| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0355/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч Б.А,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 0588 0418 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гэртээ үеэл дүү Б.Б-ийг “ээждээ хов хүргэлээ” гэж зодож, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би Гадаад хэргийн яаманд жолоочийн ажлаа хийж байгаа. Сарын 700.000 төгрөгийн цалинтай. Манай эхнэр ажил хийдэггүй, одоогоор Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан, би хүүхэдтэйгээ хамт байгаа. Манай хүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангид сурдаг. Б.Б нь манай төрсөн охин дүүгийн хүүхэд нь байгаа юм. Хэрэг болсоноос хойш манай худын гэрт байгаа. Б.Б найзуудтайгаа гадуур тэнээд байдаг учир би согтуудаа бухимдаад гар хүрсэн. Би хэр зэрэг согтолттой байснаа санахгүй байна. Манай дүүгийн найз нь цагдаа дуудсан байсан.
Тухайн үед насанд хүрээгүй хохирогчийн толгой нь хагарсан, гар нь зулгарсан байсан. Би галын хайчаар толгой руу нь цохисон. Одоо хохирогчийн биеийн байдал нь хэвийн байгаа. Би хохирогчид 30.000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Одоо насанд хүрээгүй хохирогчийн ээж буюу дүүтэйгээ хэвийн харилцаатай байгаа. Би гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0588 0418 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн:
“...Би 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз О-ы гэрт хоноод 03 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед гэртээ ороход А ах унтаж байсан. Би чимээгүй хувцасаа авах гээд хажууд талаар нь өнгөрөх үед А ах сэрээд намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм, ээж чинь юун мессэж бичсэн юм гэж уурлаад “намайг ээждээ хов хүргэлээ” гээд гараараа цохиод дараа нь галын хайчаар миний толгой хэсэг рүү цохисон.
Б.А ах намайг ээждээ хов хүргэлээ гэх шалгааны улмаас намайг цохисон. Хоёр гараараа миний биеийн бүх хэсэгт цохисон хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна. Галын хайчаар миний толгой хэсэг рүү цохиж толгой хагалсан. Урьд өмнө А ах намайг цохиж зодож байгаагүй анх удаа намайг зодож байна. А ах намайг зодохыг харсан хүн байгаа намайг өглөө гэрт орох үед А ахын найз Б ах гэрт байсан. Тухайн үед толгойны орой хэсэгт хагарсан, баруун хөлийн шилбэ болон өвдөгний хажуу талд хөхөрсөн, хүзүү хэсэгт зулгарсан, зүүн гарын алганы ард талын хэсэгт хөхөрсөн байсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг А ах гараараа болон, галын хайчаар нэг удаа цохиж учруулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,
2. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...А бид хоёр бага байхаасаа найзалж ирсэн найзууд байгаа юм. Би А-ийн гэрт 03 дугаар сарын 03-ны өдөр очиж хоносон. Маргааш өглөө нь бид хоёр урд орой нь үлдсэн архиа хувааж уучихаад хэвтэж байсан. Би жижиг өрөөнд хэвтэж байгаад унтчихсан байсан намайг сэрхэд шуугиан болоод байхаар нь том өрөөнд орж хартал А дүү Б-ийг ор дээр дарчихсан байж байхаар нь би тэр хоёрыг салгасан.
Тухайн үед Б гар өвдөөд байна гэсэн үү нэг юм нь өвдөөд байна гээд орилоод байсан. Өөрөөр цохиж зодсон үйл явдал болсоныг хараагүй. Миний өглөө уусан архи гараагүй, ер нь их согтсон байсан. Гэрлүүгээ харих гээд явж чадахгүй байсан. Миний уусан архи удаан гардаг болохоор тухайн үед болсон зүйлийг бага зэрэг санаж байна. Тухайн үед Б-ий биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан талаар мэдэхгүй байна, согтуу байсан болохоор сайн санахгүй байна. А бид хоёр 1 дүгээр ангиасаа эхэлж найзалж эхэлсэн. Нэг нутгийн нэг байранд амьдардаг, нэг ангид сурдаг хүүхдүүд байсан болохоор их дотны найзууд байгаа юм. Найзлаад 30 гаруй жил өнгөрч байна. А хүүхэд байхаасаа л жолооч болох сонирхолтой байсан. Манай найз түргэн зантай өөрийнхөө дургүй зүйлд их хурдан уурлачихдаг зантай. Түүнээс биш хүнтэй их найзархаг нөхөрсөг харьцдаг хүн байгаа юм. Тухайн үед дүүгээ гадуур дэмий тэнэлээ гээд уурласан байх. Урд орой нь дүү нь гэртээ ирж хоноогүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед согтуу байсан болохоор өөрийн санаж байгаа зүйлийг ярьлаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
3. ШШҮХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3274 тоот:
1. Б-ий биед хуйханд шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,
4. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 33х/,
5. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 03 сарын 04-ний 08 цагийн үед босож галаа түлчихээд, цай чанаад найз Б-аар бууз жигнүүлж идчихээд манай найз Б, Б бид гурав 0.75 литрийн Экс архи 1 шилийг, бас тал шил архийг хувааж уусан. Бид 3 хөзөр тоглоод архи ууж байхад дүү Б найз О-тойгоо хамт гэрт орж ирсэн. Тэгээд би найз О-г нь миний дүү гэртээ харь гэж явуулаад дүүгээ загнаж байхад О дуудлага өгсөн юм шиг байна. Тэгээд 2 цагдаа орж ирээд хувцсаа өмс гээд намайг аваад явсан.
Би дүү Б-ийг ойрд худлаа яриад оройтож ирээд, гэр орны ойр зуурын ажил хийгээгүй гэх шалтгаанаас болж загнасан. Б-ий аав, ээж хоёр нь салсан, аав нь хаана байгааг мэдэхгүй байна. Ээж нь Швед улсад дүү нартайгаа цуг амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэг. Би галын хайчаар Б-ий толгой руу нь цохисон нь үнэн тэрнээс болж толгой нь хагарсан байсан. Би толгой дээр нь хөвөнгөөр цусыг нь дарсан, гараараа толгой руу нь цохисон, харин, сандалаар цохисоноо мэдэхгүй байна. Тухайн үед би архи уусан байсан тул болсон явдлыг бүдэг бадаг санаж байна. ..,
Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна.
Миний өмнө өгсөн мэдүүлэгтэй адилхан учраас надад дахин ярих шаардлага байхгүй гэж үзэж байна. Би шүүх эмнэлгийн №3274 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг би галын хайчаар болон гараараа цохиж учруулсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 39х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 44х/, зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох үеэл дүү Б.Б-ийг “ойрдоо худлаа яриад оройтож ирээд, гэр орны ойр зуурын ажил хийсэнгүй, хов хүргэлээ” гэх зэргээр өдөж, улмаар түүнийг гараараа болон галын хайчаар цохих зэргээр зодож биед нь “...хуйханд шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- ШШҮХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн “Б-ий биед хуйханд шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 3274 дугаартай дүгнэлт,
- насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз О-ы гэрт хоноод 03 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед гэртээ ороход А ах унтаж байсан. Би чимээгүй хувцасаа авах гээд хажууд талаар нь өнгөрөх үед А ах сэрээд намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм, ээж чинь юун мессэж бичсэн юм гэж уурлаад “намайг ээждээ хов хүргэлээ” гээд гараараа цохиод дараа нь галын хайчаар миний толгой хэсэг рүү цохисон.
Б.А ах намайг “ээждээ хов хүргэлээ” гэх шалгааны улмаас намайг цохисон. Хоёр гараараа миний биеийн бүх хэсэгт цохисон хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна. Галын хайчаар миний толгой хэсэг рүү цохиж толгой хагалсан. Урьд өмнө А ах намайг цохиж зодож байгаагүй анх удаа намайг зодож байна. А ах намайг зодохыг харсан хүн байгаа намайг өглөө гэрт орох үед А ахын найз Б ах гэрт байсан. Тухайн үед толгойны орой хэсэгт хагарсан, баруун хөлийн шилбэ болон өвдөгний хажуу талд хөхөрсөн, хүзүү хэсэгт зулгарсан, зүүн гарын алганы ард талын хэсэгт хөхөрсөн байсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг А ах гараараа болон, галын хайчаар нэг удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Г.Б-ын: “...А бид хоёр бага байхаасаа найзалж ирсэн найзууд байгаа юм. Би А-ийн гэрт 03 дугаар сарын 03-ны өдөр очиж хоносон. Маргааш өглөө нь бид хоёр урд орой нь үлдсэн архиа хувааж уучихаад хэвтэж байсан. Би жижиг өрөөнд хэвтэж байгаад унтчихсан байсан намайг сэрхэд шуугиан болоод байхаар нь том өрөөнд орж хартал А дүү Б-ийг ор дээр дарчихсан байж байхаар нь би тэр хоёрыг салгасан. ...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн биед учирсан “хуйханд шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шилбэ, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.А түүнийг гараараа болон галын хайчаар цохисон гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.Б, шүүгдэгч Б.А нар нь нэг гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /2016 оны 12 сарын 22-ны өдөр батлагдаж 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах тухайн гэр бүлд амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь үеэл дүү Б.Б-ийг “ойрд худлаа яриад оройтож ирээд, гэр орны ойр зуурын ажил хийсэнгүй, хов хүргэлээ” гэх зэргээр өдөж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан цохиж, зодон бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлсон.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...Миний биед учирсан гэмтлүүдийг А ах гараараа болон, галын хайчаар нэг удаа цохиж учруулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” хэмээн мэдүүлж, мөн тус шүүхэд насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т нар нь “...холбогдогч Б.А-т хэрэгт холбоотойгоор ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралд хохирогч Б.Б болон хууль ёсны төлөөлөгч Т.Т миний бие оролцохгүй.” хэмээн хүсэлт гаргаж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.А-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 44х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.А-ийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД