Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 301/ШШ2026/00152

 

 

 

 

 

 

                                                                                        301/ШШ2026/00152

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын .... дугаар баг, Н хорооллын .... дугаар гудамжны ... тоотод оршин суух П.Б-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Ц 34 дүгээр гудамжны .... тоотод оршин суух Л.С-д холбогдох,

 

3,000,0000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өмчлөхийн эрхтэй хашаа 13,500,000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэр шилжүүлэхээр тохиролцсон боловч маргааш нөгөөдөр гэх мэтчилэн хойшлуулаад байхаар нь больсон. 2025 оны 11 дүгээр сарын 07-ны орой урьдчилгаа 3,000,000 төгрөг өгсөн. Үүнийгээ гаргуулж авах талаар ярихад байнга хойшлуулж явсаар 1 сар өнгөрлөө. Үүнийгээ нэн даруй гаргуулж авах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Би 12 дугаар сард 300,000 төгрөг өгсөн. Одоо 2,700,000 төгрөг үлдсэн байгаа. Би энэ хашаагаа зарах гээд зар тавьчихсан байгаа, зарчихвал мөнгөтэй болчихно. Зарагдахгүй байвал зээл аваад өгнө.  Иймд би энэ мөнгийг 3 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй байгаа гэв.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Л.С холбогдуулан  3,000,0000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Л.С нь 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд хариуцагчид холбогдох хуулийн зохицуулалт, үр дагаврыг танилцуулахад нэхэмжлэлийн шаардлага болох 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 03 дугаар сарын  25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.

 

Хариуцагч Л.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.С-аас улсын тэмдэгтийн хураамж 62,950  төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.С-ийн нэхэмжилсэн 2,700,000 төгрөг төлөхийг хариуцагч Л.С нь 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.С-аас улсын тэмдэгтийн хураамж 62,950  төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.С нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН