Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар  2025/ДШМ/1311

 

2025             11             20                                                                               2025/ДШМ/1311

 

Ж.Х-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Анужин,

шүүгдэгч Ж.Х-, түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2509018671083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н- овгийн Ж-гийн Х-, ................./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ж.Х- нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... 2-200 тоотод хамтран амьдрагч Т.Б-ын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндий дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар түүнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Ж.Х-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Х- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие ам бүл дөрвүүлээ бөгөөд өөрийн гурван хүүхдийн хамт /0-12 насны/ амьдардаг. Хохирогч Т.Б-ын эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, гэм буруугийн дүгнэлт, шийтгэх тогтоолын агуулгыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломж байгаа. Ж.Х-ийн тухайд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирлыг төлсөн. Хохирогч Т.Б-т хохирол төлбөр төлсөн, гомдол саналгүй гэх бичиг ирсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Ж.Х-ийн хувийн байдлын тухайд, 3 хүүхэдтэй талаараа тайлбарлаж байна. Анх Б.Б-маа гэх хүнтэй амьдарч 3 хүүхэдтэй болсон. Б.Б-маа хүүхдүүдээ нэр дээрээ шилжүүлж, өөр амьдрал зохиосон учир хүүхдүүд нь Ж.Х-ийн эцэг, эх хоёр дээр байдаг. Хүүхдүүдийг тэжээн тэтгэдэг хүн нь Ж.Х- байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.

Прокурор О.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Шүүгдэгч Ж.Х-эд оногдуулсан эрүүгийн хариуцлага төрөл хэмжээнд тохирсон. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 3 хүүхэдтэй эсэх асуудал яригдсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Шүүгдэгч Ж.Х- нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... 2-200 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Т.Б-ын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндий дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Цэргийн төв эмнэлгээс мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх 27/,  

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-32/,  

эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 36/,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЕГО0525/843 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 53-58/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0125/1340 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 62-67/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/3189 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 68-72/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0125/1483 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 79-83/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0325/3642 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 86-89/,

Цэргийн төв эмнэлгээс гаргуулан авсан хохирогч Т.Б-ын эрүүл мэндтэй холбоотой баримт бичгүүд /хх 92-160/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.715.580 төгрөгийг тусламж, үйлчилгээ авсан тодорхойлолт /хх 162-164/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мэдүүлэг /хх 220-222/,  

хохирогч Т.Б-ын ...Х- “манай найзуудтай унтаж хэвтсэн үү” гээд хардаад уурлаж байснаа хутга аваад над руу дайраад намайг алах гээд сүрдүүлээд байсан. Би тэр үед нь “чи болиоч дээ, хутга барьж дайраад муу ёртой юм бэ” гээд эсэргүүцсэн, аргадаж эвээр болиулах гэж үзсэн боловч болиогүй. Сүүлдээ миний дээр гарч суугаад болихгүй байсан. Тэгээд л барьж байсан хутгаараа миний хөх рүү хутгалчихсан. Тэгээд би “гэрлээ асаа” гэж орилоод Х- босож гэрэл асаасан. Миний биеэс цус бүлэгнэж гарч байсан. ...Энхээ шүүгээнээс цамц гаргаж ирээд цус тогтоох гэж үзсэн боловч цус алдаад байсан. ... 2025 оны 04 дүгээр сарын 08-аас 09-ний өдөр шилжих шөнө түргэн тусламж ирээд Цэргийн төв эмнэлэг рүү хүргэгдсэн...” /хх 36-39/

гэрч Ж.Х-ын “...Тухайн өдөр Х- над руу гэнэт хэд хэдэн удаа залгасан. ...Х- надад “Би Б-ыг хутгалчихсан, яах аа мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь “хаана нь хутгалсан юм” гэхэд хаана нь хутгалсныг нь мэдэхгүй байна, би нэг мэдсэн чинь хутга бариад зогсож байсан гэж хэлсэн. ...Тэгээд байшин руу явж ороод үүдэнд нь зогсоход Б- буйдан дээр хэвтэж байсан. Буйдангийн наана цустай даавуу байсан...” /хх 45-48/,

шүүгдэгч Ж.Х-ийн “...Тэгээд хоол хийх гээд мах гаргачихсан байсан ба тухайн үед би орон дээр цуг сууж байхдаа уурандаа орны хажууд байсан хүрэн иштэй хутгыг аваад цээж буюу хөх хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. ...Тухайн үед би Т.Б-ыг айлгах зорилгоор хутга авсан Т.Б-ын цээжин тус газарт нь 1 удаа хутгалсан...” /хх 8-9/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ж.Х-эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Х-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Х-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Т.Б-ын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, өрц, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийн дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Х-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Х-эд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

4. Шүүгдэгч Ж.Х-ийн гаргасан “...миний бие гурван хүүхдийн хамт /0-12 насны/ амьдардаг ба би тэжээн тэтгэдэг. Мөн хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “өрх толгойлсон эх /эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг;” гэж, Гэр бүлийн тухайн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 10.3 дугаар зүйлд “Гэрлэгчид нь ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ...үүргийг адил хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2 дугаар зүйлд “Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ; 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж тус тус хуульчилсан ба Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 486 дугаар Засаг даргын “...Б- Б-маа нь тус хорооны ...... /байр/ 3-553-д тоотод оршин суудаг, ам бүл 4 болохыг тодорхойлов. Б.Б-маа нь тус хаяг дээр Б.Ц-, Б.И-, Б.А- болох гурван хүүхдийн хамт түр оршин суудаг...” /хх 210/ гэсэн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх 191/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.Х-ийг ганц бие эцэг гэж үзэх боломжгүй, Б.Ц-, Б.И-, Б.А- нь эх Б.Б-маагийн асрамжид байдаг, тэжээн тэтгэдэг байх тул эдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд нь “...Ж.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирлыг болон хохирогч Т.Б-т хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй...” талаар тайлбартаа дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ж.Х-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

 

                                             ШҮҮГЧ                                                 П.ГАНДОЛГОР

 

                                             ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ