Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч М.Чингис, Т.Бадамханд /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Чингис, Т.Бадамханд нарт холбогдох эрүүгийн 1811010400542 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Жантекей овогт Мувдсаны Чингис, 1982 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “Таван толгой” ХК-д операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ХГ-11-107б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:СФ82032319/.

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Төмөртогоогийн Бадамханд, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улсын 224-р цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ХГ-11-107б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:СЖ91032029/

 

Шүүгдэгч М. Чингис, Т.Бадамханд нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнө 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-107б тоотод байрлах өөрсдийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Чингис, Т. Бадамханд нар нь  2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнө 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ХГ-11-107б тоотод байрлах өөрсдийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож Т.Бадамхандын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны дунд хэсэг баруун хацар, ууцанд зулгаралт, баруун хөмсөгт шарх, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл, Ч.Чингисийн биед баруун хацар хүзүүн ар хэсэг зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тус тус бие биедээ учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Бадамхандын /хх-13-14-р хуудас/: “...2018 оны 03 сарын 25-ны өдөр нөхөр Чингис танай ажлынханы архичдад хэрэггүй пиво авч өглөө гэх шалтгаанаар хэрүүл эхэлсэн. Тэгээл хэрүүл даамжирч хоорондоо муудалцаж байхад текин дээр байсан цайны аягыг аваад надруу шидэхэд миний хөмсөг оногдож  язарсан, цус гарсан. Мөн би зөрүүлээд аяга аваад шидсэн боловч оноогүй, тэгээд хоорондоо ноцолдож байхад Чингис миний зүүн талын нүд хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиход миний зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын эдийн няцрал, цус хуралт, газар унаад ноцолдож байхад ууц зулгарсан, гэрээс явлаа гэхэд гаргахгүй гээд гарнаас атгаж байхад баруун гаранд цус хуралт гэмтэл учирсан..миний зүүн талын нүд рүү гараараа цохихоор нь уур хүрээд баруун талын хацрыг нь маажсан..Би нөхөртэйгөө учир зүйгээ ололцож эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч М.Чингисийн /хх-16-17-р хуудас/ “..2018 оны 03 сарын 25-ны өдөр...хэрүүл маргаан даамжраад байхаар нь хувцасаа өмсөөд гарах гэтэл намайг гаргахгүй гээд хувцаснаас татаад байхаар нь уур хүрээд нүүр лүү нь цохисон. Тэгээд бүр хэрүүл дэгдээд хоорондоо зодолдсон, маргалдаж байхад эхнэр Бадамханд надруу эхлээд ширээн дээр байсан хоолтой аяга аваад шидчихээр нь би буцаагаад аяга аваад шидтэл хөмсгийг нь оноод цус гарсан...эхнэр Бадамханд баруун хацар маажсан, цамцнаас татаж байхдаа ар хүзүүнд зулгаралт, эхнэрээ тайвшруулах гээд газар дараад хэвтсэн байхад шилбэнд цус хурсан байх. Би эхнэртэйгээ учир зүйгээ олж эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч М.Чингисийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38/, шүүгдэгч Т.Бадамхандын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршиг суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4410 дугаар дүгнэлтэнд: /хх-15/ “..1. Т.Бадамхандын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарын зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4411 дугаар дүгнэлтэд: /хх-ийн 26-р хуудас/ “..1. М.Чингисийн биед баруун хацар, хүзүүний ар хэсэг зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь харилцан зодолдож гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4410, №4411 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Чингис, Т.Бадамханд нарт  учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М. Чингис, Т.Бадамханд нар нь 2018 оны 03 сарын 25-ны шөнө 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-107б тоотод байрлах өөрсдийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон  шүүгдэгч  нар шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

 

Иймд шүүгдэгч М.Чингис, Т.Бадамханд нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Чингис, Т.Бадамханд нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Чингис, Т.Бадамханд нарт  Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан Т.Бадамхандыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, М.Чингисийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Чингис, Т.Бадамханд нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  М.Чингис, Т.Бадамханд нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жантекей овогт Мувдсаны Чингис, Боржигон овогт Төмөртогоогийн Бадамханд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бадамхандыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, М.Чингисийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бадамхандад  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг, М.Чингист оногдуудсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М. Чингис, Т.Бадамханд нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч М. Чингис, Т.Бадамханд нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Чингис, Т.Бадамханд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чингис, Т.Бадамханд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.МӨНХБАЯР