| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2434000010109 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
2025 3 27 2025/ДШМ/23
Б.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор О.Алтансүх,
Хохирогч С.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Э.Намжилсүрэн, Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Лийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хохирогч С.Ганцэцэгийн өмгөөлөгч Э.Намжилсүрэн, Х.Эрдэнэтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Л-д холбогдох эрүүгийн 2434000010109 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.Л, .........оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өнгөт металл хайгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар:...............
2. Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...............хотоос ........... явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам “Буугаад мордьё” зоогийн газрын урд талд .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Ө-ийн жолоодож явсан “Хонда пит” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, зорчигч С.Г эрүүл мэндэд хүнд хохирол, П.У , Б.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Б.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Лийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн 2434000010109 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Лоос 50,068,400 төгрөгийг гаргуулан хохирогч С.Г-т, 8,646,500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Ө-д тус тус олгож, хохирогч С.Г нь эрүүл мэндийн болон энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Лоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Б.Лийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуупийн 1.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг тaл бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн үүргээ тус тус биелүүлж чадаагүй.
1.Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам "Буугаад мордоё'' зоогийн газрын урд талд Т.Приус-41 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасныг зөрчсний улмаас Б.Өлзийдүүрэнгийн жолоодож явсан "Хондо пит" маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч С.Г-ийн эрүүл мэндэд хүнд, П.У, Б.З-т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлагдсан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна...” гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хүний амь нас хохирсон хохирол хор уршиг учруулсан болох нь нотлогдохгүй байвал....” гэж заасны дагуу дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тухайн зам тээврийн осол болоход замын гадаргуу мөстсөн зэргээс аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй цэвэрлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зам засвар, арчлалт компани, замын тэмдэг, тэмдэглэл байсан эсэх, зам засварын ажил үйлчилгээ явагдаж байсан эсэх талаар дүгнэлтэд огт тусгаж өгсөнгүй. Дархан -Улаанбаатар чиглэлийн зам засварын үйл ажиллагаа тухайн үед бүрэн гүйцэт дуусаагүй байсан болно.
2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүүгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №09 дугаар прокурорын тогтоолын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгүүлэхээр "........." НҮТББ-ын 3 шинжээчийг томилж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №24/31 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулахдаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглээгүй байна.
Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн найруулагдсан бөгөөд хуулийн 8.2.2-т, энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч", мөн зүйлийн 8.2.4 дэх хэсэгт заасан " мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээд "-ийг ойлгохоор хуульчлагдсан байхад шинжээч Б.Галсанжамц нь тусгай мэдлэггүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Төв аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндорж нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хзргийн газрын үзлэгийг хийхдээ хөдлөнгийн гэрчээр О.Бямбацогт гэгчийг оролцуулж үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хоёроос дээшгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна....” гэж заасныг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох ёсгүй байхад шүүх бичгийн нотлох баримтаар тооцсон байна.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөргөлтийн А цэгийг хэрхэн тогтоосон талаар ямар ч баримт байхгүй, зөвхөн хоёр жолоочоор А цэг рүү заалгаж авсан фото зурагт мөргөлдсөн гэх ул мөр харагдахгүй байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... " гэж заасан. Тэгтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтад "............" НҮТББ-ын 3 шинжээчийг томилж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №24/31 дугаартай шинжээчийн дүгнэлтийг оруулалгүй шүүхийн шийдвэрийн үндэслэлд Б.Лийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан заалтыг зөрчсөн байна гэх үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №23 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
6.Хохирогч С.Г-ийн өмгөөлөгч Э.Н, Х.Э нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Б.Л нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ "...өөрийн гэм буруу, шалтгаант холбоо, хохирогч С.Г-т учруулсан шууд хохирол болон түүний сэтгэцэд учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл зэрэгт маргаагүй бөгөөд анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хохирогч С.Г-ийн шууд хохиролд 50,068,400 төгрөг, сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийн дөрөвдүгээр зэрэгт хамааруулан 25,294,500 төгрөг нийт 75,362,900 төгрөгийг шүүгдэгч Б.Лоос гаргуулж хохирогч С.Г-т олгохоор шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг орхигдуулан зөвхөн эмчилгээний болон бусад зардлыг тооцож бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан.
2. Анхан шатны шүүх хор уршгийг арилгах хугацааг 1 жилээр тогтоож үүрэг болгож шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт үүрэг болгосон хугацааг орхигдуулсан байгаа нь ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар "Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасан.
Шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлэх гэдэг нь хохирлоос тодорхой хэмжээний буюу талаас илүү хувийг төлсөн, түүнээс цааших хэмжээг ямар эд хөрөнгө, эх үүсвэрээс яаж төлөх нь тодорхойгүй байхад шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хуулийн үг хэллэгээс хэтрэхгүй, хуурамч байдлаар шүүхийн өмнө дүр эсгэж байна. Энэ нь түүний гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гаргаж байгаа зан байдал, эрх зүйн ухамсар, удаа дараагийн гомдол тэмцлээс харагддаг.
Гэтэл биеийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол арилаагүй, 7-8 удаагийн мэс засалд орсон хэдий ч эрүүл мэндийн байдал боломжит нөхцөлд очоогүй, цаашид Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй болсныг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэргэжлийн мэс заслын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон ба дахин эмчилгээ, хагалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улс эсхүл Турк улс хоёрын аль нэгэнд хийлгэх шаардлагатай байна. Хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэм хорын хохирол арилаагүй байхад шүүгдэгч Б.Л-д оногдуулах ял шийтгэлийг тэнссэн нь гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, өөрөөр хэлбэл ял хөнгөдсөн.
4. Хохирогч С.Г нь хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 0691593 дугаартай акт, шийдвэрээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүгчдийн 25 дугаар тогтоолын "нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал"-аар сэтгэцийн эмгэгийн 5 дугаар зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан сэтгэцийн хор уршгийг 5 дугаар зэрэглэлээр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү?” гэв.
7.Хохирогч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
8.Шүүгдэгч Б.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.
9.Прокурор О.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Шүүх хохирогч С.Г-ийн хохирол, хор уршигт нийт 75,362,000 төгрөгийг шүүгдэгч Б.Лоос гаргуулан хохирогчид олгуулахаар шийтгэх тогтоолд дурдсан боловч сэтгэцэд учирсан хохирол 25,294,500 төгрөгийг тогтоох хэсэгт дурдаагүй техникийн шинжтэй алдаа гаргасан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 4 дэх заалт нь зам засварын ажил, алба хаагчдад холбоотой заалт тул хэрэгт хамааралгүй. Хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээнд буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “.........” ТББ дүгнэлт гаргасан. Хэргийн газарт хоёр жолоочийг байлцуулан “А” цэгийг маргаангүй тогтоосон тул дахин ажиллагаа хийх шаардлагагүй. Шүүгдэгч Б.Л гэм буруугийн талаар маргаагүй зөвшөөрч байсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д холбогдох эрүүгийн 2434000010109 дугаартай хэргийг Б.Лийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хохирогч С.Г-ийн өмгөөлөгч Э.Намжилсүрэн, Х.Эрдэнэтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтыг харьцуулан үзвэл, шүүгдэгч Б.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “...Төв аймгийн Борнуур суманд байдаг “Буугаад мордоё” гэдэг нэртэй зоогийн газар руу эргэх гэсэн чинь 2 дугаар эгнээнд том оврын ачааны машин зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн авто машиныг өнгөрөөд эргэх гэсэн чинь миний машины араас нэг машин ирээд мөргөчихсөн...2 дугаар эгнээнд ачааны машин зогсож байсан болохоор би 1 дүгээр эгнээнээс эргэх үйлдэл хийсэн...” /1хх-55/ гэх,
2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “...миний явж байсан замын хажуу талд урт, ачаатай Шалаанз машин зогсож байсан түүнийг тойрч гарах гэж байгаад тэгээд дохиогоо өгөөд эгнээ байраа эзлэх гээд эргэх үед эгнээнд орсны дараа миний машины араас машин ирээд мөргөсөн...” /1хх-69/ гэх,
2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “...миний явж байсан замын хажуу талд урт, ачаатай Шалаанз машин зогсож байсан түүнийг тойрч гарах гэж байгаад тэгээд дохиогоо өгөөд эгнээ байраа эзлэх гээд эргэх үед эгнээнд орсны дараа миний машины араас машин ирээд мөргөсөн...” /1хх-71/ гэх мэдүүлгүүдийг өгч үйл баримтын талаар маргадаг.
Мөн зам тээврийн осол гарсны улмаас гэрч Б.Ч, иргэний нэхэмжлэгчээр татсан А.Э, Б.Ө нарын биед хөнгөн, хохирогч П.У, Б.З нарын биед хүндэвтэр, хохирогч С.Г-ийн биед хүнд хохирол тус тус учирсан, уг хор уршиг арилаагүй байхад шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Б.Л нь хохирол төлөх талаар “...би боломжоороо хохирлыг төлж байгаа. Надад хохирлыг бүгдийг нь өгөх боломж байхгүй байна...би ажил хийж хохирлоо барагдуулмаар байна...” гэж мэдүүлэхдээ ямар орлогын эх үүсвэрээр хэзээ, хэрхэн төлөхөө тодорхой илэрхийлээгүй, энэ талаар шүүхэд бичгээр өгсөн баримтгүй байхаас гадна эрүүл мэнд нь хохирсон бусад этгээдийн хохирлын талаар илэрхийлсэн зүйлгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан ...” гэх дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэн ял оногдуулахгүйгээр тэссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэхдээ “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн нөхцөлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьцуулж, биелэгдэх боломжтой эсэхийг дүгнэх шаардлагатай бөгөөд шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитой болох юм.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасныг зөрчсөний улмаас хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч П.У, Б.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ “...Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан...”, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой...” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхаас гадна гэм буруутайд тооцохдоо "...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй...” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.
4. Хохирогч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн иргэний нэхэмжлэгч гэж энэ хуулийн 8.5 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлэх юм.
Энэ гэмт хэргийн улмаас ................... нар нь хөнгөн гэмтэл авсан болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14978, 14986, 81 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон байхад тэднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан байгаа нь хуульд заасан эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн гэрч А.Ө-ийн “...манай хамтран амьдрагч Э.Х-ийн нэр дээр байдаг машин...” /1хх-67/ гэх мэдүүлэг, “...........” Банк бус санхүүгийн байгууллагын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24/556 тоот “...44-98 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ............... нь №........ дугаартай зээлийн гэрээг байгуулан манай байгууллагаас зээл авсан...зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаа тул манай байгууллага тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй ба нэхэмжлэх зүйлгүй...” гэх албан бичиг /2хх-74/ хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “Хонда Пит” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчийг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
5.Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу хэрэглэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаа, зөрчлүүд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгох...” гэх, хохирогч С.Г-ийн өмгөөлөгч Э.Н, Х.Э нарын “...хуулийг буруу хэрэглэсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын хэсгийг тус тус хангаж, үйл баримттай холбоотой гаргасан гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
7.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...шүүгдэгч Б.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж буруу бичсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгох...” гэх, хохирогч С.Г-ийн өмгөөлөгч Э.Н, Х.Э нарын “...хуулийг буруу хэрэглэсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын хэсгийг тус тус хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Л-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС