| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/00735/И |
| Дугаар | 192/ШШ2025/10438 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/10438
2025 12 04 192/ШШ2025/10438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, 10 давхарт байрлах “Таван богд фүүдс пицца” ХХК (РД:5803403)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, 701 тоотод байрлах “Прологсолюшн” ХХК (РД:5638062)-нд холбогдох
Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210,275,224 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Зуучлалын хөлс 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ, Б.Жүгдэрдорж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210,275,224 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажилласан. Уг гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс (цаашид гэх)-ын Шанхай хотод байрлах Shanghai Jielong Industry group Co Itd компаниас 2022 оны 06 дугаар сард нийт 59,875.56 ам.долларын үнэ бүхий пиццаны хайрцгийг захиалсан захиалгыг хариуцагч компани нь Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлэн бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч тухайн ачаа нь өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй, бид ачаагаа авч чадаагүй, бид өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өөр нийлүүлэгч хайх, зардал гаргасаар байгаа бөгөөд тухайн ачаа нь Тяньжин боомтод устаж, хэрэглэх боломжгүй болсон. Иймд хариуцагч компанийн гүйцэтгээгүй үүргийн улмаас учирсан хохиролд 197,948,602 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно гэв.
2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Ачаа нь захиалагчийн захиалсан тоо ёсоор боомтод ирсэн боловч “Ворлд ягуар” компани нь манай ачааг тус боомтоос гаргаагүй. Тээвэрлэгч компанийн зүгээс гэнэт 2022, 2023 оны төлбөрөө төл, төлөхгүй бол ачааг илгээхгүй гэдэг шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанид манайд төлөх төлбөрөө төлөх шаардлагатай байна гэх агуулгаар хүсэлт илгээсэн боловч төлөөгүй. Төлбөрөө төлчихсөн байсан бол аль хэдий нь ачааг хүлээлгэж өгчихсөн байх байсан.
2.2.Гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэх. Зуучлалын гэрээгээр ямар үүрэг хүлээж байгаа вэ гэхээр зуучлагч зуучлуулагчийн олгосон зөвшөөрлийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө бусад этгээдүүдтэй хэлцэл хийхэд холбож өгөх байдаг. Тэгэхээр манай компани тээвэрлүүлэх гэж байгаа ачаа барааг нь тээвэрлэгчид өгч гэрээ байгуулаад явуулж өгөх ийм үндсэн үүргийг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээд тээвэрлэгчтэй гэрээ хийгдчихсэн, ачаа хөдөлчихсөн буюу зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө ажлаа хийчихсэн. Гэтэл тээвэрлэгч этгээд үүрэг зөрчөөд ачаа бараа солиод төлбөрөө нэхэмжлээд эхэлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор зуучлуулагчийн ачааг нь авахын тулд мөнгө төлөх шаардлага гарч, зуучлуулагчаас гэрээний төлбөр төлөхийг хүссэн боловч зуучлуулагч буюу нэхэмжлэгч компани төлбөр төлөөгүй. Эндээс дүгнэхэд хариуцагч компани гэрээний аль үүргийг зөрчсөн бэ гэдэг нь тодорхой тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал тодорхой тайлбарлахгүй байна. Тэгэхээр бидний хувьд гэрээний үүрэг зөрчсөн, зөрчөөгүй гэдэг тайлбарыг бүрэн илэрхийлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ачаа бараа устаж үгүй болсон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа бол хариуцагч компани ачааг устгаж сүйтгэсэн гэх баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэв.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэгч компанид холбогдуулан зуучлалын хөлс 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч компанийн захиалгын дагуу -аас авч ирсэн 2 чингэлэг ачааны тээврийн зардал манайхаас төлсөн төлбөрийг нэхэмжлэгч тал төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Манай компани тээврийн зардлыг төлж тухайн барааг тээвэрлэсэн нь бидэнд ч бас хохирол үүсгэж байгаа. Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.2.4-т заасны дагуу зуучлагч нь нэхэмжлэлийг нөгөө талдаа хүргүүлснээр зуучлуулагч төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч компанийн нягтлан бодогчоос нэхэмжлэгч компанийн цахим шуудангийн хаяг руу “төлбөр тооцоог түргэн төлж барагдуулна уу” гэх хүсэлт илгээсэн. Гэтэл уг төлбөрийг барагдуулсан гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ийм учраас гэрээний төлбөрийн нэхэмжлэлийн дагуу төлөгдөөгүй байгаа зуучлалын хөлс 4,250 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн буюу Монголбанкны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хаалтын ханш 3,440 төгрөгөөр тооцож 14,940,000 төгрөгийг шаардаж байгаа гэв.
4.Нэхэмжлэгч компани нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Бид ачаа буусан хойно төлбөр төлөгдөх учраас өмнө нь төлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, бидний хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч компани нь -д байгаа тээвэр зуучийн компанитай манай компанийг холбох үүрэг хүлээгээгүй, харин хариуцагч компани нь -д байгаа манай ачааг Монгол Улсад авчраад манайд хүлээлгэж өгөх, манайх хүлээлгэж өгснийх нь дараа гэрээнийхээ төлбөрийг төлөх гол нөхцөл байгаа. Бид хариуцагч компаниас гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирол шаардаж байгаа. Түүнчлэн, хариуцагчийн нэхэмжилж байгаа 14,940,000 төгрөг нь бидний шаардаж байгаа 197,948,602 төгрөгийн үнэ бүхий пиццаны хайрцгийн төлбөр биш. Хариуцагч компаниас ирүүлсэн хүсэлтээс тодорхой харагддаг гэв.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ ЗЗБХ-/2022/, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/81 тоот шаардлагын хариу гэх албан бичиг, нэхэмжлэх, гэрэл зургийн хуулбарууд /хэргийн 3-10, 80-81, 93-98-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, цахим шуудангаар харилцсан зурвас, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэлээс татгалзсан бичиг, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын Олон Улсын Арбитрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 425 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 46, 55-56, 76-78, 86-87, 115-119, 162-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн , гэх цахим шуудан, захиалгын хуудас, , Orkhontuul нарын гар утасны вайбераар харилцсан зурвас үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210,275,224 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 197,948,602 төгрөг болгон багасгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ хариуцагч компанитай -ын Шанхай хотод байрлах компаниас 2 чингэлэг пиццаны хайрцгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад авчруулахаар тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан боловч хариуцагч компани нь уг үүргээ зөрчиж, одоог хүртэл ачааг хүлээлгэж өгөөгүй учир өөр нийлүүлэгчээс худалдан авалт хийж бидэнд ачааны үнэд төлсөн 197,948,602 төгрөгийн хохирол учирсан. Гэрээний дагуу бид ачааг хүлээж авсны дараа гэрээгээр тохиролцсон хөлсийг хариуцагч компанид төлөх учир биднээс гэрээний төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч компанид холбогдуулан зуучлалын хөлс 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, -ын Шанхай хотоос 2 чингэлэг пиццаны хайрцгийг 2022 оны 07 дугаар сард ачиж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тяньжин боомтод хүргүүлж ирсэн, уг ачаа нь тухайн боомтод байгаа учраас ачаа устаж алга болоогүй, хүлээлгэн өгөх боломжтой учир зуучлалын хөлсийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ГХХАА 24/07/22 дугаартай “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр нэг талаас захиалсан тээвэрлэлттэй холбоотой үндсэн төлбөр болон нэмэлт зардлыг ачаа Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүст ирсэн өдөр нь төлөх, нөгөө талаас захиалсан ачаа тээврийг хүлээн авагчийн агуулахад бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. (хавтаст хэргийн 6-9 дэх тал)
4.2.Нэхэмжлэгч талаас -ын Шанхай хотод байрлах “Shanghai Jielong Industry group” Co Itd-аас нийт 59,875.56 ам.долларын үнэ бүхий пиццаны хайрцгийг тээвэрлүүлж, Монгол Улсад хүлээж авах захиалгыг хариуцагч компанид өгсөн, хариуцагч компани нь уг захиалгын дагуу тухайн пиццаны хайрцгийг тээвэрлэгч компанид хүлээлгэж өгсөн, уг ачааг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад оруулж ирж, нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй.
4.3.Хариуцагч компани захиалсан ачааг хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгч компани уг ачаа тээвэрлэлттэй холбоотой зуучлалын хөлс төлөөгүй, үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.
4.4.Хариуцагч компани нь худалдааны зуучлал, автомашинаар ачаа тээвэр, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг. (хавтаст хэргийн 53 дахь тал)
Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:
5.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан тээврийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний гол нөхцөл нь нэхэмжлэгч компанийн гадаад улсын хуулийн этгээдээс авч байгаа барааг хариуцагч компани нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдээр тээвэрлүүлж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, ийнхүү хүлээлгэж өгсний дараа зуучлалын хөлс, нэмэлт зардлыг нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид төлөх агуулгатай байна.
5.1.Хэдийгээр зохигч талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрээний гол нөхцөлийн агуулгын хүрээнд эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг тодорхойлох нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ач холбогдолтой байна.
5.2.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь худалдааны зуучлал, автомашинаар ачаа тээвэр, гадаад худалдааны үйл ажиллагаа байх бөгөөд нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний зорилго нь гадаад улсад байгаа ачаа, барааг тээвэрлэн Монгол Улсад нэвтрүүлэх буюу тээвэрлэлттэй холбоотой харилцааг зохицуулж байх тул Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан зуучлалын тусгай төрөл болох худалдааны зуучлагчийн гэрээ байгуулагдсан гэж үзэж болох боловч хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч компанийг тээвэрлэгч компанитай холбож өгөх үүрэг хүлээгээгүй, харин нэхэмжлэгч компанийн захиалсан ачаа, барааг өөрөө эсхүл өөрийн нэрийн өмнөөс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдтэй гэрээ байгуулж тээвэрлүүлэн Монгол Улсад оруулж ирэх, нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн.
Энэ тохиолдолд зохигч талуудын хооронд худалдааны зуучлагчийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан нийцэхгүй юм.
5.3.Харин хариуцагч компани нь ачаа тээврийг зориулалтын машин техникээр мэргэжлийн түвшинд хүлээн авагчийн агуулахад бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээснийхээ хувьд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тээвэрлэлтийн гэрээ, ачааг өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч компанийн зардлаар бусдаар тээвэрлүүлж байгаагийн хувьд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт “Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй буюу зохигч талуудын хооронд тээвэрлэлт ба илгээмжийн гэрээний агуулга бүхий холимог гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
5.4.Хэдийгээр Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт “…захиалагчийн зардлаар… тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж…” гэж заасан байх боловч талууд гэрээний 3.1.5-д “Зуучлагч нь ачаа тээврийг зориулалтын машин техникээр мэргэжлийн түвшинд хүлээн авагчийн агуулахад бүрэн бүтэн хүлээлгэн өгнө”, 4.2-т “Таван богд фүүдс пицца ХХК-ийн нэр дээрх ачаа Улаанбаатар хот дахь Гаалийн хяналтын бүсэд ирсэн өдөр нэмэлт зардал, тээврийн хөлсийг хамт төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж зааснаар зохигч талуудын маргааны зүйл болох хариуцагч ачааг хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн эсэх, нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ зөрчсөн эсэхийг дүгнэхэд тухайн үүрэгт илүү төсөөтэй гэрээг зохицуулсан зохицуулалтыг баримтлана.
6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлт ба илгээмжийн гэрээний агуулга бүхий холимог гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь ачааг Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүст ирсэн өдөр зуучлалын төлбөрийг төлөх, хариуцагч компани нь ачааг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн агуулахад бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн ба хариуцагч нь ачааг хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгч нь төлбөрийг төлөөгүй.
6.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч компани нь гэрээгээр тохиролцсон газар, хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, нэхэмжлэгч компанийн агуулахад ачааг хүлээлгэж өгөөгүй учир гэрээний үүргийг зөрчсөн гэж үзнэ.
6.2.Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас учирсан хохирлоо шаардах эрхтэй ба нэхэмжлэгч компани нь өөрт учирсан хохирол, тухайн хохирол нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой болохыг, хариуцагчид зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон эсхүл нэмэлт хугацаа олгох шаардлагагүй болохыг, хариуцагч нь үүргийн зөрчилд гэм буруутай болохыг тус тус нотлох үүрэгтэй.
6.3.Нэхэмжлэгч компани нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдаанд “...ачааг нийлүүлэх хугацаа олгосон боловч үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсан…” зэргээс үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно” гэж тус тус зааснаар нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ.
6.4.Мөн нэхэмжлэгч компани нь ачаа буюу пиццаны хайрцгийг 59,875.56 ам.доллар буюу 197,948,602 төгрөгөөр худалдаж авсан үйл баримтын хувьд зохигч талууд маргаагүй бөгөөд хариуцагч уг ачааг хугацаанд өгөөгүйн улмаас нэхэмжлэгч компани нь 197,948,602 төгрөгийн барааг хүлээж авах шаардлагагүй болсон, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “тээвэрлэгч компани гэнэт төлбөр шаардсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компаниас төлбөр шаардахад төлөөгүй” гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн үүргийн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
6.5.Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас учирсан хохирол болох 197,948,602 төгрөгийг шаардах эрхтэй.
Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:
7.Зохигч талуудын хооронд холимог төрлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч компани нь зуучлалын хөлс төлөх үүрэг хүлээсэн талаар өмнө дүгнэсэн учир хариуцагч компани нь Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар ачаа барааг илгээсний зардал, нэмэлт зардлыг нэхэмжлэгч компаниас шаардах эрхтэй.
7.1.Гэхдээ зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т зааснаар ачааг Улаанбаатар хот дахь гаалийн бүст ирсэн өдөр нэхэмжлэгч компани нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар “хариуцагч компани ачааг хүлээлгэж өгөөгүй учир төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэх нэхэмжлэгч компанийн татгалзал үндэслэлтэй байна.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 197,948,602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэгч компанид холбогдох 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч компанийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,209,327 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,147,693 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 407 дугаар зүйлийн 407.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Прологсолюшн” ХХК-аас ачааны үнэ 197,948,602 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Таван богд фүүдс пицца” ХХК-нд олгож, нэхэмжлэгч “Таван богд фүүдс пицца” ХХК-нд холбогдуулан гаргасан зуучлалын төлбөр 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Прологсолюшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Таван богд фүүдс пицца” ХХК-ийн урьдчилан төлсөн 1,209,327 төгрөг, хариуцагч “Прологсолюшн” ХХК-ийн урьдчилан төлсөн 232,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Прологсолюшн” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,147,693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Таван богд фүүдс пицца” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД