| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0471/Э |
| Дугаар | 493 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Ц.Энхтайван/ өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Энхтайванд холбогдох эрүүгийн 1811013020513 дугаартай хэргийг 2018 оны 6 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Баяд овогт Цэнд-Аюушийн Энхтайван, 1979 оны 03 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Тэйд Констракшн” ХХК-д барилгын инженер ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамж 491 тоотод оршин суудаг, урьд 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 22.590.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧС79033073/
Шүүгдэгч Ц.Энхтайван нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 19 дүгээр гудамжинд хохирогч Б.Баяртай “дүүтэй хамт архи уулаа” гэж маргалдсаны, улмаас чулуу шидэж, түүний биед зүүн атгаал ясны сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энхтайван мэдүүлэхдээ:. “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв..” гэв.
Хохирогч Б.Баярын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-8-9/, шүүгдэгч Ц.Энхтайваны гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-10,17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ¹5355 дугаар дүгнэлт /хх-12/, Ц.Энхтайваны иргэний үнэмлэхний лавлагаа /хх-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-23/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Энхтайван нь 2018 оны 04 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 19 дүгээр гудамжинд хохирогч Б.Баяртай “дүүтэй хамт архи уулаа” гэж маргалдсаны, улмаас чулуу шидэж, түүний биед зүүн атгаал ясны сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Баяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-8/: “..2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд би Гантулга, Энхүүш гээд найз нарынхаа хамт Гантулгын гэрт архи уугаад сууж байтал гаднаас Гантулгын төрсөн ах Энхтайван ороод ирсэн. Тухайн үед Гантулга 2 хоног ажлаа тасалчихсан байсан юм байна лээ. Тэгээд Энхтайван ах орж ирээд бид нарыг нэг, нэг удаа өшиглөж аваад Гантулгыг ажлаа хийсэнгүй гээд загнасан. Тэгээд намайг гар гээд хөөсөн. Тэгээд би Гантулгын гэрээс гараад гудамжинд зогсож байтал Энхтайван ах Гантулгын гэрээс гарч ирээд над руу чулуу шидчихсэн чинь миний зүүн гарын тохой орчимд оносон. Тэгээд Энхтайван ах машиндаа суугаад яваад өгсөн. Би эхнэрийг ирэхээр нь гэмтэлд очтол хугарсан байсан гэсэн..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-17/ “..Би өөрийн төрсөн дүү Гантулгатай хамт ажилладаг юм. Дүү маань хэд хоног ажилдаа ирэхгүй байсан болохоор нь би гэр нь болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 19-306 тоотод очтол дүү маань Баяр болон бас нэг залуугийн хамт гэртээ архи уугаад сууж байсан. Тэгээд би уурлаад Баярыг хөөгөөд гаргасан. Тэгээд Гантулгыг загначихсан ажил руугаа явах гэтэл Баяраа хашааны үүдэнд зогсоод явахгүй болохоор нь яв гээд чулуу шидчихсэн чинь зүүн гарын тохой хэсэгт нь оносон. Тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №5355 дугаар дүгнэлтэд :/хх-12/ “..1. Б.Баярын биед зүүн атгаал сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт, Ц.Энхтайваны гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-17/ “..Би хохирогч Б.Баярын зүүн гарын тохой орчимд нь чулуу шидсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Баярын хохирлыг барагдуулсан байгаа өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна ..”гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид уг гэмтэлийг учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5355 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Баярд учирсан гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Энхтайван дээрх байдлаар хохирогч Б.Баярд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Энхтайванд хүний эрүүл хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Энхтайваныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Баяр нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Энхтайван нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй ,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баяд овогт Цэнд-Аюушийн Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхтайваныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхтайван нь уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Энхтайван нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Энхтайван нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Ц.Энхтайванд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхтайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР