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж буруугаа хүлээж байгаа.” гэв.
8. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч ******* нь Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/594 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар харуулын салааны харуулчнаар дэд ахлагч цолтой. Хохирогч нь Жанжин штабын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/1410 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар харуулын салааны харуулчнаар дэд ахлагч цолтой томилогдсон буюу бие биедээ захирагдахгүй албан тушаалтай цэргийн албан хаагчид болох нь энэхүү нотлох баримтаар тогтоогдсон.
... Өөрөөр хэлбэл хохирогч жагсаалын талбайд болсон үүнийг он жавууд бүгдээрээ харсан гэдгээ тодорхой мэдүүлсэн. Анх энэ хэрэг нь хялбаржуулсан журмаар явсан гэдгийг дурдах зүйтэй. Өөрөөр хэлбэл өөрийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон яллагдагч нар нь хоорондоо тохиролцсон. Хуулийн байгууллага нь ямар нэгэн байдлаар хохирлын асуудалд оролцоогүй. ... Энэ хохирлыг хохирогч болон яллагдагч нар нь хоорондоо тохироод төлсөн асуудал байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийж хангалттай шалгаж тодруулсан. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 251 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
4. Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шөнө 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алслагдсан харуулын цэгийн ойролцоо *******тай үл ялих зүйлийн улмаас маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дотор булан орчим болон зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
мөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байхдаа Монгол Улсын Цэргийн дүрмийн гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.” гэх заалт, мөн 7 дугаар зүйлийн 7.11-т заасан “цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн нийтлэг дүрмүүдээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэж үзнэ.” гэсэн заалтуудыг зөрчиж бие биедээ захирагдахгүй ижил албан тушаалтай харуулчин *******ыг “Жагсаалд хөдөлсөн бохь зажилсан, төрийн дуулал дуулаагүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч *******ын мэдүүлэг /хх 19-21, 23/, гэрч Б.Саранчимэг /хх 25-26/, Э.Жамъяншарав /хх 28, 30/, Б.Билгүүн /хх 32/, Б.Батболд /хх 34/, Б.Анхбаяр /хх 36/ нарын мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 тоот дүгнэлт /хх 38-39/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
6. Шүүгдэгч *******н хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бие биедээ захирагдахгүй ижил албан тушаалтай харуулчин *******ыг “Жагсаалд хөдөлсөн бохь зажилсан, төрийн дуулал дуулаагүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго, Ч.Эрдэнэбат нараас давж заалдах журмаар “... ******* нь жагсаалын талбай дээр *******ыг цохиж хүч хэрэглээгүй байхад шүүх анхаарч үзэлгүйгээр жагсаалын талбайд ... хүч хэрэглэсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ... хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн хувийн шинжтэй харилцаа, цэргийн дүрмийн дагуу цэргийн алба хаагч хооронд тавихыг хориглоогүй шаардлага тавьсантай холбоотой бухимдсанаас шүүгдэгч рүү дайрсан үйлдэлтэй харилцан хамааралтай байхад шүүх буруу үнэлсэн, ...хүч хэрэглэсэн гэдэг нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Тухайлбал, шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байхдаа бие биедээ захирагдахгүй ижил албан тушаалтай харуулчин *******ад “чи бохио аваад хөдөлгөөнгүй зогс, төрийн дууллаа дуулаач ээ” гэдэг шаардлагыг жагсаалын талбай дээр анги нэгдэж байх үеэр тавьсан, улмаар ангийн нэгтгэлийн дараа өрөөндөө *******тай дээрх шалтгаанаар маргалдаж, Монгол Улсын Цэргийн дүрмийн заалтуудыг зөрчиж түүний нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн болох нь:
хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн: “... 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 1-р багт байрлах ЗХ-ийн 327-р анги дээр манай салааны буюу манай дээд оны ах ******* нь намайг “Төрийн дуулал дуулсангүй” гэх шалтгаанаар шанаа хэсэгт гурван удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 20/,
шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “... 2024 оны 10 сарын 30-ны өглөө ангийн нэгдэлтэн дээр жагсаал дотор инээгээд бохь зажлаад байсан. ... тэр өдөр бид хоёр ажлаа хийж байсан бөгөөд жагсаалд дунд хөдөлсөн, бохь зажилсан төрийн дуулал дуулаагүй, туг мандаж байхад инээсэн үйлдлүүд гаргаад байсан. ... энэ шалтгаанаар анги нэгдэлтийн дараа түүнийг ЗХ-327 дугаар ангид байрлалд гараараа 2 удаа цохиж хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 48, 50/,
яллагдагчаар мэдүүлсэн: “... өмнөх мэдүүлэг дээр бүх зүйлээ ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 52/,
шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... өглөө анги нэгдэж, жагсаалын талбай дээр төрийн дуулал явж байхад “чи бохио аваад хөдөлгөөнгүй зогс, төрийн дууллаа дуулаач ээ” гэдэг шаардлагыг ад жагсаалын талбай дээр тавьсан. Тухайн үед бидний дунд ямар нэгэн зүйл болоогүй, анги тарсны дараа өрөөнд орж ирээд ... энэ талаар хэлэхэд өөдөөс дайраад байсан учраас хоёр удаа алгадсан. Энэ гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг/хх 210/-ээр тогтоогдсон байна.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд ******* нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн жагсаалын талбай дээр бие биедээ захирагдахгүй ижил албан тушаалтай харуулчин *******ыг цохиж хүч хэрэглээгүй боловч анги нэгдэлтийн дараа тус ангид үүрэг гүйцэтгэж байх үедээ дээрх шалтгаанаар хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хууль, цэргийн албаны дүрмээр тогтоогдсон журам, цэргийн албаны ашиг сонирхолд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид нэгэндээ хүч хэрэглэсэн гэмт үйлдэл болно.
Иймд шүүгдэгч *******н ижил албан тушаалтай харуулчин *******тай харилцахдаа дүрмийн бус харьцаж хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... хохирогчид учирсан бодит хохирлыг тогтоох ажиллагааг хийгээгүй буюу нотолбол зохих ажиллагааг хийгээгүй байх тул хэргийг прокурорт буцааж *******ад учирсан бодит хохирлыг тогтоох арга хэмжээг авч өгнө үү. ” гэж маргадаг.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд хохирогч ******* нь шүүгдэгчээс эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг өгөхөө илэрхийлсэн тул гомдолгүй талаар, шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 10 сая төгрөг өгч хохиролгүй болгосон талаар тус тус мэдүүлсэн /хх 23, 50/, мөн анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар тусгаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх ба энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.
9. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлж, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.
10. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******н 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/251 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго, Ч.Эрдэнэбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД ГАНЧИМЭГ Г.УРТНАСАН