| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01107/И |
| Дугаар | 301/ШШ2026/00133 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 301/ШШ2026/00133
301/ШШ2026/00133
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ....дугаар багт байрлах, Ааймгийн П газар /РД:....../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ....дугаар баг, Н хорооллын ..... тоотод оршин суух Л овогт Б-ийн Б /ИБД:................./-д холбогдох,
1,265,882 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг "хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас А аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж оношилгоо эмчилгээ, мэс засал хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 1.265.882 /нэг сая хоёр зуун жаран таван мянга найман зуун наян хоёр/ төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасныг үндэслэн зөрчлийн хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Б.Б-аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1.265.882 /нэг сая хоёр зуун жаран таван мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нийт нэхэмжилсэн 1.265.882 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 03 дугаар сард 632,941 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 632,941 төгрөгийг төлнө гэв
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 1,265,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Б нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагаврыг танилцуулахад нэхэмжлэлийн шаардлага болох 1,265,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 03 дугаар сард 632,941 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 632,941 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар буруулан тогтоож хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 17,465 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1,265,882 төгрөгийг хариуцагч Б.Б 2026 оны 03 дугаар сард 632,941 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 632,941 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар буруулан тогтоож хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 17,465 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН