| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2502 00330 0254 |
| Дугаар | 2025/ДШМ/1343 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1343
2025 11 28 2025/ДШМ/1343
Б.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Удвал,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
нарийн бичгийн О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2502 00330 0254 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ы Г-, ............/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;
Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Д- хотхоны 101 дүгээр байрны гадна байх үедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Метамфетаминын агууламжтай нийт 0.1186 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 3556 дүгнэлтэд тусгагдсан хэмжээгээр нийтдээ 0,1186 грамм цэвэр жинтэй гялгар ууттай мөс гэх нэршилтэй ТНС агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ын бага насны хүүхдүүд болох Г.Э- /РД:......1/, Г.Э- /РД:......./ нарт асран хамгаалагч томилохыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж, бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эрхийн зөрчил үүсгэхгүй байх, байнгын тогтмол хяналтад байлгаж Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль бусад хуульд заасан үндэслэл журмыг чанд сахиж ажиллахыг үүрэг болгож, Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, сэтгэцэд нөлөөт бодис хүний биед болон амьдралд ямар хор уршигтай гэдгийг өөрийн биеэр маш сайн ойлгож ухаарлаа. Би өрх толгойлсон эцэг, хоёр ихэр цэцэрлэгийн насны хүүхэд, ээжийнхээ асран хамгаалагч, мөн банканд олон төрлийн зээлтэй, сар болгон хүүхдийн тэтгэмж төлдөг. Иймд миний эрх зүйн байдал муудаж ар гэрийн байдал хэцүү байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж зөвшөөрч, ойлгож байгаа. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд ороогүй, давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Шүүгдэгчийн эх н.А- нь хэвтэрт байдаг. Хэрэгт түүний шинжилгээний бичиг, карт, зүрхний бичлэг зэрэг бүх нотлох баримт авагдсан. Б.Г-ын асрамжид байдаг. Бага насны Г.Э-, Г.Э- гэх 2 хүүхдийн хамт амьдардаг. Энэ гэр бүлийн амьдралыг Б.Г- ажил хийж залгуулдаг байсан. Одоогийн байдлаар гэр нь усгүй, түлээ байхгүй, гал алдсан, хоол хүнс муутай байгаа. Хоёр хүүхдийн хувьд хувцас муутай, өвлийн хувцасгүй, пүүз, нимгэн өмд, цамцтай байгаа. Ээжийг нь энэ 2 хүүхэд хааяа очиж, өрхийн эмнэлгээс дусал залгуулдаг. Энэ гурван хүний амьдрал нь тун хэцүү байгаа. Шүүгдэгч Б.Г-ын хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээж гэмшиж буй байдал, ар, гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар 2 хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх, эхийгээ эмнэлэгт үзүүлэх зэрэг асуудал гарах тул түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.
Прокурор П.Удвал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-ыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Д- хотхоны 101 дүгээр байрны гадна байх үедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетаминын агууламжтай “мөс” гэх нэршилтэй синтетик бодисыг хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж авч, Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзаж, ял шийтгэл оногдуулсан байна гэж прокурорын хувьд үзэж байна. Б.Г- нь урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан. Иймд түүний хувийн байдлыг нь харгалзсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ял оногдуулах санкцтай. Үүний хамгийн бага буюу 1 жилийн хорих ялыг түүнд оногдуулсан. Мөн хувийн байдлын талаар шүүх шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Д- хотхоны 101 дүгээр байрны гадна байх үедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламжтай нийт 0.1186 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7/,
“Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх 24-25/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-21/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15/,
эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/,
шүүгдэгч Б.Г-ын “...2025 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нийг шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүрэгт байрлах ...Центр пойнтын хажууд байх Голомт банкны урд талд ...Д-тэй ямар нэгэн зорилгогүй уулзсан. Тэгээд Д-д мөнгө байна уу гээд кармаг нь ухаж үзсэн чинь карманаас нь мөс гарч ирэхээр нь авчихсан юм. Д- нь миний таньдаг дүү байгаа юм. Би тухайн үед ганцаараа өөрийнхөө “приус-30” загварын .... УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Дүү Д-өөс мөс аваад шууд гэртээ хариад унтаж амарч байгаад өнөөдөр 13 цагийн үед гэрээсээ хувцсаа айлд авч очиж угаах гээд гарч ирээд явж байгаад баригдсан. Би уг мөснөөс өнөө өглөө сэрээд гэрээс гараад хашааны үүдэнд машин дотроо сууж байгаад ганцаараа хэрэглэсэн. Хураагдсан бонго буюу хэрэглүүрийг 2 сарын өмнө миний машинд суусан хүмүүс үлдээгээд буусан байсан. Би “мөс” гэх хар тамхийг анх 2019 онд хэрэглэж үзсэн. Үүнээс хойш хэрэглээгүй байж байгаад 1 жилийн өмнөөс хааяа хааяа мөс хэрэглэж эхэлсэн. “Мөс” хэрэглэх үед ийм, тийм гэсэн мэдрэмж байхгүй. ...Би өөрт байсан мөсийг сайн дурын үндсэн дээр гаргаж өглөө...” /хх 57-59, 74-75/,
гэрч Э.Д-ий “...Би Б.Г- ахыг танина. Бид хоёр 10 жилийн өмнө төмөр замд хөршүүд байсан. ...Тэгээд хэсэг сураг тасраад саяхан таараад холбоотой байгаа юм. Би тухайд өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд Б.Г- ахтай уулзаагүй. Би Б.Г- ахад “мөс” гэж мансууруулах бодис өгч байгаагүй. 2025 оны 04 дүгээр сарын 10 хэднээр л уулзсан...” /хх 29-30/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3555 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г-” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г-” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ болон МБМА илэрч байна. Илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад, МБМА нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг болно...” /хх 40-41/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3556 дугаар “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:ГМ-125, Товч утга: Б.Г-ын биед үзлэг хийж, Объектын мэдээлэл, онцлог: бонго, хэрэглүүр, Алба хаагч, цол. нэр: х/ч Г.Мөнхдаваа, Огноо:V/01 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шилэн гаанс мэт зүйл, хуванцар гуурс, шингэнтэй шилэн сав, “Эд мөрийн баримт хадгалах уут. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:ГМ-125, Товч утга: Б.Г-ын биед үзлэг, Объектын мэдээлэл, онцлог: мөс мэт зүйл, Алба хаагч, цол, нэр: х/ч Г.Мөнхдаваа, Огноо:V/01” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:ГМ-125, Товч утга: Б.Г-ын биед үзлэг хийж, Объектын мэдээлэл, онцлог: бонго, хэрэглүүр, Алба хаагч, цол, нэр: х/ч Г.Мөнхдаваа, Огноо:V/01” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй шилэн савны жин 70,1 г, “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:ГМ-125, Товч утга: Б.Г-ын биед үзлэг, Объектын мэдээлэл, онцлог: мөс мэт зүйл, Алба хаагч, цол, нэр: х/ч Г.Мөнхдаваа, Огноо:V/01” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн, гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,3776 г, цэвэр жин 0.1186 г байна...” /хх 46-49/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 517 дугаар “...Б.Г- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Б.Г- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.Г- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.Г- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Б.Г- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэж шинж тэмдэг илрээгүй байна. ...” /хх 37-39/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Г-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд ялын төрөл, хэмжээ тохирсон төдийгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь, тэрээр урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан байх боловч дахин “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь түүний засрал хүмүүжил олоогүйг илтгэж байна.
4. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ын хүүхдүүд болох Г.Э-, Г.Э- нарт асран хамгаалагч томилохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, түүний хүүхдүүдийн асрамжийн талаар болон эх Ч.А-ийг тэжээн тэтгэх үүрэг хүлээх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ