Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/00467/и |
Дугаар | 001/ХТ2017/00467 |
Огноо | 2017-04-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2017/00467
Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1367 дугаар шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар магадлалтай,
Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн нэхэмжлэлтэй,
Т.Бат-Эрдэнэд холбогдох
Малчнаар ажиллаж байх хугацаандаа дутагдуулсан мал, ашиг шим, ноос ноолуурын төлбөрт нийт 7.858.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Т.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Манай байгууллагад малчнаар ажиллаж байсан Т.Бат-Эрдэнэ нь 2015 оны эхээр мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим, бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээгээ шинэчилж хийснээс хойш дахиж байгууллагатай тооцоо нийлэлгүй, гэрээнд заасан хугацаанд ноос ноолуураа тушаалгүй алга болсон. Иймд асуудлыг шийдвэрлэж байгууллагыг хохиролгүй болгож 7.858.250 төгрөгийг Т.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ багасгаж Т.Бат-Эрдэнээс 2014 онд дутагдуулсан 64 толгой мал, 28.7 кг ноолуур буюу бүгд 6.050.000 төгрөг болгож байгаа тул дээрх мөнгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “... Г.Батсуурийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан өр барагдуулах тухай нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. ... Энэ нэхэмжлээд байгаа мал болох 51 толгой мал нь 2013 болон 2014 онд үхсэн малууд бөгөөд хий хоосон бойжоогүй төлийг бойжсон болгож бичсэн байна. ... Харин 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр намайг Мөрөнд явж байхад надтай уулзаж 2014 оны түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан байх хэрэгтэй байна, чамд янз бүрийн юм байхгүй гэж хэлж шууд эхний нүүрний хэсгийг үзүүлэн чамд нэг хувийг өгнө гээд гарын үсэг зуруулсан. ... Гэтэл гарын үсэг зуруулаад авч хоцорсон материалыг 2015 оны түрээсийн гэрээ болгон засаж надад байхгүй ямаанаас төл, ноолуур нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. ... Гэвч 2014 оны 11 сарын 12-ны өдөр гэрээгээр дутуу байгаа малыг нөхөн төлүүлэх тухай албан тоотоор мэдэгдэл өгч байсан гэж худал баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаярын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байгууллага нь энэ хугацаанд ямар ч цалин хөлс өгч байгаагүй. Г.Батсуурь нь хувь, хувьсгалын малаа маллуулдаг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн суманд тааралдахад ямар нэг өр байхгүй, ажил цэгцэрсэн гэж хэлээд 2014 оны гэрээ гэж хуурч мэхлэн 2015 оны гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. 2014 оны гэрээг дүгнэхэд Т.Бат-Эрдэнэ ямар нэгэн өр төлбөр байгаагүй. Иймд 6.050.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1367 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч Т.Бат-Эрдэнээс 4.615.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.435.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 88.790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд олгохоор шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4.615.000…” гэснийг “эм ямаа 24 буюу 2.160.000 төгрөг, эр ямаа 26 буюу 2.080.000 төгрөг, нийт ямаа 50 буюу 4.240.000 төгрөг” гэж, “...1.435.000...” гэснийг “...1.810.000…” гэж, 2 дахь заалтын “...88.790…” гэснийг “...82.790…” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Т.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Уг шүүх хуралдаан нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийсэн малын тооцоогоор Т. Бат-Эрдэнэ эм ямаа, 197 эр борлон 37, Эр ишиг 8 охин ишиг 50, ухна 2, бүгд 294 толгой мал тоолуулсан 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Бат-Эрдэнийн маллаж байсан эр ямаа 6, эм ямаа 173 эр ишиг 16, охин ишиг 49 бүгд 244 толгой малыг хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй байна. Энэ 50 толгой ямаа дутуу өгсөн гэж үзэж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр 2006 оноос мал маллаж байсан, 2012 оноос түрээсийн гэрээ бий болсон энэ үеэс нөхцөл байдлыг харж үзэх хэрэгтэй гэж маргаж байхад нэхэмжлэлийнхээ хүрээнд ярих ёстой гэдэг юм шүүгч хэлээд авч үзээгүй. Хавтас хэрэгт 2013 оны жилийн эцсийн малын тоо баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. 2013 онд өөрийн малаа авахдаа хүртэл албаны ямаа аваад явсаныг шүүх хуралд мэдүүлж нэхэмжлэгчээс хүртэл асууж байсан бөгөөд тухайн үед үхэж байсан борлон ямааны актыг сумын их эмч Б.Алтанхуягаар бичүүлж байсан тодорхойлолтыг шүүхэд өгсөнийг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй. Хариуцагч болох Т.Бат-Эрдэнийн зүгээс 2012 оноос түрээсийн гэрээгээр ажиллахаар санал тавихад л мал өгье гэдэг хүсэлтээ удаа дараа илэрхийлж ирэхэд малаа авч өгөхгүй 2014 оны 10 дугаар сарыг хүртэл маллуулж ирсэн. Ингэж мал маллаж ирэх хугацаанд малын тоо толгойг өсгөж ирсэн бөгөөд өөрөө хувийн малынхаа тоо толгойг хорогдуулж цалин хөлс авч амьдрал ахуй, өрхийн орлого маань жил дараалан буурч хохирч ирсэн юм. Түрээсийн гэрээ нь дараа илэрхийлж ирэхэд малаа авч өгөхгүй 2014 оны 10 сарыг хүртэл маллуулж ирсэн. Ингэж мал маллаж ирэх хугацаанд малын тоо толгойг өсгөж ирсэн бөгөөд өөрөө хувийн малынхаа тоо толгойг хорогдуулж цалин хөлс авч амьдрал ахуй, өрхийн орлого маань жил дараалан буурч хохирч ирсэн юм. Түрээсийн гэрээ нь сар болгон ямар ч цалин байхгүй онд оролтыг 80 хувиар тооцож, төл бойжилт 75 хувиар тооцож ажиллах гэрээний санал тавихад огт зөвшөөрөхгүй малыг өгье гэдэг хүсэлт удаа дараа шаардаж байсан. Тухайлбал 100 эм ямаатай байлаа гэж үзэхэд сувайрсан, хээл хаясан байдлаа хасахгүй 75 ишиг хүчээр бойжуулж өгөх ёстой гэсэн шаардлага байсан. Иймд нэхэмжлэлд хамрах хүрээнээс хэтэрч хамааралгүй он жилүүдээс маргаагүй гэсэн үндэслэлээр 50 ямааг төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хоёрт 2014 оны 10 сард малаа авсан цагаас хойш малын тоо толгой дутуу өр төлбөр барагдуулах тухай нэг ч албан бичиг мэдэгдэл ирж байгаагүй болно. Үүнийг хавтаст хэргийн материалаас харахад болно. Харин 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мөрөнд явж байхад дуудаж 2014 оны гэрээ байгуулсан гарын үсэг зурсан байх шаардлагатай байна, янз бүрийн асуудал байхгүй гэж хэлж 2014 оны малын ашиг шим бүтээгдэхүүний гэрээ гэсэн зүйл дээр гарын үсэг зуруулж аваад 2015 оны 12 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байдаг нь хууль мэдэхгүй намайг шүүхээр далайлгаж өөрийн авсан малаа надаар төлүүлэх гэсэн зорилго агуулж байсан гэдэг нь шүүхэд өгсөн нэхэмжлэлээс тодорхой болсон юм. Малын Удмын сангийн Үндэсний төв Хөвсгөл аймаг дахь салбар нь 2015 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Цөм сүргийн төв болон өөрчлөгдсөн байгаа юм. 2015 оны 12 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргахад надтай түрээсийн гэрээ байгуулаад алга болсон мал өгсөн гэж маргаад шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ хуралдаан дээр 2014 оны нэртэй миний 2015 оны гэрээн дээр маргаж байсан юм. Тэгээд тамга тэмдэг өөрчлөөд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шинээр Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төв гэсэн албан бланкан дээр нэхэмжлэл гаргаж дахин шүүхэд өгөн хуурамч баримт нотолгоо гаргаж байсан нь шүүхийн шинжээчээр нотлогдсон болно. Иймд дээрх нэхэмжлэлд дурдаагүй хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэж, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин шийдвэр гаргасныг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож миний гомдлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төв нь хариуцагч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан “2015 оны мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээ”-нээс учирсан хохирол 7.858.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “ ...2012 оноос малаа өгье гэж удаа дараа шаардаж байсан, ...нэхэмжлээд байгаа мал бол 2013, 2014 онд үхсэн малууд буюу гараагүй, бойжоогүй төлийг бойжсон болгож бичсэн, ...2014 онд гэрээ байгуулаагүй, 2015 онд мал хүлээж аваагүй” гэж маргажээ.
“Байгууллагын малчидтай 2014 онд хийсэн “мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээ”-г нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх бөгөөд энэ гэрээ болон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “... нийт 60 бог хүлээлгэн өглөө.” гэсэн бичвэр бүхий “...тооцоо хийсэн акт”-д зурсан хариуцагч Т.Бат-Эрдэнийн гэх гарын үсэг нь түүний “...гарын үсэг болон бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй” болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6631 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ. /хх-28-30, 109-118/
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх үүргийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
Т.Бат-Эрдэнийн хариуцаж байсан малыг 2014 оны 10 дугаар сард хүлээн авснаас хойш дахин мал хүлээлгэж өгөөгүй нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул дээрх гэрээнүүдийг үндэслэн малын онд оролт, төл бойжилт, ноос, ноолуурын тооцоо хийх, төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийсэн тооцоогоор Т.Бат-Эрдэнэ эм ямаа 197, эр борлон 37, эр ишиг 8, охин ишиг 50, ухна 2, бүгд 294 толгой мал тоолуулсан 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Бат-Эрдэнийн маллаж байсан эр ямаа 6, эм ямаа 173, эр ишиг 16, охин ишиг 49, бүгд 244 толгой малыг Б.Дондовт хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй байна. /хх-36,39/
Хэрэгт авагдсан дээрх тооллогын болон Б.Дондовт мал хүлээлгэн өгсөн баримтаар хариуцагч нь 2013 оны жилийн эцэст 294 толгой мал тоолуулж, 2014 оны 10 дугаар сард 244 толгой мал хүлээлгэн өгч 50 толгой ямаа дутуу өгсөн нь нотлогдож байх тул хөрөнгө үнэлсэн тайланд дурдсан үнэлгээгээр тооцож, хариуцагч Т.Бат-Эрдэнээс эм ямаа 24 толгой буюу 2.160.000 төгрөг /24х90.000 төгрөг/, эр ямаа 26 толгой буюу 2.080.000 төгрөг /26х80.000 төгрөг/ гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6.050.000 төгрөг болгож багасгасан байх тул хариуцагчаас 4.240.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.810.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 82.790 /наян хоёр мянга долоон зуун ерэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН