| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00043/И |
| Дугаар | 301/ШШ2026/00177 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2026/00177
301/ШШ2026/00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ц сумын Б багийн У гэх газар оршин суух Г овогт С-ийн Н /ИБД:......./-ийн хүсэлттэй,
Мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Н хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
- С.Н би 1970 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Малчнаар тэтгэвэрт гарах хүсэлттэй. Би 1989 оноос 1991 онд цэргийн алба хаасан бөгөөд 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхнэр авч гэр бүл болсон. 1995-2000 онуудад мал маллаж байсан боловч А данс архивт байхгүй байгаа бөгөөд 1999 оны А данс С-ийн Д нэрээр бүртгэгдсэн байна. Энэ нь олон түмэн дууддаг нэр нь Д гэж дууддагтай холбоотой байгаа юм. Иймд архивын баримтыг үндэслэн намайг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
- Хүсэлт гаргагч С.Н шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би цэргээс халагдаж ирээд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хувийн малаа маллаж байна. Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хандсан. Тухайн үеийн малын А данс байгаа боловч миний нэрийг Д гээд биччихсэн, овог нэрийн зөрчил үүсээд байгаа юм. Би мал маллаж эхлэхдээ эцэг эхээсээ болон хувьчлалаар мал авч байсан. 1995-2000 оны хооронд өөр тийшээ шилжиж байгаагүй. Би 1995-2000 хооронд 500 бог, 200 богд малладаг байсан. Өнөөдрийг хүртэл тэмээнээс бусад малыг маллан амьдарч байна. Манай өвөлжөө Архангай аймгийн Ц сумын Б багийн Улаан чулууд, харин зуслан маань тус багийнхаа Хүрэн хоолой гэх газарт байдаг гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-С.Н гийн 011500733 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны .. дүгээр сарын 23-ны өдрийн .....тоот албан бичигт: ... Та өргөдөлдөө 1995-2000 онуудад мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Таныг 1995-2000 онуудад малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй, овог нэр зөрүүтэй тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны ..... дугаар сарын 01-ний өдрийн ..... тоот албан бичигт: ... Таныг 1995-2000 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны ..... дүгээр сарын ...-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны .... оны улсын тооллого / Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны .... сарын 24-ний өдрийн ..... тоот лавлагаанд: Архангай аймгийн Төвшрүүлэх сум, С-ийн С, тэргүүлэгч өөрөө, ... настай, эрэгтэй, Д-ийн М, эхнэр, 63 настай, эмэгтэй, Ц-ийн Б, охин, 1995 оны .... дугаар сард төрсөн, 4 настай, эмэгтэй, С-ийн Н, хүү, 18 настай, эрэгтэй гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого / Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн ....... тоот лавлагаанд: Архангай аймгийн Ц сум, Б , хөдөө оршин суух, С-ийн Н тэргүүлэгч өөрөө, 1970 оны 10 сард төрсөн, 29 настай, М-ын М, эхнэр, 1972 оны 02 дугаар сад төрсөн, 27 настай, эмэгтэй, ....гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого /Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн ..... тоот лавлагаанд: Архангай аймгийн Ц сумын Б багийн бүртгэлийн 51 дүгээр хуудсанд: У, С.Н гийн өвөлжөөнд оршин Өрхийн тэргүүн Г овогтой С-ийн Н, 1970 оны малчин, 10 сард төрсөн, 40 настай, эрэгтэй, 03 сард Н-ийн Д, 1993 оны Охин төрсөн, 17 настай, охин Н-ийн Г, 1995 оны 08 сард төрсөн, 15 настай, хүү Н-ийн О, 1997 оны 10 сард төрсөн, 13 настай, хүү Н-ийн Ч, 06 настай, хүү 2004 оны 05 сард төрсөн, Н-ийн С, 2010 оны 08 сард төрсөн, 00 настай гэсэн,
- Архангай аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 145 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн С-ийн Н нь /РД:....../, ам бүл 2, хүүхдийн хамт У гэх газар малаа маллан амьдардаг. Байнгын оршин суугч, малчин иргэн мөн гэсэн,
- Н.О-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Н.Д, Н.Г, Н.Ч, Н.С нарын төрсний гэрчилгээний хуулбар,
- С.Н гийн ..., ........ дугаар төрөл садангийн лавлагаа,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч С.Ж-ийн шүүхэд өгсөн “Намайг Самбуугийн Жамъян гэдэг. Би С.Н гийн төрсөн ах нь байгаа юм. Бид эхээс тавуулаа. С.Д, С.П, С.Д, С.Ж, С.Д, С.Н нар юм. Бид бүгд эцэг болох Самбуугаар овоглодог. С.Н гийн малын А данс нь Давааням хэмээн гарч овог нэрийн зөрчил үүссэн талаар нь өндөр насны тэтгэврээ хөөцөлдөж байх үед нь мэдсэн. С.Н гийн малын А данснаас бусад бичиг баримтууд Нямдаваа гэж байгаа. Тухайн үеийн бүртгэл хийж байсан хүмүүс алдаа гаргасан байх гэж бодож байна. С.Н овог нэрээ сольж байгаагүй. Би төрсөн ах нь тул энэ талаар сайн мэдэж байна. Малын А данс бүртгэсэн хүн нь нэрийг нь лавлалгүйгээр өөрийн дураар, өөрийн дуудлагаар биччихсэн байх. Хүмүүс Нямдаваа гэж дууддаг өөр дууддаг нэр байхгүй” гэх мэдүүлэг,
-Гэрч М.Э-ийн шүүхэд өгсөн “Би 1986 оноос эхлэн Архангай аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд хоньчноор 1990 он хүртэл ажиллаж байсан. 1990 оноос хувьчлал эхлэхэд хувийн малаа маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл Архангай аймгийн Ц сумын Б багийн Хар цохио гэх газартаа мал маллан амьдарч байна. С.Н Архангай аймгийн Ц сумын Б багийн Улаан-Чулуу, Богино хамар гэх газруудад мал маллаж амьдардаг бөгөөд 1990 оноос хойш манайхтай айл саахалт байдаг байсан юм. М.Нямдавааг хэдэн оноос эхлэн мал маллан эхэлсэн сайн санахгүй байна. Ямар ч байсан цэргээс ирээд мал маллаж эхэлсэн. Үүнээс өмнө аав ээжтэйгээ мал маллаж байсан. С.Н мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Манайх М.Н-тай миний санаж байгаагаар 1990 оноос хойш айл саахалт байсан, мөн нэг нутгийн хүмүүс тул М.Н-г одоог хүртэл Архангай аймгийн Ц сумын Б багтаа мал маллаж байгаа талаар сайн мэдэж байна. С.Н нь хувийн малаа маллаж байхдаа өөр тийшээ шилжиж байгаагүй. С.Н Архангай аймгийн Ц сумын Б багт С.Ж, Г гэдэг айлууд айл аймаг байгаа. Хүмүүс Нямдаваа гэж дууддаг өөр дууддаг нэр байхгүй” гэх мэдүүлэг,
-Гэрч О.Д-ийн шүүхэд өгсөн “Би 1987 оноос одоог хүртэл Архангай аймгийн Ц сумын Б багийн Хүрэн овоо өвөлжөө, Цагаан эргийн дэнж гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллан амьдарч байна. С.Н нь 1992 оноос эхнэр М-тай гэр бүл болж хувийн малаа малласан. Үүнээс өмнө ч аав, ээжтэйгээ мал маллан амьдардаг байсан. С.Н нь 1992 оноос одоог хүртэл Архангай аймгийн Ц сумын Б багийн Б, М, У гэх газраар хувийн малаа маллаж байна. С.Н нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. С.Н нь хувийн малаа маллаж байхдаа Архангай аймгийн Ц сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Архангай аймгийн Ц сумын Б багийн Богино хамар, М, У гэх газруудад Ж, Г гэдэг айлуудтай айл аймаг байдаг. Би С.Н тай нэг нутгийн хүмүүс, айл саахалт байсан болохоор түүнийг одоог хүртэл мал маллаж байгаа талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- С.Н гийн 1991 оны 03 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 13-ны өдрийн ,,,тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 16-ны өдрийн ..... тоот лавлагаанд: Архангай аймгийн Ц сумын Б багийн хөдөө оршин суух, С-ийн Н , тэргүүлэгч өөрөө, 1970 оны 10 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, малчин, М М, эхнэр, 1972 оны 02 сард төрсөн, 27 настай, эмэгтэй, Н Д, охин, 1993 оны 03 дугаар сард төрсөн, 6 настай, эмэгтэй, Э Д, охин, 1997 оны 10 дугаар сард төрсөн, 2 настай, эрэгтэй, Н Г, хүү, 1995 оны 08 дугаар сард төрсөн, 4 настай, эрэгтэй... гэсэн,
- С.Н гийн гэрлэсний ХААТР-15 маягтад “нөхөр С-ийн Н , Архангай аймгийн Ц сум, бүрэн бус дунд боловсролтой, гэр бүлгүй гэсэн,
- С.Н гийн хаягийн хуудсад: С-ийн Н , 1970 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Ц сумын Алтан-Овоо, хаана ямар ажилтай- Ц сумын А хэсэгт ажилгүй, 1988.08.30 гэсэн,
- С.Н гийн регистрын дугаар авсан ХААТР-1 маягтад: С Н, 1970 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Ц сум, халх, гэрлээгүй, бүрэн бус дунд боловсролтой, ажилладаг байгууллага-бусад эх үүсгэвэр, эрхэлдэг ажил-бусад эх үүсгэвэр, 1988.08.30 гэсэн,
- Н.Г-ын төрсний ХААТР-1 маягтад: 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Ц сум, эцгийн нэр С-ийн Н гэсэн,
- Н.О-ийн төрсний ХААТР-11 маягтад: 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Ц сум, эцгийн нэр С-ийн Н , нийгмийн бүлэг-малчин гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Н гийн Архангай аймгийн Ц суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- С.Н гийн 011500733 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны .... дүгээр сарын 23-ны өдрийн .....тоот албан бичиг,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны ..... дугаар сарын 01-ний өдрийн ..... тоот албан бичиг,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого / Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны ..... сарын 24-ний өдрийн .... тоот лавлагаа,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны .... оны улсын тооллого / Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны .... сарын 24-ний өдрийн ... тоот лавлагаа,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны .... оны улсын тооллого /Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны .... сарын 08-ны өдрийн .... тоот лавлагаа,
- Архангай аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2025 оны .... дугаар сарын 12-ны өдрийн ... тоот тодорхойлолт,
- С.Н гийн 1991 оны ..... дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 13-ны өдрийн ...... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- С.Н гийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- С.Н гийн хаягийн хуудас,
- С.Н гийн регистрийн дугаар авсан ХААТР-1 маягт,
- Н.Г-ын төрсний ХААТР-1 маягт,
- Н.О-ийн төрсний ХААТР-11 маягт,
-Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч О.Д, С.Ж, М.Э нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч С.Н нь Архангай аймгийн Ц суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч С.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Гал овогт С-ийн Н гийн Архангай аймгийн Ц суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН