Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0450

 

З.Л , Б.Б  нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч З.Л, түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч З.Л, түүний өмгөөлөгч Т.Б нарын давж заалдах гомдлоор, З.Л , Б.Б  нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч З.Л , Б.Б  нар нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаар Номны үнэ төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 69 дүгээр зүйлийн 69.4, 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар Шатахууны үнэ төлүүлэх тухай актын нийт төлбөр 351610 төгрөгийн төлбөрийг 167860 /нэг зуун жаран долоон мянга, найман зуун жар/ төгрөг болгон, мөн өдрийн 35/02/28 дугаар Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай актын нийт төлбөр 2105000 төгрөгийн төлбөрийг 1638500 /нэг сая зургаан зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг болгон төлбөрийн хэмжээг тус тус багасгаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Л давж заалдах гомдолдоо: “...Ховд аймгийн Засаг дарга Д.Г-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-нд Б/58 дугаар захирамжаар Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн учир З.Л  би Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 01 дүгээр сарын 17-нд шүүх хурал болж шүүхийн 01 шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоомогц, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 35/02/04 шийдвэр, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд Ховд аймгийн Байгаль хамгаалах сангийн санхүүгийн үйл ажиллагааг шалгах 35/02/07 шийдвэр гарсан нь хууль бус өөрөөр хэлбэл Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Ховд аймгийн Засаг даргаар дамжиж Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг байхад Ховд аймгийн Байгаль хамгаалах сан нь Төсвийн тухай хуульд зааснаар Ховд аймгийн Засаг дарга удирдаж, үйл ажиллагааг Ховд аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс хариуцаж санхүүжилтийг Ховд аймаг дахь Санхүү, төрийн сангийн хэлтэс хариуцаж тайлан гаргадаг хоёр өөр статустай байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06 хүртэл 45 хоног хольж шалгаад “Танилцуулах хуудас'’ хэмээн нэрлэгдэх 9 хуудсаар Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаа, Байгаль орчин аялал жуулчлалын газрын санхүүгийн үйл ажиллагаатай хольж тайлбарласан нь хуульд нийцэхгүйг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхаараагүй.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц дээрх 2 өөр статустай байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хольж шалгаж “гүтгэж” акт тавиад тухайн үед Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л , нягтлан бодогч Б.Б т мэдэгдээгүйгээр “гүтгэж” тавьсан актуудыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М-аар дамжуулан Ховд аймгийн Цагдаагийн газарт өгч “...эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө үү...” хэмээн нэг жил 4 сарын хугацаанд хохироосон нь одоог хүртэл үргэлжилж байна.

Нэгдүгээрт: Сэтгүүлийн үнэ төлүүлэх актын тухайд.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж З.Л  би 2018 оны 05 дугаар сарын 07-нд Ховд аймгийн Аудитын газрын аудиторууд Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 01 дүгээр сарын 14-17-ыг дуустал мөн 05 дугаар сарын 09-29-нийг дуустал 2 удаа шалгасан учир тухайн байгууллагад үндэслэл бүхий тайлбар хүргүүлсэн эсэх мөн Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2015 оны нэмэлт санхүүжилтийн хавтаст материалыг шүүх хурлын үед нотлох баримт болгон хэрэглээд буцааж олгохоор тооцож авахыг хүссэн боловч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 102 дугаараар “Хүсэлт шийдвэрлэх тухай” гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзаагүй нь Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.18.3-ыг Төрийн аудитын байгууллага дотоодын болон хөндлөнгийн аудитын бусад байгууллагын хийсэн аудитыг Аудитын олон улсын ба үндэсний стандартын дагуу үнэн зөв алдаа мадаггүй хийсэн гэж үзвэл түүнд тулгуурлан дүгнэлтээ гаргаж болно заалтыг зөрчсөн. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд ярьсан зүйл тухайн өдрийн хурлын тэмдэглэлд бүрэн тусгагдаагүйгээс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 тоот шийдвэр хуулийн хүрээнд гараагүй гэж үзээд гомдлыг гаргаж байна.

Тайлбар 1: Ховд аймгийн Засаг дарга Д.Г, Санхүүгийн хяналт аудитын алба хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй байхад түүнийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцээгүй. Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвийн захирагчийн 2015 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Аудитын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-17-нд хяналт шалгалт хийж ХОА2016/30/СТА-ТИ13 дугаараар аудитын гэрчилгээг “Зөрчилгүй санал дүгнэлт” өгсөн мөн тус байгууллагын 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Аудитын газраас сарын өмнө мэдэгдэж хяналт шалгалтыг хийж ХОА2017/162/СТА-ТИ1З дугаараар аудитын гэрчилгээг “Зөрчилгүй санал дүгнэлт” өгсөн нь Байгаль орчин аялал жуулчлалын санхүүгийн үйл ажиллагаа үнэн, зөв явагдаж байгааг илчилж Үндэсний аудитын газрын харьяа Ховд аймгийн Аудитын газар санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн.

Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийдвэрийн 7 дугаар хуудасны дээрээс 12-16 дугаар мөрөнд Засаг даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 35/02/04 тоот удирдамжийн дагуу Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн /хх-1-116-117/ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ...” гэсэнтэй нийцсэн, хууль журмын дагуу хяналт шалгалт явагдсан байна гэж дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж хуульчилсныг ноцтой зөрчиж байгааг анхаараагүй.

Тайлбар 2: Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Б, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нар нотлох баримтыг нуун дарагдуулсныг шүүх хуралд ярьсан боловч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэрэгсээгүйд гомдолтой байна.

Байгаль орчин аялал жуулчлалын газрын “нэмэлт”-ийн харилцахад Сайд Д.О, Засаг дарга Д.Ц-ийн №ЗД-19дугаартай гэрээ, түүнд тулгуурласан Д.Цэвээнравдангийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн захирамж, “Ногоон хөгжил-Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг чадавхжуулах туршлага солилцох сургалт”-ын удирдамж, сургалт явагдсан тайлан 50 гаруй хуудас, хэвлэж гаргасан сэтгүүл, сонин, 160016401 дансаар явагдсан гүйлгээний хуудсууд улаан тамгатай, Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн бүх гүйлгээнд улаан өнгөөр тэмдэг дарсан нотлох баримт ирүүлээгүй нь нотлох баримтыг нуун дарагдуулж “гүтгэсэн” талаар хурал дээр ярьсан боловч энэ талаар хурлын тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Сэтгүүлийн төлбөрийн хүсэлт 160 дугаараар мөнгө “Эхлэл Ховд” ТББ-руу 2015 оны 07 дугаар сарын 31-нд шилжсэн нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвийн санхүүжилтийн 160013001 данс биш нэмэлт санхүүжилтийн 160013401 данснаас гүйлгээ хийгдсэн нь төсвийн мөнгө биш гэдгийг илчилж байхад зөвхөн сэтгүүлтэй холбоотой шаардах, нэхэмжлэх, зарлагын баримт хавсаргасан нь зориуд гүтгэж тавьсан 35/02/28 дугаартай актыг баталгаажуулах арга бөгөөд нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй нь "төсвийн 160013001 данснаас гүйлгээ хийгдээгүй төслийн 160013401 дугаартай данснаас гүйлгээ хийгдсэнийг харагдуулахгүй болгож “...төсвийн үргүй зардлын...” хэмээн гүтгэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд нотлох баримтыг Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын удирдлага болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц ирүүлээгүй.

Тайлбар 3: Төслийн санхүүжилтээр явагдсан үйл ажиллагаа нь төсвийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болох ба улсын төсөв биш гэдгийг удаа дараа ярьсан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүх авч үзээгүйд гомдолтой байна.

Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна гэдгийг заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйл. 18.5 Засгийн газрын тусгай сан нь улсын төсвийн, орон нутгийн тусгай сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж заасан. Засгийн газрын 1998 оны 188 дугаар тогтоолын хавсралт Байгаль хамгаалах сан байгуулах зарцуулах тухай журмын 2. Сан нь улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж түүний орлого, зарлагын төсвийн төсөл, төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайланд тусгагдана гэж заасанчлан Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэмэлтийн 160013401 дугаартай данс нь тухайн байгууллагын төслийн үйл ажиллагааг илэрхийлж, тайлан тооцоо хавсралт байдлаар гарсан.

Ховд аймгийн Засаг дарга Д.Ц-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 343 дугаартай захирамжаар гарсан төслийн мөнгөнд тухайн үед Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л  би менежмент хийж нэмэлтийн 160013401 данснаас 2105000 төгрөгт сэтгүүл хэвлүүлэх гэсэн боловч “хүндэтгэлийн хүлээн авалт” төлөвлөөгүй байтал гэнэт зохион байгуулагдах шаардлагатай болсон учраас хэвлэх сэтгүүлийг цөөрүүлж 30 ширхэг болгоод 240000 төгрөгөөр “Байгаль орчин аялал жуулчлалын газар” нэртэй сэтгүүлийг хэвлүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгөнд “хүндэтгэлийн зоог барих” ажиллагаа зохион байгуулагдсан нь улсын төсвийн мөнгийг “үргүй” зарцуулсан хэрэг биш бөгөөд төслийн үйл ажиллагаанд зарцуулагдсан мөнгийг Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвийн санхүүжилтийн 160013001 дансанд бүртгэж авах эрхгүй.

Төсвийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйл. 4.5.“төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлнэ гэж хуульчилсан нь Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Улсын төсвөөс санхүүждэг үндсэн санхүүжилтийн 160013001 дугаартай төсвийн данстай түүнд “Байгаль орчин аялал жуулчлалын газар” сэтгүүл хэвлэхтэй холбоотой мөнгө суугаагүй учир 160013001 данснаас сэтгүүлтэй холбоотой зарлага гараагүй байхад санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц “...төсвийн мөнгийг үргүй зарцуулсан...” хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвийн 160013001 данснаас мөнгө гараагүй байхад акт тавьсан нь “гүтгэлэг” бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны 95 дугаартай тушаалын хавсралт Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын Гурав. Акт тогтоох үндэслэл, түүний бүтэц 3.1,3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.2 Акт толгойн, агуулгын, тогтоох, баталгаажуулах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4-д заасан зүйл, хэсэг, заалт зөрчигдсөн.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.О, Ховд аймгийн Засаг дарга байсан Д.Ц-ийн № ЗД-19 гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 03-нд гарын үсэг зурсны дагуу Ховд аймгийн Засаг дарга Д.Ц-ийн 2015 оны 07дугаар сарын 23-нд А/343 дугаартай захирамжаар Засгийн газрын 1998 оны 188 дугаар тогтоолын хавсралт Байгаль хамгаалах сангаас 6000000 төгрөг гаргаж Монгол Улсын Байгаль орчны чиглэлийн ажилтанд сургалт зохион байгуулсныг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарласан нь хурлын тэмдэглэл, шийдвэрт тусгагдаагүй байгаа бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид анхаарч авч үзээгүйд гомдолтой байна.

Тайлбар 4: Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц тавьсан актыг З.Л , Б.Б т тайлбар, мэдэгдэл өгөөгүй харин Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбатад дамжуулсан нь хууль бус байгааг ярьсныг шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрт тусгаагүй байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь З.Л , Б.Б  нарт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана. 5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал 5.9.2. улсын байцаагчийн санал, дүгнэлт 5.9.3. шалгуулагч этгээдийн санал, хүсэлт гэж заасанчлан бидэнд огт мэдэгдээгүй, тайлбарлаагүйгээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх... Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М-д “акт” дамжуулж байгаа нь хууль бус байсан. Мөн улсын байцаагч Ж.Ц Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2016 оны санхүүг шалгах удирдамжаар 2015 оны нэмэлтийн харилцахад акт тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж хуульчилсныг ноцтой зөрчсөн байхад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийдвэрийн 7 дугаар хуудасны дээрээс 17-19 дүгээр мөрөнд “5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэсэнтэй нийцсэн, хууль журмын дагуу хяналт шалгалт явагдсан байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид тэнцвэртэй ажиллаж, шударга шийдвэр гаргаагүйг илтгэж байна.

Тайлбар 5: Төсвийн хуулийн алдаа гаргаагүй байхад хуулийн заалтыг зориуд буруу сонгож, гэмт хэрэгт түлхсэн талаар шүүх хуралд ярьсан нь хурлын тэмдэглэл, шийдвэрт тусгагдаагүй байгаад гомдолтой байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц 35/02/28 дугаартай актаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвийн 160013001-ээс сэтгүүлд зориулж “үргүй зардал”-ын мөнгө гараагүй байхад Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7-г тайлбарлах шаардлагагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтыг хэрэглэхээргүй байхад хэрэглэсэн нь хууль бус тэгээд ч 2015 оны шинэчилсэн найруулгаар хасагдсан заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасанчлан хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, 47.2. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна заасанчлан хууль бус байна.

Тайлбар 6: Акт тогтоож хууль бусаар төлбөрийг хийлгүүлсэн нь хууль бус байгааг шүүх хуралдаанд ярьсан боловч 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрт тусгаагүйд гомдолтой байна. З.Л  намайг тэтгэвэр тогтоолгож, аваагүй байхад Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 10. Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно журмыг зөрчиж, Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ж.Ц-ийн  даалгасны дагуу Санхүүгийн хяналт аудитын албаны 100160051411 тоот дансанд 2105000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 06-нд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, нягтлан бодогч Г.Чанцалдулам нар шилжүүлсэн нь хууль бус бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0103 магадлалыг үл тоомсорлож мөнгө шилжүүлсэн нь хууль бус байсан.

Хоёрдугаарт: Шатахууны үнэ төлүүлэх актын тухайд.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай Шатахууны үнэ төлүүлэх тухай акт нь “гүтгэлэг” болохыг доорх тайлбараар баталж байна. Үүнд: “ ..Шалгалтаар 2016 оны шатахууны тооцоог тулган шалгахад 1126 км буюу 200 литр шатахуун “зарлагдаж” (зарлагадаж гэдгийг алдаж бичсэн ) Ховд аймгийн Дөргөн суманд явсан нь байгууллагын болон байцаагч жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй болох нь нотлогдож байгаа нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг зөрчиж байна. Иймд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтыг үндэслэн тогтоох нь: Албаны бус хувийн ажилд явсан шатахууны зардал болох үргүй зардлын 351610 төгрөгийг дарга З.Л гээр төлүүлж...” хэмээн “гүтгэж” байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тайлбар 1: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд З.Л  би 2017 оны 10 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын санхүүгийн үйл ажиллагааг шалгахдаа нярав, жолооч О.Баттөрд зааж бичүүлэн намайг Ховд аймгийн Дөргөн сум руу 14 удаа хувийн ажлаар явсан, бензин хувьдаа ашигласан хэмээн гүтгэснийг тодруулж О.Баттөрөөс байцаалт авна уу хэмээн хүссэн.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Сонинболор Гэрчийн мэдүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0950 минутад шүүхийн 214 номерын өрөөнд авснаар гэрч О.Баттөрийн мэдүүлгийн 2 дугаар хуудасны дээрээс 20-23 дугаар мөрөнд ...Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь тайлбар бичиж өг гэсэн. Тэгэхээр нь би:- Юу гэж бичиж өгөх ёстой юм бэ? гэхэд Дөргөн сум руу ямар ажлаар явсан тэгж бичиж өг гэсэн. Тэгээд зааж өгсний дагуу тайлбарыг бичиж өгсөн гэж мэдүүлсэн байдаг бөгөөд миний өгсөн мэдүүлэг “Үнэн” гэснээр мэдүүлгийг 20 минутад дуусгаж ерөнхий шүүгч Г.Сонинболор, гэрч О.Баттөр, тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах М.Мянганбаяр гарын үсэг зурснаар баталгаажсан байдаг.

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нярав, жолооч О.Баттөрийн тайлбар, тодруулга бичсэн гарын үсэг зурсан хуудас нь түүний бичилт боловч, хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц зааж өгч бичүүлсэн нь 4 зүйлээр нотлогдож байна.

Нэг: Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам нь үндсэн чиг үүргийн яам учир хяналтын байцаагч ажилладаггүй харин бодлого боловсруулах мэргэжилтэн ажилладаг. Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 4 жил жолоочоор ажилласан О.Баттөр байцаагч биш мэргэжилтэн ажилладгийг сайн мэдэж, мэргэжилтэн гэж ярьж, бичиж, хэрэглээ болсон атал О.Баттөрийн бичсэн “Тайлбар, тодруулга”-д 3 дугаар мөр, 9 дүгээр мөрөнд “байцаагч” гэж бичигдсэн нь Ж.Ж.Ц-ийн  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар актын 1 хуудасны 13 дугаар мөр, 2 дугаар хуудасны 1 дүгээр хүснэгтийн 3 дугаар мөр, 2 дугаар хүснэгтийн 3 дугаар мөр, 3 дугаар хүснэгтийн 3 дугаар мөр, 4 дүгээр хүснэгтийн 3 дугаар мөрөнд бичигдэж, хэрэглэгдсэн “байцаагч” үгтэй ижил байгаа нь “байцаагч” үгийг хэрэглэж заншсан Ж.Ж.Ц-ийн  үйлдэл буюу О.Баттөрд зааж бичүүлсэн нь нотлогдож байна. Учир нь Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт “байцаагч” статустай ажилтан байдаггүй.

Хоёр: Байгаль орчин аялал жуулчлалын газрын нярав, жолооч О.Баттөрийн бичиж өгсөн нотлох баримт нь он сар өдөр бичигдээгүй бөгөөд тайлбар тодруулгад 2 дугаар мөрөнд бичигдсэн Дөргөн суманд 14, 4 дүгээр мөрөнд бичигдсэн 10 удаагийн явалт нь Дөргөн сумын “Хөх эргийн аараг” гэж бичигдсэн нь засвартай байгаагийн зэрэгцээ Дөргөн суманд 14 удаа, Дөргөн сумын “хөх эргийн аарагт” 10 удаа ерөөс яваагүй байхад “гүтгэж” байгаа нь зориуд З.Л  намайг буруутан болгож, нэг сум руу олон удаа явсан мэтээр харагдуулах гэсэн башир арга төдийгүй Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олонд 2017 оны 03 дугаар сарын 10-нд шалгалтын тайлангийн хурал хийхдээ “Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийг 2016 оны 1 дүгээр сарын 23, 24, 25-нд 3 хоног, 7 дугаар сарын 18, 19-нд даргын хамт мэргэжилтнүүд Дөргөн сумын хөх эргийн аараг руу 2 хоног явсан мэтээр худал мэдээ” өгсөн нь тэднийг эргэлзүүлэн улмаар З.Л  намайг худал мэдээ бичсэн мэт ойлгуулсан нь үнэн хэрэгтээ Ж.Ц зааж өгч О.Баттөрөөр худал бичүүлээд З.Л  намайг Дөргөн сум руу 14 удаа, Дөргөн сумын Хөх эргийн аараг руу 10 удаа явсан мэт “гүтгэж” бичээд акт тавьсан нь хуульд нийцэхгүй байна.

Дөргөн сумын “Хөх эргийн аарагт” жилийн туршид 1 удаа очихдоо Ховд аймгийн Хар ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын албаны харьяа Дөргөн сумын байгаль орчны чиглэлийн байцаагчтай очиж иргэдэд сурталчилгаа хийсэн гэдгийг жолооч, ч нярав О.Баттөр өөрөө мэдсээр байж санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ж.Ц-ийн  зааж өгснөөр 10 удаа Дөргөн сумын хөх эргийн аараг явсан мэт худал тайлбар бичиж “нотлох баримт” болгосон нь хуульд нийцэхгүй.

Байгаль орчин аялал жуулчлалын газрын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүнгийн хуралдаанд тайлан тавьж, дарга, мэргэжилтнүүд хамтдаа загасны хяналт, ашигт малтмалын ажлаар олон удаа Дөргөн сум руу явсан мэт материал бүрдүүлж асууж мэргэжилтнүүдийг төөрөлдүүлж улмаар З.Л  байнга хөдөө хувийн ажлаар явдаг мэт ойлголт өгсөнд гомдож байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ж.Ц-ийн  зааж бичүүлсэн нотлох баримтад тулгуурлан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “гүтгэж” тавьсан актын дээрээс 11-13 дугаар мөрөнд 1126 км буюу 200 литр шатахуун зарлагдаж, Ховд аймгийн Дөргөн суманд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй болох нь нотлогдож байгаа нь гэсэн нь жолооч, нярав О.Баттөрд зааж “гүтгэж” бичүүлсэн нь Ховд аймгийн Дөргөн суманд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар батлагдах үндэслэлгүй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газрын жолооч О.Баттөр. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн худал бичилт, гүтгэлэг, мэдүүлэг, яриа нь ижил болж З.Л  намайг гүтгэж Ховд, Увс аймгийн Захиргааны хэргийн шүүгчид түүнд нь итгэж намайг буруутгасан нь тэнцвэртэй хандаж чадаагүйг илэрхийлдэг.

Гурав: Дөргөн сум руу 10 удаагийн явалтын 7 удаагийн явалт нь байцаагчийн тайлан болон байгууллагын 2016 оны тайлангаар нотлогдож байгаа нь үнэн болно гэж бичсэн нь огт худлаа өгүүлбэр байна. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь Ховд аймгийн Дөргөн сум руу олон давталттай явсан мэт баримтыг жолоочид зааж бичүүлээд улмаар “гэрч” жолооч, нярав О.Баттөрийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэг байсаар байтал он сар өдөргүй, засвартай Ж.Ж.Ц-ийн  зааж бичүүлсэн нотлох баримтад тулгуурлан шүүхийн шийдвэр гарсан нь хууль бус.

Дөрөв: Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын нярав, жолооч О.Баттөрд зааж бичүүлээд улмаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргах эрхгүй юм. Тэгээд 2015 оны Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 70 дугаар зүйлийн 70.5 дугаар заалт гэж байхгүй байхад 2017 оны 03 дугаар сарын 06-нд 2011 оны төсвийн тухай хуулиар “акт” тавих эрхгүй.

Тав: Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц шатахууны үнэ төлүүлэх тухай 35/02/27 дугаартай акт, сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай 35/02/28 актад төсвийн “үргүй зардал”-ын гэсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл. Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрхийг 16.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16.5.5 батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах заалтыг авсан нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсөвт Сайд, Засаг даргын №19 гэрээ, 3асаг даргын А/343 дугаартай захирамжтай холбоотой “сэтгүүл”-ийн мөнгө сууж батлагдаагүйгээс төсвөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй. З.Л  би нэмэлтийн 160013401 харилцахаас менежмент хийж 240000 төгрөгт 30 ш сэтгүүл хэвлүүлсэн. Төсвийн тухай хууль түүнтэй холбоотой ямар ч зөрчил үүсээгүй байхад тухайн заалтыг авсан нь зориуд “гүтгэж” буруутгах ”хэрэгсэл” болгосон нь шударга биш хуульд нийцээгүй үйлдэл учир Захиргааны хэргийн давж заалдах шатнаас хуульд нийцсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.11-ны өдрийн 38 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэр гаргасан.

Нэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Нэхэмжлэгч шүүхэд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017.03.06-ны өдрийн 35/02/27 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 35/02/28 тоот “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017.03.06-ны өдрийн 35/02/29 тоот “Номын үнэ төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.09-ний өдрийн 87 тоот “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 35/02/28 тоот “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай”, 35/02/29 тоот ‘Номын үнэ төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгээд 2017.03.06-ны өдрийн 35/02/27 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын талаар огт дурдаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байтал ямар үндэслэлээр яагаад 35/02/27 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актыг хассанаа тодорхойлолгүйгээр 35/02/28 тоот “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актад хэрэг үүсгэсэн. Мөн татгалзсан шаардлага болох 35/02/29 тоот “Номын үнэ төлүүлэх тухай” актад Захиргааны хэрэг үүсгэсэн. Ийм байтлаа татгалзсан шаардлагыг баталж хэрэгсэхгүй болгоод, харин хассан Шатахууны үнэ төлүүлэх тухай шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.

Хоёр. Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай актын талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй талаар мэтгэлцсэн. Гэтэл шүүх “...дотоод аудитын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулсан байх тул ...сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй... гэж дүгнэсэн. Үүнийг ойлгоогүй. Тухайлсан хуулиар Дотоод аудитын албаны дүрмийг ЗГ батална гэж заасан болохоос дотоод аудитын үйл ажиллагааг тэр тухайлсан хуулиар хуульчилж өгөөгүй. Нөгөө талаар сонсох ажиллагаа хийхгүй байх шалтгааныг Захиргааны ерөнхий хуулийн 28-р зүйлд хуульчилж өгсөн бөгөөд 28.2-д зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа Захиргааны байгууллага нотлох үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн. Энэ үүргээ хариуцагч тал нотлоогүй. Тиймээс хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй.

Төсвийн тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орж, 70-р зүйл хүчингүй болсон байдаг. Уг хуулийн өөрчлөлтийг хэзээнээс эхэлж мөрдөх талаар хуульд тусгаж өгөөгүй. Гэтэл Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөхөөр хуульд тусгаагүй, үүнийг олж харж чадаагүй. 2105000 төгрөгийг бэлнээр болон дансны аргаар нэхэмжлэгч нарыг авсан гэх нотолгоо байхгүй байхад шүүх үүнийг зөвтгөж дүгнэлт хийгээгүй. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ж.Ц-ийн  хяналт шалгалт явуулсан гэх Ховд аймгийн Засаг даргын баталсан 2017.01.18-ны өдрийн 35-02-04 тоот удирдамж нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Дотоод аудитын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ‘Төсвийн ерөнхийлөн захирагч нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын нэгжтэй байна гэж заасныг үндэслэн албан бланк ашиглаж, албажуулж, үйл ажиллагаа нь явагдах ёстой. Энэ бол төрийн ажил байтал албаны баримт бичиг байх утгаа алдсан, гарын үсэг ч баталгаагүй. Мөн ...2017 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу....гэж заасан боловч уг төлөвлөгөөг тусгаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан “Хяналт шалгалт хийх тухай” 2017.04.10-ны 35/04/08 тоот нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба Хяналт шалгалтын удирдамж гэсэн албан бланк дээр гарсан байх ба Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга Б.Нармандах гарын үсэг зурж баталгаажуулсан нь Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-г ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хууль бус бланк /Хяналт шалгалтын удирдамж гэх/ хууль бус хүн гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн, хавсралтыг нь аймгийн Засаг дарга баталсан байх ба хавсралтад заасан хугацаа энэ шалгалтын хугацаатай зөрүүтэй байгаа.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017.03.06-ны өдрийн 35/02/28 тоот ‘Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шаардлагуудыг хангаагүй, 47.1.7-д дурдсан захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт гэж үзэж байна. Мөн 40.2.3-д заасан заалтыг зохих ёсоор хангаагүй, хууль бус акт бөгөөд 40.2.5, 43.1-д заасан заалтыг зөрчсөн болно.

Гурав “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын талаар:

Шүүх хэрэг үүсгэсэн захирамждаа энэ актын талаар тусгаагүй байж хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа хийсэн нь процесс зөрчсөн тул дэлгэрэнгүй тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ. Гэхдээ шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Дөргөн сум руу 4 удаа явсан гэх үйл баримтад З.Л явсан ч яваагүй ч шатахууныг өөртөө ашигласан гэж үзэж акт тавьсан нь үндэслэлгүй. 2 удаад нь явсан 2 удаад нь яваагүй гэж нотлогддог. Яваагүй л бол явсан мэтээр баримт үйлдээд шатахууныг нь Лхамхүүг ашигласан гэж үзсэнийг ойлгоогүй. Лхамхүү яваагүй ч албан хаагч мэргэжилтнүүд нь албан ажлаар явсан гэдгийг жолооч болон гэрчүүд нотолсон байхад хүчээр Лхамхүүд өр төлбөр болгож тулгаж байгаа нь илт харагдаж байна. Захиргааны хэрэг үүсгэх захирамжаа зөв гаргаж чаддаггүй шүүхийг хүний хувь заяаг шийдэж, хэрэг зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэхгүй байгааг энэ дашрамд дурдъя. Өмнө нь мөн хэрэг үүсгэсэн захирамжаас болж шийдвэр хүчингүй болсон болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.11-ны өдрийн 38 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 35/02/27 дугаар, “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” 35/02/28 дугаар, “Номны үнэ төлүүлэх тухай” 35/02/29 дүгээр актуудаар “...төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.Л, Б.Б  нарт нийт 4 105 000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч, “...хариуцагч улсын байцаагч хяналт, шалгалт хийхдээ бидэнд мэдэгдэхгүйгээр акт тогтоосон, шатахууны үнэ төлүүлэх акт нь баримтад үндэслээгүй, миний бие Дөргөн сум руу яваагүй нь үнэн бөгөөд хариуцагчаас тус сум руу явсан нь нотлогдохгүй байна гэж үзсэн хэрнээ шатахууны үнийг төлүүлэхээр акт тогтоосон нь хууль бус, сэтгүүлийн үнэ төлүүлэх актын тухайд, тус хөрөнгийг Байгаль хамгаалах сангаас гаргасан хөрөнгө бөгөөд энэхүү хөрөнгийг зарцуулах, хяналт тавих эрх надад байхгүй, тус мөнгийг бүхэлд нь зохион байгуулагдсан сургалтын арга хэмжээнд зарцуулсан” гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн “Номны үнэ төлүүлэх тухай” 35/02/29 дүгээр актыг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсан байна.

Анхан шатны шүүхээс “...анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасан тул нэхэмжлэгч З.Л  нь Дөргөн сум руу яваагүй байсан ч өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй, ...сэтгүүл хэвлүүлээд үлдсэн 1 638 500 төгрөгийг бэлнээр авч сургалтын арга хэмжээний хүлээн авалтын архи, чихэр, жимсэнд зарцуулсан, уг 1 638 500 төгрөгийг байгууллагын дансанд буцааж бүртгээгүй, ...зориулалтын дагуу ашиглаагүй 1 638 500 төгрөгийг байгууллагын төсвийг зарцуулах эрх бүхий этгээд болох дарга З.Л, нягтлан бодогч Б.Б  нар хариуцах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь:

1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар актын тухайд,

Хариуцагч улсын байцаагч нь 2016 оны 02 дугаар сарын 22-24, 04 дүгээр сарын 26-27, 29, 07 дугаар сарын 18-ний өдрүүдэд нэхэмжлэгч З.Л-г албаны бус хувийн ажлаар Дөргөн сум руу явсан болох нь “...байгууллагын болон байцаагч, жолоочийн тайлангаар” нотлогдож байна гэж үзэн акт тогтоосон, харин нэхэмжлэгчээс 04 дүгээр сарын 26-27, 29-ний өдрөөс бусад өдрүүдэд Дөргөн сум руу яваагүй, 02 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах ажилд оролцсон, 07 дугаар сарын 18-ны өдөр “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлсэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн зохицуулагчийг тодруулах ажилд оролцсон, Дөргөн сум руу яваагүй гэдгээ шүүхэд тайлбарлан маргаж, удаа дараа тайлбар өгсөөр байхад шүүх энэ талаар шалгаж тодруулаагүй, нотлох үүргээ гүйцэд биелүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлд бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий актаар нэхэмжлэгч З.Л г “...албаны бус хувийн ажлаар Дөргөн сум руу явсан болох нь байгууллагын болон байцаагч, жолоочийн тайлангаар нотлогдсон” гэх үндэслэлээр түүнд шатахууны үнэ төлүүлэхээр акт тогтоосон байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч З.Л г тухайн өдрүүдэд дээрх сургалт, төслийн зохицуулагч шалгаруулах ажилд оролцсон эсэх баримтыг цуглуулж, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг буруутгаж буй Дөргөн сум руу хувийн ажлаар төсвийн шатахуун зарцуулан явсан эсэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Мөн актад “...байгууллагын болон байцаагч, жолоочийн тайлангаар нотлогдсон” хэмээн дурдсан байтал байгууллагын болон байцаагчийн тайланг хэрэгт хавсаргаагүй байх тул актын үндэслэлийг бүрэн хянах боломжгүй юм. Захиргааны хэргийн шүүх нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянах бөгөөд уг актаар нэхэмжлэгч З.Л г “...хувийн ажлаар Дөргөн сум руу явсан” гэх үндэслэлээр төлбөр тогтоосон болохыг анхаарах нь зүйтэй.

 

2. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаар актын тухайд,

Анхан шатны шүүхээс “...зориулалтын дагуу ашиглаагүй 1 638 500 төгрөгийг байгууллагын төсвийг зарцуулах эрх бүхий этгээд болох дарга З.Л , нягтлан бодогч Б.Б  нар хариуцах нь зүйтэй” гэж дүгнэсэн боловч энэ талаарх баримтыг хангалттай цуглуулаагүй байна.

Маргаан бүхий дээрх актыг хуульд нийцсэн эсэхийг хянахад Байгаль хамгаалах сангийн хөрөнгө нь ямар үйл ажиллагаанд, хэрхэн зарцуулахаар журамлагдсан, “төсвийн хөрөнгө”-нд хамаарах эсэх, энэхүү сангийн хөрөнгийг зарцуулах эрх бүхий субъект хэн болох, тухайн сангийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдсан бол хариуцлага хүлээх этгээд нь нэхэмжлэгч З.Л  мөн эсэхийг шалгах шаардлагатай.

Учир нь Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/343 дугаар захирамжаар “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хурал зөвлөгөөн”-ийг аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулахад зориулан 6 000 000 төгрөгийг аймгийн байгаль хамгаалах сангаас зарцуулахаар шийдвэрлэсэн байх боловч дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулах задаргаа буюу ямар үйл ажиллагаанд хэдэн төгрөгийг ямар байдлаар зарцуулахаар төсөвлөсөн нь тодорхойгүй, тодруулбал сургалт зохион байгуулахад зарцуулах хөрөнгөөс 300 ширхэг сэтгүүл хэвлүүлэхээр төлөвлөгдсөн эсэх, “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хурал зөвлөгөөн”-ийг зохион байгуулахад хүлээн авалтын арга хэмжээний гэх зардал тусгагдсан болон аймгийн Засаг даргаас уг зөвшөөрлийг өгсөн эсэх талаар тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж бичсээр байхад анхан шатны шүүхээс удаа дараа хэргийг шийдвэрлэхдээ бүрэн дүгнэлт хийдэггүй, тэдгээр үндэслэлийг ямар учраас хүлээн авах боломжгүй байгаа нь тодорхойгүй байна...” гэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд бүрэн дүгнэлт хийгээгүйн улмаас тухайн үндэслэл нь ямар учраас, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан үгүйсгэгдэж байгаа нь тодорхойгүй үлдсэн гэж үзэхээр байгааг анхаарвал зохино.

Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар захирамж нь хоёр өөр байдлаар гарсан болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                     

            ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

 

            ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН