Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00267

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00267

 

 

 

Ц.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Цийн хариуцагч Г.Бт холбогдуулан 27 000 000 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...УНГ улсын дугаартай Лексус RX 400 маркийн автомашиныг Г.Баас худалдан авахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. Тухайн үед Г.Б нь уг автомашиныг Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд уг зээл нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлөгдөж дуусах ёстой байсан ба автомашины үнийг 27 000 000 төгрөг гэж тохиролцсон. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Г.Бын ... тоот дансанд нийт 16 200 000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 10 800 000 төгрөгийг Г.Бын Хаан банкны зээлийг графикийн дагуу төлж дуусган, автомашиныг надад шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд миний бие Г.Б автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу 16 200 000 төгрөг төлж Хаан банкны зээлийг графикийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 10 804 000 төгрөг төлсөн байтал хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн ...УНГ улсын дугаартай Лексус RX  400 маркийн автомашин болон түүний өмчлөх эрхийг Д.Мт шилжүүлсэн тул ...УНГ улсын дугаартай Лексус RX 400 маркийн автомашины үнэд төлсөн 27 000 000 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Цт ...УНГ дугаартай Лексус RX маркийн автомашиныг 27 000 000 төгрөгөөр тохиролцон урьдчилгаанд 16 200 000 төгрөг бэлнээр авч, өөрийн нэр дээрх Хаан банкны барьцаат зээлийг хавсралтын дагуу цаг хугацаанд нь төлөхөөр тохиролцон автомашиныг шилжүүлж өгсөн. Гэвч иргэн Ц.Ц нь гэрээнд зааснаар төлбөрөө төлөхгүй 2016 оны 3 сараас сураг тасарсан. Түүгээр ч зогсохгүй гэрээгээ ноцтой зөрчин авто машиныг иргэн Д.Мт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 14 266 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж алга болсон. Хаан банк, иргэн Д.М, миний бие 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож иргэн Д.Мээс зээлсэн 14 266 000 төгрөгт дүйцүүлэн, Хаан банкны үлдэгдэл 2 576 000 төгрөгийг иргэн Д.М төлж барагдуулснаар автомашины нэрийг шилжүүлж өгсөн гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Баас 25 470 460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 529 540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 293 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 285 302 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээгээр худалдах хөрөнгө нь гэрээ байгуулах үед заавал худалдагчийнх байх шаардлагагүй, гуравдагч этгээдийн эд юмс ч байх боломжтой. Учир нь худалдан худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Уг үүргийг худалдагч хэрхэн гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэж чадах эсэхийг худалдагч өөрөө дангаараа хариуцдаг. Иймд худалдах эд юмс гэрээ байгуулах үед заавал худалдагчийнх байх, эсхүл гуравдагч этгээдийнх байх эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Хариуцагч Г.Б нь Хаан банкнаас зээл авч тухайн автомашиныг худалдан авсан хууль ёсны эзэмшигч нь бөгөөд банкинд зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хууль ёсны өмчлөгч болох, улмаар нэхэмжлэгчид автомашины өмчлөлийг шилжүүлэх нь эргэлзээгүй байсан. Нэхэмжлэгч Ц.Ц нь анхнаасаа автомашин банкны барьцаанд байгааг мэдэж байсан, хариуцагчийн банкинд төлөх үлдэгдэл төлбөр 10 800 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж барагдуулсны үндсэн дээр автомашиныг өөрийн өмчлөлд авахыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Хариуцагч Г.Бын Хаан банкны зээлийг графикийн дагуу түүний өмнөөс төлөхдөө автомашины эргэн төлөлт гэсэн утгаар шилжүүлж байсан гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч өөрөө хариуцагчийн банкинд төлөх үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд автомашин хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжинэ, төлбөр бүрэн төлөгдөхгүй бол автомашины өмчлөл шилжихгүй гэдгийг мэдэж, энэхүү болзлыг хулээн зөвшөөрч гэрээ байгуулсан буюу талуудын хооронд болзлоор хийсэн гэрээ байгуулагдсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд худалдах эд хөрөнгө буюу автомашин нь зээлийн төлбөр бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд Хаан банкны өмчлөлд байгаа нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар огт маргаагүй, шүүх хуралдааны үед шүүгчийн зүгээс төлбөрөө буцаан шаардаж буй хууль зүйн үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээ хүчин төгөлдөр, гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарласан. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шуүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүйн ихэнх хэсэгт нэхэмжлэгч өөрөө буруутай байдаг. Гэрээний дагуу төлөх төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь шүүхийн шийдвэр, хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон. Автомашиныг бусдад буюу иргэн н.Мт төлөх өр төлбөрийнхөө барьцаанд тавьж эзэмшилд нь шилжүүлсэн. Н.Мт төлөх өр төлбөрөө төлөөгүйгээс автомашин одоог хүртэл түүний эзэмшилд байдаг. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй. Хэрвээ шүүхээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж өгсөн авснаа буцаах тохиолдолд хариуцагч хохирох нөхцөл байдалд хүрч байгаа бөгөөд автомашин удаан хугацаанд бусдын эзэмшилд очсноос элэгдэл бий болж үнэлгээ буурсан нь эргэлзээгүй байдаг. Уг асуудалд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс хохирол шаардах эрхтэй. Ийнхүү хохирлын хэмжээг тогтоох үүднээс автомашинд үнэлгээ хийлгэх хүсэлтийг 2 удаа гаргасан боловч шүүх удаа дараа хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Шүүгч хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж байсан тул хариуцагчийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан боловч мөн хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд хариуцагчийн хохирол нэхэмжлэх эрх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс нэхэмжлэгч автомашиныг бусдад барьцаалуулснаас үүдэн учирсан хохирлын дүнг хасч тооцуулах эрхийг үндэслэлгүйгээр хаасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ямар ч буруугүй мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрвээ нэхэмжлэгч хариуцагчид төлөх төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, автомашиныг иргэн н.Мт барьцаалаагүй, сураггүй алга болоогүй байсан бол автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд саадгүй шилжих бүрэн боломжтой байсан. Иймд шүүх хэт нэг талыг баримталсан хууль бус шийдвэрийг гаргасан, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч Ц.Цын автомашины үнэд төлсөн 27 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүхээс, нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ хийсэн эрхзүйн дүгнэлтийг буруу гэж үзэв. Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан автомашин худалдаж, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Ц.Ц 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Г.Бтай түүний өмчлөлийн ...УНГ улсын дугаартай лексус RX 400 маркийн автомашиныг 27 000 000 төгрөгөөр худалдан авч, 16 200 000 төгрөг бэлнээр өгч, үлдэх 10 800 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ХААН банкинд хариуцагчийн тус банктай байгуулсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийн дагуу хүүгүй төлж барагдуулахаар тохиролцсон байна. Тэрээр нэхэмжлэгчийн эзэмшилд автомашин шилжиж, 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 9 270 460 төгрөг төлсөн, энэ хугацаанд маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгчийн эхнэр Б.Буянжаргалын 14 266 000 төгрөгийн зээлийн өрөнд Д.М авсан, хариуцагч нь өөрийн банкны зээлийн үлдэгдлийг Д.Мээр төлүүлж автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид автомашины үнийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч автомашины үнийн дийлэнхийг төлж 1 533 540 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээгээр тогтоосон хугацаа болоогүй байхад хариуцагч нь автомашиныг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Мийн эзэмшилд шилжүүлсэн нь буруу.

Түүнчлэн Д.М, Б.Б нарын зээлийн харилцаанд нэхэмжлэгч Ц.Ц хамааралтай гэх баримтгүй байхын зэрэгцээ түүний зөвшөөрөлгүй Д.Мт автомашины өмчлөлийг шилжүүлсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч автомашины үнэд төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагчаас 25 470 460 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 529 540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Баас 25 470 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 529 540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ