| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1216/Э |
| Дугаар | 1269 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Б.Б, В.У,
хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б, В.У нарт холбогдох эрүүгийн 1806000001542 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б,
Монгол Улсын иргэн, В.У.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч В.У, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Үнэнбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Үнэнбаатарын: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 10 цагт ээлжээ хүлээж аваад ангийн 2 дугаар цэг дээр харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан юм. ...Шалганы харуул Чойжамц над руу утсаар яриад “шалган дээр хүрээд ир” гэж хэлсэн... Тэгээд шалган дээр очтол манай ангийн харуул дэд ахлагч У, ахлах харуулч ахлагч Б архи уучихсан согтуу байдалтай энгийн хувцастай байж байсан ба харуул Чойжамц гэх залуу гар дээрээ тулаад газар хэвтэж байсан. Түүний хажууд шалганы харуулч дэд ахлагч Баяраа гэх залуу номхон зогсож байсан юм. Тэгээд намайг шалган руу яваад оронгуут дэд ахлагч У, ахлагч Б хоёр миний хоёр талаас барьж аваад “буугаа тавь” гээд байсан юм. Тухайн үед би харуулын үүрэг гүйцэтгэж байсан учир АКМ буу үүрээд явж байсан. Тэгээд би буугаа тавихгүй гэж зууралдсан ба тэр хоёр миний бууг авах гээд булаацалдаж байгаад сүүлдээ бууг надаас булааж авсан. Тэгээд л намайг хоёр талаас цохиж зодоод эхэлсэн ба нэг мэдсэн чинь л би газар унаад өгсөн. Тухайн үед шалганы дотор талын гэрэл унтраачихсан харанхуй болчихсон байсан учир хэн нь яг яаж цохиж байгаа нь харагдахгүй байсан. Тэгж байгаад гэнэт надаас булааж авсан АКМ бууныхаа бөгсөөр нь миний зүүн талын цээжин хэсэг рүү цохиод авсан юм. ...Тэгээд би харуулын 2 дугаар цэг дээрээ очоод байж байтал араас У нь ирээд дахиад намайг цохиж зодож байгаад явсан. ...Миний биед учирсан гэмтэл гэвэл эрүү болон шанаа хэсгээр хөндүүртэй, хүзүү хөшүүртэй, зүүн цээжний хэсэгт хөхрөлттэй, цээжнээс цус амтлагдаад их зовиуртай байна. ...Намайг ямар ч шалтгаангүйгээр л зодсон. Бидний дунд ямар ч өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чойжамцын: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажилладаг 0124 дүгээр цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан. ...Би ганцаараа байж байхад гаднаас манай ангид ажилладаг Б, У 2 ирсэн. Бид 3 байж байхад Баяраа хоолоо идчихээд ирсэн. Б, У ах нар бид хоёрыг нэг нэг удаа цохисон. Б, У ах нар хойно харуулын үүрэг гүйцэтгэж байгаа “Үнэнбаатарыг дууд” гэж хэлэхээр нь бид 2 гар утсаар нь Үнэнбаатарыг дуудсан. Үнэнбаатар удалгүй шалган нэвтрүүлэх байранд ороод ирэхэд шууд Б цээж рүү нь цохисон. Тэр үед Үнэнбаатар уурлаад үүрч явсан АКМ буугаа цэнэглээд чиглүүлэх үйлдэл хийхэд У ах бууны амнаас барьж байгаад магазиныг нь салгаад сумны байранд орсон сумыг гаргаад авсан. Тэгснийхээ дараа бууг булааж аваад өөр газар тавиад Үнэнбаатарт уурлаад цээж рүү нь У ах 1-2 удаа цохиж авсан. Үүний дараа Б над руу буу шагайлаа гэж уурлаад Үнэнбаатарын цээж рүү 1-2 удаа цохисон. ...У ах буу булаацалдаж байхдаа хошуунаас түлхээд зүүн талын цээжин хэсэгт бууны бөгс хүрч байсан. Хүчтэй цохиогүй. Бууны бөгсөөр түлхэж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баяраагийн: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би 0124 дүгээр цэргийн ангийн шалган нэвтрүүлэх байранд гарч байсан. Намайг хоолонд оруулахын тулд 3 дугаар цэг дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Чойжамц ирээд би хоолонд ороод буцаад ирэхэд би манай ангид ажилладаг У, Б нар ирсэн байсан. Миний араас шалган нэвтрүүлэх байранд 2 дугаар цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан Үнэнбаатар ороод ирсэн. Үнэнбаатарыг ороод ирэнгүүт Б цээж рүү нь нэг удаа цохисон. Тэр үед Үнэнбаатар үүрч явсан сургалтын сумтай АКМ буугаа цэнэглэсэн. Тэр үед У ах бууг булааж аваад надад өгсөн. Би цаана орны дэргэд тавьсан. ...Ямар ч байсан Б Үнэнбаатарын цээж рүү шалган нэвтрүүлэх байранд орж ирэхэд цохисон. Түүнээс хойш яг хэн хэн хаана нь хэдэн удаа цохихыг би хараагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтанд Б.Бын яллагдагчаар: “...Би Монгол Улсын зэвсэгт хүчний 0124 дүгээр ангид ажилладаг. Би Өмнөд Судан улс руу томилолтоор явах гэж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөд Судан улс руу явах гэж байгаа хүмүүсийг дуудаад буу зэвсэг болон бусад зүйлийг хурааж авсан. Буу зэвсэг болон бусад зүйлээ хураалгаад хамт Өмнөд Судан улс руу явах гэж байгаа. 0124 дүгээр ангид хамтран ажилладаг Утай хамт хоёулаа Цэргийн музейн хажууд гадаа гудамжинд 1 шил архи уусан. Бид 2 архи ууж дуусаад гэр гэр рүүгээ явахаар болсон. Би өөрийн эзэмшлийн машинаа цэргийн ангийн хашаанд үлдээсэн байсан. Машинаа авах гээд явж байхдаа эхнэр Ариунсайханыг утсаар дуудсан. Би Утай хамт цэргийн ангийн хашаа руу ороход Баяраа, Чойжамц 2 байсан. Хойно харуул дээр хэн гарч байгаа талаар асуухад Үнэнбаатар гэж хэлэхээр нь дотуур утсаар дуудуулсан. Үнэнбаатар шалган нэвтрүүлэх байранд ороод ирэхээр нь би шууд Үнэнбаатарын цээж рүү гараараа цохиод авсан чинь Үнэнбаатар үүрч байсан буугаа цэнэглээд над руу шагайсан. Тэр үед У хажуу талаас нь Үнэнбаатарын бууг булааж аваад аюулгүй болгосон. Би У бууг булааж авсны дараа “яагаад над руу буу шагайж байгаа юм бэ” гэж хэлээд уурлаад Үнэнбаатарын цээж рүү гараараа цохисон. Ингээд байж байхад манай эхнэр ирээд намайг аваад явсан. Үнэнбаатар манай эхнэр ирэхээс өмнө харуулын цэг рүү явсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43/,
Мөрдөн байцаалтанд В.Уын яллагдагчаар: “...Би Монгол Улсын зэвсэгт хүчний 0124 дүгээр ангид ажилладаг. Би Өмнөд Судан улс руу томилолтоор явах гэж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөд Судан улс руу явах гэж байгаа хүмүүсийг дуудаад буу зэвсэг болон бусад зүйлийг хурааж авсан. Буу зэвсэг болон бусад зүйлээ хураалгаад хамт Өмнөд Судан улс руу явах гэж байгаа 0124 дүгээр ангид хамтран ажилладаг Бтай хамт хоёулаа Цэргийн музейн хажууд гадаа гудамжинд 1 шил архи уусан. Бид 2 архи ууж дуусаад гэр гэр рүүгээ явахаар болсон. Б тухайн өдөр машинтай ирээд машинаа цэргийн ангийн хашаанд үлдээсэн байсан. Миний гэр 0124 дүгээр цэргийн ангийн ард байдаг болохоор бид 2 хамтдаа цэргийн анги руу хашаа руу орж Б машинаа авахаар би гэр рүүгээ харих гээд явсан. Замд манай цэргийн ангийн шалган нэвтрүүлэх байр тааралдаад бид 2 шалган нэвтрүүлэх байр руу орсон. Б машинаа бариулахаар эхнэрээ дуудсан байсан учраас эхнэрээ иртэл шалган нэвтрүүлэх байранд хүлээнэ гэж надад хэлсэн. Бид 2 шалган нэвтүүлэх байранд Бын эхнэрийг хүлээж байхдаа тухайн үед жижүүрт гарч байсан Баяраа, Чойжамц хоёртой юм яриад байж байгаад хойно гарч байгаа жижүүрийн талаар асуухад Үнэнбаатар гарч байгаа тухай хэлсэн. Бид хоёр Үнэнбаатарыг шалган нэвтрүүлэх байран дээр дуудуулсан. Үнэнбаатар удалгүй шалган нэвтрүүлэх байран дээр хүрээд ирсэн. Үнэнбаатарыг орж ирэнгүүт нь Б шууд үгийн зөрүүгүй цээж рүү нь гараараа цохиод авсан чинь Үнэнбаатар уурлаад үүрч байсан буугаа гаргаж ирээд цэнэглээд Б руу шагайхаар нь би уурлаад АКМ бууных нь хошуунаас барьж аваад бууг нь авах гээд ноцолдоод бууг нь Үнэнбаатараас авсан. Үнэнбаатараас аваад магазиныг нь салгаад сумны байранд орсон байсан сумыг гаргатал сум үсрээд алга болсон. Түүний дараа би Үнэнбаатарт сургалтын сумтай байсан ч гэсэн ингэж болохгүй гэж уурлаад цээж рүү нь гараараа 3 удаа цохисон. Гараараа цохисны дараа АКМ бууны бөгсөөр би Үнэнбаатарын цээж хэсэг рүү хөнгөн цохисон. Б бас над руу буу шагайлаа гэж уурлаад цээж рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Үсэрсэн сумыг хайгаад байж байхад жижүүрийн туслах ахлагч Энхчимэг ирээд юу болсон талаар асуугаад Үнэнбаатарыг аваад хойшоо Үнэнбаатарын гарч байгаа харуулын цэг рүү аваад явсан. Үүнээс хойш Б эхнэртэйгээ хамт яваад өгсөн. Намайг Чойжамц хүргэж өгөх гээд бид 2 манай гэр рүү явсан. Явах замдаа Үнэнбаатарын гарч байгаа харуулын цэгээр орж би Үнэнбаатараас “алга болсон сумаа олсон уу” гэж асуухад олсон гэж хэлээд халааснаасаа гаргаад ирсэн. Тэгэхээр нь би чи сумаа олсон гээд хэлэхгүй явлаа гэж хэлээд бас уурлаад цээж рүү нь 2, 3 удаа цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46-47/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн №10759 тоот:
1. Э.Үнэнбаатарын биед тархи доргилт, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-11/,
В.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-16/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-17/, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тодорхойлолт /хх-19/,
Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-22/, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тодорхойлолт /хх-24/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б: “Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч В.У: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.У, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Үнэнбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Үнэнбаатарын: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 10 цагт ээлжээ хүлээж аваад ангийн 2 дугаар цэг дээр харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан юм. ...Шалганы харуул Чойжамц над руу утсаар яриад “шалган дээр хүрээд ир” гэж хэлсэн... Тэгээд шалган дээр очтол манай ангийн харуул дэд ахлагч У, ахлах харуулч ахлагч Б архи уучихсан согтуу байдалтай энгийн хувцастай байж байсан ба харуул Чойжамц гэх залуу гар дээрээ тулаад газар хэвтэж байсан. Түүний хажууд шалганы харуулч дэд ахлагч Баяраа гэх залуу номхон зогсож байсан юм. Тэгээд намайг шалган руу яваад оронгуут дэд ахлагч У, ахлагч Б хоёр миний хоёр талаас барьж аваад “буугаа тавь” гээд байсан юм. Тухайн үед би харуулын үүрэг гүйцэтгэж байсан учир АКМ буу үүрээд явж байсан. Тэгээд би буугаа тавихгүй гэж зууралдсан ба тэр хоёр миний бууг авах гээд булаацалдаж байгаад сүүлдээ бууг надаас булааж авсан. Тэгээд л намайг хоёр талаас цохиж зодоод эхэлсэн ба нэг мэдсэн чинь л би газар унаад өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чойжамцын: “...Үнэнбаатар удалгүй шалган нэвтрүүлэх байранд ороод ирэхэд шууд Б цээж рүү нь цохисон. Тэр үед Үнэнбаатар уурлаад үүрч явсан АКМ буугаа цэнэглээд чиглүүлэх үйлдэл хийхэд У ах бууны амнаас барьж байгаад магазиныг нь салгаад сумны байранд орсон сумыг гаргаад авсан. Тэгснийхээ дараа бууг булааж аваад өөр газар тавиад Үнэнбаатарт уурлаад цээж рүү нь У ах 1-2 удаа цохиж авсан. Үүний дараа Б над руу буу шагайлаа гэж уурлаад Үнэнбаатарын цээж рүү 1-2 удаа цохисон. ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баяраагийн: “...Үнэнбаатарыг ороод ирэнгүүт Б цээж рүү нь нэг удаа цохисон. Тэр үед Үнэнбаатар үүрч явсан сургалтын сумтай АКМ буугаа цэнэглэсэн. Тэр үед У ах бууг булааж аваад надад өгсөн. Би цаана орны дэргэд тавьсан. ...Ямар ч байсан Б Үнэнэбаатарын цээж рүү шалган нэвтрүүлэх байранд орж ирэхэд цохисон. Түүнээс хойш яг хэн хэн хаана нь хэдэн удаа цохихыг би хараагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтанд Б.Бын яллагдагчаар: “...Утай хамт хоёулаа Цэргийн музейн хажууд гадаа гудамжинд 1 шил архи уусан. Бид 2 архи ууж дуусаад гэр гэр рүүгээ явахаар болсон...Үнэнбаатар шалган нэвтрүүлэх байранд ороод ирэхээр нь би шууд Үнэнбаатарын цээж рүү гараараа цохиод авсан чинь Үнэнбаатар үүрч байсан буугаа цэнэглээд над руу шагайсан. Тэр үед У хажуу талаас нь Үнэнбаатарын бууг булааж аваад аюулгүй болгосон. Би У бууг булааж авсны дараа “яагаад над руу буу шагайж байгаа юм бэ” гэж хэлээд уурлаад Үнэнбаатарын цээж рүү гараараа цохисон....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43/,
Мөрдөн байцаалтанд В.Уын яллагдагчаар: “...0124 дүгээр ангид хамтран ажилладаг Бтай хамт хоёулаа Цэргийн музейн хажууд гадаа гудамжинд 1 шил архи уусан. Бид 2 архи ууж дуусаад гэр гэр рүүгээ явахаар болсон. Б тухайн өдөр машинтай ирээд машинаа цэргийн ангийн хашаанд үлдээсэн байсан. Бид хоёр Үнэнбаатарыг шалган нэвтрүүлэх байран дээр дуудуулсан. Үнэнбаатар удалгүй шалган нэвтрүүлэх байран дээр хүрээд ирсэн. Үнэнбаатарыг орж ирэнгүүт нь Б шууд үгийн зөрүүгүй цээж рүү нь гараараа цохиод авсан чинь Үнэнбаатар уурлаад үүрч байсан буугаа гаргаж ирээд цэнэглээд Б руу шагайхаар нь би уурлаад АКМ бууных нь хошуунаас барьж аваад бууг нь авах гээд ноцолдоод бууг нь Үнэнбаатараас авсан. Үнэнбаатараас аваад магазиныг нь салгаад сумны байранд орсон байсан сумыг гаргатал сум үсрээд алга болсон. Түүний дараа би Үнэнбаатарт сургалтын сумтай байсан ч гэсэн ингэж болохгүй гэж уурлаад цээж рүү нь гараараа 3 удаа цохисон. Гараараа цохисны дараа АКМ бууны бөгсөөр би Үнэнбаатарын цээж хэсэг рүү хөнгөн цохисон. Б бас над руу буу шагайлаа гэж уурлаад цээж рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон...Тэгэхээр нь би чи сумаа олсон гээд хэлэхгүй явлаа гэж хэлээд бас уурлаад цээж рүү нь 2, 3 удаа цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46-47/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн №10759 тоот: Э.Үнэнбаатарын биед тархи доргилт, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч В.У, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч нар нь “гэм буруугийн хувьд маргахгүй, торгуулийн ял оногдуулвал даруй төлөх боломжтой” гэсэн саналыг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар нь хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогчийн хувьд гомдол саналгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б, В.У нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б, В.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806000001542 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Мөн мөн хохирогч Э.Үнэнбаатар мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа “В.У, Б.Б нарыг уучилсан. Нийт эмчилгээний зардалд 4.220.000 төгрөгийг ээжээрээ дамжуулж авсан. Одоо эдгээр хүмүүст гомдол саналгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэснийг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч Э.Үнэнбаатар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, В.У нараас нэхэмжлэн авах эрхтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б, В.Уыг нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, В.У нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Хохирогч Э.Үнэнбаатар нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Б, В.У нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Б.Б, В.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б, В.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД