2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10399

 

 

 

 

 

 

 

 

         2025              12             03                                192/ШШ2025/10399

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 33 тоот хаягт оршин суух Тугчин овогт Лхамсүрэнгийн Жаргал (РД:ДБ85011502)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, 110а-902 тоот хаягт оршин суух Дамидаа овогт Бэххуягийн Дуламрагчаа (РД:ЛЮ83012467)-нд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

          Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагчтай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3504 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай дугаар гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 18,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч уг худалдаж авсан автозогсоол нь биет байдлын хувьд доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байх тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 18,500,000 төгрөг, эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох татварт төлсөн 65,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчтэй 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3504 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай дугаар гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 18,500,000 төгрөгөөр худалдсан. Гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нь өөрөө ирж автозогсоолыг үзэж, хараад гэрээг байгуулсан. Туршилтаар тухайн автозогсоолд дунд оврын автомашин байршуулах боломжгүй болох нь тогтоогдож байгаа ч нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаас өмнө уг нөхцөл байдлыг мэдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ,,,, м.кв талбайтай, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Л.Жаргалын эзэмшлийн 5029495824 дугаар дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь Л.Жаргалын эзэмшлийн 463008450 дугаар дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай баримт, түүнийг шуудангийн байгууллагаар хариуцагч Б.Дуламрагчаагийн хаягаар илгээсэн тухай баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг,

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр ,,,, м.кв талбайтай, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд автомашин байршуулах туршилт хийж, тэмдэглэл үйлдсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3504 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай дугаар гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 18,500,000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг автозогсоол нь биет байдлын хувьд доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу дунд оврын автомашин байршуулах боломжгүй байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч гэрээг байгуулахаас өмнө автозогсоолыг биечлэн үзэж авсан учир тухайн автозогсоолд дунд оврын автомашины байршуулах боломжгүй байдлыг мэдэх боломжтой байхад зөвшөөрч гэрээ байгуулсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчдын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зохигч талууд ,,,, м.кв талбайтай, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 18,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)

4.2.Нэхэмжлэгч нь гэрээг байгуулахын өмнө гэрээний зүйл болох ,,,, м.кв талбайтай, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө биечлэн очиж үзэж танилцсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

4.3.Гэрээний зүйл болох ,,,, м.кв талбайтай, автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд “дунд овор”-ын тээврийн хэрэгсэл байршуулах боломжгүй. (хавтаст хэргийн 44-64 дэх тал)

 

5.Зохигч талуудын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, тухайн гэрээний зүйл болох автозогсоолд “дунд овор”-ын тээврийн хэрэгслийг байршуулах боломжгүй үйл баримтын талаар маргаангүй. Харин зогсоолд “дунд овор”-ын тээврийн хэрэгслийг байршуулах боломжгүй байдал нь гэрээнээс татгалзах үндэслэл болох эсэх талаар маргаантай байна.

 

6.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж тус тус заажээ.

 

7.Туршилт болон үзлэгээр тухайн автозогсоол ньны 1 дүгээр давхраас луу нэвтрэх хаалганы чанх эсрэг талд байрласан, автозогсоолын 2 буланд (зоорийн давхар луу нэвтрэх хаалган талд) хоорондоо 240 см зайтай багана байрласан, уг баганууд нь 1 дүгээр давхраас луу нэвтрэх хаалганаас 368 см зайтай болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү орон зай нь ердийн анхаарал бүхий этгээдийн хувьд тухайн автозогсоолд “дунд овор”-ын автомашин байршуулах боломжгүй болох нь илэрхий анзаарагдахаар байна.

 

7.1.Нэхэмжлэгчийн хувьд гэрээг байгуулахын өмнө гэрээний зүйл автозогсоолыг очиж харсны үндсэн дээр гэрээг байгуулсан байх тул түүнийг гэрээ байгуулах үед тухайн автозогсоолд “дунд овор”-ын тээврийн хэрэгсэл байршуулах боломжгүйг мэдэх боломжтой буюу худалдагчаас эсхүл бусад этгээдээс энэ талаар тодруулах, хэмжээсийг нягтлах боломжтой байсан гэж үзнэ. Энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

7.2.Иймд нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзлээ.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Дуламрагчаад холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Жаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД