Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00219

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00219

 

 

 

 

 

 

Сутай мандах ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 183/ШШ2019/02456 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Сутай мандах ХХК-ийн хариуцагч Сунханконстракшн ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болон алдангид 347 854 471 төгрөг гаргуулах үндсэн, 135 404 341 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сутай мандах ХХК нь Сунхан констракшн ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 5 айлын таун хаус барилгын гадна фасад, цонх, хаалга, бусад өнгөлгөө гүйцэтгэлийн ажлыг 1 646 000 000 төгрөгөөр тооцож, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 329 920 000 төгрөг буюу 20 хувийг гэрээ байгуулж, гарын үсэг зурсаны дараа ажлын 13 хоногийн дотор дансанд шилжүүлэх байсан боловч санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар олгогдоогүй. Манайх 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээний дагуу ажлаа эхлүүлж, гадна болон ханын өнгөлгөө, дээвэр, гаражийн дулаалга, хучилтын цутгалт, өрлөг, довжоо, хаяавчны цутгалт, газар шорооны ажлуудыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийсэн боловч захиалагч талаас санхүүжилт олгогдоогүй, гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар ажлаа зогсоож, өөрсдөө манаач цалинжуулж буулгасан. Захиалагч тал 2015 оны 01 дүгээр сард 100 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 186 000 000 төгрөг өгөөд яаралтай гадна фасад, цонх, хаалга, гараж, үүдний хаалгаа хийж битүүлээд үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргуулчихвал зарагдах гээд байна гэсэн. Бид өмнө нь хийсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрөө төсвөөс хасахад материал авч хүрэхгүй, санхүүжилт нэм гэсэн боловч нэмж өгөх санхүүжилт байхгүй, та нар өөрсдөө мөнгө гаргаад хийж бай, удахгүй Солонгос Улсаас мөнгө ирнэ гээд захирал нь гуйгаад байхаар нь итгээд зөвшөөрсөн. 2015 оны 01, 02 дугаар сард хүйтний улиралд ажил хийхэд зардал их байсан. Ингээд бид 2015 оны 3 дугаар сарын сүүлээр өөрсдийн хөрөнгө оруулалтаар чулуун фасад, метал цонх, хаалга хийж дуусган санхүүжилт нэхсэн боловч мөнгө орж ирэхгүй байна, ажлаа явуулж бай, удахгүй гэсээр бид материал ч авч чадахааргүй болсон. Ажлын төлбөрөө төлөхийг албан бичгээр шаардсан боловч байр зарагдаагүй, мөнгө хайж байна гэсэн шалтгаанаар өдийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Сунханконстракшн ХХК-аас гэрээний дагуу хийсэн ажлын үлдэгдэл төлбөр 247 854 471 төгрөг, гэрээний алданги 100 000 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 900 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Талууд ажлын тоо хэмжээ дээр огт маргаагүй гагцхүү чанар үнэлгээ дээр маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа шинжээч томилогдож, тус дүгнэлтүүд нь илэрхий зөрүүтэй байгаагүй, хариуцагчийн объект нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ авсан байдал зэрэг нь биднийг доголдолтой ажил нийлүүлсэн гэдгийг няцааж байна. Түүнчлэн талуудын хооронд ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар ямар нэг маргаан байгаагүй болохыг гэрчээр асуугдсан н.Жаргалсайханы мэдүүлгээс харагдана. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Ким овогтой Сунхан миний бие Монгол улсын иргэн Н.Энхсайхантай танилцан, түүний эзэмшлийн газар болох Нүхтийн аманд байршилтай 1500 м.кв газар дээр 5 айлын таунхаус барих, худалдан борлуулах төсөлд хөрөнгө оруулан, хэрэгжүүлэхээр болсон. 2013 оны 9 дүгээр сард туслан гүйцэтгэгчээр Сутай мандах ХХК-тай хамтарч ажиллахаар амаар тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сутай мандах ХХК-тай бетон цутгалтын ажлын гэрээ байгуулж, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 280 000 00 ам.доллар өгсөн. 2014 оны 08 дугаар сарын үед барилгын бетон цутгалтын ажил дууссан. 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сутай мандах ХХК нь бетон цутгалтын ажлын үлдсэн төлбөрийг хүлээж байх явцдаа барьцаалсан байдлаар гадна, дотор засал, дэд бүтцийн гэрээг урьдчилаад хийхийг шаардсан. Энэ үед төсөвт өртгийг нарийвчлан тооцоход шаардлагатай дотор заслын ажлын зураг бэлэн биш байсан тул гэрээндээ үнийн дүнг гүйцэтгэгч талаас гаргасан үнийн дүнгээр гэрээнд тусгасан. Гэрээний уг дунг хожим хоёр тал тохиролцсоны дараа талууд төсвийг баталж, гэрээнд хавсаргаж эцсийн үнийн дүнг шийдэхээр болсон. 2014 оны 10 дугаар сарын эхэнд Сутай Мандах ХХК-ийн зүгээс өвөл болохоос дээвэр террас зэргийг хийх зардалд 20 000 ам.доллар шаардсаны дагуу 2014 оны 10 дугаар сарын 10-нд 20 000 ам.долларыг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр бетон цутгалтын ажлын үлдэгдэл 121 000 ам.долларыг тус тус олгож, гэрээний нийт дүн болох 401 000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан.

Монгол улсын барилгын зах зээл 2013 оны намраас эхэлж тогтмол уналттай байснаас цаашдын хөрөнгө оруулалтын талаар эргэлзэж байх үед Сутай Мандах ХХК барилгын гадна заслыг л хийгээд дуусгачихвал борлуулалт асуудалгүй, өөрсдөө ч борлуулалтын ажилд тусалж өгнө гэж 100 000 ам.долларт багтаан гадна заслын ажлыг бүрэн хийж өгөхөөр амаар тохиролцсоноор 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 100 000 ам.долларын мөнгөн хөрөнгө оруулалтыг нэмж хийсэн. Гадна фасадны зурагтай яг ижил байдлаар гаднаас харахад барилга бүрэн дууссан юм шиг харагдахаар хийх ба гадна талыг чулуугаар өнгөлж. гаражны хаалгыг автомат хаалгаар, террасыг нэвт харагдах тунгалаг материалаар, цонхыг мегал арамтайгаар хийхээр тохиролцсон. Сутай Мандах ХХК-ийн захирал С. Нармандах өөрийн биеэр БНХАУ-руу явж, барилгын материалыг захиалан 2015 оны 01 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, Хятадаас материалууд ирж байгаа, хаалгануудыг шууд Монголоос авна гэж хэлсэн. 2015 оны 3 дугаар сард манай компанийн хөрөнгө оруулсан 100 000 ам.долларыг бүгдийг нь хэрэглэсэн ба Хятадаас ирж байгаа материал болон үлдсэн барилгын ажлыг хийхэд мөнгө нэмж өгөх шаардлагатай гэсэн. Уг шаардлагыг нь хүлээн аваагүй тул 2015 оны 03 дугаар сарын сүүлд хаалга болон террасны ажлыг огт хийгээгүй, автомат гаражны хаалганы суурилуултыг дуусгаагүй, цонх суурилуулалт болон цонхны шилнүүдийг дутуу хийж, фасадны чулуун өнгөлгөөг онгорхой хэвээр ажлыг зогсоосон. Манай талаас ажлаа үргэлжлүүлэхийг шаардсан боловч нэмж мөнгө өгөхгүй л бол барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй гэсэн. Манай компаний зүгээс гадна заслын ажилд зориулан олгосон нийт 120 000 ам.долларыг хэрхэн зарцуулсан талаар материал худалдан авалтын баримт, бодитоор гүйцэтгэсэн ажлын төсвийг гаргаж өгөхийг шаардсан. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сутай Мандах ХХК-ийн захирал С.Нармандах тамгагүй албан бус гүйцэтгэлийн төсвийг өгсөн ба гадна заслын ажилд өөрийн хөрөнгийг оруулсан гэж гэнэт байр сууриа өөрчилж мөнгө нэхэмжилж эхэлсэн. Ийнхүү Сутай Мандах ХХК-аас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж эхэлсэн учир манай компани 2015 оны 06 дугаар сараас эхлэн барилгын зураг төсвийн мэргэжлийн байгууллага болох Уран-Асар ХХК-аас зөвлөх үйлчилгээ авч эхэлсэн ба Сутай Мандах ХХК нь бетон цутгалтын ажлын үеээс эхлэн одоог хүртэл төсөвт өртгийг мэхлэж ирсэн төдийгүй захиалагч талд өгөх ёстой баримт бичгүүд нь шаардлага хангаагүй болохыг мэдэж, уг компанийн талаарх итгэл бүрэн алдагдсан, ажилтай холбоотой баримт бичгүүдийг одоог хүртэл авч чадаагүй байна. Манай компани барилгын ажлыг эхлэх үеэс захиалагчийн техникийн хяналтыг Солонгос инженерээр хийлгүүлэн, холбогдох бүхий л зардлыг тусдаа гаргаад явж байсан боловч Сутай Мандах ХХК-ийн зүгээс захиалагч төлөх ёстой зардал мэтээр ойлгуулан, бетон цутгалтын гэрээний төсөвт захиалагчийн хяналтын зардал болон бусад зардлуудыг суулган завшсан байсан. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сутай Мандах ХХК-ийн өгсөн албан бус гүйцэтгэлийн төсөвт барилгын зураг төсвийн мэргэжлийн Уран Асар компаниар хяналт, үнэлгээ оруулсан. Үүний дүнд гүйцэтгэгч компанийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн албан бусаар өгсөн төсөв, нэхэмжлэлтэй хамт өгсөн өмнөхтэйгээ яг ижил төсөв нь огт хийгээгүй ажлыг оруулах, ажлуудын тоо хэмжээг ихэсгэх, материал хэмнэх зэрэг аргаар үнийн хэмжээг санаатайгаар ихэсгэсэн болохыг мэдсэн. Уран-Асар ХХК-ийн хийсэн фасад, дээвэр, хамар хананы ажлын бодит гүйцэтгэлд хяналт хийсэн төсөвт өртөгийн дүн нийт 178 735 382 төгрөг гарсан ба Сутай Мандах ХХК-ийн нэхэмжлэж буй фасад, дээвэр, хамар хананы ажлын гүйцэггэлийн төсөвт заасан нийт өртөг болох 469 652 347 төгрөгөөс 2.6 дахин бага байна. Түүнчлэн манай компаний зүгээс фасад, дээвэр, хамар хана зэрэг ажилд 120 000 ам.доллар буюу ойролцоогоор 240 000 000 төгрөгийг тус компанид өгсөн. Сутай мандах ХХК д ямар ч өглөггүй, харин ч эсрэгээр тус компаниас авлагатай. Мөн ажлын гүйцэтгэлийн чанарын хувьд доголдол ихтэй ба хамгийн ноцтой асуудал нь гадна фасад болон дээврийн дулаалгын 5-6 см нимгэн хөөсөнцрөөр дулаалсан. Энэ нь Монгол улсын дулаан техникийн шаардлагыг /багадаа 20см зузаантай байх/ хангаагүй. Улаанбаатар хотын хамгийн хүйтэн Яармаг-Сонгинын голын хөндийд байрладаг манай барилгын хувьд маш хангалтгүй дулаалга юм. Нимгэн дулаалгатай байрыг халаахад маш их дулаан шаардлагатай ба үүнээс шалтгаалж ашиглалтын зардал их гарах эсвэл бүр тийм хэмжээний дулаанаар хангах эх үүсвэр, техникийн шийдэл ч байхгүй байхыг үгүйсгэхгүй. Сутай Мандах ХХК нь олгосон санхүүжилтээр ажлыг чанартай гүйцэтгээгүй, чанарын ноцтой доголдол гаргаснаар манай компанийн хөрөнгө мөнгө, цаг хугацааг гарздаж их хэмжээний санхүүгийн хохирол учруулаад байна. Сутай Мандах" ХХК нь гадна дулаалгыг 5 см зузаантай хийчихээд гүйцэтгэлийн төсөв дээрээ 20 см зузаантай хөөсөнцөр дулаалга хийсэн гэж нэхэмжилж байгаа нь үнэхээр шударга бус байна. Сунханконстракшн ХХК уг төсөлд 650 000 гаруй ам.долларыг хөрөнгө оруулж, үүнээс Сутай Мандах ХХК-д 521 000 ам.долларыг олгосон. Харин Сутай Мандах ХХК-н төлөөлөгчид монгол хэл огт мэдэхгүй, Монголын барилгын салбарыг сайн мэдэхгүй гадаадын иргэнд анхнаасаа шударга бус, мэргэжлийн ёс зүйгүй хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Сутай мандах ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой учраас шинжээч томилуулж гүйцэтгэсэн ажлын доголдлыг тогтоолгох, доголдлыг арилгахад хэдий хэмжээний мөнгө шаардагдах талаар тооцоолон гаргуулах хүсэлтийг хариуцагч гаргасан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 102/Ш32016/14071 тоот шүүгчийн захирамжаар томилогдсон Эрдэм түм ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд Сутай Мандах ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд илэрсэн доголдлыг засах ажлын төсвийг 60 404 341 төгрөг гэж тооцоолсон байдаг. Харин дахин шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажилд илэрсэн доголдлыг засах ажлын төсвийг 87 006 776 төгрөг гэсэн. Дээрх 2 шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дахин хийгдэх ажлын төсөвт өртгийн хэмжээ зөрүүтэй байх тул хамгийн бага дүнгээр нь буюу Эрдэм түм ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэнэ. Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасны дагуу анхны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ажлын доголдлыг арилгуулах зардалд 60 404 341 төгрөг нэхэмжилнэ. Сутай Мандах ХХК нь гадна фасад болон дээврийн дулаалгыг 6 см нимгэн хөөсөнцөрөөр дулаалсан. Энэ нь Монгол улсын дулаан техникийн нөхцөлийг /багадаа 20см зузаантай байх/ хангаагүй. Улаанбаатар хотын хамгийн хүйтэн район Яармаг-Сонгинын голын хөндийд байрладаг манай барилгын хувьд маш хангалтгүй дулаалга юм. Нимгэн дулаалгатай байрыг халаахад маш их дулаан шаардлагатай ба үүнээс шалтгаалж ашиглалтын зардал маш гарах эсвэл бүр тийм хэмжээний дулаанаар хангах эх үүсвэр, техникийн шийдэл ч байхгүй байхыг үгүйсгэхгүй. Сутай мандах ХХК гадна дулаалгыг 6 см зузаантай хийчихээд гүйцэтгэлийн төсөв дээрээ 20 см зузаантай хөөсөнцөр дулаалга хийсэн гэж бичсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдоно. Шинжээч томилох тухай шүүгчийн захирамжаар тавигдсан асуултад Эрдэм түм ХХК-ийн гадна ханын дулаалга, зураг төслөөр 150 мм эрдэс хөвөн дулаалгатай байхаар заасныг, 60 мм зузаантай пенополистрол хавтангаар сольж хийсэн. Энэ шийдэл нь норм дүрмийн шаардлага хангахгүй. Зохиогчийн зөвшөөрөл байхгүй гэх дүгнэлт, Уран асар ХХК-ийн гадна ханын дулаалга бсм хөөсөнцөр байгаа нь дулааны техникийн шаардлага хангаагүй гэх, Барилгын төсөвчдийн холбооны 2017 оны 03 сарын 20-ны өдрийн дүгнэлтэд хөөсөнцөр дулаалгыг 6 см зузаантай угсарсан нь дулаан техникийн шаардлага хангахгүй гэх дүгнэлтүүдээр тус тус нотлогддог. Барилгын ханын гадна байх хөөсөнцөр дулаалгын гадуур гадна фасад буюу чулуун хавтанг бэхэлсэн учир хөөсөнцөр дулаалгыг нэмж, доголдлыг арилгах боломжгүй. Хэрвээ хөөсөнцөрийг нэмье гэвэл гадна фасадыг /чулуун хавтанг/ бүхэлд нь буулгах шаардлагатай ба ингэж буулгахад чулуун хавтан эвдрэх дахин ашиглах боломжгүй болох зэргээр үрэгдэж хорогдох тул дахин чулуун хавтан худалдан авах эрсдэлтэй. Барилгын ханыг дотор талаас нь дулаалахаас өөр аргагүй ба энэ тохиолдолд өрөөний талбай хасагдах, мөн барилгын хананд эд зүйл зүүж тогтоох боломжгүй болох үр дагавар учрахаар байна. Барилгын төсөвчдийн холбоо ханыг шахдаг хөөсөөр дулаалах боломжтой гэж бичсэн байх боловч энэ нь боломжгүй зүйл юм. Барилгын гадна талын чулуун хавтан зай завсаргүй битүү хананд тогтоогдсон ба уг чулуун хавтан болон ханын дундуур шахдаг хөөсийг барилгын ханыг дүүртэл шахаж дулаалах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Иймд гадна фасадыг буулгахгүй гэвэл барилгыг дотор талаас нь хөөсөнцөрөөр дулаалахаас өөр боломжгүй. Гадна ханын дулаалгын байшингийн дотор хананд 10 см хөөсөнцөрөөр дулаалах байдлаар дулаан, техникийн доголдлыг арилгаснаас барилгын ашигтай талбайн хэмжээ 50 м.кв орчмоор багасах буюу 1 м.кв-ийг зах зээлийн дундаж ханш 1 500 000 төгрөгөөр тооцоход 75 000 000 төгрөгийн шууд алдагдал учрахаар байна. Иймд гүйцэтгэсэн ажилд илэрсэн доголдлыг засахад шаардагдах 60 404 341 төгрөг, ажлын доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан тул 75 000 000 төгрөг, нийт 135 404 341 төгрөг Сутай мандах ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий гэрээг талууд сайн дурын үндсэн дээр гэрээний чөлөөт байдлын хүрээнд Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг удирдлага болгож байгуулсан. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан ба маргаан бүхий гэрээний 5.1-д ... гэрээний хавсралт №1-д заасан ажлыг ..... чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгнө гэж тохирсон. Манай компанийн зүгээс зориулалтын дагуу ашиглаж болохгүй үр дүн хүлээлгэн өгсөн талаар ямар нэг маргаан байдаггүй, зориулалтаар нь ашиглах бүрэн боломжтой ажлын үр дүнг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээчдийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдоно. Сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан байдаг. Гэтэл маргаан бүхий үйл баримт 2015 оны 2 дугаар сард хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн ажлын үр дүн болох нь хариуцагчийн 2016 оны 02 сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тайлбараас харагдана. Тухайн ажлын үр дүнг хүлээн авснаас хойш бүтэн 2 жилийн дараа доголдол байсан гэж маргаж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Эрдэм Түм ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл тус дүгнэлт дээр Сутай мандах ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд илэрсэн доголдлыг арилгахад 60 404 341 төгрөг шаардлагатай мэтээр дүгнэсэн байдаг. Гэвч тус дүгнэлт нь бодит байдалд огт нийцээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх бүхий шинжээчийн дүгнэлт биш. Маргаан бүхий хугацаанд ажлын үр дүнд ямар нэг доголдол илэрсэн талаар огт яригдаагүй ба захиалагч бидний хийсэн ажлын үр дүнд илэрсэн доголдлыг өөр этгээдээр хийж гүйцэтгүүлсэн талаар ямар нэг баримт нотолгоо байдаггүй. Захиалагч өөрөө ажлын үр дүнг хүлээн авах, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ажил зогсож ажлын үр дүнд доголдол үүссэн бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3-т зааснаар захиалагч өөрөө хариуцах үүрэгтэй. Мөн хариуцагч нь ажлын үр дүнгийн доголдлын улмаас үнэлгээ буурсан гэж 70 000 000 төгрөг нэхэмжилсэн нь ямар нэг үндэслэлгүй ба тухайн гэрээний зүйлийг үнэлүүлсэн үйл баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3-т зааснаар хариуцагч Сунханконстракшн ХХК-аас гэрээний үүрэгт 347 854 471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сутай мандах ХХК-д олгож, Сутай мандах ХХК-аас 135 404 341 төгрөг гаргуулахыг хүссэн Сунханконстракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 897 223 төгрөгийг, хариуцагч Сунханконстракшн ХХК-аас төлсөн 1 122 283 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сунханконстракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 287 311 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж харицагчид буцаан олгож, хариуцагч Сунханконстракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 897 223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сутай мандах ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Г.Чинбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан боловч уг шинжээчийн дүгнэлт хүчингүй болж илт үндэслэл муутай, хууль зөрчиж гарсан болохыг Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04227 тоот захирамжаар Бэсэг ХХК-ийг дахин шинжээчээр томилсон. Бэсэг ХХК 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлж, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11291 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Гэвч энэ талаар хариуцагч талд мэдэгдээгүй. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч талд шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагт товлогдсон тухай мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр очиж шинжээчийн дүгнэлттэй танилцаж, тухайн өдрийн шүүх хуралдаанд Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Гэтэл шүүгч шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, улмаар шүүх хуралдаан хойшилсон хугацаанд шийдвэрлэхээр болсон. Шүүгч хүсэлтийг шүүх хуралдааны үеэр сонсмогц даруй шийдвэрлэх ёстой байсан боловч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг үгүйсгэсэн.

Шүүх Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Хариуцагч талаас уг шинжээчийн дүгнэлтийг хууль бус, хүчингүй гэж үзэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Бэсгэ ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 5 айлын таун хаусын гадна чулуун фасадаас дээж авч, мэргэжлийн лабораторд шинжлүүлээгүй байж өмнөх хүчингүй болсон шинжээчийн Барилга архитектур корпорацийн улсад итгэмжлэгдсэн лаброторийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7/01073 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж хариулт өгч байгаа нь үнэхээр эргэлзээтэй. Түүнчлэн шүүгчийн захирамжаар өмнөх шинжээчийн дүгнэлтийг зөв, бурууг огт асуугаагүй бөгөөд Бэсгэ ХХК-ийг шинжлэн судлаад, хариулж, дүгнэлт гаргахыг даалгасан байхад бүх асуултанд өмнөх хүчингүй болсон шинжээчийн дүгнэлтийг зөв гэж нэхэмжлэгчид эерэг байдлаар хариулт өгсөн нь шүүгчийн захирамж биелэгдээгүй, захирамжид асуусан асуултанд хариулт өгөөгүй учир уг шинжээчийн дүгнэлт хүчингүй. Бэсгэ ХХК-ийн томилогдсон шинжээчид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 5 айлын таун хауст ганцхан удаа очсон бөгөөд таун хаус бүрэн баридсан дүр зургийг харсан. Таун хаусын бүх цонхыг сольсон тухай мэдээлэл шинжээч нарт хариуцагчийн зүгээс өгөөгүй. Гэтэл ямар ч үндэслэлгүй мэдээллийг дүгнэлтэнд тусгаж улмаар өмнөх хүчингүй болсон шинжээчийн дүгнэлтийг зөв гэж шууд дүгнэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хэрэв хариуцагч таун хаусын бүх цонхыг сольсон гэж үзвэл шинжээч уг асуултанд хариулахаас татгалзаж, хариулахгүй байх үүрэгтэй болохоос өмнөх хүчингүй болсон шинжээчийн дүгнэлтийг зөв гэж дүгнэх ёсгүй. Түүнчлэн Бэсгэ ХХК нь шүүгчийн захирамжаар асуусан асуултанд түүвэрлэж хариулж чухал шаардлагатай асуултуудад хариулт өгөөгүй. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн нэгдүгээр хэсэгт Бэсэг ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл шүүгчийн захирамжид заагдаагүй Бэсгэ ХХК шинжээчээр оролцож, улмаар шинжээчийн дүгнэлтүүдийг нэхэмжлэгчид ашигтайгаар гаргасан. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь шүүхээс томилогдсон шинжээч Бэсэг ХХК-ийн дүгнэлт байх ёстой байтал шинжээчээр томилогдоогүй Бэсгэ ХХК-аар дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтэд тооцож, хэргийг сэргээн явуулж ноцтой зөрчлийг гаргасан. Хэргийг сэргээсэн, шинжээчийн дүгнэлт ирсэн талаар урьдчилж хэлээгүй атлаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн туслах утсаар холбогдож шүүх хурал 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон гэж мэдэгдсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдоогүй Бэсгэ ХХК-ийн дүгнэлт ирж, дүгнэлтийг илт үндэслэл муутай гаргасан байсан. Түүнчлэн дүгнэлтэндээ тухайн хэрэгт өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтийг иш татсан байдаг. Тухайн иш татсан дүгнэлтийг Давж заалдах шатны шүүхээс хууль зөрчсөн буюу хууль сануулаагүй этгээд дүгнэлт гаргахад оролцсон гэж үзсэн байхад уг нөхцөл байдлыг үл харгалзан шинжээчийн дүгнэлтдээ ашигласан байна. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэгэнт хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон атал шүүхийн шийдвэрээс давсан дүгнэлтийг хийсэн. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ захирамжинд заагдаагүй этгээдийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Сутаймандах ХХК ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 247 854 471 төгрөг, алданги 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Сунхан констракшн ХХК эс зөвшөөрч 135 404 341 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч Сутаймандах ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Blue sky барилгын сантехник, агааржуулалт, цахилгаан, гадна, дотор интерьер заслын ажлуудыг баталсан зураг, төсвийн дагуу барилгын болон бусад ажлын графиктай уялдуулан барилгын техникийн нөхцөл, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хариуцагч Сунханконстракшн ХХК ажлыг хүлээн авч гэрээнд заасан хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Зохигчид гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарын талаар маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргааны зүйл тогтоогдохгүй байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэсэн Бэсгэ ХХК-ийн дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

 

Шинжээчийн дүгнэлт гаргасан хуулийн этгээдийн хувьд, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04227 дугаар захирамжаар шинжээчээр Бэсэг ХХК-ийг томилсон байхад Бэсгэ ХХК дүгнэлт гаргасан байна. Хуулийн этгээдийн нэрийг шинжээч томилсон захирамжид бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан уу эсхүл 2 өөр компани байна уу гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна. /3хх53-54, 63-68/

 

Түүнчлэн шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцсон Ө.Энхтогтох, С.Далантай нар нь Бэсгэ ХХК-ийн ажилтан, эсхүл Бэсгэ ХХК гэрээний үндсэн дээр тэдгээрийг ажиллуулсан эсэх нь тодорхойгүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтэд нэр дурдагдсан хүмүүст хууль сануулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн боловч эдгээр хүмүүс нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан журмын дагуу томилогдсон баримтгүй, томилогдсон шинжээчид мөн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2186 дугаар магадлалаар Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзсэн байхад Бэсгэ ХХК нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг өмнө нь шүүхээс томилогдон ажилласан Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтийг үндэслэл болгожээ. Иймд Бэсгэ ХХК-ийн дээрх дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. /2хх152-163, 3хх66-68/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 183/ШШ2019/02456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 732 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ