| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 192/2025/12134/И |
| Дугаар | 192/ШШ2026/02478 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/02478
2026 03 05 192/ШШ2026/02478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ............... даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, ............. тоот хаягт байрлах, “..............” ХЗХ /РД:........../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Алтай хаус ........... тоот хаягт оршин суух, Боржигон овогт ............. /РД:.............../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 47,825,828.72 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, өмгөөлөгч ....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, ....., гэрч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай .............. ХЗХ нь 2024 оны 6 сарын 29-ний өдөр хоршооны гишүүн зээлдэгч ..............т 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож ............... дугаартай зээлийн гэрээг байгуулсан.
Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлж хариуцагчид 30,000,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр гэрээ байгуулсан өдрөө бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 сарын 29-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь эргэн төлөлт хийгээгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд тус гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 1,050,000 төгрөг ба зээлийн хугацаа хэтрэлтийг 2025 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 469 хоногоор тооцон үндсэн зээлийн хүү 16,190,136.98 төгрөг, үүн дээр нэмэгдүүлсэн хүү 1,635,691.74 төгрөг, нийт 47,825,828.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг байсан бөгөөд ковид цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орж, улмаар санхүүгийн хүндрэлтэй цаг үеийг өнгөрөөсөн. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болох ............... 2021-2024 оны хооронд бизнесийн үйл ажиллагаандаа зориулан хэд хэдэн удаа мөнгө зээлсэн. Уг зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан.
Гэтэл ............ нь хариуцагчийн нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, бодит байдалд нийцээгүй худал мэдээллийг фейсбүүк орчинд нийтэлсэн байсан. Уг худал мэдээллийг устгахыг шаардахад .............. нь уг худал мэдээллийг устгахыг нөхцөл болгон 2024 оны 6 сарын 29-ний өдөр өөрийн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх хүсэлтийг гараар бичлүүлж, мөн өдөр............. дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж, зурахгүй бол фейсбүүкт дахин нийтэлнэ гэж сүрдүүлсэн. Энэхүү нөхцөл байдал нь миний эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагаанд халтай байсан, мөн дээрх нөхцөл байдлаас үүдэж бодит хохирол үүссэн тул түүний тулгасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч, улмаар тус хоршоонд элсэх хүсэлтийг бичиж, гэрээнд гарын үсэг зурсан.
Миний хувьд урьд нь зөвхөн ................ гэх иргэнтэй зээлийн харилцаатай байсан бөгөөд зөвхөн нэг дансаар буюу түүний хамаарал бүхий этгээд .......... дансаар гүйлгээ хийж харилцдаг байсан. Гэтэл 2024 оны 6 сарын 29-ний өдөр ........... нь .............. хадгаламж зээлийн хоршооноос анх удаа гэрээ байгуул хэмээн хэлж гэрээг байгуулуулсан ба тус хоршооны данснаас 6 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлэн авсан. Иймээс тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Тодруулбал, тухайн хэлцлээр бодит үр дагаварт хүргэх зорилгогүй, зөвхөн хэлцэл байгуулсан мэт гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн болон сэтгэл зүйн тулган шаардлагад орсны улмаас зөвшөөрч зээлийн гэрээтэй танилцуулах ч боломж гаргалгүйгээр гарын үсэг зуруулсан.
Нэхэмжлэгч талаас шилжүүлсэн гэх 30,000,000 төгрөгийг Т............ нь өөрийн хамаарал бүхий этгээд болох тус хоршооны гишүүн ........ гэх хүний данс руу шилжүүл гэж хэлсний дагуу би тус мөнгийг нэг удаагийн гүйлгээгээр ........ данс руу шилжүүлсэн. Үүнээс үзэхэд хариуцагч нь нэг ч төгрөгийг өөртөө аваагүй ба нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршоотой ямар ч мөнгө зээлсэн харилцаа үүсээгүй. ............. нь хүчээр хоршоонд элсүүлж, хоршооноос зээл авсан мэтээр дүр эсгэж зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн мэтээр баримт үйлдсэн гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж маргажээ.
3. Нотлох баримтын тухайд:
3.1.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,
-2024.06.29-ний өдрийн............... дугаартай Зээлийн гэрээ,
-2024.06.29-ний өдрийн хүсэлт,
-..... банкны .................. дугаартай дансны хуулга,
-Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,
-Санхүүгийн зохицуулах хорооны 2019.02.25-ны өдрийн............. дугаартай албан бичиг /хх43/
-.............. ХЗХ-ны нийт гишүүдийн хурлын тогтоол /хх44/
3.2.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Үүнд:
-Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,
-.............. ХЗХ-ны гишүүдийн мэдээлэл,
-Мөнгөн тооцооллын хүснэгт,
-Хариуцагчийн Хаан банкны дансны хуулга,
4. Шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрч .................. асуусан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч “..............” ХЗХ нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,825,828.72 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 сарын 29-ний өдөр дууссан боловч хариуцагч нь эргэн төлөлтөө хийхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх 469 хоногийн зээлийн хүү 16,190,136.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,635,691.74 төгрөг байгааг хариуцагчаас гаргуулна” гэж тодорхойлжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...........нь миний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, бодит байдалд нийцээгүй худал мэдээллийг фейсбүүк орчинд нийтэлсэн байсан. Уг худал мэдээллийг устгахыг шаардахад ............ нь уг худал мэдээллийг устгах урьдач нөхцөл болгон 2024 оны 6 сарын 29-ний өдөр өөрийн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх хүсэлтийг гараар бичлүүлж, мөн өдөр ................... дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж, зурахгүй бол фейсбүүкт дахин нийтэлнэ гэж сүрдүүлсэн учир гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч талаас шилжүүлсэн гэх 30,000,000 төгрөгийг ............ нь өөрийн хамаарал бүхий этгээд болох тус хоршооны гишүүн ............ гэх хүний данс руу шилжүүл гэж хэлсний дагуу би тус мөнгийг нэг удаагийн гүйлгээгээр .......... данс руу шилжүүлсэн. Зээлээс нэг ч төгрөгийг өөртөө аваагүй ба нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршоотой ямар ч мөнгө зээлсэн харилцаа үүсээгүй учир уг мөнгийг төлөх үүрэггүй...” гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хариуцагч нь 2024 оны 6 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршоонд гишүүнчлэлээр элсэх хүсэлтийг гаргаж, улмаар зохигчид 2024 оны 6 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “..............” ХЗХ нь 30,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч .............. нь заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 5-8-р тал/
4. Талуудын хэн аль нь дээрх зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч “..............” ХЗХ нь хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй. Зээлийн төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан Хас банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 9-р тал/
5. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “..............” ХЗХ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “...Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхэлнэ...” гэж заасантай нийцжээ./хэргийн 3, 10-р тал/
6. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “...Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно...” гэж заасан бөгөөд зээлдэгч .............. нь 2024 оны 6 сарын 29-ний өдөр “..............” ХЗХ-ны гишүүнээр элсэх хүсэлт гаргасныг хүлээн авч түүнд зээл олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна. /хэргийн 8-р тал/
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “...Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ...” гэж тус тус зааснаар талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Хариуцагчийн зүгээс тухайн зээлийн гэрээг байгуулах хүсэл сонирхол байгаагүй, тухайн хэлцлээр бодит үр дагаварт хүргэх зорилгогүй, зөвхөн хэлцэл байгуулсан мэт гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 6 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, талууд дээрх хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
8. Нэхэмжлэгч “..............” ХЗХ нь зээлийн гэрээнд заасны дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч .............. нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 сарын 29-ний өдөр дуусах байсан боловч хариуцагч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг зохих хүүгийн хамт төлөөгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, гэрээний үүргээ зөрчжээ.
Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт “...Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй...” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.
9. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний дагуу шилжиж орж ирсэн 30,000,000 төгрөгийг ......... шаардлагын дагуу хамаарал бүхий этгээд болох нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршооны гишүүн ............... данс руу бүгдийг нь шилжүүлсэн, өөртөө нэг ч төгрөг авч хэрэглээгүй гэж тайлбарладаг боловч хэргийн 51-р талд авагдсан хариуцагч ..............ийн Хаан банкны дансны хуулгаар 2024 оны 6 сарын 29-ний өдрийн 19:35 цагт “ганзориг машины төлбөр” гэх утгатайгаар 30,000,000 төгрөгийг, тус өдрийн 19:38 цагт “ганзориг машин” гэх утгатайгаар 24,000,000 төгрөгийг ......... .........банкны............ тоот данс руу шилжүүлсэн гэх үйл баримтаас үзэхэд зээлийн төлбөрийг хариуцагч бусдын шаардлагын дагуу өөр этгээдэд шилжүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Мөн хариуцагчийн тайлбарлаж буй дээрх нөхцөл байдал нь гэрч ........ “..........нь надаас хэд, хэдэн удаа машин авч байсан, сүүлд авсан бенз машины төлбөрийг төлөхгүй удаж байгаад 2024 оны 6 сарын 29-ний өдөр мөнгийг нь шилжүүлсэн...” гэх тайлбараар давхар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн “...зээлийн төлбөрийг авсан ч бусдын албан шаардлагаар .......... руу шилжүүлсэн, тийм учраас төлөхгүй...” гэх тайлбар үндэслэлгүй.
10. Талууд зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтаараа гэрээний хугацааг 1 сар гэж тохиролцсон байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ...” гэж заасны дагуу үндсэн зээлийн хүүд 1 сарын хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 2024 оны 7 сарын 29-ний өдөр дууссан гэж тодорхойлон, 2025 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 469 хоногийн зээлийн хүүг 16,190,136.98 төгрөг гэж шаардсан нь үндэслэлгүй байх бөгөөд талуудын тохиролцсон хугацааны 1 сарын үндсэн зээлийн хүү нь 3,5 хувь буюу 1,050,000 төгрөг байгааг нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт шаардах эрхтэй байжээ.
Иймд хариуцагч ..............оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,050,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,635,691.74 төгрөг, нийт 32,685,691.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............. ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 15,140,136.98 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 321,378.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ..............оос зээлийн гэрээний үүрэгт 32,685,691.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............. ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 15,140,136.98 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 321,378.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ..............