Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 211

 

“Э г г” ХХК-ийн гомдолтой,

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн

 татварын хяналт шалгалтын тасгийн

татварын улсын байцаагч Г.М,

Э.Ж нарт холбогдох зөрчлийн

 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             М.Батсуурь,

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаар магадлалтай,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.5 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э г г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Э.Ж нарын тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №1102201814 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.4, 20.2.9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, Э.Ж нарын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Э г г” ХХК-ийн гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М-гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.2-т заасан татварын албаны чиг үүрэг, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасан татварын албаны бүрэн эрх болон 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу татварын хяналт, шалгалтын дүнд үйлдэх баримт бичигт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “шийтгэлийн хуудас” хамаарахгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр “зөрчил” гэж тодорхойлсон татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу шийтгэл ногдуулах бөгөөд ингэхдээ тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба татварын харилцаанд хэрэгжүүлж буй татварын хяналт шалгалтын чиг үүрэгт бус татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд шийтгэл ногдуулж буй акт нь шийтгэлийн хуудас юм.

4. Мөн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос “захиргааны шийтгэл” биш гэдгийг анхаарч үзнэ үү.

5. Магадлалын үндэслэл нь “...363,636,363,64 төгрөгийн барилгын материал худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварт 36,363,636 төгрөг төлсөн гэх бичилт хийсэн падаан нь хий бичилттэй, хуурамч болох нь Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 10/д30/827 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол зэргээр тогтоогдож байна гэж үзсэн.

6. “Э г г” ХХК зөрчил үйлдсэн эсэхийг Татварын ерөнхий газрын албан бичиг, прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны албан тоотоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Эдгээр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсан талаарх мэдээлэл өгөх боловч эцсийн байдлаар зөрчил үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох, тогтоох баримтууд биш юм. Гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоолд үндэслэн зөрчилд холбогдогч зөрчил үйлдсэн талаар хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчил үйлдсэн нь илэрхий гэж үзэх нь хууль ёсны байх зарчимд үл нийцнэ.

7. Мөн гомдол гаргагч өөрийн зөрчил үйлдээгүй талаар үгүйсгээгүй, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэх үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх дурдсан. Үүнийг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Гомдол гаргагч “Э г г” ХХК өөрийн зөрчил үйлдээгүй талаар нотлох үүрэггүй. Хуульд зааснаар татварын улсын байцаагч актынхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх явцдаа хууль зөрчсөн тул анхан шатны шүүх үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй.

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бөгөөд хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, үйлдсэн зөрчил нь баримтаар тогтоогдож, холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдлуудад, зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл ногдуулахыг ойлгоно.

9. Гэтэл татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны 07/778 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10аЗ/827 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолыг үндэслэн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

10. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хууль бус гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруутгах боломжгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын хувьд хуулиар тогтоосон журамд нийцэхээс гадна эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хуульд заасан журмын дагуу, нотлох баримтаар шалган тогтоосноор шийтгэлийн хуудас хууль ёсны байх үндэслэл болно.

11. Давж заалдах шатны шүүх “Э г г” ХХК-ийн нягтлан Х.Д-г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компанийн нягтлан Х.Догоог тус ажиллагаанд оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбарласан.

12. Мөн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал. тогтоолд дурдагдаагүй боловч гомдол гарагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаануудад гаргасан тайлбарыг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь “Хэрвээ Эрдэнийн гүн говь ХХК шийтгэлийн хуудсанд заасанчлан 2015 оны 12 сард 363,636,363 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, энэ зорилгоор хуурамч баримт үйлдсэн, худал тайлагнасан гэж үзвэл энэ нь эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн шинжгүй бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж заасан. Үүнийг эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээхгүй гэж ойлгох ёстой. Иймд зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй” гэх тайлбар байсан.

13. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь 24,000,000 төгрөгөөс дээш, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан хэрэг нь 50,000,000 төгрөгөөс /50,000 нэгж/ дээш хэмжээний татвар ногдох орлого нуун дарагдуулснаар гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

14. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны агуулгаас үзэхэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дурдаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь нэг төрлийн зөрчлүүдийг хоёр өөр хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгах, цаашдаа буруу жишиг тогтоох нөхцөл байдал үүсгэж байгааг анхаарч үзнэ үү.

15. Манай улсад өрнөсөн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн болон захиргаа, зөрчлийн хэрэг шийдвэрлэх хуулиудыг шинээр баталсан. Үүний үндсэн зорилгын нэг нь нэг төрлийн зөрчлүүдийг үзэмж, хууль хэрэглээний ур чадвараас хамааран хоёр өөр процессын хуулиар шийдвэрлэж болох хийдлийг арилгах, эрх тэгш байдлыг хангах явдал байсан.

16. Иймээс татварын улсын байцаагчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болох мэдээллийг зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Өмнөговь аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Жавхлан нарын гаргасан 2018 оны 03 сарын 20-ны өдрийн №1102201814 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

17. Дээрх байдлаар давж заалдах шатны»шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”; мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015 оны) хуулийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;” гэж тус тус зааснаар худалдан авагч буюу албан татвар суутган төлөгч нь худалдагч (нийлүүлэгч)-ид албан татвар төлснөө зөвхөн НӨАТ-ын падаанаар бус, мөн гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотолж гэмээ нь уг албан татварыг хасалт хийх учиртай.

19. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Жавхлан нар нь “Э г г” ХХК-ийн үйл ажиллагааны 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн; уг хяналт шалгалтаар гомдол гаргагч нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0018954487 дугаартай, 363,636,363.64 төгрөгийн барилгын материал худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварт 36,363,636 төгрөг төлсөн гэх падаан нь хий бичилттэй, хуурамч болох нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны 10/д30/827 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол зэргээр тогтоогдсон; зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон “Э г г” ХХК-ийн нягтлан бодогч Х.Догоогийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгээр уг бараа материалыг худалдан авсан талаар аж ахуйн нэгжийн холбогдох бүртгэлд тусгаагүй, энэ талаар баримтгүй, зөрчил үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрчээ.

20. Тиймээс дээрх баримтыг үндэслэн байцаагч нараас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчиж, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 36,363,636.36 төгрөгийн нөхөн татвар, 10,909,090.91 төгрөгийн торгууль, 14,527,272.73 төгрөгийн алданги ногдуулсан нь хуульд нийцжээ

21. Гомдол гаргагчаас “... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу ...” гэж маргах боловч гомдол гаргагч компаний нягтлан бодогчоос дээрх байдлаар зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн[1]; Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд дурдсанаар “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь 2012, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184,217,012,097 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр НАӨТ-ын цахим шивэлт хийсний дотор гомдол гаргагчийн дээрх падаан хамрагдсан; тухайн ажил гүйлгээг бодитой хийсэн буюу барилгын ямар материал, хичнээн хэмжээтэй худалдан авсан, энэхүү худалдан авалтдаа НӨАТ төлсөн талаар “Э г г” ХХК нотлох баримтаа гаргаж маргаагүй, анхан шатны шүүхэд (боломж байтал) ирүүлээгүй байх тул татварын улсын байцаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасныг үндэслэн “хялбаршуулсан журмаар” шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, дээрх гомдол няцаагдаж байна.

22. Мөн, хэдийгээр татварын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанийн захирлыг оролцуулаагүй боловч татварын хяналт шалгалтын ажиллагаанд компанийн нягтлан бодогч Х.Догоог оролцуулсныг давж заалдах шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.4, 20.2.9-д тус тус заасан чиг үүрэгтэй холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчөөгүй талаар зөв тайлбарласан байх тул “... тус компанийн нягтлан Х.Догоог тус ажиллагаанд оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

23. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй атлаа “байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэгжүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй” гэх зэргээр дүгнэлт хийж, улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

24. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ

 ШҮҮГЧ                                                                 М.БАТСУУРЬ

 


[1] Хавтаст хэргийн 22 дахь тал