Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 369

 

 

 

 

                                                

                                                  

 

 

 

                                                                               

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Мөнгөншагай /тээвэр/,

иргэний нэхэмжлэгч Б.Ц,

иргэний нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Т,

иргэний хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10108 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурын харвааны урд замд иргэн Ц.Б-ын эзэмшлийн Тоёота лексус 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Н.Д-ын жолоодож явсан Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн эзэмшлийн Мицубиши фусо маркийн 72-37 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.О-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                                           

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:                                           

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн: 

“...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Т.О-ын дуудлагын жолоочийн үнэмлэхтэй компанид жолоочоор ажилд орсон. Осол гарах өдрийг хүртэл нийт 7 хоног дуудлагад ажилласан. Би явсан бүх дуудлагын жолоочоор яваад авсан төлбөрийнхөө 50 хувийг нь өөртөө авч 50 хувийг нь О авсан. Дуудлагын их багаас хамаарч ойролцоогоор өрдийн 30.000-40.000 төгрөг авдаг байсан.

Т.О тухайн үед дуудлага хариуцсан ажилтан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цагийн орчимд би гэртээ харьж явахад “дахин дуудлага ирлээ” гээд Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн орчимд Скотч хаусаас Тоёота лексус 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байгаад сур харвааны талбайн урд замд зам тээврийн осол гаргасан. Намайг 19-ийн  дүгээр үйлчилгээний төвд хүргэж өгсөн 2 жолооч нар дуудлагыг Т.О-оос хүлээж авсан гэж хэлсэн. Би Эрэл компанийн байранд хүн хүргэж өгөөд Зайсан ороод буцахдаа осол гаргасан.

Тухайн үед замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан. Тэр машин хоёрдугаар эгнээнээс баруун чиглэлд орохоор дохио өгсөн. Би хоёрдугаар эгнээнд шилжихэд зам гулгаатай байсан болохоор осол гарсан. Би тэр үед 50-60 км цагийн хурдтай явж байсан.

Би иргэний хариуцагч Т.О-той ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Т.О манай дүүгийн найз нь байгаа юм. Иргэний хариуцагч Т.О, бид хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Дуудлага хүлээн авдаг  дугаарын С утас над дээр байдаггүй, би С дугаарын утастай явж байсан. Дуудлагын жолооч хийдэг Е, С гэдэг 2 залуу “дуудлага ирлээ” гээд намайг намайг 19 дүгээр үйлчилгээний төвд хүргэж өгсөн юм. Тэр хоёр О-оос дуудлага хүлээн авсан байх. Би хохирогч М.О-т эмчилгээний зардлын 220.000 төгрөг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Ц.Б-д төлсөн төлбөр байхгүй, гэхдээ цаашид хохирлыг нь төлж барагдуулна. СТ компанийн автомашины хохирлыг бүрэн барагдуулсан. Би зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугай хүлээн зөвшөөрч байгаа. Ослын талаар маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “СТ” ХХК-ны төлөөлөгч Б.Ц-ийн өгсөн:

“...Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Б-ыг төлөөлөн өмгөөлөгч Э.Т-аас: 

“...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих өдөр иргэний нэхэмжлэгч Ц.Б, өөрийн төрсөн дүү Ц.Я-ын нөхөр Л.Ж-т машинаа шилжүүлэн өгсөн байдаг. Л.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудаж, улмаар уг дуудлагын дагуу Б.А очиж тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаснаас Б-ын Тоёото Лексус-470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүсч, учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоох шинжээчээр “ХЭ” ХХК ажиллаж, нийт хохирлыг 24.265.000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон байсан.  Би шүүгдэгч, иргэний хариуцагч нараас 24.265.000 төгрөг гэж тогтоосон байсан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн задаргаа хийгдсэн байгаа ба уг дүгнэлттэй санал нийлж, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, автомашинд эвдрэл гэмтэл учирсан, мөн шүүгдэгч Т.А нь иргэний нэхэмжлэгч Т.О-той хөдөлмөрийн харилцаанд оролцож, дуудлагын жолоочийн үүрэг гүйцэтгэж, орлогынхоо тодорхой хэсгээр хөлс авдаг байх тул иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан 24.265.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.А-т ажил олгогч иргэний хариуцагч Т.О-оос гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

4. Иргэний хариуцагч Т.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   

“...Осол гардаг өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө над дээр Б, Е, А 3 ирээд дуудлага хүлээн авдаг С дугаар утсыг аваад явсан юм. Урьд нь мөн аваад явдаг байсан. Тухайн өдөр осол болсон талаар би юу ч мэдээгүй байсан. Дуудлагын жолоочийн үйлчилгээ авдаг  С дугаар нь миний эзэмшлийнх биш, манай найз Р дуудлагын жолоочийн үйлчилгээ ажиллуулдаг байгаад дараа нь өөр ажил хийхээр болоход нь би гуйж дугаарыг авч ашигласан юм. Албан ёсоор нэрийг нь шилжүүлж аваагүй, мөн уг С дугаараар лавлах утасны үйлчилгээнд бүртгүүлээгүй. Тухайн дугаарыг би 2017 оны 06 дугаар сараас  найз Р-д 500.000 төгрөг өгч аваад ашиглаж байсан юм. Р бид хоёрын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй.

Шүүгдэгч Б.А-ын дүү Е гэдэг залууг би таньдаг бөгөөд Е нь “манай үеэл ах байгаа юм, цуг явъя” гээд Б.А-ыг анх танилцуулж байсан. Тэгээд А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш осол гарах өдөр хүртэл дуудлагын жолоочоор ажилласан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж тайлбар өгсөн. Иргэний нэхэмжлэгч Ц.Б надад бал өгөөд бич гээд байсан. Мөн миний иргэний үнэмлэхийг аваад өгөхгүй байсан болохоор би дээрх тайлбарыг өгсөн. Миний Цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн.

Би өдрийн 10.000-20.000 төгрөгийн орлого олдог. Би хувь хүний албан татвар төлдөггүй. Тухайн өдрийн олсон орлогоо хувааж авдаг байсан. Зам тээврийн осол гарахад миний буруутай үйлдэл байхгүй тул би хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Осол гарсан гэх тэр өдөр би гэртээ байсан. Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн хувьд миний зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй учраас нөхөн төлбөр төлөхгүй гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1803 0000 10108 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-15х/,

 

2. Хохирогч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Тухайн үед ажлынхнаараа ХУД-ийн Скоч хаус-д орой 21:00 цагийн үед суугаад хоол унд, пиво ууж байгаад, 01:00 цагийн үед гарсан, гарахдаа ажлынхаа Ж-ын машинаар явах болоод, түүний машиныг дуудлагын жолоочоор бариулахаар дуудсан юм. Гэхдээ би аль дуудлагын газраас жолооч дуудсаныг мэдэхгүй байна. Нэг залуу ирчихсэн байсан.

Тэгээд бид бүгдээрээ Ж-ын машинд суугаад эхнээсээ хүргүүлж байсан. Зам тээврийн осол болох үед би жолоочийн арын суудалд, миний хажууд манай ажлын газрын О-д гэх залуу, урд суудалд Ж явж байсан. Машиныг дуудлагаар ирсэн  жолооч жолоодоод явж байтал урд талд явж байсан хогны машин 2 дугаар эгнээнд баруун эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байхад нь дуудлагын жолооч араас нь очоод мөргөчихсөн.  Би тухайн үед арын суудалд хамгаалах бүс хийгээгүй сууж байсан. Тухайн ослын дараа миний гар өвдөөд байхаар нь 103 луу залгаж дуудлага өгсөн.   

Би яг осол болохыг харсан, 2-р эгнээнд явсан авто машин явж байгаад баруун эргэхгээд дохиогоо өгөөд зогссон, тэр үед миний сууж явсан автомашин урд талын машинаас 30 орчим метрийн зайд байсан, машиныг хэр зэрэг хурдтай явж байсанг мэдэхгүй, гэхдээ ойролцоогоор 70 орчим км/цаг хурдтай явж байсан. Би гомдолтой байна, гэхдээ бусдаас хууль зүйн зөвлөгөө авч байгаад гомдол гаргана. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/,

 

3. Гэрч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21:00 цагийн үед ХУД-ийн Скоч хаус-д ажлын газрын найз нартайгаа суусан, тэнд  хоол идэж, пиво уусан. Тэгээд 01:00 цагийн үед гарсан, пиво уусан байсан тул унаж ирсэн ахынхаа  эзэмшлийн Лексус 470 маркийн авто машиныг бариулахаар дуудлагын жолоочийн С дугаар луу залгасан. Удалгүй  дуудлагын жолооч гээд нэг залуу ирсэн. Манай ажлын дөрвөн хүн суугаад, жолоочоор машин бариулаад, ажлын хүмүүсээ гэр гэрт нь хүргэж өгч байсан, яг осол болох үед Цэнгэлдэх хүрээлэнгийн урд замд 2 дугаар эгнээгээр явж байсан.

Би тухайн үед ард талд нь О-тай юм яриад явж байсан юм. Тэгээд замдаа урагшаа хартал жолооч залуу машин барингаа утсаараа оролдож байсан. Тэр залууд “гар утсаа болиоч” гээд хэлэх гэж байтал нүдний үзүүрт 2 дугаар эгнээнд том машин тормослоод зогсож байгаа харагдсан. Тэгээд жолооч араас нь очоод мөргөчихсөн. Тухайн үед манай машин 1, 2 дугаар эгнээг голлоод явж байсан, жолооч нэгдүгээр эгнээгээр өнгөрөөд гараад явчих боломжтой байсан атал араас нь очоод мөргөсөн. Ослын дараа О 103 дуудаж байсан, удаагүй цагдаа, эмнэлгийн албан хаагч нар ирсэн.

Манай автомашины урд талд зогсож байсан автомашин намайг зам руу харах үед 20-30 метрийн зайд явсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам халтиргаатай байсан, цас ороогүй, замын хажуугийн гэрэл асаалттай байсан. Уг автомашины явах эд анги, тормос зэрэг нь хэвийн ажиллаж байсан, гаднаа  ямар нэг эвдрэл сэвгүй байсан. Жолоочийг хэр зэрэг хурдтай явж байсныг анзаарч хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 85х/,

 

4. Гэрч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би СТ үйлчилгээний газарт ачигчаар 6 жил гаруй ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ачигч машины жолооч М бид хоёр ажилтай байсан. ...Тэгээд бид 2 Энхтайваны гүүрэн доор байх баазад очоод, би ачигч машиныг баазаас унаж гараад, бага Цэнгэлдэхийг цэвэрлэхээр, миний хажууд М суугаад явсан. Би Төв цэнгэлдэхийн урд талд Хурд хорооллын замаар баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр явж байгаад, баруун гар тийш эргэж байрнуудын хогийг ачихаар баруун эргэх дохиогоо өгөөд, араас 1-р эгнээгээр ирж байсан авто машиныг өнгөрөөгөөд баруун эргэх гэж байтал гэнэт тэр автомашин араас мөргөөд түс тас гээд явчихсан.

Тэгээд буугаад иртэл, зогсож байсан манай автомашиныг нилээн түрээд явсан байсан. Мөргөсөн автомашин хар өнгийн жийп байсан. Ар талд жолоочоос гадна 3 хүн байсан байхаа, тэр машины хүмүүс цагдаа дуудсан, удалгүй цагдаа нар ирсэн. Тэр байр руу ордог зам нь нарийхан, мөн зам нь мөстэй, мөн хажуугийн хашааг мөргөх гээд байдаг учраас 2 дугаар эгнээнээс зай авч байгаад эргэхгүй бол болдоггүй юм.

Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам халтиргаатай байсан, цас ороогүй, замын хажуугийн гэрэл асаалттай байсан. Уг автомашины тоормос, явах эд анги, урд гэрэл, зэрэг нь хэвийн ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-77х/,

 

5. Гэрч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би СТ үйлчилгээний газарт 15 жил, жолоочоор 10 жил ажиллаж байна. Би осол гарсан өдрийн өмнөх өдөр нь найз У-гийн байшингийн найранд оролцоод архи уусан. Тэгээд архи гарахгүй байж байтал Д манай гэрт орой ирээд, бид хоёр ажилдаа гарсан. Тэгээд би машинаа барих гэтэл аманд архи амтагдаад, урьд өдрийн архи гараагүй байх гэж бодоод, ачигч Д-оор машинаа гуйж бариулаад явж байсан юм. ...Бид 2 Төв цэнгэлдэхийн урд талд Хурд хорооллын замаар  баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр явж байгаад, баруун гар тийш эргэж байрнуудын хогийг ачихаар, баруун эргэх дохиогоо өгөөд зогсож байхад гэнэт араас хүчтэй мөргөсөн.

Буугаад хартал Лексус 470 маркийн автомашин араас мөргөсөн байсан. Машинд нь 4 хүн байсан, тэр машины хүмүүс цагдаа дуудсан, удаагүй цагдаа нар ирсэн.  

Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам халтиргаатай байсан, цас ороогүй, замын хажугийн гэрэл асаалттай байсан. Уг автомашины явах эд анги, автомашины гэрэл, тоормос зэрэг нь хэвийн ажиллаж байсан, манай машины ар тал нилэнхүйдээ төмөр учраас эвдрэл бага учирсан. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 81х/,

 

6. Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Lexus 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Гэхдээ осол болох үед би унаагүй, манай бага дүү Я-ын нөхөр Ж унаад явж байсан. Түүнд унуулахыг зөвшөөрсөн байсан.

Өөрийн автомашины үнэлгээтэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Ослоос өмнө миний автомашинд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би үнэлгээгээр гарсан хохирлоо төлүүлээд авчихвал гомдолгүй. Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,

 

7. Иргэний нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн төлөөлж, тус компанийн ерөнхий менежер Б.Ц-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Анх Нийслэлийн захирагчийн албаны хог хаягдалын сангаас байхаа яг аль сангаас гэдгийг мартсан байна. Тус сангаас бүх дүүргийн хот тохижилтийн газарт хог ачиж буулгах зориулалтын Mitsubishi fuso маркийн автомашинуудыг хүлээлгэж өгсөн, манай газарт 5 машин өгсөн. Манай байгууллага улсад машины мөнгө гэж жил болгон төлбөр төлдөг, уг машин нь 2008 онд орж ирсэн, манай байгууллагад уг машиныг хариуцуулаад, бид машинуудаар ажиллаа хийж гүйцэтгэдэг тул уг машин манай байгууллагын эзэмшилийн машин юм. Mitsubishi fuso маркийн 72-37 УБЕ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээтэй танилцсан хүсэлт байхгүй. Үнэлгээгээр гарсан хохирлыг  байгууллагын дансанд нөхөн төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60х/,

 

8. Иргэний хариуцагч Т.О-оос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би найз Р-гээс С гэсэн гар утасны дугаарыг худалдаж авсан. Уг дуудлагын жолоочийн үйлчилгээг би хариуцаж явуулж байсан нь үнэн. Би хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлнэ. Миний хэлсэн ярьсан үнэн, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/,

 

9. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1677 тоот дүгнэлтэд:

1. М.О-н биед баруун гарын сарвууны завь хэлбэрийн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн осол болох үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 94х/,

 

10. Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 89 тоот дүгнэлтэд:

“1. Lexus 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүний мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Mitsubishi fuso маркийн 72-37 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх,” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /С ангиллын тээврийн хэрэгслийг С ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон, Н.Д нь С ангиллын үнэмлэхгүй байгаа нь осол хэрэгт нөлөөлөхгүй./

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 116х/,

 

11. Гэрч Ц.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би анх 2016 онд “ГОАСИС” ХХК-ийн үүсгэн байгуулж, компанийн гэрчилгээг авч, дуудлагын жолоочийн чиглэлээр иргэдэд үйлчилж байсан. Үйл ажиллагаагаа явуулж байгаад 2017 оны 05 дугаар сараас ажиллахаа болиод, хөдөө жолоочийн ажилд орсон. Дуудлагын жолоочийн үйлчилгээний ажлыг хийж байх үедээ надтай хамт цэрэгт алба хааж байсан найз О нь хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан юм. 

Тэгээд уг ажлаа болиход найз О-д өөрийн дуудлагын С гэсэн дугаарыг 500.000 төгрөгөнд зарахаар тохиролцсон боловч тэрээр надад мөнгөө өгөөгүй байгаа. “ГОАСИС” ХХК бол миний нэр дээр байдаг компани, одоо тус компани идэвхигүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд сүүлийн 9 сарын хугацаанд “Х” тайлан гаргаж өгөөгүй.

О-д зөвхөн дуудлагын С гэсэн дугаараа өгсөн. Би уг дугаарыг түүнд шилжүүлэхдээ гэрээ байгуулаагүй, аман хэлцэл хийгээд зарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 89х/,

 

12. “МК” ХХК-ийн 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 18/3209 тоот албан бичиг /хэргийн 205х/,

 

13. Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 02/1460 тоот албан бичиг /хэргийн 211х/,

 

14. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 69х, 215х/,

 

15. 0000-0000 мэдээллийн лавлахын 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 75 тоот албан бичиг /хэргийн 217х/,

 

16. Lexus 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 35х/,

 

17. Иргэний хариуцагч Т.О-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 47х/,

 

18. ХЭ ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4098 тоот үнэлгээний тайлан:

“...Lexus 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 21.005.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 3.260.000 төгрөг, нийт тогтоогдсон тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний дүн 24.265.000 төгрөг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-102х/,

 

19. ХЭ ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4295 тоот үнэлгээний тайлан:

“...Mitsubishi fuso маркийн 72-37 УБЕ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 68.000 төгрөгийн, шууд бус зардлын дүн 30.000 төгрөг, нийт тогтоогдсон тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний дүн 98.000 төгрөг” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт /хэргийн 107-108х/,

 

20. Гэрч Ч.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...А бид хоёр үеэлүүд юм. Би О-ыг урьд нь таньдаг байсан юм. Тэгээд түүнийг дуудлагын жолоочийн ажил хийдгийг нь мэдээд 6-н сарын өмнөөс түүнтэй хамт дуудлагын жолоочийн ажил хийж байсан. Тэрээр уг ажлыг хувиараа хийж байсан ба бид нарт жолоочийн хариуцлагын даатгал байхгүй. Осол болохоос 7 хоногийн өмнө О дээр  А-ыг дагуулж очоод ажилд оруулсан. Тэгтэл удаагүй осол болсон. А ах зан төлөвийн хувьд төлөв даруухан, архи дарс хэрэглээд байдаггүй, СХД-н Тахилтад төрсөн ах Сүхбаатарын хашаанд гэрээ бариад амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 88х/

 

21. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч,  яллагдагчаар өгсөн:

“...Би “СД” дуудлагын жолоочийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орсон. Уг дуудлагын жолоочийн газарт надтай нийлээд таван жолооч байдаг бөгөөд эзэн нь Т.О /утас С, С дугаартай/ гэж хүн байдаг.

Тэрээр  С дугаар дээр үйлчлүүлэгч ирвэл бид нарт хэлээд, түүний дагуу үйлчлүүлэгчийн машиныг барьж өгдөг, хот дотор хүргэж өгөхөд 10.000 төгрөг, хотоос гараад явах газраасаа шалтгаалж 15.000 төгрөгөөс дээш байдаг. Нэг дуудлагаас 30 хувийг нь  цалиндаа бодож авдаг. Би ажилд ороод 7 хоног болж байсан.

2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө дуудлагыг 00 цаг 50 минутын үед О-оос хүлээж аваад, Хан-Уул дүүргийн Скот хаусаас Лексус 470 маркийн автомашиныг жолоочоос нь хүлээж аваад, жолооч эрэгтэйг хажуудаа суулгаад, 5 зорчигчийг ард суулгаад Энхтайваны гүүрний баруун талд байх Эрэлийн байранд ард сууж явсан 2 хүнийг буулгаад, тэндээсээ 19-ийн Орчлон хороололд нэг хүнийг буулгаад, тэндээсээ Цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд байх Энканто хороолол руу хүн хүргэж өгөхөөр явсан.

Хан-Уул дүүргийн нутаг Төв цэнгэлдэхийн урд талын замд нэгдүгээр эгнээгээр 70 км/цаг орчим хурдтай явж байтал хоёрдугаар эгнээнд урд талд явсан хогны машин баруун гар тийш дохиогоо өгөөд нэгдүгээр эгнээ рүү шилжих гэхээр нь түүний араар нь тойроод гаръя гэж бодоод хоёрдугаар эгнээ рүү шилжээд ортол тэр автомашин зогсчихсон. Тэгээд тоормосоо гишгэсэн боловч гулгаж очоод араас нь мөргөсөн.

Ард сууж явсан 2 хүний нэгнийх нь гар хугарсан байсан. Тэгээд ослын дараа Лексус маркийн автомашиныг эзэмшиж явсан Ж нь 102-луу залгаж ослын талаар мэдэгдээд, удалгүй цагдаа нар ирсэн. Манай бусад 4 жолооч хариуцлагын даатгалтай байсан. Би хариуцлагын даатгал хийлгээгүй байсан юм. Миний унаж явсан автомашины тоормос, явах эд анги, урд гэрэл зэрэг нь хэвийн ажиллаж байсан.

...Би зүйл ангийг уншиж танилцлаа ойлгосон, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, зам тээврийн осолд буруутай гэдгээ ойлгож байгаа. ... Би өөрийн буруугаа мэдэж байгаа боловч хохирол төлөх мөнгө байхгүй байгаад байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 75х, 126х/ болон хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 128х/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 130х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх  тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн  баримтууд гэж шүүх үнэлж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул Прокороос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Т.А-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

 Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс зам тээврийн осол хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хохирол, төлбөртэй холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 16.10 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах” журмыг зөрчөөгүй байгааг тэмдэглэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурын харвааны урд замд Ц.Б-ын Тоёота Лексус 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэх байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг /хэргийн 116х/ зөрчсөний улмаас Н.Д-ын жолоодож явсан СТ ХХК-ийн эзэмшлийн Мицубиши фусо маркийн 72-37 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас Тоёота Лексус 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаарын автомашинд зорчин явсан иргэн М.О-ын биед “...баруун гарын сарвууны завь хэлбэрийн ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр гэмтэл /хэргийн 94х/, иргэн Ц.Б-ын эзэмшлийн Тоёота Лексус 470 маркийн 67-55 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 21.005.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 3.260.000 төгрөг, нийт 24.265.000 төгрөгийн хохирол /хэргийн 99-102х/, СТ үйлчилгээний компанийн Mitsubishi fuso маркийн 72-37 УБЕ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 68.000 төгрөгийн, шууд бус зардлын дүн 30.000 төгрөг, нийт 98.000 төгрөгийн /хэргийн 107-108х/ эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурын харвааны талбайн урд замд Lexus 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа  “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүний мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 заалтыг зөрчсөнөөс урдаа явсан “СТ” ХХК-ийн эзэмшлийн Мицубиши фусо маркийн 72-37 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар хохирогч М.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хэргийн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.  

 

Тээврийн прокуророос шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.А-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 128х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болох юм. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол /хүндэвтэр гэмтэл/ учирсан хохирогч М.О нь Люксмед эмнэлэгт оношилгоо, MRI шинжилгээ хийлгэсэн зардлын 100.000 төгрөг, 225.000 төгрөгийн төлбөр төлсөн, мөн С эмнэлгийн шинжилгээ оношилгооны төлбөрт 208.700 төгрөг төлсөн баримтыг тус тус /хэргийн 43х, 184-187х, 187х/ хэрэгт гаргаж өгснөөс хэргийн 184-187 дугаар талд авагдсан С эмнэлэгийн баримтууд нь зам тээврийн осол хэрэг гарахаас өмнөх үеийн буюу 2017 оны 12 сарын 15-ны өдрийн баримтууд байх тул тухайн хэргийн хохирлын баримтад тооцогдохгүй юм.

 

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.О нь “... шүүгдэгч Б.А-аар өөрт учирсан хохирлыг барагдуулсан” үндэслэлээр гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ тус шүүхэд 2018 оны 08 сарын 06-ны өдөр бичгээр гаргасан байна.

 

Иймд хэргийн хохирогч М.О-ын баримтаар нотлогдсон хохирлын 325.000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан гэж үзнэ.

 

Иргэний нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн Мицубиши фусо маркийн 72-37 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нийт 98.000 төгрөгийг нөхөн төлснийг тодорхойлсон тус компанийн 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 76 дугаартай албан бичиг, орлогын ордер баримт хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ээс: “...шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй.” хэмээн мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ баримттай тул шүүгдэгч Б.А-ын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон гаргуулах баримт бүхий төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч Ц.Б-оос гаргасан 24.265.000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:  

 

Шүүгдэгч Б.А нь зам тээврийн осол гаргах үедээ дуудлагын жолоочийн үүрэг гүйцэтгэн явсан ба түүний жолоодон явсан Lexus-470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашин нь иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын эзэмшилд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа баримтаар тогтоогдсон ба тэрээр тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн хувиар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, уг эрхийнхээ дагуу хүргэн дүү гэх Л.Ж-т автомашиныг тодорхой хугацаанд ашиглахыг зөвшөөрсөн, Л.Ж-ын ашиглалтын улмаас иргэний нэхэмжлэгчийн Lexus-470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй байна.

Түүнчлэн тухайн хэрэг гарах үед автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглаж байсан Л.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрөө автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөл байдалд дуудлагын жолоочийн үйлчилгээний захиалгын С дугаарын утсаар холбогдож, дуудлагын жолоочийн үйлчилгээ хүссэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Ингэснээр дуудлагын жолоочийн үйлчилгээ хүссэн Л.Ж, дуудлага хүлээн авсан 00000000 дугаарын утасны эзэмшигч Т.О нарын хооронд тээврийн хэрэгслийг тогтоосон газарт, зорчигчийн хамт хүргэж өгөх, тохирсон хөлсийг авах тохиролцоо бүхий Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, даалгавар гүйцэтгэгчийн хийж байгаа тухайн үйлдэл зайлшгүй хариу төлбөрийн шинжтэй бол талууд хөлсийг харилцан тохирно, мөн хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан.   

 

Тухайн нөхцөлд 00000000 дугаарын утсаар дуудлагын жолоочийн үйлчилгээний захиалгыг хүлээн авсан даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг биечлэн гүйцэтгээгүй, өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр орлон гүйцэтгэгч /шүүгдэгч/-г томилж ажиллуулан дуудлагын жолоочийн үйлчилгээг үзүүлснээр, даалгаврыг орлон гүйцэтгэгч буюу дуудлагаар ажилласан жолооч Б.А нь зөрчил гаргаж, хохирол учруулан Лексус 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, зорчигчийн хамт тогтоосон газарт эрсдэлгүй хүргэж өгөх үүрэг даалгавар нь зохих ёсоор биелэгдээгүй үр дагавар үүссэн болох нь тогтоогдсон байна. 

 

Даалгавар гүйцэтгэгч шаардлага хангахгүй этгээдийг орлон гүйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгаврыг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй ....бол орлон гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн үр дагаврыг даалгавар гүйцэтгэгч хариуцахаар Иргэний хуулийн 404 дүгээр зүйлийн 404.3 дэх хэсэгт заасан тул иргэний нэхэмжлэгчийн Lexus-470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 24.265.000 төгрөгийг 00000000 дугаартай утсаар захиалга авч, дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий иргэний нэхэмжлэгч Т.О-оор нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Дээрх үндэслэлээр иргэний хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, мөн зүйлийн 499.4. “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын автомашинд учирсан хохирлыг Л.Ж хариуцах ёстой” хэмээн мэтгэлцэж,  иргэний нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас татгалзаж буйг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Иргэний хариуцагч Т.О нь шаардлагатай гэж үзвэл гэм буруутай этгээд Б.А-аас өөрт учирсан хохирлыг жич нэхэмжлэл гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршгийг нөхөн төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримтаар нэхэмжилсэн хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт хураагдаж ирсэн Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000 дугаартай үнэмлэх баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг мөн хохирогч М.О, иргэний нэхэмжлэгч “СТ” ХХК нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэг, 404 дүгээр зүйлийн 404.1, 404.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Т.О-оос хохиролд 24.265.000 /хорин дөрвөн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.  

 

5.  Энэ хэргийн улмаас Б.А нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.О, иргэний нэхэмжлэгч “СТ” ХХК нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.А-т буцаан олгохыг шүүгчийн туслах Л.Содномдоржид даалгасугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД