Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Лувсанцэрэн

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-ийн өмгөөлөгч О.Даваажаргал/цахимаар/

            Шүүгдэгч Б.Б

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Б.Бат-Ерөөлт/цахимаар/

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2434001860505 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   1. Монгол улсын иргэн, Б овогт Б Б, ... Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймаг, С ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

   2. Б.Б нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 110/162 дугаартай километрийн шонгийн хажууд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ландкруйсер прадо-150 маркийн 0007 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хойд талын суудалд зорчиж явсан иргэн Л.Х амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хасаж, гурван /3/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Б нь нийт 51.500.000 төгрөгийг төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Б-аас 8.503.439 төгрөгийг, иргэний хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас 8.503.439 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Х хууль ёсны төлөөлөгч Г.С-т олгож, иргэний хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар нь 40.000.000 төгрөгийг хохирогч Л.Х хууль ёсны төлөөлөгч Г.С-т төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Б.Б-т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээр хягаарлалтыг тогтоон шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтэглээсээ гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан, цаашид ч харж хандаж, дэмжиж тусалж явах болно.

Одоогоор би ... мэргэжилтэнээр тус аймгийн 15 суманд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй ажилладаг. Бага насны буюу 1-6 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Иймд миний хувийн болон ар гэр, ажлын онцлог, чиг үүрэг зэргийг харгалзан үзэж анхан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлүүлэхтэй холбоотой гомдол гэж ойлгож байна. Энэ гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих гэсэн хоёр төрлийн ялын санкцитай гэмт хэрэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид нөхөн төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүхийн гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн/цахимаар/ гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа хохирогчид хохирлыг хэсэгчлэн төлж ирсэн. Цаашид ч хохирогчийг дэмжиж, туслах үүргийг ухамсарлаж байгаа. Бага насны хоёр хүүхэдтэй, одоо эрхэлж буй ажлын онцлог зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжтой гэж харж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ч мөн адил энэ санал, дүгнэлтээ гаргаж байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт/цахимаар/ гаргасан саналдаа: “...Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний чөлөөтэй зорчих эрхийг хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар хязгаарлахыг хэлдэг. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх бөгөөд тухайн ялыг хэрэглэхдээ гэм буруугийн хэлбэр, учруулсан хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үздэг. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэгт дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон бөгөөд учруулсан хор уршиг, гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Харин гэм буруугийн хэлбэрийн хувьд миний үйлчлүүлэгч санаатай бус, болгоомжгүй хэлбэрээр энэ хэрэгт холбогдсон. Болгоомжгүй гэмт хэрэг гэдэг нь тухайн этгээд хүсээгүй, зориуд үйлдээгүй боловч болгоомжгүй үйлдлээсээ болж нийгэмд хор уршиг учруулсан тохиолдлыг хэлнэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, цаашид ч нөхөн төлөх үүргээ ухамсарлаж байгаа. Үйлчлүүлэгч маань олон жил хамт ажилласан хүмүүсийнхээ итгэлийг даасан, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд хүн чанарын үүднээс ч нөхцөл байдалд ухамсартайгаар ханддаг. Бага насны хүүхдүүдтэй, өрх гэрээ авч яваа эцэг бөгөөд энэ нөхцөл байдлыг ч бас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү” гэв.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргал/цахимаар/ гаргасан саналдаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд тусгайлан гаргах санал байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

2. Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10-11 цагийн үед Ландкруйсер прадо-150 маркын 0007 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Бараат-1 дүгээр багийн нутаг, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 110/162 дугаар километрийн шонгийн ойролцоо замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Л.Х амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

3. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-ийн “...миний охин Л.Х 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хамт олонтой 29-ний орой гадаад улс руу аялна гээд л явсан. 28-ны өдөр 10 цагийн үед над руу ажлын газрын хүн болох Дармаа гэдэг хүүхэд залгаж юу болсон талаар хэлсэн...” гэх /хх-ийн 28-29-р тал/,

 

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б.У “...Тухайн өдрийн өглөө эрт би ээж Т.Саранзул болон ээжийн ажлын 3 хүний хамт тавуулаа ээжийн ажлын хар автомашинтай Улаанбаатар хот руу явахаар гарсан. ...унтчихсан байсан, тэгтэл удалгүй ээж намайг дуудсан, сэрээд хартал бид хэдийн сууж явсан машин осолд орчихсон байсан...” /хх-ийн 38-р тал/

Гэрч М.Өлзийн “...2024 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Дундговь аймгийн төвөөс Улаанбаатар хот руу 3 машинд хуваагдаж суусан. Би албаны 0007 ДУЭ Ланд круйсер прадо-150 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн машиныг байгууллагын ажилтан Б.Б ах жолоодоод мөн Т.Саранзул эгч болон Б.Ууганцэцэг, Л.Х эгч бид 5 суугаад Дундговь аймгаас гарсан. ...Төв аймгийн нутагт орж ирээд зам тээврийн осолд орсон. Осол болсны дараа би хэсэг ухаан балартаад сэргээд хартал доошоо харсан байдалтай сэрээд бид нар машинаас гарсан. Гараад хартал машины дугуй дээш харсан машины хажууд гадаа Л.Х эгч газар хэвтэж байсан. Тэгээд бид нар сандралдаад эмнэлэг рүү мэдэгдээд би шокын байдалтай байсан. Манай ажлын хүмүүс бидний ард талд явж байсан болохоор ирээд шууд түргэн дуудсан. Түргэн ирэхгүй удсан болохоор нь бид нар Л.Х эгчийг өөрсдийн унаатай Төв аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр явсан, ...замдаа түргэний машинтай таараад Төв аймаг руу ирж эмнэлэгт үзүүлсэн...” гэх /хх-ийн 52-53-р тал/,

Т.Саранзулын “...тухайн машиныг манай байгууллагын ажилтан Б.Б жолоодоод, би охин Б.Ууганцэцэг болон Л.Х, М.Өлзий бид тав Дундговь аймгаас гараад нэлээн явж Төв аймгийн нутагт орж ирээд зам тээврийн осолд орсон. Осол болсны дараа бид нар машинаас гараад хартал машины 4 дугуй дээш харсан байдалтай машины хажууд газар Л.Х хэвтэж байсан...” гэх /хх-ийн 58-59-р тал/

Э.Чагнаадоржийн “...тээврийн хэрэгслийг манай байгууллагын ахлах мэргэжилтэн Б.Б жолоодоод уг машинд Т.Саранзул, түүний охин Б.Ууганцэцэг, М.Өлзий, Л.Х нар суугаад өөр нэг хувийн машинд 4 ажилтан сууж 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн... 10-11 цагийн хооронд манай 0007 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дээр осолд орж түүн дотор зорчиж явсан манай байгууллагын Сайнцагаан сумын газрын даамал албан тушаалтай Л.Х гэх эмэгтэй бурхан болсон...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 60-63-р тал/,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын “...манай байгууллагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б гэдэг хүн барьж явсан. Манайх нэг л жолоочтой тухайн өдөр явахгүй байсан учир үлдсэн байсан, тэгээд жолооны эрхтэй тээврийн хэрэгслийг барьж явсан..., ...0007 ДУЭ улсын дугаартай Ландкруйсэр Прадо-150 маркийн тээврийн хэрэгсэл нь манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 47-48, 51-р тал/

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 173 дугаар “... Б.Ууганцэцэгийн биед духны зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо..., ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 69-70-р тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 172 дугаар “...Т.Саранзулын биед баруун өвдөгний урд гадаргад няцарсан шарх, баруун гуяны зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх /хх-ийн 73-74-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2108 дугаар Химийн шинжээчийн “......Б.Б ЗЮ98101515 гэж хаягласан “СО75932683” гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх /хх-ийн 78-80-р тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаар “...Л.Х нь гавал тархины хавсарсан гэмтэл, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадарга дахь цус хуралт..., зүрх судас, амьсгалын цочмог дутагдал, гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас зүрх амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 85-89, 93-100-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №48450 ДД№30631998 дугаар “...0007 ДУЭ улсын дугаартай Toyoto LC Prado 150, тээврийн хэрэгсэл. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 15.082.400...” гэх /хх-ийн 108-110-р тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2915 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн Land Criuser Prado-150 маркийн 0007 ДУЭ улсын дугаартай автомашин нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн автомашин нь ослын өмнө бүрэн бүтэн байдлыг хангаж байсан байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормос ослын өмнө хэвийн ажиллаж байсан байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн Land Criuser Prado-150 маркийн 0007 ДУЭ улсын дугаартай автомашин нь ослын өмнө 78-80 км/цаг хурдтай явсан байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх /хх-ийн 116-120-р тал/,

Шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 52/18 24/214 дугаар “...Land Cruiser Prado маркийн 0007 ДУЭ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, хэргийн материалтай танилцахад Toyota Land Criuser Proda маркийн 0007 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. Toyota Land Criuser Proda маркийн 0007 ДУЭ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх /хх-ийн 127-129-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1372 дугаар “...2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямрал шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх /хх-ийн 2-р хавтас 88-90-р тал/ шинжээчийн дүгнэлтүүд,

Шинжээч Я.Соронзонболдын “...Би өөрийн гаргасан дүгнэлтээ эргэлзээтэй гэж бодохгүй байна. Учир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолоочийг замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахаар заасан байдаг. Дүрэмд зааснаар тухайн замд Toyota prado-150 маркийн 0007 ДУЭ улсын дугаартай авто машины зөвшөөрөгдөх дээд хурд 80 км/ц боловч, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тухайн замын зарим хэсэгт цастай, зорчих хэсгийн гадаргуу хөлдчихсөн байсан тул би жолооч Б.Быг тээврийн хэрэгслийн хурдыг тухайн замын нөхцөлд тохируулж яваагүй гэж үзэж дүгнэлт гаргасан... Гадаа хасах градустай байх үед, ялангуяа өглөө эрт зорчих хэсгийн гадаргуу буюу асфальт хөлдөж хүний нүдэнд харагдахгүй мөстөлт үүсэж зам дээр гулгаа үүсдэг. Тийм болохоор жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг маш зөв сонгож явах хэрэгтэй” гэх /хх-ийн 132-133-р тал/ мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Болгоомжгүй” гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос Б.Б-ын үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл байна.

 

5. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч Б.Б-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд үүний улмаас зорчигч Л.Х амь нас хохирсон нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулдаг.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т түүний үйлдсэн, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

7. Шүүгдэгч Б.Б-аас “...анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, мөн ял эдлэх нутаг дэвсгэрийг Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно хэмээн хуульчилсан.

8.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.Б нь тухайн гэмт хэрэг гарсны дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлэх үйлдэл хийсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-т шүүхээс тогтоосон гэм хорын хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал оруулан тооцож, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон прокурорын зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх өөрчлөхөд татгалзах зүйлгүй талаар гаргасан тайлбар, дүгнэлтийг үндэслэн түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирно гэж үзэв.

 

9. Иймд шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хасаж, гурван /3/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хасаж, нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              А.ЦЭРЭНХАНД

 

 

                                    ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                     М.МӨНХДАВАА