| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2409021120665 |
| Дугаар | 2025/ДШМ/1312 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/1312
2025 11 20 2025/ДШМ/1312
А.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Э.Нямсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2409021120665 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн А-ын Д-, ................/,
Шүүгдэгч А.Д- нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дугаар байрны гадна бага насны хүүхдээ тоглоомын талбайд тоглуулж байхдаа иргэн Ё.А-тай “хүүхдүүд тоглож байхдаа нэгнээ түлхсэн” шалтгааны улмаас маргалдаж улмаар Ё.А-гийн баруун, зүүн гарыг атгасан, зуурсан байдалтай, түлхэлцэж байхдаа гарыг нь мушгисны улмаас Ё.А-гийн биед баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүр ясны хугарал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар А.Д- нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гээс 3.372.150 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.А-д олгож, хохирогч Ё.А- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Д-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Д- болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нар давж заалдах гомдолдоо: “... А.Д-, Ё.А- нар нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 268 дугаар байрны гадна бага насны хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулж байхдаа маргалдаж, түүний улмаас Ё.А-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Шүүгдэгч талын зүгээс хохирогчид учруулсан гэм буруу дээр маргаагүй бөгөөд харин түүнд оноосон ялын төрөл хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, түүний улмаас хуулийг буруу хэрэглэсэн.
Хохирогч Ё.А-гийн зүгээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хохирлын төлбөртэй холбогдол бүхий баримтуудыг огт гаргаж өгөөгүй байсан ба А.Д- нь нийгмийн даатгалын сангаас гарсан төлбөрийг зохих хугацаанд төлсөн. Хэргийн шүүх хуралдаанаар Ё.А-гийн сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардалд нийт 3.372.150 төгрөгийг А.Д-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн түүний дагуу цалин орлогоосоо төлөхөө илэрхийлсэн.
А.Д- нь Санхүүч мэргэжлийн хүрээнд тодорхой эрхэлсэн ажилтай энэ талаар хавтаст хэрэгт холбогдох баримт авагдсан байхад түүнийг санхүүгийн боломжгүй хэмээн дүгнэж нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн. Энэ нь А.Д-гийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон хувийн эрх зүйн байдалд тохироогүй ба түүнийг ажил хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу А.Д- нь хохирогчийн төрийн банкны 102800625003 тоот дансаар 3.372.150 төгрөгийг төлсөн бөгөөд түүний хохирол төлбөрөө төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, ар гэр, хүүхдээ асран хүмүүжүүлэх зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оноосон ялын төрлийг торгох ялаар сольж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Э.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн завсарлагааны үеэр сэтгэцэд учирсан хохирол төлөх талаар тохиролцсон. Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа. Хохирол төлбөр барагдуулсан учраас гомдолгүй талаарх бичиг хийж өгсөн.” гэв.
Прокурор Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхийг үндэслэж, шүүгдэгч А.Д-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д- болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч А.Д- нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орой 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 268 дугаар байрны гадна бага насны хүүхдээ тоглоомын талбайд тоглуулж байхдаа Ё.А-тай “хүүхдүүд тоглож байхдаа нэгнээ түлхсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун, зүүн гарыг атгасан, зуурсан байдалтай түлхэлцэж байхдаа гарыг нь мушгисны улмаас эрүүл мэндэд нь баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүр ясны хугарал, зүүн бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7985 дугаартай “...Ё.А-гийн биед баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүр ясны хугарал, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх 16-17/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 749 дугаартай “...Ё-гийн А-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” /хх 51-53/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн байрны гадна тоглоомын талбайн гулсуур дээр бага насны 2 хүүхэд зэрэгцэн гулсаж буй дүр зураг харагдана. Түүний хажууд толгойдоо цагаан өнгийн үсний боолттой хар өнгийн цамцтай эмэгтэй зогсож харагдах ба уг бичлэгийн 26 дахь секундэд хохирогч болох иргэн Ё.А- нь дээгүүрээ цагаан шаргал өнгийн цамцтай тоглоомын талбайн сандлаас босож гүйн ирж байгаа харагдах бөгөөд толгойдоо цагаан үсний боолттой хар өнгийн цамцтай эмэгтэй нь хохирогч Ё.А-г биеэр түлхэж байгаа харагдана. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд толгойдоо цагаан өнгийн үсний боолттой хар өнгийн цамцтай эмэгтэй нь хохирогч Ё.А-тай барьцалдаж харагдах бөгөөд бичлэгийн 01 минут 01 секунд дээр сэжигтэй этгээд болон Ё.А- нар нь гар гараасаа зууралдаж мушгиж байгаад тавьж байгаа харагдана. Тухайн бичлэгийн 02 минут дээр сэжигтэй этгээд нь хүүхдээ тэврэн нааш алхаж байгаа харагдана...” гэх тэмдэглэл /хх 29-32/,
шинжээч Б.Сэргэлэнгийн “...Би уг гэмтлийн зэрэг тогтоон үзлэг шинжилгээ хийхдээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хийсэн бөгөөд тухайн өдрийг хүртэлх үзлэг шинжилгээг хуучин журмаар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216, 422 дугаартай тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журам”-аар гаргасан. Иргэн Ё.А-гийн биед учирсан баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүр ясны хугарал, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох шинэ журам буюу “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д заасны дагуу хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Учир нь шинэ батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журмын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хийгдсэн үзлэг шинжилгээг дүгнэхээр шийдвэрлэсэн болно. Мохоо зүйлийн цохих, цохигдох, мушгих зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой..” /хх 37-40/,
хохирогч Ё.А-гийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дугаар байрны гадна талын тоглоомын талбай дээр өөрийн охин Н-ийг салхилуулж байх үед тухайн тоглоомын талбай дээр гулсуур дээр манай охин гулгаж байх үед нь би хүлээж байгаад танай охиныг түлхээд хажуугаар нь гулсаад буух үед нь би “хүлээж байгаад гулсчихгүй яасан юм бэ” гэтэл тухайн хүүхдийн ээж үл таних эмэгтэй “би яаж танай хүүхдийг мэдэх юм чи өөрөө хүүхдээ харах нь яасан юм” гэж хэлээд намайг түлхээд хальт холдох гэтэл араас татаад гар мушгиад миний гарын дунд хурууг хугалсан. Тэгээд хажууд байсан нэг залуу ирээд салгатал тухайн эмэгтэй нь тэр залуу руу орилоод байсан. ...Гэтэл миний баруун гарын дунд хуруу чинэрч өвдөөд эхэлсэн. Тухайн үед манай охин болсон үйл явдлаас болоод уйлж байхыг хараад хүүхдээ тэврээд тэр эмэгтэйгээс холдож зогсож байсан санагдаж байна. Тэгээд миний гарын хуруу их өвдөөд байсан тул эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Тэр эмэгтэй намайг аймаар түлхээд байсан тул би тэр эмэгтэйг зөрүүлээд түлхэх гэхэд миний 2 гарыг барьж аваад нааш цааш нь татаж чангааж байгаад мушгисан. Тэр үйл явдлаас үүссэн..., ...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр биед гэмтэл учруулсан хүнээс 8.000.000 төгрөг нэхэмжилмээр байна. ...Хэрэг болсон өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж баруун гарынхаа дунд хурууг гипсдүүлж бичиж өгсөн эмнүүдийг уусан. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хоёр удаа үзүүлж жороор олгодог эм хоёр удаа авч уусан. Нэг эм нь 6 сарын хугацаатай ууна гэсэн цаашид сэтгэл зүйн эмчийн хяналтад байж үзүүлж байхыг зөвлөсөн...” /хх 12, 43, 72-73/,
шүүгдэгч А.Д-гийн “...2024 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дугаар байрны урд байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхдээ салхилуулж гулсуур дээр тоглуулж байхад манай охины хажууд бага насны 2-3 насны эмэгтэй хүүхэд гулсах гээд гулсаж чадахгүй зогсож байсан. Манай бага насны хүүхэд гулсаж чадахгүй гулсуур дээр ташуу хэвтсэн гулсуурын бариулаас барьсан байж байхад тухайн хүүхдийн ээж гэх үл таних эмэгтэй ирээд хүүхдээ авахдаа над руу уурлаж хүүхэд унах гэж байхад харсангүй мэдрэл, тэнэг юм уу гэх зэргээр доромжилсон. Би тухайн эмэгтэйд хандаж тайлбарлах гэсэн боловч ойлгохгүй над руу дайрч давшилж хэрүүл маргаан үүсэж би уураа барьж дийлэхгүй тухайн эмэгтэйд огцом уурлаж, биеэрээ 2-3 удаа түлхсэн. Тэгсэн тухайн эмэгтэй гараараа өөдөөс сарвалзаад дайрахаар нь би гарынхаа сарвуунаас барьж авсан. Тэгэхээс цохиж барьсан зүйл байхгүй. Би тухайн эмэгтэйн гарын хуруунаас хүчтэй барьснаас болж тухайн эмэгтэйн хуруунд гэмтэл үүссэн байх, тэгээд бид хоёр салаад гэр рүүгээ би орсон. Тухайн эмэгтэйн биед учирсан хохирлыг барагдуулаагүй, холбогдоод биед учирсан хохирлыг барагдуулна. Би тухайн эмэгтэй биеийн гарын хуруунд учруулсан гэмтэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн огцом түрэмгий уур гаргасандаа гэмшиж байна...” /хх 61-62/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.Д-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч А.Д- нь хохирогч Ё.А-тай маргалдан улмаар түүний баруун, зүүн гарыг атгасан, зуурсан байдалтай түлхэлцэж байхдаа гарыг нь мушгисны улмаас эрүүл мэндэд нь баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүр ясны хугарал, зүүн бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар буюу хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулжээ.
4. Шүүгдэгч А.Д- болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нар “...Шүүгдэгч талын зүгээс хохирогчид учруулсан гэм буруу дээр маргаагүй, А.Д- нь нийгмийн даатгалын сангаас гарсан төлбөрийг зохих хугацаанд төлсөн, А.Д- нь хохирогчийн төрийн банкны 102800625003 тоот дансаар 3.372.150 төгрөгийг төлсөн бөгөөд түүний хохирол төлбөрөө төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдээ асран хүмүүжүүлэх зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оноосон ялын төрлийг торгох ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч А.Д- нь анхан шатны шүүхээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3.293.400 төгрөг, эмчилгээний зардалд 78.7850 төгрөг, нийт 3.372.150 төгрөгийг хохирогч Ё.А-гийн Төрийн банкны 102800625003 тоот дансанд төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх боломжтой гэж дүгнэв.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч А.Д- болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
- шийтгэх тогтоолд “Шүүгдэгч А.Д- нь торгох ял шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч А.Д- нь хохирогч Ё.А-д 3.372.150 /гурван сая гурван зуун далан хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ