| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2503 00101 0265 |
| Дугаар | 2025/ДШМ/1344 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1344
2025 11 28 2025/ДШМ/1344
Б.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогч Х.Н-, түүний өмгөөлөгч Б.Баттөр,
иргэний нэхэмжлэгч Д.О-,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1905 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-ад холбогдох 2503 00101 0265 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овгийн Б-гийн Г-, ............., /РД:....../,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 489 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 47 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СУИС-ын зүүн талын замд Тоёота приус загварын 91-75УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.8-т заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Mercedes benz E-200 загварын 21-24УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 18 настай, эрэгтэй Х.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Geely Coolray 04-77УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 20 настай, эрэгтэй Ц.Хишигдаваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцох хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-аас 19.826.040 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-од, 2.895.850 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.О-, Ц.Хишигдаваа нарт, 344.062 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Х.Н- нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.8, 12.3-т тус тус заасан заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэжээ.
Гэвч энэ дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй буюу эсрэгээр нотлогддог. Тухайлбал, хохирогч Х.Н- 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр анх мэдүүлэхдээ “СУИС-ын зүүн талын эсрэг урсгалтай 4 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зөрчих хэсгийн 2 дугаар эгнээгээр зорчиж яваад урд талд гэрлэн дохиотой уулзвар ойртож ирчихсэн ногоон гэрэл нь солигдоход 3-4 орчим секунд үлдсэн байхад миний урд явж байсан Тоёота приус загварын машин гэрлэн дохионы төгсгөлд буцаж эргэх үйлдэл хийсэн” гэж мэдүүлдэг бол Б.Г- анх удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “СУИС-ын зүүн урд талын уулзварын урд талын эсрэг урсгалтай 4 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс уулзвараар ногоон гэрэл унтрахад 6 секунд үлдсэн байхад нь уулзвар нэвтрээд 30 км цагийн хурдтайгаар явж байтал өөдөөс ирж явсан хар өнгийн Тоёота приус загварын машин буцаж эргэх үйлдэл хийсэн, би тулаад ирсэн болохоор тоормосоо гишгэж, тэр машины ард талаар нь тойрч гарах гээд эсрэг урсгал руу ороод тухайн эсрэг урсгалаас ирж явсан 2 тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд зогссон ...” хэмээн мэдүүлсэн байдаг.
Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Г- 30 км/цагийн хурдтай уулзвар нэвтрээд 3 секунд өнгөрч байхад эсрэг урсгалаас хар өнгийн Приус загварын машины уулзвар луу орчихвол эргэж амжихгүй тул явган хүний гарцан дээр огцом буцаж эргэх үйлдэл хийсэн болох нь тодорхой байгаа юм. Ийм байдалд шүүгдэгч нь ухамсартай сонголт хийхээс илүүтэй ухвар мөчид инстиктэд /зөн/ суурилсан рефлекс бүхий хариу үйлдлээрээ тулгарсан саадыг мөргөхөөс зайлсхийж, тоормосоо гишгээд зүүн гар тийш жолооны хүрдээ дарсан байдаг. Шүүгдэгчийн хувьд “............” ХХК-д жолоочоор олон жил ажилласан туршлагатай жолооч бөгөөд “Хангай хотхон”-д амьдардаг тул осол болсон замаар өдөр болгон зорчдог юм. Энэ замын гарц бүхий хэсгийн баруун талд нь явган зорчигчид метромолл дэлгүүрийн шат бүхий хэсгийн маш багахан зайд гэрлэн дохио хүлээж олноор зогсдог юм.
Гэтэл хөдөлгөөнд аюул, осол бүхий нөхцөлийг өөрийн зүй бус үйлдлээрээ бий болгосон этгээд нь хар өнгийн Приус загварын автомашины жолооч болохыг ослын холбогдогчид болох шүүгдэгч Б.Г-, хохирогч Х.Н- нар ацаг, шүдний зөрүүгүй цаг хугацааны хувьд уялдаатайгаар мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг аюул, осолтой нөхцөл байдлыг бүрдүүлсэн хэмээн илэрхий хэрэгт цугларсан нотлох баримтад харш дүгнэлт хийсэн.
Мөн шүүгдэгч Б.Г- нь уулзвар нэвтэрсэн эгнээгээ өөрийн ухамсарт сонголтоор өөрчилсөн үйлдэл хийгээгүй байхад уулзвар нэвтэрсэн эгнээгээ үргэлжлүүлэн баримтлах заалтыг зөрчсөн хэмээн дүгнэснээс гадна “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учрах шалтгаан болсон гэж байж боломгүй дүгнэлт хийсэн. Уулзвар нэвтрээд 3 секунд болоход хар өнгийн Приус загварын автомашин дүрэм зөрчиж, огцом эргэснээр “хөдөлгөөн аюул саад тулгарсан” буюу энэ үеэс эхлэн ийм аюул саад тулгарахыг мэдэх боломжтой байна. Дүрэмд зааснаар ийнхүү мэдсэнээс хойш тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоохыг үүрэг болгожээ. Тэгвэл урд тулж эргэсэн машинтай уулзвар нэвтрээд 3 секунд болсон машин гэрэл унтрахаас өмнөх 2 орчим секундийн хугацаанд амжиж зогсох үүрэг шүүгдэгч Б.Г-ад дээрх дүрмийн дагуу зүй ёсоор үүссэн гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Учир нь, энэ нь ийм богино зайд энэ хугацаанд автомашин осол гаргахгүй зогсох бодит боломж байхгүй. Иймээс осол гаргахаас зайлсхийх үйлдлийг ухвар мөчид рефлексээрээ хийсэн тул түүний энэ үйлдэл гэм буруугүй юм.
Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй болох нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “... ослын газрын зам орчны байдал нь ... шулуун тэгш хуурай ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд тухайн зам халтиргаагүй, мөн гэрэл зургийн үзүүлэлтэд тоормосны мөр байхгүй, шинжээчийн дүгнэлтээр тоормос хэвийн ажиллаж байсан нь тогтоогдож байх тул тоормослоод зогсохгүй халтирсан гэх нөхцөл үгүйсгэгдэж байна.” гэж дүгнэжээ.
Гэтэл хэргийн 6 дахь талд осол гарсан замын байдлын тодорхойлолтод халтиргаатай гэж зурсан байна. Мөн хэргийн 9, 10 дахь талд авагдсан “осол гарсан нөхцөл байдал”-ыг харуулсан зурагт замын цас, мөс хайлж, нойтон халтиргаатай хэсэг нь хуурай хэсгээс илэрхий ялгарч харагдаж байхад эдгээр баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
Мөн шүүгдэгчийн унаж явсан автомашины тоормосны систем хэвийн ажиллагаатай байсан бөгөөд саадыг рефлексээрээ тойрохын тулд зүүн дарж тоормослоод хар Приус загварын машины араас биш эсрэг урсгалын халтиргаатай хэсэгт гулгаж мөргөсөн бөгөөд цаг хугацааны хувьд асар богино энэ хэмжээст 30 км цагийн хурдтай орсон машинд тоормослоод мөргөхгүй зогсох орон зай байгаагүй талаар тайлбарласаар байхад хэргийн бодит байдлаас зөрүүтэй өөр үйл баримтын талаар дүгнэсэн.
Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан болох нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... харин хар өнгийн Приус загварын автомашины зүүн гар тийшээ огцом бүтэн эргэх үйлдэл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэх боломжтой болохоос гэмт хэргийн шалтгаан холбоотой гэж үзэх үндэслэлгүй” гэж бичжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна” гэж заасан. Уг осол болох шалтгааныг хар өнгийн Приус загварын автомашин өөрийн хууль бус үйлдлээр нөхцөлдүүлж, нөлөөлсөн болохыг анхан шатны шүүх дээрх байдлаар хүлээн зөвшөөрч, дүгнэсэн атлаа хохирол хор уршгийг бүхэлд нь шүүгдэгч Б.Г-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь анхан шатны шүүх өөрийн гаргасан шийдвэр бүхий дүгнэлтийн хууль зүйн үр дагаврыг бүрэн, дүүрэн харгалзан үзэлгүй онц ач холбогдолтой нөхцөл байдлыг огоорсон буюу хар өнгийн Приус загварын автомашины жолоочийг уг хэрэгт зайлшгүй оролцуулах шаардлагатай болохыг анхаарч үзээгүйг тодорхой харуулж буй юм.
2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь:
Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ХШТ/12 дугаартай тогтоолд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас биш, зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн дүнд бий болсон байх учиртай.” Мөн тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 268 дугаартай тогтоолд “Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ” хэмээн шалтгаант холбооны онолыг нэг мөр тайлбарласан.
Дээрх тайлбарын дагуу 2 жолоочийн үргэлжилсэн үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан байхад сүүлийн жолоочийн үйлдлийг тасалж, үр дагавраар нь яллахаар шүүхэд шилжүүлснийг буруутгаж, буцаан, эцэст нь 2 дахь жолоочийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх нөхцөл байдалтай шүүгдэгч Б.Г-ын холбогдсон хэрэг нь үйл баримтын хувьд төстэй төдийгүй хар өнгийн Приус загварын автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.13-ын “а” заалтад заасан “явган хүний гарц дээр” буцаж эргэхийг хориглосон зохицуулалт болон тус дүрмийн 15.4-т “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх дүрмийг ноцтойгоор зөрчсөнөөс уг осол болсон.
Гэтэл анхан шатны шүүхээс “Хар өнгийн Приус загварын автомашин зүүн гар тийшээ огцом бүтэн эргэх үйлдэл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэх боломжтой болохоос гэмт хэргийн шалтгаан холбоотой гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дээрх шалтгаант холбооны онолыг тайлбарласан дээд шүүхийн тайлбараас зөрүүтэйгээр тайлбарлаж бичсэн.
Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болох нь:
Мөн тогтоолын тайлбарт: “... шүүгдэгчийн хувьд осол аваар гаргахгүй байж чадна гэж буруу тооцож, осол аваар гаргаж бусдад хохирол хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийн субъектив шинж хангагдсан” гэж дүгнэсэн. Энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “хөнгөмсгөөр найдах” төрөл юм.
Гэвч бодит байдал шүүгдэгч Б.Г- 30 км/цагийн хурдтай уулзвар нэвтрээд 3 секунд өнгөрч байхад эсрэг урсгалаас хар өнгийн Приус загварын автомашин явган хүний гарцан дээр огцом буцаж эргэх үйлдэл хийснээс шүүгдэгчид нөхцөл байдлыг буруугаар төсөөлөх буюу ухамсартайгаар сонголт хийх бодит боломж орон зай болоод цаг хугацааны хувьд байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно.
Иймээс анхан шатны шүүхээс бодит нөхцөл байдалд тохирохгүй буюу үйл баримт нь хуулиар заасан болгоомжгүй гэм буруугийн хэлбэрийн бүрэлдэхүүнийг хангахгүй байхад илэрхий алдаатай субсумци хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-ад холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгчтэйгөө санал байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд дээрх нөхцөл байдлыг маш тодорхой зохицуулж өгсөн. Гэрлэн дохио дээр нэг машин буцаж эргэсэнтэй холбоотой, эсрэг урсгалд орж 2 машин мөргөж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал яригдаад байна. Хэрэгт цугласан баримтаас шүүгдэгч хурдаа тохируулж яваагүй нь тогтоогддог. Хурдыг тохируулж явсан бол эхний машиныг тулж мөргөөд, зогсож болно. Гэтэл эсрэг урсгал руу ороод, эхний машиныг мөргөөд, 2 дахь машиныг очиж мөргөөд манай үйлчлүүлэгчид хүндэвтэр гэмтэл учруулсан. Шүүгдэгчийн хувьд бага зэрэг хүлээцтэй, ухамсартай хандсан бол осол гарахгүй байх боломжтой байсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд хуучин Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл ангиар ял шийтгүүлж байсан юм билээ. Үүнээс ямар хүн бэ гэдэг нь харагдаад байгаа юм. Иймд гэм буруугийн хувьд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлын хувьд тээврийн хэрэгсэлд учирсан 19.826.040 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Сэтгэц учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Сэтгэцэд учирсан хохирлыг хамт шийдэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор гэмтлийн зэрэгтэй нь, тодорхой аргачлалыг нь тогтоогоод шүүхүүдэд хүргүүлсэн байсан. Тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Үүнийг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хохирол байж болно гэх аргачлалыг зааж өгсөн. Хамгийн багаар буюу 13-аар бодоход 8.580.000 төгрөг, хамгийн ихээр бодоход 5.175.400 төгрөг болж байгаа. Үүнийг дундажлаад үзэхээр 11.876.700 төгрөг болж байгаа. Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан тул дундажлаад 11.876.700 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Иймд дээрх мөнгийг нэмж гаргуулж өгнө үү. Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч орон зай, цаг хугацааны хувьд самбаачлах боломжгүй байсан, сонголт хийх боломжгүй байсан гэж яриад байна. Сонголт хийх бүрэн боломж байсан.” гэв.
Хохирогч Х.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүгдэгчийг их хурдтай явж байсан гэж бодоод байгаа. Бенз машины ослын дэрийг задартал мөргөсөн байдаг. Уулзвар, гарц дээр хурдаа хасах ёстой. Иймд хурд хэтрүүлснээс болж эсрэг урсгалд орсон гэж бодож байна.” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд аюул саад тулгарахыг мэдсэн үед зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүй. Нөгөөтэйгүүр өөрийн эгнээнээс явах чигийн дагуу хөдөлгөөний үргэлжлэлийг заасан тэмдэглэлийг дагаагүй, эсрэг урсгал руу орж, 2 тээврийн хэрэгслийг мөргөж бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Осол гарах үед урд болон хажууд яваа тээврийн хэрэгслийг зогсоход шүргэхгүй байх хэмжээний зайг жолооч барьж явах ёстой. Мөн хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд аюул, осол үүсгэхгүй нөхцөлийг бүгдийг хангасны үндсэн дээр чиглэлээ өөрчлөх зэрэг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтууд байгаа. Эдгээр тодорхой заалтуудыг зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж байгаа. Тухайн үед хар приус автомашин байсан гэж тухайн этгээдүүд болон яллагдагчийн хувьд хэлдэг боловч тухайн нөхцөл байдал, хэргийн газрын хяналтын камер, бичлэг байхгүй. Приус маркийн жолоочтой шүүгдэгч очиж уулзсан гэдэг боловч улсын номер дугаарыг хараагүй нөхцөл байдал байдаг. Тээврийн прокурорын газрын ерөнхий прокуророос өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад, гомдлыг хүлээж авсан нэг зүйл нь тухайн приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэн болохыг олж тогтоох ажиллагааг хийх шаардлагатай гэсэн тул нэмэлт ажиллагаа хийхэд камерын бичлэг байхгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн жолоочийн үйлдлийг тээврийн цагдаагийн албанаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж зөрчлөөр нь арга хэмжээ авах үндэслэл байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд, тухайн яллах дүгнэлтийг үйлдэх үед шинжээчийн дүгнэлт гаргахгүй, батлагдсан аргачлалаар шийдвэрлэдэг байсан. Анхан шатны шүүхээр хэлэлцэх үед шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Үүнд бусдын эрх ашиг хөндөгдөөгүй нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Б.Г-ыг “2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 47 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СУИС-ын зүүн талын замд Тоёота приус загварын 91-75УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.8-т заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Mercedes benz E-200 загварын .....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 18 настай, эрэгтэй Х.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Geely Coolray .....УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 20 настай, эрэгтэй Ц.Хишигдаваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, аливаа хэрэгт нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Өөрөөр хэлбэл, Б.Г-ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтуудад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч, шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр “хар өнгийн приус” загварын тээврийн хэрэгсэл буцаж эргэснээс болоод тухайн үйл явдал болсон талаар мэдүүлсэн байдаг боловч анхны ослын актыг тогтоохдоо Б.Г-ын жолоодож явсан “Тоёота приус” загварын .....УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу шууд орсон мэтээр “а” цэгийг тодорхойлсон байдаг ба тус “а” цэгийг тэмдэглэснээс шалтгаалаад мөрдөгчийн магадлагаанд буцаж эргэсэн “хар өнгийн приус” загварын тээврийн хэрэгслийн талаар огт дурдаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”-ээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заасан.
Шүүхээс дээр дурдсан зөрчлийг арилгахдаа “хар өнгийн приус” загварын тээврийн хэрэгслийг заавал олж тогтоогоод энэ хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэсэн агуулгаар бус зохих шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, хэрэг гарсан нөхцөл байдал буюу зам тээврийн осолд “хар өнгийн приус” загварын тээврийн хэрэгсэл нөлөөлсөн эсэхийг шалгаж, буцаж эргэсэн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.
Мөн түүнчлэн хохирогч болон шүүгдэгч нар аль аль нь автомашины хурдны талаар тодорхой мэдүүлснийг анхаарвал зохино.
Дээр дурдсан асуудлыг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1905 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ